| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2024/0973/З |
| Дугаар | 221/МА2025/0446 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2025/0446
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г
Нэхэмжлэгч: Г.Б
Хариуцагч: Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/55 дугаар тушаалд өөрчлөлт оруулж, Г.Бтэй Тэтгэлгээр суралцах тухай гэрээг байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0360 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0973/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Б нь Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад холбогдуулан “Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/55 дугаар тушаалд өөрчлөлт оруулж, Г.Бтэй Тэтгэлгээр суралцах тухай гэрээг байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0360 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.2, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Бөртцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Г.Б нь Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын Хот төлөвлөлтийн хэлтэст Хот байгуулалт хариуцсан мэргэжилтэн хийж байхдаа Бүгд Найрамдах Солонгос Улсын КОЙКА байгууллагаас 2024-2025 онд зохион байгуулсан Магистрийн тэтэглэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ байгууллагадаа гаргасан. Тус хүсэлтийг байгууллагын захиргаа дэмжиж, нэр дэвшүүлэн Сангийн яаманд 2024 оны 02 дугаар сарын 14 ний өдрийн 01-01/369 дугаар албан бичиг хүргүүлсэн байдаг. Улмаар тус хөтөлбөрт тэнцэж, суралцах хугацаанд түр чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл гаргасан. Хот байгуулалт, хотын стандартын газраас 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 дугаар тушаалаар төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2, 46 дугаар зүйлийн 46.6 дахь заалтуудыг үндэслэн төрийн албанаас түр чөлөөлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс тушаалд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4, 21 дүгээр зүйлийн 21.13 дахь заалтыг үндэслэл болгож, суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлөх байсан гэж үзсэн. Мөн Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох журмын 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу 3 сарын цалиитай тэнцэх хэмжээний нөхөх төлбөрийг гаргуулахыг холбогдох албан тушаалтанд даалгах байсан.
3.1. Дээрх тушаал гарсны дагуу нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар хандахад Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтын дагуу ажпаас түр чөлөөлсөн тохиолдолд ажил олгогч байгууллага шимтгэлийг бага дүнгээр төлөх үүрэг хүлээдэг учраас нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгч өргөдлийг хүлээн аваагүй. Г.Бийн адил хөтөлбөрт суралцаж буй төрийн албан хаагчдийн тушаалд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.13 дахь заалтыг үндэслэл болгож нийгмийн даатгалын санд шимтгэл төлөхийг үүрэг болгосон байсан. Г.Б тухайн сараас эхлэн нийгмийн даатгалын санд сайн дурын шимтгэл төлөөд явж байна. Байгууллагын зүгээс 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөх төлбөрийг олгохгүй байгаа нь хүний эрхийг зөрчиж байна.
3.2. Үндсэн хуульд иргэн хэн боловч хуулийн өмнө тэгш байх зарчимтай. Тэтэглэгт хөтөлбөрт хамрагдсан төрийн алба хаагчийн зарим нь ажлын байраа хадгалуулж, гэрээ байгуулан давуу эрх эдэлж байхад эгэл ардын хүүхэд сурах эрхээ эдэлсний төлөө төрийн байгууллагад ажилласан жилээ хасуулж, нөхөх олговор, ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадахгүй хөсөр хаягдаж байгааг зөв гэж үзээгүй. Төрийн байгууллагаас гаргасан ялгамжтай хүнээс хамааралтай шийдвэр нь тэгш бус байдлыг бий болгож, улмаар кастын тогтолцоо үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. Энэ талаар Хот байгуулалт, хотын стандартын газрын захиргаанд хандаж хүсэлт гаргахад гурван талын гэрээ шаардсан. Гэтэл Бүгд Найрамдах Солонгос Улсын КОЙКА байгууллага нь Магистрийн зэрэг олгох хөтөлбөрт хамрагдагч болон төрийн байгууллага, удирдах зөвлөл хоорондын гурван талт гэрээ байгуулдаггүй талаараа албан бичгээр мэдэгдсэн. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх нөхцөл нь гэрээ шаардаагүй. Харин ажил олгогчийн захиалгаар суралцаж байгаа ажилтан, төрийн албан хаагч гээд заасны дагуу Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын гарын үсгээр баталгаажуулсан албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн нь захиалга болсон гэж үздэг. Ажил олгогчоос гаргасан тушаал нь Үндсэн хууль болон бусад хууль, эрх зүйн актаар хүний сурч, хөдөлмөрлөх, хөнгөлөлт, тусламж, дэмжлэг авах эрхийг хязгаарласан, орхигдуулсан, хуулийн өмнө тэгш байх зарчмийг алдагдуулсан гэж үзсэн учраас төрийн бүхий л шатанд өргөдөл, гомдол гаргаад явж байна.
3.3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь асуудлыг бүх талаас нь бүрэн дүүрэн судалж, үнэн зөв шийдвэрийг гаргасангүй. Харин ажил олгогчийн эрхийг илүүтэй хамгаалсан төрийн байгууллагын хууль бус үйлдлийг хайцаалсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тус шүүх нь гэрээ байгуулах эрх нь ажил олгогчийн эрх мэдлийн асуудал байсан гэх үндэслэл гаргасан нь буруу гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс тушаалд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын санд шимтгэл төлүүлэхийг шаардсан. Хэрэв тушаалд өөрчлөлт оруулсан тохиолдолд нөхөх олговор элгох тухай асуудал шийдэгдэх байсан. Шүүгч нь ажил олгогч байгууллагаас яагаад -ийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байгааг тодруулаагүй. Нөхөх олговорыг элгох талаар тушаалд яагаад тусгаагүй вэ? гэдгийг тодруулаагүй. Шүүхийн шатанд шүүгч гэх хүнтэй уулзах боломж олдоогүй. Шүүхээс асуудлыг тодруулж тайлбар авах байх гэсэн хүлээлттэй байсан боловч анх хэрэг нээсэн шүүгч чөлөө авсаар эцэст нь өөр шүүгчид шилжүүлэн шийдвэрлэсэн зэрэг нь ямар нэг байдлаар субъектив хүчин зүйлийн нөлөө байв уу гэсэн хардлага төрүүлсэн. Тиймээс шударга шүүхээр шүүлгэх эрхийнхээ хүрээнд давж заалдах шатны шүүхэд хандаж байна.
3.4. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 дугаар тушаалд өөрчлөлт оруулж, Г.Бийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нөхөх олговорыг олгохыг даалгаж өгнө үү.
4. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Бээс “Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/55 дугаар тушаалд өөрчлөлт оруулж, Г.Бтэй Тэтгэлгээр суралцах тухай гэрээг байгуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд:
3.1. Хот байгуулалт, хөгжлийн газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01-01/369 тоот “Г.Б нь Хот байгуулалт, хөгжлийн газын Барилга, хот байгуулалтын хэлтсийн Хот байгуулалт хариуцсан мэргэжилтнээр 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр томилогдон ажиллаж байсан. Г.Б нь 2024 оны КОЙКА-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан тул Бүгд найрамдах Солонгос Улсын Сөүл хотын их сургуулийн Хот төлөвлөлтийн магистрын хөтөлбөрт суралцуулахаар нэр дэвшүүлж байна” гэсэн албан бичгийг Сангийн яаманд хүргүүлжээ.
3.2. Сангийн яамнаас 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03/849 тоот албан бичгээр КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчид нэр дэвшсэн албан хаагчдын материалыг хүргүүлсэн байх ба үүнд нэхэмжлэгч Г.Б багтаж, тэнцсэн байна.
3.3. Улмаар Г.Б нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр “... 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл магистрын сургалтад хамрагдахаар болсон тул Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т заасны дагуу төрийн албанаас түр чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад гаргасны дагуу Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/55 дугаар “Г.Бийг төрийн албанаас түр чөлөөлөх тухай” тушаалаар 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас түр чөлөөлж шийдвэрлэсэн байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлнө”, 46.1.2-т “зургаан сараас дээш хугацааны сургалтаар (шинэ дадлага, туршлага эзэмших сургалтыг оролцуулан) бэлтгэгдэх болсон”, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4-т “ажил олгогчийн захиалгаар суралцаж байгаа ажилтан, төрийн албан хаагч”, 21 дүгээр зүйлийн 21.13-т “Энэ хуулийн 7.4.4-т заасан даатгуулагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр тооцож, ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлнө” гэж тус тус заасан.
4.1. Анхан шатны шүүхийн “... тухайн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шалгуур шаардлагыг хангахтай холбоотой бичиг баримтын бүрдэл буюу нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу ажил олгогчийн үзүүлсэн дэмжлэг байх ба ийнхүү дэмжих албан бичиг гаргаж өгснөөрөө ажил олгогчид захиалагчийн үүрэг үүсэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.
4.2. Тодруулбал, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газар нь нэхэмжлэгч Г.Бийн КОЙКА-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтийн дагуу 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01-01/369 дугаар албан бичгээр Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хотын их сургуулийн Хот төлөвлөлтийн магистрын хөтөлбөрт суралцуулах хүсэлт гаргасан Г.Бийг нэр дэвшүүлж байгаа талаарх албан бичгийг Сангийн яаманд хүргүүлсэн.
4.3. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн захиалгаар нэхэмжлэгчийг магистрын хөтөлбөрт хамруулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу даатгуулагчийн суралцах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч буюу хариуцагч сар бүр нийгмийн даатгалын зохих санд төлөх үүргийг хүлээхгүй.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “… Магистрын зэрэг олгох хөтөлбөрт хамрагдагч болон төрийн байгууллага, удирдах зөвлөл хоорондын гурван талт гэрээ байгуулдаггүй талаараа албан бичгээр мэдэгдсэн. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх нөхцөл нь гэрээ шаардаагүй... Ажил олгогчоос гаргасан тушаал нь Үндсэн хууль болон бусад хууль, эрх зүйн актаар хүний сурч, хөдөлмөрлөх, хөнгөлөлт, тусламж, дэмжлэг авах эрхийг хязгаарласан, орхигдуулсан, хуулийн өмнө тэгш байх зарчмийг алдагдуулсан” гэж тайлбарлах боловч талууд хоорондоо гэрээ байгуулаагүй, ажил олгогчийн захиалгаар нэхэмжлэгчийг тухайн хөтөлбөрт хамруулаагүй байх тул Г.Б нь төрийн албан хаагчийн нийтлэг баталгааг эдлэхгүй. Нэгэнт талууд энэ талаар харилцан тохиролцоогүй тохиолдолд хуульд нийцсэн, үндэслэл бүхий тушаалд өөрчлөлт оруулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй.
5.1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0360 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ