Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/605

 

                                                                                                                      

 

 

 

 

     2023        04          27                                  2023/ШЦТ/605

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Г.Билгүүн,

хохирогч Н.Г , түүний өмгөөлөгч Ж.Батбаяр,

шүүгдэгч Х.С , түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.С ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00525 0780 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Х.С ыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мамбадацан гудамжны уулзварт ...  улсын дугаартай хар ногоон өнгийн тоёота криста тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа ...  улсын дугаартай лексус 40 маркийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байсан хохирогч Н.Г той “зам тавьж өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар БНХАУ-д үйлдвэрлэсэн daisy model 340 загварын сургалт, тоглоомын зориулалттай буугаар хохирогч Н.Г ын эзэмшлийн ...  улсын дугаартай лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл рүү 4 удаа буудаж, уг тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалга болон жолоочийн хойд талын цонхонд 0.5х0.5мм хэмжээтэй нүх, баруун талын хойд хаалганы цонхонд 0.5х0.5мм хэмжээтэй нүх гаргаж 4х2 см урттай хугарал, тус хаалганд 0.5х0.5мм дугуй хонхор бүхий гэмтэл учруулж 1.040.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2306 00525 0780 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Х.С  нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Мамбадацан гудамжны уулзварт ...  улсын дугаартай хар ногоон өнгийн тоёота криста тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байхдаа хохирогч Н.Г ын эзэмшлийн ...  улсын дугаартай лексус 470 маркийн тээврийн хэрэгсэл рүү сургалт, тоглоомын зориулалттай буугаар 4 удаа буудаж, 2 цонхыг хагалж, 2 хаалганд хонхор бүхий гэмтэл учруулж 1.040.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

БЗДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 5/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн:

“Уг хэрэг болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их-Отор дэлгүүрийн ертөнцийн зүгээр зүүн талын Мамбадацан гэх гудамж байх ба уг газар нь ...  улсын дугаартай лексус 470 маркийн машин байна. Тус саарал өнгийн машины гадна талд үзлэг хийхэд тус машин нь зөв талдаа рультэй байх ба жолоочийн хойд талын цонх 0.5х0.5 мм дугуй нүх гарсан байна. №1 дугаарын номер тавьж тэмдэглэж зураг авав. Буруу талын хойд цонх нь 0.5х0.5 мм дугуй нүх гарсан байх ба хажуу талд 4х2 см урттай хагарал үүссэн байна. №2 дугаар номер тавьж тэмдэглэв, тус хаалган дээр 0.5х0.5 мм дугуй хонхор үүссэн байх ба №3 дугаар номер тавьж тэмдэглэж зураг авав. Тус машин дотор орж үзлэг хийхэд хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүй...” гэх тэмдэглэл /хх-ийн 6/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн:

“...  улсын дугаартай тоёота маркийн криста машин нь ...  тоотын гадна урд талд цэнхэр өнгийн хучлагаар хучсан байх ба уг хучлагыг авч тус машинд үзлэг хийхэд криста машины урд хайрцагны дотор талд хуванцар гар буу мэт зүйл байх ба хажуу талд нь хуванцар савтай жижиг бөөрөнхий зүйлс байна. Шинжээчээр 1 дугаар тавьж тэмдэглэл үйлдэв. Машины урд талын 2 суудлын гол хэсэгт хар өнгийн малгай мэт зүйл шинжээч 2 дугаар тавьж тэмдэглэв. Эдгээр эд зүйлсийг хэргийн газрын үзлэгээр хураан авав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-14/,  

 

 Хохирогч Н.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2022 оны 12 дугаар сарын 15-ны орой 18 цагийн үед ажлаасаа гараад Мамбадацан гудамжаар уруудаад явж байхад өөдөөс машин орж ирээд урдуур дарж зүүн гар тийшээ эргэж зогсоод шууд өөдөөс салаавч гаргасан. Би машины цонхоо онгойлгоход өөдөөс шууд буу гаргаж ирээд би жоохон урагшилтал шууд буудсан. /2-3/ Тэгээд гудамжаар шууд зугтаасан. Тэгээд би улсын дугаарыг нь харах гэж араас нь явж байтал цаана гудамжны үзүүрт буцаж эргээд дахин буудсан. /2 удаа байх/ Тэгээд тэр машин зугтаасан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа хүлээгээд байж байтал өөр гудамжнаас гарч ирээд зам руу уруудаж байхад нь манай ажлын залуу Батчулуун араас нь дагасан. Тэгээд Дарь-Эхийн гудамжаар ороод далангын хойд талын айлын гадаа очоод зогссон байсан. Тэгэхэд нь би очоод гэрлээ тусгаад харахад 4 залуу байсан. Намайг хараад тэр залуучууд шууд зугтаасан. Хойд талын хоёр шил хагарч, 1 сум нь машины шил нэвт ороод гарсан. Буруу талын хойд талын хаалганд буудаж сумны мөрөөр хонхойсон. Миний машин руу 4-5 удаа буудсан байх. Би мэдэхгүй байна. Үнэлгээний байгууллагаар үнэлүүлмээр байна. Тоёота криста маркийн ...  улсын дугаартай машин байсан. Дотроо 4 хүн байсан. 3 хүн нь нүүрний хар багтай байсан. Ажлын цэнхэр өнгийн хувцастай байсан. Амь насанд халдах гэж оролдсон. Өдий багаасаа ингэж галт зэвсэг хэрэглэж байгаа юм чинь маш их гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгөөрэй. Үнэхээр их айж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

 

Гэрч Л.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“.....  улсын дугаартай хар ногоон өнгийн тоёота криста маркийн автомашин нь манай хүүгийн машин бөгөөд 2022 оны 11 сарын дундуур худалдаж авч өгч байсан. Бууны талаар мэдэхгүй байна. Надад тоглоомон буу гэж хэлж байсан.. Анх удаа ийм үйлдэл гаргаж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

Насанд хүрээгүй гэрч Т.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би өчигдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны орой 17 цаг өнгөрч хичээл тараад гадаа хүйтэн байсан тул найз С ыг “ирээд авчих гээд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, гурван дүүргийн шүүхийн ойролцоо С ыг хүрээд ир” гэж утсаар залгаж хэлсэн чинь 17 цаг 20 минутын үед С  нь ганцаараа өөрийн хар ногоон өнгийн тоёота криста маркийн машинтай намайг ирж авсан. Дараа нь бид хоёр машиндаа бензин хийхээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сансарын колонкийн гэрлэн дохиотой уулзвараас хойшоо эргээд М-Ойл колонкоос бензин хийсэн. Дараа нь намайг хүргэж өгөхөөр Дарь-Эхийн гэр хороолол дундуур нарийн засмал замаар явж байхдаа бид хоёр зүс таних Г  гэж дууддаг миний таньдаг залуутай таарсан. Машинаа зогсоогоод гэр нь манай гэртэй ойролцоо байдаг тул дөхүүлж өгөхөөр шийдээд машинаа зогсоогоод гэр нь манай гэртээ ойролцоо байдаг тул дөхүүлж өгөхөөр шийдээд машиндаа суулгасан. Тэгээд хөдлөж явж байсан чинь Их-Отор нэртэй дэлгүүрийн ойролцоо С  зүүн зүг рүү чиглэлтэй явж байхдаа баруун гар тийш буюу өгсүүр замтай гэр хорооллын гудамж руу эргэсэн чинь түүний урдаас уруудаад саарал өнгийн тоёота gx-470 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай ойртоод ирсэн. 2 машин зөрөх боломжтой гудамж байсан боловч С  нь машины сигналаа дарсан чинь нөгөө саарал өнгийн prado gx-470 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ганцаараа явж байсан бөгөөд цонхоо онгойлгоод С ад хандаж “зайлаач пизда минь” гэж хэлсэн чинь урдаас С  салаавч гаргачихаад зөрөөд явсан чинь нөгөө саарал өнгийн prado gx-470 маркийн тээврийн хэрэгсэл араас буцаж эргээд хөөгөөд бид нарыг гудамжны дунд хэсэгт гүйцэж ирээд хажуугаар дарж шахаж зогсоод нөгөө жолооч ах машинаасаа бууж ирээд эхлээд миний талын хаалгыг онгойлгох гээд гаднаас нь татаад цоожтой байсан тул С ын талд очоод С нь цонхоо тал хэмжээтэй онгойлгосон чинь нөгөө жолооч ах завсраар нь гараа хийгээд С ын нүүрэн тус газарт 2-3 удаа цохисон. С  нь машины цонхоо хаасан чинь нөгөө үл таних жолооч ах С ын машины хаалга руу буюу жолоочийн хаалга руу өшиглөөд дээвэр хэсэгт гараараа цохиод урд зогсож байсан чинь гэнэт С  нь өөрийн машины урд талын хайрцагнаас хар өнгийн гар буу гаргаж ирээд гараараа татаж цэнэглэж, дараа нь миний сууж байсан талын хаалганы цонхыг буулгаж байгаад нөгөө үл таних саарал өнгийн gx-470 маркийн тээврийн хэрэгслийн хойд талын хаалга болон хаалганы салхины шилрүү 2-3 удаа буудсан чинь нөгөө үл таних ах машиндаа суугаад машинаа ухраагаад хаасан замаа нээсэн тул бид дээшээ өгсөж гэр хорооллын замаар хөдлөөд С ын гэрлүү явж байхад зам дагуу Г  нь буусан. Харин С  бид хоёр замараа дэлгүүрээс нүүрс аваад буцаад намайг манай гэрлүү хүргэж өгөх гээд нөгөө С  нь буугаар буудсан гудамжаар явсан чинь нөгөө саарал өнгийн Prado gx-470 маркийн тээврийн хэрэгсэлтэй таараад С нь зогсолгүй дахин төв замаар зугтаагаад, гэр хорооллын замаар зугтааж байхад нөгөө саарал өнгийн gx-470 маркийн тээврийн хэрэгсэл мөн цагаан өнгийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн хамт араас хөөж эхлээд С  нь мухар гудамж руу ороод буцаж эргээд явсан замаараа буцаад явсан чинь урдаас нөгөө саарал өнгийн gx-470 маркийн тээврийн хэрэгсэл, харин араас нөгөө цагаан өнгийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл гарч ирсэн тул хажуугаар нь зөрч гараад дахин зугтааж гэр хорооллын замаар явж нэг гудамжинд зогсоод машинаа хучлагаар нь хучиж үлдээсэн. С  бид хоёр явган явж байсан чинь С ын гар утасруу цагдаагаас залгасан. Би хэн нэгэнтэй хэрүүл маргаан хийгээгүй. Харин С  нь нөгөө саарал өнгийн Prado gx-470 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ахтай маргалдаад байсан. Тэгээд сүүлдээ С  нь машинруу нь өшиглөсөн гэж уурлаад машины урд талын хайрцагнаас буу гаргаж ирээд нөгөө саарал өнгийн gx-470 маркийн тээврийн хэрэгсэлийн хаалга, шилрүү буудсан. Би тухайн үед Х.С  нь машиндаа буу авч явж байгаа талаар мэдээгүй, гэнэт машины урт талын хайрцагнаас гаргаж ирсэн. Тэгээд би “цонхоо нээж яах гэж байгаа юм” гэж хэлсэн чинь миний үгийг тоолгүй цонхоо онгойлгоод тухайн гар буугаар 2-3 удаа машинруу буудсан, өөр ямар нэгэн байдлаар тухайн буугаар буудаагүй. Би тухайн гар бууг урьд өмнө ойролцоогоор 2 сарын өмнө Х.С ын гэрт нь харсан. Тухайн үед сумгүй, эвдэрчихсэн буу гэж надад хэлээд, би үзсэн чинь эвдэрхий байсан. Тухайн үед Х.С  нь тухайн буугаар хэн нэгэн рүү чиглүүлж буудаагүй. Харин саарал өнгийн gx-470 маркийн тээврийн хэрэгслийн дотор хэн нэгэн байхгүй байхад машин руу чиглүүлж 2-3 удаа буудсан. Нийт 2-3 удаа буудсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Ашид билгүүн ХХК-ны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 687 дугаар автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний:

“хаалганы шил хойд 2 ширхэг 500.000 төгрөг, хаалга /баруун урд/ 45.000 төгрөг, хаалга /баруун хойд/ 45.000 төгрөг, будах зардал 360.000 төгрөг, 200гр будаг, тус-мат, лак 60.000 төгрөг, нийт 1.040.000 төгрөг” гэх тайлан, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 30-31/,

 

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Э.Сүхболдын 2023 оны 02 дугаар сарын 17-ны 1179 дүгээр:

“Шинжилгээнд ирүүлсэн буу галт зэвсэг биш. Шинжилгээнд ирүүлсэн буу БНХАУ-д үйлдвэрлэсэн, daisy model 340 загварын, үйлдвэрлэгчээс сургалт, тоглоомын зориулалттай, 16 дээш насны хүн ашиглах заавартай үйлдвэрлэсэн буу байна. Уг бууны үрлээ шидэх кинетик энерги 0.50 джоуль байна. Уг буу нь хүн болон амьтны эмзэг эрхтнүүдэд гэмтэл учруулах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн сумнуудыг 4.5мм-ийн калибрын, пневматик болон хийн шахуургат буунуудад цэнэглэн буудах боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн буу, сум тээврийн хэрэгслийн гадаргуун эд ангид гэмтэл учруулж болно.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-37/,

 

Шүүгдэгч Х.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй ба тухайн үед ноцтой гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Одоо надад цохиулсан дээрээ ямар нэгэн гомдол санал байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 69/,

 

Шинжээч Э.Сүхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Шинжилгээнд ирүүлсэн daisy model 340 загварын буу нь үйлдвэрлэгчээсээ үрлээ шидэх кинетикен энерги нь 0.5 джоуль гэж заасан байсан. Хийн бууны үрлээ шидэх кинетик энерги нь 7.5 джоулаас дээш бол цагдаагийн байгууллагад бүртгүүлж гэрчилгээ авна. Үүнийг галт зэвсэгтэй адилтган хэрэглэх ашиглах журмын 2.2-т заасан байна. Харин төмөр үрлийг эзэмших, ашиглах журмын зохицуулалт байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн:

“...  улсын дугаартай лексус 470 загварын гадна талаараа их хэмжээний тоосоор бохирлогдсон саарал өнгийн тээврийн хэрэгсэл байх ба тээврийн хэрэгслийн баруун талын урд хаалганы тоосыг арилгаж криминалистикийн шинжээч 1 ширхэг сумны мөрийг хэмжихүйн гэрэл зургийн аргаар бэхжүүлж мөн баруун талын хойд хаалганы тоосыг арчиж 1 ширхэг сумны мөрийг хэмжихүйн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Тус хаалганы цонхонд хагарал үүссэн байсныг хохирогч зааж бууны сум хагалж бутарсан гэснийг криминалистикийн шинжээч хэмжихүйн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Тээврийн хэрэгслийн ар хэсэгт ямар нэгэн гэмтэл байхгүй. Зүүн талд хойд хаалганы цонх сумны ором гаран хагарсныг криминалистикийн шинжээч хэмжихүйн гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Тээврийн хэрэгсэлд өөр учирсан гэмтэл байхгүй. Хаалганууд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй онгойж хаагдсан байсан болохыг тэмдэглэлд тусган өөр ач холбогдолгүй зүйл илрээгүй...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 75-78/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Х.С ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 43/, байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 44/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 45/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46-49/, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв харилцагчийн дансны мэдээлэл /хх-ийн 50/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 51/ зэрэг нотлох баримтыг судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.    

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Х.С  нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх 69-77 УНӨ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийж эд зүйл хурааж авсан тэмдэглэл, эд мөрийн баримт болох сургалт тоглоомын зориулалттай буу, шинжээчийн дүгнэлт, тайлбар, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирлын үнэлгээний тайлан, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Х.С ын хохирогч Н.Г ын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Эд хөрөнгө устгасан гэж тухайн гэмтэл үүссэн эд хөрөнгийг зориулалтынх нь дагуу дахин ашиглах боломжгүй болгосон, засварлагдахгүй болгосон байхыг ойлгох бол эд хөрөнгийг гэмтээсэн гэж тухайн эд хөрөнгөд учирсан гэмтлийг засварласнаар зориулалтынх нь дагуу ашиглаж болохыг ойлгоно.

            Уг гэмт хэргийн тохиолдын хувьд хохирогчийн тээврийн хэрэгслийн хагарсан 2 цонхыг засварлах боломжгүй болсноор эд хөрөнгө устгасан, 2 хаалганд үүссэн хонхор бүхий гэмтлийг засварлах боломжтой, уг хаалгануудыг зориулалтаар нь ашиглаж байгаа учир эд хөрөнгө гэмтээсэн үйлдэл тус тус мөн болно.

 

            Эрүүгийн хуульд “бага хэмжээ” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу гурван зуун мянган төгрөг түүнээс доош хэмжээг тооцож хуульчилсан. Дээрх гурван зуун мянган төгрөгөөс дээш хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинж хангагддаг.

 

            Хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирол нь 1.040.000 төгрөг гэсэн нь бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирч уг гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж гэмт хэрэг төгс үйлдэгджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Н.Г од гэмт хэргийн улмаас хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1.040.000 төгрөгийн хохирол учирчээ. Түүнийг Х.С  нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлж барагдуулсан байна.  Иймд шүүгдэгчийг нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 687 дугаартай автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаараа ...  улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн Lexus GX-470 маркийн автомашины хаалганы хойд шил 2 ширхэгийг их эвдэрсэн, солих шаардлагатай гэж тооцож 500.000 төгрөг, баруун урд болон хойд 2 хаалганд дунд хэмжээний эвдрэлтэй, засах шаардлагатай гэж тооцож тус бүрийг 45.000 төгрөг, будах зардлыг 360.000 төгрөг, 200 гр будах материалаар тооцож 60.000 төгрөг, эд анги солих ажлын хөлс 30.000 төгрөг гэж тооцож нийт 1.040.000 төгрөгийн хохирлыг дүгнэжээ.

 

Хохирогч Н.Г  нь хуралдаанд “энэ дүн бүхий мөнгөөр нь шил солиулж, хаалга засварлах боломжгүй юм байна лээ. Миний машин Lexus гэсэн лого бүхий үйлдвэрийн шилтэй. Энэ шил нэг нь 500.000 төгрөг гэж байна. Тэгэхээр 2 шил 1.000.000 төгрөгөөр солих зардал нэмэгдэнэ. Хаалган дээр гол хэсгүүдэд нь сумны мөрөөр хонхойсон байгааг засахад тухайн хаалгыг бүхэлд нь буддаг. Нэг деталь будахад 300.000 төгрөг гэж байна. 2 хаалга 600.000 төгрөг болно гэж очиж асуусан. Засварын газар бүр хэлж байна. Надад бол мөнгө авах гол нь биш. Миний машиныг хуучин байснаар нь хэвийн болгоод өгчих л гэж хүсээд байгаа юм” гэж тайлбарласан.

 

Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон мөнгөн дүн нь бодит байдал, зах зээлийн ханшийг илэрхийлээгүй. Тийм ч учраас зөрүүтэй байж болох юм.

 

Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь зах зээлийн бодит ханшаар илэрхийлэгдэж, эд зүйлсийг худалдаж авч сольж суурилуулснаар засвар хийж төлбөр төлснөөр барагдах учир хохирогч нь өөрийн хөрөнгөд учирсан хохирлыг арилгаж сольсон, засварласан тухай нотлох баримтыг бүрдүүлж шүүгдэгчээс төлсөн хохирлоос илүү гарсан зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Х.С  нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх нөхцөл байдал шүүгдэгч Х.С ын хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.С ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялыг багавтар хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Х.С  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сургалт, тоглоомын зориулалттай гар бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.С ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С ыг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С ад оногдуулсан 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Г  нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлыг нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан зүүн талдаа powerline by daisy 340 гэсэн бичиглэлтэй хар өнгийн тоглоомон гар бууг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.С ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ