| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2023/0075/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/78 |
| Огноо | 2023-04-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/78
2023 оны 04 сарын 06 2023/ШЦТ/78 Баруун-Урт сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Сүрэнхорлоо,
Шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,******* нарт холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин, оператор мэргэжилтэй, ........ дэлгүүрт түгээгч ажилтай, ам бүлийн 4, эх, 2 дүүгийн хамт Сүхбаатар аймгийн ............ сумын ............ хороололд оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ...................... овогт ....................,
Монгол Улсын иргэн, 2004 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн .......... суманд төрсөн, 19 настай, ............эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, .............. дүгээр цэцэрлэгийн жижүүр ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сүхбаатар аймгийн ............ сумын ............ баг ...........................тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............... овогт .....................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч .................. нар нь бүлэглэж Сүхбаатар аймгийн ..................багт байрлах “.............” нэртэй хүнсний дэлгүүрээс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болон 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн гар утасны зураг харуулж 218.700 төгрөгийн барааны үнийг төлөлгүй бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогч ....................... 218.700 /хоёр зуун арван найман мянга долоон зуун/ төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч .................... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр би найз ............ очтол надад мобайл банк ашиглаж дэлгүүрээс хүнсний юм мөнгийг нь өгөхгүй авч болох арга сурлаа хоёулаа туршилт хийх үү? гэхээр нь тэгье гээд бид хоёр дэлгүүрээс юм авсан. Хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч .......... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би байр түрээсэлж амьдарч байсан юм. Хүнсний юмгүй болоод дэлгүүрээс худал хэлж бараа бүтээгдэхүүн авсан юм гэв.
Хохирогч******* “...Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн бөгөөд тус багт байрлах “*******” 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилладаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай дэлгүүрээс зүс таних 2 залуу 49,000 (дөчин есөн мянган )төгрөгийн хүнсний бараа аваад гарахдаа интернэт банкаар гүйлгээ хийлээ гэж хэлээд гарсан. Тэгээд удаагүй мөн дахиж орж ирээд 43.700 төгрөгийн хүнсний бараа аваад гарахдаа мөн интернэт банкаар гүйлгээ хийгээд гарлаа гэж хэлсэн. Гүйлгээ хийгээд гарлаа гэхдээ надад гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн гар утасны мессеж харуулаад гардаг байсан юм. Би уг өдрийн гүйлгээг сүүлд нь шалгахад ороогүй байсан болохоор өмнөх өдрүүдийнхээ гүйлгээг шалгаж үзэхэд уг 2 залуу манай дэлгүүрээс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 39.000 төгрөгийн гүйлгээ, 87.000 төгрөгийн гүйлгээг өгөөгүй гар утасны гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессеж харуулаад гарсан байсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Нийт манай дэлгүүрт 218.700 төгрөгийн хохирол учруулсан байна. Би уг 2 залуутай 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр таарсан. Нэгийг нь Батзориг гэдэг нэртэй юм байна лээ. Нөгөөхийг нь нэрийг мэдэхгүй байна. Саяхнаас манай дэлгүүрт ойролцоо ирж байр түрээсэлж амьдардаг болсон юм байна лээ. Батзоригийн утас нь 96590103 гэсэн дугаар дээр байдаг юм байна лээ. Би дэлгүүрийнхээ тооцоог бүрэн хийлгэчихвэл гаргах гомдол саналгүй. Дэлгүүрийнхээ тооцоог хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 7-8 х/
Яллагдагч*******ийн “... Би 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр YouTube дээр бичлэг үзэж байгаад Хаан банкны интернэт банкаар нэг удаагийн захиалгат гүйлгээ гэсэн бичлэгийг үзсэн юм. Тэгээд мөнгө шилжүүлэлгүйгээр дэлгүүрээс худалдан авалт хийж болох юм байна гэж бодоод эмээгийн данс дээр туршиж үзэхэд ямар нэгэн мэдэгдэл ирэхгүй мөртлөө гүйлгээ хийгдлээ гэж гарч ирж байсан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр найз Бумбаярыг манайд ирэхээр нь “би сая нэг захиалгат гүйлгээ гэж мөнгөн шилжүүлэг хийсэн юм шиг харагддаг бичлэг үзээд туршиж үзсэн чинь болж байна. Хоёулаа дэлгүүрээс бараа авч туршиж үзье” гээд бид хоёр ярилцаж байгаад “.........” нэртэй хүнсний дэлгүүрээс хоол хүнсний зүйл аваад 39,000 төгрөг болсон ба худалдагч эгчид нь “гүйлгээ амжилттай хийгдлээ” утга харуулаад гарсан. Үдээс хойш нь дахиж тэр дэлгүүрээс 87,000 төгрөгийн бараа, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр мөн 2 удаагийн нийт 92,700 төгрөгийн барааг Бумбаяр бид хоёр хамт орж авсан. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “*******” дэлгүүрийн худалдагч эгч манай найз Бумбаярыг дагуулаад манай ажил дээр ирээд “та хоёрын мөнгө чинь ороогүй байна” гэхээр нь “уучлаарай эгчээ, бид хоёр мөнгийг чинь өгнөө” гэж хэлсэн. Бид хоёр нийт 218,700 төгрөгийн бараа авсан. ...тухайн үед би мөнгөгүй байсан болохоор “*******” дэлгүүрээс хүнсний зүйл аваад хуурамч гүйлгээ харуулдаг байсан юм. Өөр дэлгүүрээс энэ байдлаар авсан зүйл байхгүй ...Бид хоёр хохирлоо бүрэн төлж барагдуулсан...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 х/
Яллагдагч *******ын “... Би 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр найз Батзоригийн гэрт очиход надад Хаан банкны захиалгат гүйлгээ гэж мөнгөгүй мөртлөө 1 удаа гүйлгээ амжилттай хийгдсэн мэт харагдуулдаг банкны үйлчилгээг сурсан гээд үзүүлсэн. Тэгээд хоёулаа дэлгүүрээс бараа авч туршиж үзье гээд “*******” дэлгүүрээс хоол хийж идэх хүнсний зүйл аваад манай найз Батзориг гар утсаа харуулаад гүйлгээ амжилттай хийгдлээ гэх утга харуулаад дэлгүүрээс бараа авахад дэлгүүрийн худалдагч анзаараагүй. Тэгээд болох юм байна гэж бодоод тэр өдрийнхөө үдийн хойно дахин “*******” дэлгүүр ороод хүнсний зүйл аваад дээрх аргаараа хуурч авсан. Сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 2 удаа “*******” дэлгүүрээс дээрх аргаараа хүнсний зүйл авсан. ...Бид хоёр нийт 218,700 төгрөгийн бараа авсан... Буруу үйлдэл хийсэндээ гэмшиж байна... өөр дэлгүүрээс дээрх аргаар бараа авсан зүйл байхгүй... бид хоёр хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 х/
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 х/
Шүүгдэгч*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 х/
Шүүгдэгч*******ийн Хаан банкны Депозит дансны хуулга /хх-ийн 45 х/
Шүүгдэгч*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 х/
Шүүгдэгч*******ийн ам бүл, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48 х/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт байрлах “*******” нэртэй хүнсний дэлгүүрээс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болон 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрүүдэд “гүйлгээ амжилттай хийгдлээ” гэсэн гар утасны зураг харуулж 218.700 төгрөгийн барааны үнийг төлөлгүй бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хохирогч Ю.Болормаад 218.700 /хоёр зуун арван найман мянга долоон зуун/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Ю.Болормаагийн “ ... 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр манай дэлгүүрээс зүс таних 2 залуу 49,000 (дөчин есөн мянган )төгрөгийн хүнсний бараа аваад гарахдаа интернэт банкаар гүйлгээ хийлээ гэж хэлээд гарсан. Тэгээд удаагүй мөн дахиж орж ирээд 43.700 төгрөгийн хүнсний бараа аваад гарахдаа мөн интернэт банкаар гүйлгээ хийгээд гарлаа гэж хэлсэн. Гүйлгээ хийгээд гарлаа гэхдээ надад гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн гар утасны мессеж харуулаад гардаг байсан юм. Би уг өдрийн гүйлгээг сүүлд нь шалгахад ороогүй байсан болохоор өмнөх өдрүүдийнхээ гүйлгээг шалгаж үзэхэд уг 2 залуу манай дэлгүүрээс 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 39.000 төгрөгийн гүйлгээ, 87.000 төгрөгийн гүйлгээг өгөөгүй гар утасны гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн мессеж харуулаад гарсан байсан учраас цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Нийт манай дэлгүүрт 218.700 төгрөгийн хохирол учруулсан байна... ” гэх,
Яллагдагч*******ийн: “...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр найз Бумбаярыг манайд ирэхээр нь “би сая нэг захиалгат гүйлгээ гэж мөнгөн шилжүүлэг хийсэн юм шиг харагддаг бичлэг үзээд туршиж үзсэн чинь болж байна. Хоёулаа дэлгүүрээс бараа авч туршиж үзье” гээд бид хоёр ярилцаж байгаад “*******” нэртэй хүнсний дэлгүүрээс ...бид хоёр нийт 218,700 төгрөгийн бараа авсан... гэх,
Яллагдагч *******ын “...Тэгээд хоёулаа дэлгүүрээс бараа авч туршиж үзье гээд “*******” дэлгүүрээс хоол хийж идэх хүнсний зүйл аваад манай найз Батзориг гар утсаа харуулаад гүйлгээ амжилттай хийгдлээ гэх утга харуулаад дэлгүүрээс бараа авахад дэлгүүрийн худалдагч анзаараагүй. Тэгээд болох юм байна гэж...Бид хоёр нийт 218,700 төгрөгийн бараа авсан гэх мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт байрлах ******* нэртэй дэлгүүрээс 2022оны 12 дугаар сарын 29 ний өдөр болон мөн 2023 оны 1 дүгээр сарын 29 ний өдрүүдэд гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн гар утасны зураг харуулж 218700 төгрөгийн барааны үнийг төлөлгүй бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар үүсгэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эзэмшлийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч Ю.Болормаад 218700 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч *******,******* нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу болон шүүхийн хэлэлцүүлгийн үед, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар болон өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар нь хохирогчид хохирол төлбөр бүрэн барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй байна ... гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч *******,******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******,******* нарын зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан Хаан банкны интернэт банк ашиглан мөнгө шилжүүлэлгүйгээр дэлгүүрээс худалдан авалт хийж гүйлгээ амжилттай хийгдлээ гэх бичгийг харуулж ******* хүнсний дэлгүүрийн худалдагч Ю.Болормаад харуулж 218,700 төгрөгийн бараа авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагчаас *******,******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагч: Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, өөрсдийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг байдлыг харгалзаж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, хохирол төлөөгүй байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг нь бусад баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******,******* нарт ял шийтгэл оногдуулахад хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******,******* нарыг бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******,******* нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******,******* нарын үйлдлийн улмаас хохирогч Ю.Болормаад 217,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирлоо нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч *******,******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй. Шүүгдэгч *******,******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овогт ............, ................овогт .............. нарыг бүлэглэн зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ................нарыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******,******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *******,******* нарыг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч ......................нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР