Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2019/01057

 

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2019/01057

Орхон аймаг

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: *******-д холбогдох,   

“2 123 550 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХААГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 60 дугаар тогтоолын дагуу “Ч" хөтөлбөр батлагдан хэрэгжилт нь 2010 оноос эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл болон шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж санхүүжүүлэн хэрэгжүүлж эхэлсэн Хөтөлбөрийн хэрэгжилтийг Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь аймгийн ХХААГ-аар дамжуулан хэрэгжүүлж, “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” байгуулан ажилласан. Аймгийн ХХААГ нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж, хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд, аж ахуй нэгжийн тендерийн материалыг хүлээн авч төсөлд сонгон шалгаруулалт явуулж, шалгарсан иргэд. аж ахуй нэгж байгууллагатай “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” байгуулан чацарганы суулгацыг тоо ёсоор нь хүлээлгэн өгч ажилласан. ******* нь 2013 оны 05 сарын 08-ний өдрийн “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” дугаар:ТШ/13ЧСЗ-02 гэрээгээр таван жилийн хугацаатай, 2 359 500 /хоёр сая гурван зуун тавин есөн мянга/ төгрөгний үнэ бүхий 1 100 /нэг мянга нэг зуун/ ширхэг чацарганы суулгацыг урьдчилгаа гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 235 950 /хоёр зуун гучин таван мянга есөн зуун тавь/ төгрөгийг төлөн, үлдэгдэл 2 123 500 /хоёр сая нэг зуун хорин гурван мянга таван зуу/ төгрөгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр хүлээн авсан. ******* нь 2 123 550 /хоёр сая нэг зуун хорин гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг эхний 2 жилд эргэн төлөх хуваарьт хугацаа тогтоогоогүй, 3 дахь жил буюу 2015 оны 11 дугаар сарын 10-ны өдөр 707 850 /долоон зуун долоон мянга найман зуун тавь/ төгрөг. 2016 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн дотор 707 850 /долоон зуун долоон мянга найман зуун тавь/ төгрөг, 2017 оны 11 дугаар сарын 10-ний өдрийн дотор 707 850 /долоон зуун долоон мянга найман зуун тавь/ төгрөгийг тус тус Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн дансанд буцаан төлөх ёстой байсан. Аймгийн ХХААГ-ын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн эргэн төлөлт хийх мэдэгдэл гардуулах ажиллагаа хийгдсэн боловч эргэн төлөлт хийлгүй өнөөдрийг хүрсэн. Зээлийн эргэн төлөлт хийгээгүйн улмаас аймгийн хэмжээнд улсын төсөвт хуримтлагдах ёстой мөнгө буурсан үзүүлэлттэй. аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих төсөл, хөтөлбөр бүрэн эхээр хэрэгжих боломжгүй, дараагийн зээл, төсөл хөтөлбөрт хамрагдах иргэд, аж ахуй нэгжид зээлийн хүртээмж муу зэрэг сөрөг үр дагавар үүсгээд байна. Иймд *******-оос 2 123 550 /хоёр сая нэг зуун хорин гурван мянга таван зуун тавь/ төгрөгийг гаргуулан өгч аймгийн ХХААГ болон Тариалан эрхлэлтийг дэмжих санг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “******* миний бие 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Чацарганы суулгац зээлээр олгох гэрээ” ТШ/13ЧСЗ-02 тоот аймгийн ХХААГ-тай байгуулж, гэрээний дагуу 5 жилийн хугацаанд 1100 ширхэг чацарганы суулгацыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын А-ийн аманд тариалахаар хүлээн авч, тус талбайд тарьсан болно. 2013 оны хавар “А” амралт сувиллын амралтын газрын эдэлбэр 800 м2 газарт өөрийн хүчээр тарьж, хашилт хамгаалалт хийж, арчилгаа тордолтыг боломжийн хэрээр хийж байсан. Гэвч 2013 онд байгалийн хүчин зүйлээс шалтгаалан гандуу, хэт халуун, хуурайшилтай жил болсны улмаас эхний жил бүх модны 90% орчим нь амьдрах чадвараа алдаж, үхэж хатсан билээ. Тухай үед мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч ажилласан боловч ургалт хангалтгүй болсон. Энэ нөхцөл байдлаа багийн ажилтнууд болон тухайн үеийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын удирдлага, мэргэжилтнүүдэд газар дээр нь очиж үзүүлсэн боловч тусламж дэмжлэг авч чадаагүй чацарганы суулгац ургаагүй болно. Миний бие өндөр настны тэтгэмж авдаг хэдий ч 2023 он хүртэл хугацаанд тэтгэврийн зээл авсан бөгөөд ойрын 3 жилдээ төлөх боломжгүй, 2023 оноос хойш өөрийн боломжоор төлж барагдуулах боломжтой тухай тайлбарыг ХХААГ-ын мэргэжилтэн Г.Б-д гаргаж өгсөн боловч энэ асуудлыг танайд шилжүүлсэн байна. Тэтгэврээс өөр төрлийн орлого байхгүй бөгөөд цаашид боломжоороо хэсэгчлэн хувааж төлөх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шийдвэр гаргаж өгч тусална уу” гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь *******-д холбогдуулан 2 123 550 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

            Хариуцагч 2 123 550 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байх ба, төлөх хугацааг 2023 оноос эхлэн төлнө гэснийг нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй тул хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэв.   

            ******* нь ХХААГ-аас 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ТШ/13/ЧСЗ-02 дугаартай Чацарганы суулгац зээлээр олгох гэрээний дагуу таван жилийн хугацаатай, нэгжийн үнэ 2 145 төгрөгийн үнэтэй 1 100 ширхэг чацарганы суулгацыг, нийт 2 359 500 төгрөгийн үнийн 10 хувийн урьдчилгаа төлбөр 235 950 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг эхний 2 жилд эргэн төлөх хуваарьт хугацаа тогтоогоогүй, 3 дахь жилээс буюу 2015 оны 11 дугаар сарын 10-ны өдөр 707 850 төгрөг, 2016 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн дотор 707 850 төгрөг, 2017 оны 11 дугаар сарын 10-ний өдрийн дотор 707 850 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулжээ.   

            Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хариуцагч маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн үнийн дүн болох 2 123 550 төгрөгийг төлнө гэхдээ 2023 оноос эхлэн төлнө гэсэн тайлбар гаргасан.   

            Хариуцагч нэхэмжлэлийг эсэргүүцэж маргаагүй, 2 123 550 төгрөгийг төлнө гэж байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

            Нэхэмжлэгч нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 48 927 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******-оос 2 123 550 төгрөг гаргуулан *******-т олгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч *******-оос улсын тэмдэгтийн хураамжаар 48 927 төгрөг гаргуулан улсын орлогод олгосугай.  

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                                                            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХИШИГДАВАА