Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/668

 

 

 

 

 

 

 

 

   2023        05         09                                  2023/ШЦТ/668

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Б.Эрдэнэбаяр /томилолтоор/,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 1165 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б ийг 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ .....  тоотод хохирогч О.А  тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний биед халдан гутал авч шидэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.       

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Б.Б  нь 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хохирогч О.А  ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

 

Хохирогч О.А  ын мөрдөн шалгах ажилгаанд өгсөн:

“Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр найз Б тай .....  тоот гэртээ нийслэл нэртэй 2 литрийн хэмжээтэй 3 сав пивийг ууж дуусаад байж байхад гаднаас Б.Б  орж ирсэн. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Б.Б тай барьцалдаад аваад түүний мөр рүү гараараа 2 удаа цохиход Б  намайг ботинкон гутлаар 1 удаа толгойн баруун чамархай хэсэг рүү цохисон. Б  гаднаа ирэхдээ ажлынхаа хүнтэй бага зэрэг уусан байсан. Тухайн үед Б  тасраад унтчихсан. Д , Б  бид хоёрыг салгаж түргэн болон цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/,

 

Гэрч О.Д гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Миний хажууд А , Б  хоёр пиво уугаад сууж байхаар нь гарч яваад найз Б ийг дагуулаад гэрт ирэхэд А  Б т “наад хувийн байгууллагад ажиллаж байхаар гараач, цалин багатай” гэхэд Б  “чамд ямар хамаатай юм бэ, би өөрийгөө мэдэж байна” гэхэд А  “чи муу давраад байгаарай” гээд Б ийн нүүр хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод, жижиг авдар авч газар шидээд дахиад Б ийн нүүр хэсэг рүү 2-3 удаа цохихоор нь Б  хажуудаа байсан бор өнгийн ботинкон гутлыг аваад А ын дух хэсэг рүү 1 удаа цохиод түлхсэн. Тэгээд А ын толгой хэсгээс цус гарсан. А  гарч явах гээд байхаар нь барьж аваад түргэн болон цагдаагийн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн..” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Оюун-Эрдэний 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3362 дугаар:

“О.А  ын биед духны язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/,

 

Шүүгдэгч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүрэгт байх гэртээ 21 цагийн үед орж ирэхэд А, Б гэх найзтайгаа хоёулаа 2 литр сэнгүр нэртэй пиво уугаад сууж байсан ба би орон дээр хэвтэж байхад А  намайг хэл амаар доромжлоод миний баруун талын мөр хэсэг рүү гараараа 4-5 удаа цохиод байхаар нь “чи яах гээд байгаа юм бэ” гэхэд А  цааш эргээд гэрийн эд зүйл эвдээд байхаар нь би болиулах гэхэд А  над руу нэг гутал аваад шидэхээр нь би тэр гутлыг эргүүлээд аваад шидэхэд А ын толгойд оносон. Тухайн үйл явдал болж байхад Б  тасраад унтаж байсан ба Д  хажууд байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 38-39/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Б.Б ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48/, нийгмийн даатгалын төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 49/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч Б.Б  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Б.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Б.Б ийн хохирогч О.А  ын биед духны язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч О.А   нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судалхад шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Б.Б ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан бага хэмжээгээр шийтгэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Учир нь гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч О.А  ын ёс суртахуунгүй байдал, шүүгдэгчтэй зүй бус байдлаар харьцсан харьцаа зэрэг зүй бус үйлдлүүд, үг хэллэгүүд, шүүгдэгч Б.Б  руу довтолсон үйлдлийг түрүүлж хийсэн үйлдэл шууд нөлөөлжээ. Дээрх үйлдлийг нь таслан зогсоохоор шүүгдэгч Б.Б ийн тавьсан шаардлага зүй ёсны байна.

 

Шүүгдэгч Б.Б ийн бусдын зүй бус үйлдлийг болиулахаар тавьсан шаардлага нь хүний эрхэм чанарт нийцсэн, нийтийн хэв журмыг хамгаалсан хууль ёсны шаардлага юм. Харин хүний биед халдаж байгаа үйлдэл нь буруу болно.

 

Шүүгдэгч Б.Б  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Б.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ