| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2019/01088/и |
| Дугаар | 142/ШШ2019/01045 |
| Огноо | 2019-09-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2019/01045
2019 оны 09 сарын 10 өдөр Дугаар 142/ШШ2019/01045 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие нь *******-тай 2008 онд анх ажлын шугамаар танилцаж 2010 онд Орхон аймагт шилжин ирж хамтын амьдралаа эхлүүлсэн. Бидний дундаас охин ******* төрсөн. Сүүлийн үед ******* нь өөр хүнтэй болж 2019 оны 02 сараас хойш бид тус тусдаа амьдарч байгаа. Иймд охин *******-д тэтгэмж тогтоолгох хүсэлтийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Бид гэрлэлтээ батлуулаагүй” гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...2008 онд ажлын уялдаа холбоогоор эхнэр *******-тай анх танилцаж байсан. ******* нь Баянхонгор аймагт ажиллаж амьдардаг, бага насны 2 эрэгтэй хүүхэдтэй. Бид 2 жил гаран тус тусдаа амьдарч байгаад Орхон аймагт шилжин суурьшихаар ярилцаж албанд хүсэл гарган томилогдож ирж ажилласан. Миний бие 2010 онд эхнэр *******-ын 2 хүүхдийг нь Орхон аймагт ирүүлж хамт амьдран сургуульд бүртгүүлэн суралцах нөхцөл байдлыг бүрдүүлэн 1 жил амьдарсан. 2010 онд эхнэр ******* нь ажлаасаа 1 жилийн чөлөө авч Орхон аймагт ирж хамтран амьдарсан. 2011 онд охиныг анх олоход эхнэр Ж нь эмнэлгээр явж авахуулах гэж байхад нь болиулж 2011 оны 11 сарын 30-нд охин төрсөн. Эхнэр 2013 он хүртэл охиныг харж гэртээ амьдарч байгаад Булган аймгийн Хялганат тосгоны гал унтраах ангид томилогдон 2016 он хүртэл ажиллаж байсан. Энэ хугацаанд миний бие 3 хүүхэд асран амьдарч байсан. Хамтран амьдарч байх хугацаанд ажиллах амьдрах нөхцөл, хоол, унаа, байр зэрэг шаардлагатай нөхцөл бололцоогоор бүрэн хангаж амьдарч байсан. Улмаар 2 хүүхэд нь өсч том болох тусам хүний үг авдаггүй, амьдрах орчин гэрт уур амьсгал өөрчлөгдөж хүний хүн хүрэн бөөртэй гэдгийг илт харуулж байсан. Шаардлага тавих, үг сонсох дургүй, зарим тохиолдолд үг хэлэхэд ээж нь тогтмол өмөөрч уурладаг. Цаашлаад намайг эзгүй хойгуур хүүхдүүддээ үг хүртэл зааж өгдөг гэсэн. Хэдий болтол түрээсийн орон байранд байх бэ өөрсдийн гэсэн орон байртай болох гэж нэлээд хөөцөлдсөн. Бүх зүйлд ганцаараа зүтгэхэд хүндрэлтэй байсан. Эхнэрийн авдаг цалин өөрийнхөө 2 хүүхдийг хувцаслах, хоол хүнс авах зүйлд зарцуулдаг. Найз нөхөд гэж хүнд хууртаад мөнгө төгрөгөө залилуулж одоог хүртэл бүрэн авч чадаагүй байгаа. Олон жил түрээсийн байраар амьдарч болгож байсан. Би өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох зайлшгүй шаардлагатай байна. Охин том болно. Хүүхдэдээ ирээдүй хэрэгтэй учраас би өөрийнхөөрөө амьдрахаар шийдсэн. Ж-ын өргөдлийг хүлээн авч танилцсан. Өөрөө өсгөөд өөрөө тэтгэмж төлөх хүсэл байхгүй тул охин Б-ыг өөр дээрээ авах хүсэлтэй байна. Цаашид Ж нь миний охиныг боловсролтой мэргэжилтэй болгож өсгөөд явна гэхэд итгэхгүй байна. 2011 оноос хойш охиноо би өөрөө өсгөсөн гэхэд болно. Энэхүү хүсэлтийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна...” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
*******, ******* нар нь 2008 онд танилцаж 2010 оноос 2019 оны 02 дугаар сар хүртэл хамтран амьдарч, тэдний дундаас 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр охин ******* төрсөн болох нь зохигчдын тайлбар, *******-ын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагч ******* нь хүү *******-ыг өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан байх ба, хариуцагч нь шүүх хуралдаан дээр тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн сард нэг хүүхдэд олгох тэтгэлгийг тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно гэж заасан.
Иймд охин *******-ыг насанд хүртэл нь эцэг *******-аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хариуцагч ******* нь хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй гэсэн тайлбар ирүүлсэн хэдий ч, энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дуьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 32 529 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин *******-ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******-аар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 32 529 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА