Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/1003/З |
Дугаар | 128/ШШ2021/0870 |
Огноо | 2021-12-15 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2021/0870
2021 оны 12 сарын15өдөр 128/ШШ2021/0870
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б даргалж, шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Т” ХХК
Хариуцагч: ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М
Гомдлын шаардлага: “2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 21180028 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг хүчингүй болгуулах, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 21180028 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 3,545,083,083.7 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах тухай” гомдолтой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Б, өмгөөлөгч З.С, хариуцагч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... “Т” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын МV-017028 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж, Дундговь аймгийн Баянжаргалан сумын нутаг Эрээн нэртэй газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг компани юм. Дундговь аймгийн Татварын хэлтэст харьяалагдан татварын тайланг тайлагнадаг. Манай компаниас 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг баталгаажуулахаар хүсэлт гаргасан. Үүний дагуу компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн санхүүгийн баримтуудыг шалгаж баталгаажуулах актаар 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 3,545,083,083.7 төгрөгөөр баталгаажуулсан. Дундговь аймгийн Татварын улсын байцаагч нарын актыг Татварын ерөнхий газрын улсын байцаагч нар шалгаад 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 211820028 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалтыг баталгаажуулах актаар тус компанийн буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0 төгрөгөөр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн татварын үлдэгдлийг 37,906,664.3 төгрөгөөр баталгаажуулсан. Уг үлдэгдлийг төлүүлэхээр 211820028 дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд гомдол гаргасан.
Шалгалтад хамрагдсан хугацаанд бид Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас худалдаж авсан арматурыг борлуулсан орлогыг тайлагнасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.4.1, 14.4.2 дахь заалтыг зөрчсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2016 он/-ийн 14.1, 14.1.5, 14.6.1, 14.6.2, 14.6.4 дэх заалтыг зөрчсөн гэж тус актыг гаргасан. Компанийг буруутгаж буй үндэслэл нь хасаж тооцохгүй зардлыг хасагдах зардал гэж үзэн тайлагнасан нь буруу гэж үзсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан заалтад хамаарч байхад хамаарахгүй гэж хасаж тооцоогүй. Нэмэгдсэн өртгийн албан татварууд нь компаниас үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн татвар байна. 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжиж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, 14.4.3, 14.7- д тус тус заасны дагуу 2012-2015 онд хийсэн 3,545,083,083.7 төгрөгийг хасахгүй гэж улсын байцаагч дүгнэсэн. Гомдол гаргагчийн 2012-2015 онд хийгдсэн нийт борлуулалт бүхэлдээ экспортод гаргасан төмрийн хүдрээс олсон орлогод хамаарахгүй. Харин импортоор худалдан авсан бүтээгдэхүүний худалдан борлуулах зориулалтаар олсон орлогод хамаарч байгаа учраас Нэмэгдсэн өртгийн албан татварын 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар хасаж тооцсон. Гомдол гаргагчийн 2012-2015 оны худалдан авалт бүхэлдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан чөлөөлөгдөх борлуулалттай хамааралгүй. Гомдол гаргагчийн худалдан авалт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу хасаж тооцоогүй нь хариуцагчаас хуулийн хэрэглээний алдаа гаргаагүй байхад үндэслэлгүйгээр гомдол гаргагчийг буруутгасан байна гэж үзэж байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.5-т заасны дагуу 2016 онд дотоодоос худалдан авсан бараа ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохгүй гэсэн байдаг. Маргаан бүхий 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 21180028 дугаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актад мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн. Хариуцагч нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.5-д заасны дагуу хасахгүй гэх тайлбарыг өмнө дурдаагүй байж шүүхэд ирүүлсэн тайлбартаа бичсэн байна. Үүнээс харахад хууль хэрэглээний алдаа гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн алдааг зөвтгөх байдлаар тайлбар хийсэн гэж үзэж байна. Хяналт шалгалтад хамаарах хугацаанаас хойш үйлдвэрлэсэн төмрийн хүдрийг дотоодын аж ахуй нэгж байгууллагад худалдан борлуулсан. Гэтэл хариуцагч ирээдүйд бий болох татварт ногдох орлогыг хийсвэрээр тооцож урьдчилсан бэлтгэл ажлын худалдан авалтыг экспортын чөлөөлөх орлого гэж үзэн акт тавьж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан заалтыг зөрчиж үндэслэлгүйгээр татвар төлөгчийг хохироож байна. Манай компани дизель түлшийг уурхайд ашиглах зорилгоор худалдан авсан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасны дагуу шатах тос материал нь чөлөөлөх үйлдвэр үйлчилгээнд хамаарах тул буцаан авах дүнг бууруулсан нь үндэслэлгүй байна. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д 2012, 2013, 2016 онуудад заасан машины сэлбэгтэй холбоотой худалдан авалтуудыг хасахгүй гэсэн. Гэтэл гомдол гаргагчийн уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбоотой том машины засвар үйлчилгээний зардал төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцох ёстой. Хариуцагч нь том оврын машиныг жижиг суудлын автомашины нэршилд хамааруулж хасахгүй гэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж байна. 2012-2016 оны худалдан авалтын 2,800,000 төгрөгтэй холбоотой хасахгүй гэдэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 14 дүгээр зүйлийн 14.4.2-т заасныг Улсын Дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр тогтоолд тайлбарласан байдаг. Дээрх тайлбараас үзэхэд маргаан бүхий актад дурдсан 2012-2016 онд хийгдсэн худалдан авалт бараа ажил үйлчилгээ, гомдол гаргагчийн гэрээгээр гүйцэтгүүлсэн оффисын урсгал зардал ажилчдын хоол хүнсний материалыг хасахгүй гэж байгаа нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. 3 сая төгрөгийг худалдан авалтын баримт байхгүй гэж дүгнэсэн байдаг. Хяналт шалгалтыг дутуу явуулсан учраас уг баримтыг үзээгүй гэж үзэж байна. Энэ баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Шийтгэлийн хуудас ногдуулахдаа нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, байгаа баримтыг байхгүй мэтээр буруутгасан гэж үзэж байна. Мөн хариуцагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ямар актад хэдэн төгрөгийн ногдуулсан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн аль заалтад хамаарах вэ? гэдэгт 2016 оны хуулийг бүхэлд нь хэрэглэсэн. 2012-2015 онд 2006 оны хууль үйлчлэх байтал 2016 онд шинэ хууль үйлчлэх ёстой байсан мэтээр тайлбарлаж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргаж акт тогтоосон нь үндэслэлгүй байна.
Мөн хариуцагч нь Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шалгалтыг 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн албан бичиг болон хяналт шалгалтын томилолтын дагуу хийж 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл үргэлжлүүлсэн. Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой улсын байцаагч нарын гаргасан хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай, шийтгэлийн хуудсыг хэрхэн гаргах тухай процессыг нарийн зааж өгсөн. Хариуцагч процессын алдаатай шийтгэлийн хуудас гаргасан. Мөн нөхөн ногдуулалтын акт бичиж үүнийг үндэслэн шийтгэлийн хуудас гаргасан. Шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийг үндэслэх ёстой. Гэтэл улсын байцаагч нарын шийтгэлийн хуудас дээр Зөрчлийн тухай хуулийг яг аль заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхойгүй. Хугацаатай холбоотой заалтыг ганцхан дурдсан байсан. Тэгэхээр шийтгэлийн хуудсаар яг ямар зөрчил үйлдсэн бэ гэдгийг тогтоогоогүй гэж үзэж байна. Иймд гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын асуудалд нэг онцлог байдаг. 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д экспортолсноос бусад бараанд чөлөөлөгддөг, 12 дугаар зүйлийн 12.1.7-д эцсийн бүтээгдэхүүн болгож экспортод гаргавал нэмэгдсэн өртгийн албан татвар 0 хувьтай байна гэсэн энэ гурван зохицуулалтын дор компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компани нь ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй 30 жилийн хугацаатайгаар үйл ажиллагаа явуулах эрхтэй компани юм. 3 вагон гаргасан дээж дээр үндэслэн цаашид 30 жил түүхий эд гаргаж татвараас чөлөөлөгдөнө гэсэн дүгнэлтийг гаргаж акт үйлдсэн нь үндэслэлгүй юм. 0 хувьтай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Дотооддоо бүтээгдэхүүн борлуулж ч болно. Гэтэл татварын улсын байцаагч ирээдүйг урьдчилан тодорхойлж акт тавьсан. Арматур нь тусдаа асуудал. Үүнийг тооцоогүй байсан. 30 жил ганцхан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхгүй шүү дээ. Үүнийг хэрхэн тодорхойлж байгаа нь ойлгомжгүй. Хийсвэр үндэслэлгүй акт гаргасан гэж үзэж байна” гэв.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч З.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотойгоор шалгаж байгаа зурвас үе нь татвар төлөгчдөд хүндрэл учруулдаг. Татварын хяналт шалгалт нээлттэй биш, учир битүүлэг хаалттай явагддаг. Сүүлд нь улсын байцаагч нар өөрсдөө баримтаа өгөх ёстой байсан гэж ярьж байна. Тулгаж шалгасан гэдэг бол талуудын байр суурь. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хуулийг буцаан хэрэглэсэн, эхний үлдэгдлийг шалгаагүйгээс буруу тооцоологдсон гэж дүгнэсэн байна. Эдгээр асуудлуудыг маш сайн шалгаж нягталсан бол шинжээчийн дүгнэлтээр эдгээр асуудлууд дурдагдахгүй байсан. Татвар төлөгч нь шалгалтын ажиллагаанд оролцож шаардлагатай баримтуудаа гарган өгч нээлттэй оролцох боломж байхгүй байсан” гэв.
Хариуцагч Ч.С, Н.М нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Дундговь аймгийн татварын хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 08/353 дугаар албан бичиг, татвар төлөгчийн 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 05 тоот хүсэлт, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн татварын хяналт шалгалт хийх 21170800188 дугаар томилолтын дагуу геологи хайгуул, гадаад худалдаа, ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа эрхэлдэг “Т” ХХК -ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ий өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М бид нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг санхүүгийн баримт, хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн шалгаж, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 211820028 дугаар актаар нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 37,906,664.3 төгрөг төлөхөөр баталгаажуулсан. “Т” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс 2007 оны эхний хагас жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 1.276.2 мянган төгрөгийн орлого тайлагнасныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдөр бүргүүлж 11238 дугаар гэрчилгээг авсан.
Тус компани нь Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Усны Хан-Өндрийн эрээн, Даланжаргалан сумын Дарцагт нэртэй газруудад төмрийн хүдрийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшин, хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байгаад 2012 оноос MY-017028, MY-017120 дугаар уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг. Хяналт шалгалтад хамрагдах хугацаанд тус компани нь Эрээний төмрийн хүдрийн ил уурхай, баяжуулах үйлдвэр байгуулж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортоор оруулж ирсэн арматурын борлуулалтын орлоготой байсан. Тус компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг Дундговь аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч П.Ц, Б.Б нар шалгаад 3,545,083,083.7 төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулсныг бууруулж төсвөөс буцаан авах дүнг 0.00 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг 37,906,664.3 төгрөгөөр баталгаажуулсан нь дараах хууль эрх зүйн үндэслэлтэй.
Шалгалтад хамрагдах хугацаанд тус компани нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортоор худалдаж авсан арматурыг борлуулсан орлого тайлагнасан, тэр орлого нь гэрээгээр нотлогдож байсан тул 12,769,541,359.4 төгрөгийн импортоор худалдаж авсан арматурт төлсөн 1,276,954,135.8 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөх албан татвараас хасаж тооцсон.
2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний хооронд хэрэгжиж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1-т “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж тооцно ....”, 13 дугаар зүйлийн 13.1.16 “ Энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн” 14 дүгээр зүйлийн 14.4.3-т “Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэр үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг албан үйлчилгээний үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг тaтваpаaс чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг хасаж тооцно” гэж тус тус заасны дагуу 2012 онд 981,483,433.1 төгрөгийн, 2013 онд 399,121,368.0 төгрөгийн, 2014 онд 5,621,094,387.3 төгрөгийн, 2015 онд 26,761,466,657.3 төгрөгийн худалдан авалтад ногдох нийт 3,376,316,584.6 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг албан татварын нийт дүнгээс хасахгүй.
2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг алба татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.6.5-д “хайгуулын ажил болон ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасны дагуу 2016 онд 145,341,906.4 төгрөгийн дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн 14,534,190.6 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг албан татварын нийт дүнгээс хасахгүй.
2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.4-д “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ гэж заасны дагуу “Я Т” ХХК-аас 262,938,702.2 төгрөгийн тос тосолгооны материалыг худалдаж авахад төлсөн 26,293,870.2 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг албан татварын нийт дүнгээс хасахгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.4.1-д “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.6.1-т “суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг заасан заалтын дагуу 2012 онд 330,909.0 төгрөгийн, 2013 онд 44,909. төгрөгийн, 2016 онд 5,228,802.9 төгрөгийн нийт 5,604,621.0 төгрөгийн суудлын автомашин, түүний эд анги, сэлбэг худалдан авахад төлсөн 560,462.1 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг албан татварын нийт дүнгээс хасахгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.4.2-т “хувийн болон ажиллагчдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, үйлчилгээ”, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” 14.6.2-т “хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасны дагуу 2012 онд 1,689,273.0 төгрөгийн, 2013 онд 127,273.0 төгрөгийн, 2014 онд 24,090,909.1 төгрөгийн, 2015 онд 909,090.9 төгрөгийн, 2016 онд 1,653,814.7 төгрөгийн нийт 28,470,360.7 төгрөгийн худалдан авалтад төлсөн 2,847,036.1 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасны дагуу 2014 онд “Ш ш н” ХХК-аас хийсэн 3,000,000.0 төгрөгийн худалдан авалтад төлсөн гэх 300.000.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж тус тус шийдвэрлэсэн. Иймд “Т” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан 3,549,381,784.9 төгрөгийн илүү үлдэгдлийг буцаан авах үндэслэлгүй байх тул үлдэгдлийг тэглэж, зөрүү 37,906,664.3 төгрөгийн нөхөн татвар, 11,371,999.3 төгрөгийн торгууль, 7,226,336.9 төгрөгийн алданги, нийт 56,505,000.5 төгрөгийг төсөвт төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлтэй” гэжээ.
Хариуцагч Н.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2018 онд “Т” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын 3.5 тэрбум төгрөгийн илүү төлөлтийг баталгаажуулах саналыг Дундговь аймгийн Татварын хэлтсээс ирүүлснээр 2012-2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан. Дундговь аймгийн Баянжаргалан суманд төмрийн баяжмал олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй шалгалтад хамрагдах хугацаанд баяжуулах үйлдвэрийг барьсан. Худалдан авалтаас илүү төлөлт үүссэн байсан. Татвар төлөгчийн анхан шатны баримтыг цуглуулан шалгахад баяжуулах үйлдвэрийг барьснаар дээд хэмжээ нь 57 хувийн агууламжтай төмрийн хүдрийг баяжуулж экспортод гаргахаар төлөвлөсөн байсан. Шалгалтын хугацаанд 2015 онд 253,200 кг баяжмалын дээжийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортолсон бөгөөд энэ нь 3 вагон болж байсан. Үүнд орлого тооцсон уу? гэхээр тус компанийн нягтлан бодогч Голомт банкны хуулгыг өгсөн. Энэ нь 11 сая төгрөгийг борлуулалтын орлого байсан бөгөөд энэ орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тайлагнаагүй байсныг олж илрүүлсэн. 2015 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харилцагчаас төмрийн хүдрийн орлого шилжиж ирсэн нь харилцах дансанд бүртгэлтэй байсан урьдчилгаа төлбөр учраас бүртгээгүй. Санхүүгийн тайлангийн урьдчилж олсон орлого хэсэгт бүртгэсэн. Илүү төлөлт үүсгэсэн худалдан авалт цаашид нэмэгдсэн өртгийн албан татварын 13 дугаар зүйлд заасан чөлөөлөгдөх бараа ажил үйлчилгээг явуулахад зориулагдсан байсан тул чөлөөлөгдөх үйл ажиллагаатай хамааралтай гэдэг байдлаар хасахгүй гэж акт гаргасан. 2018 онд бид нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг бууруулж төсөвт төлөхөөр гарсан тохиолдолд шийтгэлийн хуудсаар хариуцлага хүлээлгэдэг байсан. 3.5 тэрбум төгрөгийн зөрчилд бүхэлд нь торгууль алдангийн арга хэмжээ аваагүй. Илүү төлөлтийг бууруулж тооцсон учраас татвар төлөгчийг ямар нэгэн хохироосон заалт хэрэглээгүй. Тус компани нь дотоодод борлуулсан төмрийн арматурын борлуулалттай холбоотой зардлыг хасаагүй гэсэн гомдлыг татварын Маргаан таслах зөвлөл болон шүүхэд гаргаж өгсөн хэдий ч шалгалтын явцад тооцоолол, ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй. Борлуулалтын орлоготой холбоотой энэ баримтыг татварын байцаагч хасаж тооцоогүй гэсэн баримт одоо хүртэл байхгүй.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн экспортод гаргасан бол албан татварын тэг хувь хэрэглэхээр заасан. Бусад бүтээгдэхүүн чөлөөлөгдөхөөр заасан. Бид хяналт шалгалтаар энэ байгууллагыг дээд хэмжээ нь 57 хувь агуулгатай төмрийн баяжмал гаргана гэж тогтоогоогүй. Өөрсдийн ирүүлсэн баримт дээр тулгуурлан шийдвэр гаргасан. 33 хувийн агуулгатай хүдрийг олборлож 57 хувийн агуулгатай баяжмал болгож бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж гомдол гаргагч компани өөрсдөө тодорхойлсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн албан татварын хасалт буцаан олгох тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгагдсан зохицуулах гэсэн Сангийн сайдын баталсан журам байдаг. Уг журмын 5.1 дүгээр зүйлийн 5.1.4 дэх хэсэгт заасны дагуу төмрийн баяжмал гаргах, уурхайн барилгыг барихтай холбоотой уурхайд зориулсан худалдан авалтын зардлыг хасаагүй. Дотооддоо борлуулсан төмрийн гаалиар оруулж ирсэн худалдан авалтыг 100% хассан байгаа. Мөн Улаанбаатар хот дахь төв оффис дэх захиргаа удирдлагын зардлыг хувь тэнцүүлж хасах байтал 100 хувь арматурын зардалтай холбоотой гэж төлбөл зохих албан татвараас хасаад байхад гомдол гаргаж байгаа нь зохимжгүй байна. Хасалтыг тооцоолох нарийвчилсан зохицуулалт байхад үүнийг дагаж мөрдөж тайлан гаргаагүй бол татвар төлөгч Татварын тухай хуулийг санаатайгаар зөрчсөн гэж үзэж байна. 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Сангийн сайдын 78 дугаар тушаалаар батлагдсан журам байдаг. Нэмэгдсэн өртгийн албан татвар хасаж тооцохгүй талаар хуульд тусгайлан заагаагүй ч журамд зааж өгсөн” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт ямар хууль тогтоомжийг зөрчсөн, хэдэн төгрөгт хамааруулж хариуцлага ногдуулах үндэслэл тогтоогдсон талаар маш тодорхой дурдсан. 2007 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт, тайлант хугацаанд мөрдөгдсөн 2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын батлагдсан заалтуудыг утга агуулгын хувьд адил боловч эдгээрээс тодорхой заалтуудыг зааж өгсөн. Тэгэхээр хуулийг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлгүй юм. “Т” ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх явцад Зөрчлийн тухай хуулийн дагуу процесс ажиллагааг явуулсан. Татварын хяналт шалгалт хийх процесс нь бусад салбарын хяналт шалгалтаас өөр. Татварын хөөн хэлэлцэх хугацааны дотор нөхөж хийдэг. Тухайн үед үйлчилж байсан холбогдох хууль тогтоомжид үндэслээд хариуцлага ногдуулахдаа 2012-2015 онд хэрэгжиж байсан Татварын ерөнхий хуулийн дагуу хариуцлага ногдуулсан. Татвар төлөгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг дордуулахгүй байх, хууль тогтоомжийг зөв хэрэглэж ажилласан. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу хариуцлага ногдуулсан нь хууль тогтоомжид нийцсэн шийдвэр байсан. Хэрхэн шийтгэл оногдуулсан талаарх баримтыг он оноор нь холбогдох баримтуудад хавсаргасан байгаа.
Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зарчмаар тухайн зөрчилд хариуцлага оногдуулах ажиллагааг хэрэгжүүлж байсан үе хамаарагдаж байгаа. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтаар Татварын ерөнхий хууль хүчин төгөлдөр хэрэгжиж 74 дэх хэсгээр хариуцлага ногдуулахтай холбоотой заалтыг Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.19 шилжүүлэх болсон боловч 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэж тухайн үед мөрдөгдөж байсан заалтаар хариуцлага оногдуулсан нь хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл биш. Шилжүүлсэн орлого, хасаж тооцсон зэрэг нь бүгд тоон баримтаар санхүүгийн баримтаар тодорхой харагдана. Энэ тоон үзүүлэлтийн талаар Маргаан таслах зөвлөлөөр хянуулсан ба уг зөвлөл нь баримтаар нь тулгаж дахин хяналтыг хийдэг. Гомдол гаргагч компанийн цаашдын үйл ажиллагааны талаар өнөөдрийн байдлаар ямар байхыг бид мэдэхгүй. Хяналт шалгалтын явцад тогтоогдсон нотлох баримттайгаар зөрчлийг илрүүлдэг. 256.3 тонн төмрийн баяжмал гаргасан нь нотлогдсон. Нотлох баримт дээр тулгуурлан шийдвэр гаргасан гэдгийг ойлгох хэрэгтэй. Хуулийг буцаан хэрэглэсэн зүйл байхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу он оноор нь жагсааж тодорхойлон шийтгэлийн хуудасны тэмдэглэх хэсэгт маш тодорхой бичсэн байгаа. 2006 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заагдсан хасалт хийх заалтад үндсэн хөрөнгийн буцаан авалттай холбоотой нэмэгдсэн өртгийн албан татвар хасахгүй гэж заасан байгаа. Энэ талаарх олон маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Хуулийг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлийн хүрээнд энэ жишиг тогтсон байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Гомдол гаргагч “Т” ХХК-аас 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр анх шүүхэд хандан “ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М нарын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 211820028 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан акт болон шийтгэлийн хуудасны хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2018/7899 дүгээр шүүгчийн захирамжаар зөрчлийн хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн хүсэлтийг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” 128/ШЗ2019/0458 дугаар шүүгчийн захирамжаар: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2018/7899 дүгээр “Зөрчлийн хэрэг үүсгэх тухай” захирамжийн 2 дахь хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг баримтлан “ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М нараас 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 211820028 дугаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актыг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж ...” шийдвэрлэжээ.
Улмаар гомдол гаргагч “Т” ХХК-аас 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр “ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М нарын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 211820028 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 128/ШЗ2019/1822 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон ба гомдол гаргагч /нэхэмжлэгч/ нь 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулан “ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М нарын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 211820028 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж ирүүлснийг тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШЗ2019/2119 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
Гомдол гаргагч нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...“Т” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 3,545,083,083.7 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах тухай” гэжээ.
2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М нарын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 211820028 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай”, мөн огноогоор ирүүлсэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: “...“Т” ХХК болон ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М нарын хооронд татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоож хүлээн зөвшөөрүүлэх” гэж ирүүлсэн ба уг шаардлагуудын хүрээнд тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.
Өнөөдрийн шүүх хуралдаан дээр гомдол гаргагч талаас “...2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 211820028 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 211820028 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулж, “Т” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 3,545,083,083.7 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах тухай...” гомдлын шаардлагуудаа дэмжсэнийг шүүх, гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, гомдлыг хариуцагч нараас эс зөвшөөрч шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан зөвхөн маргасан хэсэгт дүгнэлт хийж, гомдлын шаардлагын маргаан бүхий захиргааны хоёр актад хамаарах хэсгийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл тодорхой хугацаагаар түдгэлзүүлж, “...““Т” ХХК болон ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М нарын хооронд Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх” гэх гомдлын шаардлагаасаа гомдол гаргагчийн зүгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
“Т” ХХК нь архитектур, инженерийн үйл ажиллагаа, өнгөт металлын бусад хүдэр олборлолт, ашигт малтмалын ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2005 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үүсгэн байгуулагдсан, 2007 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн, Дундговь аймгийн Татварын хэлтэстэй харилцагч бөгөөд 2005 онд Дундговь аймгийн Баянжаргал сумын Эрээн нэртэй газарт төмрийн хүдрийн ордыг ашиглах MY-017028 дугаар, 2012 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Дарцагт нэртэй газар төмрийн хүдрийн ордыг ашиглах MY-017120 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байна.
Хариуцагч ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М нар Дундговь аймгийн татварын хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 08/353 дугаар албан бичиг, Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын хяналт шалгалт хийх 21170800188 томилолтын дагуу “Т” ХХК-ийн 2012 оны 1 дүгээр сарын 1-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хэсэгчилсэн хяналт шалгалтыг санхүү татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн явуулж, “...нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлоготой холбоогүй, уул уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагаа, баяжуулах үйлдвэрийн барилгын ажилд зориулан 34,171,446,454.3 төгрөгийн худалдан авалтыг, үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулсан 1,664,363,056.0 төгрөгийн худалдан авалтыг, суудлын автомашин, түүний эд анги, сэлбэгийн 5,604,621.0 төгрөгийн худалдан авалтыг, хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа ажил үйлчилгээний 28,470,360.7 төгрөгийн худалдан авалтыг, 3,000,000.0 төгрөгийн нэхэмжлэл, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй худалдан авалтыг тайлагнаж төсвөөс буцаан авах илүү төлөлт үүсгэсэн зөрчил гаргасан...” гэж үзэж, холбогдогч “Т” ХХК-ийн нийт 35,872,884,492.0 төгрөгийн зөрчилд 3,587,288,449.2 төгрөгийн нөхөн татвар, 11,371,999.3 төгрөгийн торгууль, 7,226,336.9 төгрөгийн алданги, нийт 3,605,886,785.4 төгрөгийн төлбөр оногдуулж, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 211820028 дугаар шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан, түүнчлэн оногдуулсан шийтгэлийн 12,070,684.68 төгрөг, хохирлын 3,597,287,717.18 төгрөг, нөхөн төлбөрийн 0 төгрөг, нийт 3,605,886,785.4 төгрөгөөс нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан 3,549,381,784.9 төгрөгийн илүү төлөлтийг суутган тооцож, үлдэх 37,906,664.3 төгрөгийг, торгууль, алдангийн 18,598,336.2 төгрөгийг нийт 56,505,000.5 төгрөгийг төсөвт төлүүлэхээр шийдвэрлэснийг гомдол гаргагч “Т” ХХК бүхэлд нь эс зөвшөөрчээ.
Маргаан бүхий 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 211820028 дугаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актад:
а/ төсвөөс буцаан авах буюу эхний үлдэгдлийг татвар төлөгч буюу зөрчилд холбогдогч “Т” ХХК -ийн тайлагнаж татварын албанд хүргүүлсэн тоон мэдээллийн дагуу гаргаагүй, тодруулбал, шинжээчийн дүгнэлтэд авагдсанаар “...Актын төсвөөс буцаан авах гэсэн мөр хэсэгт татвар төлөгчийн 2012-2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг нэгтгэхдээ эхний үлдэгдлийг орхигдуулсан, татвар төлөгчийн нэгэнт тайлагнаж татварын албанд хүргүүлсэн тайлангийн тоон мэдээллийг үнэн зөв холбогдох мөрөнд бичих ёстой. Гэтэл татварын улсын байцаагч “Т” ХХК-ийн 2012 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн эхний үлдэгдэл болох 256,740.0 төгрөгийг актад орхигдуулсан, ийнхүү эхний үлдэгдлийг шалгаагүйгээс нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах акт буруу тооцоологдсон байна” гэжээ.
б/ тухайн хугацаанд борлуулсан бараа, ажил, үйлчилгээний орлогод ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан албан татварын тухайн хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалт гэсэн мөр хэсэгт маргаан бүхий 211820028 актын хавсралт “Т” ХХК-д хийсэн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо/-д тусгагдаагүй зөрчлийг хариуцагч нар дурдсан, тодруулбал, шинжээчийн дүгнэлтэд авагдсанаар “... Татварын улсын байцаагч нь хяналт шалгалтаар илэрсэн зөрчил бүрийг ХШ-6(1)(2) маягтад бүртгэх ёстой. Гэтэл эдгээр маягтад бүртгээгүй 11,848.8 төгрөгийн чөлөөлөгдөх орлогыг актад нэмж оруулжээ. “Т” ХХК-ийн хүлээн авсан 5,949.1 ам.доллар буюу 11,848,822.50 төгрөг нь компани хоорондын тооцоо болох нь анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн бичилтээр тодорхойлогдож байгаа тул чөлөөлөгдөх борлуулалтын орлого гэж баталгаажуулсан нь үндэслэлгүй байна” гэжээ.
в/ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох импортын бараа /гаалийн байгууллагад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг оруулахгүй/ гэсэн мөр хэсэгт гомдол гаргагчийн 2012-2016 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг нэгтгэхдээ тооцооллын хувьд алдаа гаргасан, тодруулбал, шинжээчийн дүгнэлтэд авагдсанаар “...“Т” ХХК-ийн 2012-2016 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангуудыг нэгтгэх ажлыг давтан гүйцэтгэхэд Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох импортын барааны дүн 32,184,258.1 төгрөг байна. Иймээс дээрх тооцооллын алдаанаас болж актад 39,311.4 төгрөгийн зөрүү үүссэн гэж баталгаажуулсан нь татварын байцаагчийн буруутай үйл ажиллагаа байна” гэжээ.
г/ актын Г.Төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасагдахгүй татварын дүн гэсэн мөр хэсэгт тухайн актын хавсралт №2-т тодорхойлогдсон мэдээлэл тоо хэмжээний хувьд ялгаатай бичигдсэн. Тодруулбал, шинжээчийн дүгнэлтэд авагдсанаар “Татварын улсын байцаагч нь хавсралт-2-т татвар төлөгчийн төлүүлэхээр шийдвэрлэсэн дүнг 3,605,886.8 төгрөгөөр тогтоогджээ. Энэ дүн нь актын худалдан авсан бараа үйлчилгээнд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын нийт дүн гэсэн мөрийн дор байгаа үүнээс гэсэн хэсэгт хамааруулсан мөрүүдийн нийлбэртэй тэнцүү байх ёстой. Гэтэл төлүүлэхээр шийдвэрлэсэн дүн актад 4,671,158.1 төгрөг болон баталгаажсан байна. Өөрөөр хэлбэл актын шалгаж баталгаажуулсан баганын “Суудлын машин ... төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татвар”, “Хувьдаа ... төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татвар”, “Бусад” гэсэн мөрүүдийн нийлбэр нь хавсралт 2-т тогтоогдсон дүнгээс 1,065,271.3 төгрөгөөр илүү байна” гэжээ.
д/ маргаан бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг үйлдэхдээ “бусад” гэсэн мөр нэмсэн нь ойлгомжгүй. Гомдол гаргагчийн татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.4.1, 14.4.2, 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.1.5, 14.6.4, 14.5-д хамаарах зөрчил болохыг хариуцагч тогтоосон. Энэ тохиолдолд шинжээч дүгнэхдээ: “Татварын байцаагч эдгээр зөрчил тус бүрийг актад хуулийн заалт тус бүрээр харуулах ёстой байтал 2015 оны хуулийн 14.1.5, 14.6.4, 14.5 заалтуудад хамаарах зөрчлүүдийг нэг зөрчил мэт харагдуулан бусад гэсэн ангилалд хамааруулан баталгаажуулжээ. Хууль тогтоогч Нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийхгүй худалдан авалтыг хуульд тодорхой зааж өгсөн. Гэтэл татварын байцаагч хуульд байхгүй бусад гэсэн мөр оруулсан нь хууль бус болжээ. Мөн гурван төрлийн зөрчлийг нэг зөрчил болгон харуулсан нь хэрэг маргааныг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлийг тодорхойлох боломжгүй болгосон байна гэжээ.
Шүүх, гомдол гаргагчийн “...хариуцагч татварын улсын байцаагчид нь маргаан бүхий актыг гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэж маргаж буй үндэслэл, шинжээчийн дүгнэлт, хариуцагчийн хариу тайлбар зэргээс нөхөн татвар ногдуулах хуулийн зохицуулалт нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд шинээр нэмэгдсэн заалт байх тул зөвхөн 2016 оны татварын ногдуулалт, төлөлтөд хамаарах ёстой, тодруулбал, дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авах, импортлоход төлсөн албан татварыг дараах хугацаагаар хувь тэнцүүлэн хасагдуулна”, 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй”, 14.6.4-д “тайлант хугацааны албан татвар ногдох бараа, ажил, үйлчилгээтэй хамааралгүй импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж зааснаар зөвхөн 2016 оны 1 дүгээр сарын 1-ээс хойших татварын үйл ажиллагаанд хамааруулаагүй, харин маргаан бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын хоёрдугаар хавсралтад бичсэнээр 2012-2016 он тус бүрд зөрчил гэж үзэж нөхөн татвар ногдуулсан нь хуулиар зохицуулаагүй заалтыг үндэслэж нөхөн татвар ногдуулсан гэж үзэхээр байна.
Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар болон нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсэгт хамаарах зөрчлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д: “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь хариуцагчийн үйлдлийг шүүхээс шууд зөвтгөх боломжгүй, гомдол гаргагчийг зөрчил огт гаргаагүй гэж үзэхэд учир дутагдалтай, зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинж байдал, татварын зөрчлийн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д: “татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална”, 5.1.1: “зайлшгүй байх”, 5.1.2: “тодорхой байх”, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйл: “хууль ёсны зарчим”, 1.3 дугаар зүйл: “шударга ёсны зарчим”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт: “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1: “хуульд үндэслэх”, 4.2.5: “...шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмууд болон хуулийн хүрээнд маргаан бүхий шийтгэлийн хуудсыг, маргаан бүхий “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-ын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг тус тус түдгэлзүүлснийг хариуцагч захиргааны байгууллага дахин судалж, татварын хууль тогтоомжид заасан холбогдох судалгаа, шалгалтыг явуулж шинэ захиргааны акт гаргах шаардлагатай байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлд: “дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ” гэж заагаад тухайн зүйлийн 1.1-д: “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-д: “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д: “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэх эдгээр гурван үндэслэл байвал зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэхээр хуульчилсан байна. Энэ зүйлийн агуулгаас үзэхэд, зөрчил үйлдэгдсэн талаар ил тодорхой байх, газар дээр нь шууд шийдвэрлэх боломжтой байх, өөрөөр хэлбэл, холбогдогч нь өөрөө хүлээн зөвшөөрсөн байх, нотлох талаар ажиллагаа хийх шаардлагагүй байх, камерын бичлэгт үлдсэн, дуу дүрсээр бичигдсэн гэхчлэн зөрчлийг шууд тогтоох үндэслэл байх, маргаангүй байх нь хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдвэрлэх урьдчилсан нөхцөл байна.
Маргаан бүхий энэ тохиолдолд дээрх зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэл огт байхгүй байна, харин 1.1-д зааснаар зөрчил нь ил тодорхой байхыг хуульчилсан гэтэл гомдол гаргагч нь “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг үндэслэн шийтгэлийн хуудас оногдуулсан нь үндэслэлгүй, шийтгэлийн хуудас оногдуулахдаа Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хяналт шалгалтыг 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сарыг хүртэл хугацаанд хийсэн атлаа хялбаршуулсан журмаар зөрчлийг шалгасан, нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэх ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй, байгаа баримтыг байхгүй мэтээр буруутган шийтгэлийн хуудас оногдуулсан нь хууль бус байна” гэх тайлбаруудыг гаргаж байхад хариуцагчийн зүгээс зөрчлийн хэрэг нээхгүйгээр, ямар нэгэн эргэлзээгүйгээр зөрчлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нь хуульд нийцээгүй гэдэг дүгнэлтийг зөвхөн маргаан бүхий шийтгэлийн хуудсын түдгэлзүүлсэн хэсэгт хамааруулан үзэж байна. Тодруулбал, эрх бүхий албан тушаалтан татварын улсын байцаагч нарын зүгээс гомдол гаргагчийн шалгалтад хамрагдах хугацааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд шалгалт явуулж, зөрчил илрүүлж шийтгэл оногдуулахдаа, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг үндэслэсэн, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлд дурдсан үндэслэлүүдээр тогтоогдсон зөрчлүүдийг бүхэлд нь үгүйсгэх боломжгүй, шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгоход учир дутагдалтай юм.
Шүүхээс маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэснээр даалгах шаардлага шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл үүссэнийг тэмдэглэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаан дээр шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан “...“Т” ХХК болон ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М нарын хооронд татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож хүлээн зөвшөөрүүлэх тухай” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзахаа илэрхийлсэн тул түүний хүсэлтийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д: “захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэх үндэслэлээр шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-т: “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасан ба энэхүү зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсанаа илэрхийлсэн энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, нэхэмжлэлээсээ татгалзах эрхээ хэрэгжүүлэхээр шүүхэд хандсан байна гэж үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн төлөөлөгч Wang Jing Yu 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан бүх бүрэн эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н олгосон ба ингэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах эрх итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон, нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д: “шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ”, 44.3-т: “дараах зардлыг хэргийн оролцогчдоор нөхөн төлүүлнэ”, 44.3.1-т: “шинжээчийн зардал”, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ...” гэж зааснаар гомдол гаргагчаас шинжээчийн зардалд төлсөн төлбөрийг хариуцагчаас гаргуулж гомдол гаргагч талд олгохоор, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гомдол гаргагчаас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг төлбөрийг мөн хариуцагчаас гаргуулж гомдол гаргагчид буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.5, 14.6, 14.6.2, заасныг баримтлан гомдол гаргагч “Т” ХХК-ийн гомдлын шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М нарын үйлдсэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 211820028 дугаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 211820028 дугаар шийтгэлийн хуудсыг 4 /дөрөв/ сарын хугацаанд түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий актууд болох ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М нарын 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 211820028 дугаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын хүлээн зөвшөөрснөөс бусад хэсгийг, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 211820028 дугаар Шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...“Т” ХХК болон ТЕГ-ын УТОХГ-ын, ТХШХ У.Б Ч.С, Н.М нарын хооронд Татварын эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх тухай” гомдлын шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас шинжээчийн зардалд төлсөн 7,380,000 төгрөгийг Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн дансанд, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, шинжээчийн зардлын долоон сая гурван наян мянган төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн далан мянга хоёр зуун төгрөгийн төлбөрүүдийг хариуцагчаас гаргуулан гомдол гаргагч “Т” ХХК -д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б