| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 113/2025/0004/З |
| Дугаар | 221/МА2025/0466 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0466
А.Аын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.О
Нэхэмжлэгч: А.А
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Цалингийн шатлалыг илтэд буруу тогтоож байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, цалин хөлс, урамшуулал, нэмэгдэл, ээлжийн амралтын цалин зэргийн зөрүүг олгохыг Мал эмнэлгийн газрын дарга Ч.О даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0004 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч А.А, хариуцагч Ч.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа
Хэргийн индекс: 113/2025/0004/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.А нь Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан “Цалингийн шатлалыг илтэд буруу тогтоож байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, цалин хөлс, урамшуулал, нэмэгдэл, ээлжийн амралтын цалин зэргийн зөрүүг олгохыг Мал эмнэлгийн газрын дарга Ч.О даалгах”-аар маргасан байна.
2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0004 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Аын Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.О холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, цалингийн шатлалыг буруу тогтоож байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, урамшуулал, нэмэгдэл, ээлжийн амралтын цалин зэргийн зөрүүг нэмж олгохыг Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.О даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “Захирамж, тогтоол, шийдвэрийн ямар зүйл, заалтыг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа болох;
-Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1 дэх заалтыг зөвшөөрөхгүй. (Үндэслэл: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн "Бүтэц орон тоо батлах тухай" А/17 дугаар тушаал 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Уг тушаалд бүтцийг "Алба", албан тушаалыг "Албаны дарга" гэж баталсан. Мөн албан тушаалын тодорхойлолт нь Албаны дарга, Т3-7 гэсэн ангилал, зэрэглэлтэй. МЭГ-ын дарга буюу төсвийн шууд захирагч бүтэц, орон тоо, албан тушаалыг тогтоох эрхгүй байдаг. Улмаар төсвийн шууд захирагч "Алба, албаны дарга Т3-6" эсвэл "Хэлтэс, Хэлтсийн дарга Т3-6" гэсэн шийдвэр гаргах эрхгүй. Төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шууд захирагч гэсэн дээрээсээ доошоо чиглэсэн процессоор шийдвэр гаргаж байж Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1 дэх заалтын хэрэгжилтийг хангана. Уг хуулийн хэрэгжилт нь Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын сайдын "МЭГ-ын бүтэц орон тоог батлах тухай" 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/97 дугаартай тушаал гарснаар бүрэн хангагдсан ба тус хугацаанаас эхлэн мөрдөнө)
-"Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай" 487 дугаар тогтоолыг зөрчсөн. (Үндэслэл: Тус тогтоолын хавсралтаар батлагдсан жагсаалтад "Хэлтсийн даргын албан тушаал"-ыг Т3-6 зэрэглэлд авч үзсэн. Тэгвэл Албаны даргын албан тушаалын ангилал шатлалыг ТЗ-7-оор авч үзэх нь зөв. Харин төсвийн ерөнхийлөн захирагчийн буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын МЭГ-ын бүтэц, орон тооны шийдвэр гарсны дараа төсвийн шууд захирагч түүнийг мөрдөх нь хууль, эрх зүйн байдалд нийцнэ. Төрийн захиргааны байгууллагад цар хүрээ, үүрэг, хариуцлагаас нь хамааруулан дараах бүтцийн нэгжийг мөрддөг 1 дүгээрт газар, 2 дугаарт хэлтэс, 3 дугаарт алба, 4 дүгээрт тасаг гэсэн шатлал)
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын "Бүтэц орон тоо батлах тухай" 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/17 дугаар тушаалыг зөрчсөн. (Үндэслэл: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн "Бүтэц, орон тоо батлах тухай" А/17 дугаар тушаал нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Түүнд байгууллагын дотоод бүтцийн нэгжийг Алба, нэгжийн даргын албан тушаалыг Албаны дарга гэж баталсан)
-Захиргааны хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн "Төрийн захиргааны дэс түшмэлийн удирдах албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай" 58 дугаар тогтоолыг нотлох баримтаар авсан ба нотлох баримтыг буруу үнэлсэн. (Үндэслэл: ТАСЗ-ийн тогтоолд А.Аыг Т3-6 зэрэглэлээр цалинжуул гэсэн байна. Танайх захиалгаа Т3-7-оор өгсөн биз дээ гэтэл Т3-6-аар цалинжуул гэснийг Төрийн албаны зөвлөлөөс асуусан уу гэх мэтээр тулгаж асуугаад үгүйсгэсэн хариулт өгөнгүүт танайх хуулбар үнэн дарсан байна гэж төөрөгдүүлсэн. Албан тушаалын ангилал, зэрэглэлийг Засгийн газрын тогтоолд нийцүүлэн холбогдох төсвийн захирагч нар тогтоох үүрэгтэй)
-Захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.П 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн "Чиглэл хүргүүлэх тухай" 03/1656 дугаар албан бичгийг буруу үнэлсэн. (Үндэслэл: Тус албан бичигт "Танай аймаг Мал эмнэлгийн газрын бүтэц орон тоог батлахдаа албаны даргын албан тушаалыг дэс түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын ангилал зэрэглэлд хамааруулан тогтоожээ" гэсэн нь илт ташаа ойлголт бөгөөд дэс түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын ангилал зэрэглэлд зөвхөн ТЗ-9 хамаарна. Мөн МЭГ нь тусгай шалгалтын захиалга өгөхдөө 1 дүгээрт Албан тушаалыг ЗСА-ны дарга, 2 дугаарт Ангилал, зэрэглэлийг ТЗ- 7, 3 дугаарт Батлагдсан Албан тушаалын тодорхойлолт нь албаны дарга, Т3-7 гэж өгсөн болно)
-Гомдол гаргаж байгаа этгээдийн хүсэлт: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 113/ШШ2025/0004 дугаартай шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгуулах.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А.А нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын сул орон тоонд төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн байх ба Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны дэс түшмэлийн удирдах албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” 58 дугаартай тогтоолыг үндэслэн Мал эмнэлгийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар А.Аын албан тушаалын үндсэн цалинг ТЗ-7 буюу 1,320,000 төгрөгөөр тогтоон цалинжуулж томилсон байна.
2.1. Үүний дараа Төрийн албаны зөвлөлд албаны даргын ангилал, зэрэглэлтэй холбоотой асуудлаар гомдол гаргасан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн салбар зөвлөлд 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 03/1656 дугаар албан бичгээр “... Танай аймаг Мал эмнэлгийн газрын бүтэц орон тоог батлахдаа албаны даргын албан тушаалыг дэс түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэлд хамааруулж тогтоожээ. Иймд төрийн захиргааны удирдах албан тушаалын дэс түшмэлийн албан тушаалын тодорхойлолт, нэр дэвшүүлсэн албан тушаалын ангилал, зэрэглэлд хамааруулах нь зүйтэй ...” гэсэн чиглэл өгсний дагуу А.А нь цалингийн шатлалаа нэмүүлэхээр Мал эмнэлгийн газрын дарга Ч.О хандахад татгалзсан хариу өгсөн байна.
2.2. Нэхэмжлэгчээс “... Манай аймгаас бусад бүх аймгийн Мал эмнэлгийн газар цалин хөлсөө шинэчлэн тогтоохдоо Засгийн газрын тогтоолд нийцүүлэн Төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлсийг тухай бүр шинэчлэн, Захиргаа, санхүүгийн албаны дарга албан тушаалын ангиллыг ТЗ-6 шатлалаар шинэчлэн тогтоосон. Гэтэл манай аймаг Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын цалингийн шатлалыг хуучнаар нь буюу ТЗ-7-оор тогтоож, санаатайгаар эрх зүйн байдлыг дордуулсан ...” гэж маргажээ.
2.3. Анхан шатны шүүх “... Засгийн газрын 2022 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 487 дугаар тогтоолоор Засгийн газрын 275 дугаар тогтоолыг хүчингүй болгож, албан тушаалын жагсаалтын “Нутгийн захиргааны байгууллагын албан тушаал”-ын “Удирдах” хэсгийн “Дэс түшмэл” ТЗ-6 ангилал зэрэглэлийн 5-д “Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний нутгийн захиргааны байгууллагын хэлтсийн дарга” гэж заасан байна. Мал эмнэлгийн газрын бүтцийг хоёр албатай байхаар баталсан нь Засгийн газраас шинэчлэн батлагдсан төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтад байхгүй “алба” гэсэн нэгжтэй байхаар баталсан шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байна. Иймд Засгийг газрын 2022 оны 487 дугаар тогтоолд нийцүүлэн цалинжуулж ажил гэсэн утгатай зөвлөмжийг ирүүлсэн нь Мал эмнэлгийн газрын Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалыг Дэс түшмэлийн ТЗ-6 ангилал, зэрэглэлд хамааруулах нь зүйтэй гэсэн утгыг илэрхийлж байна ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
2.4. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан “Төсвийг шууд захирагчид байгууллагын бүтэц, орон тоог тогтоох хууль, эрх зүйн үндэслэл, эрх мэдэл байхгүй, салбарын сайдын шийдвэрийг үндэслэдэг. Иймд Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалын ангилал, зэрэглэлийг хэвээр үргэлжлүүлэн мөрдсөн. Бүтэц, орон тоог шинэчилсэн сайдын шийдвэр гараагүй байхад зарим аймгийн Мал эмнэлгийн газрын дарга шиг Захиргаа, санхүүгийн албаны даргын албан тушаалыг хэлтсийн даргын буюу ТЗ-6 зэрэглэлд хамруулан авч үзэх нь маш өндөр эрсдэлийг дагуулах хууль, эрх зүйд нийцээгүй шийдвэр байх ба бусад төрийн захиргааны албан хаагчдаас гомдол мэдүүлж шалгагдсан тохиолдолд акт тавигдах хэмжээний зөрчил юм ...” гэсэн тайлбар үндэслэлтэй.
2.5. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д “Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн байгууллага, мал эмнэлгийн тасгийн бүтцийг Засгийн газраас тогтоосон орон тооны хязгаарт багтаан мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, энэ хуулийн 28.3-т заасан байгууллагын бүтцийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална” гэж заасны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/17 дугаар тушаалын 11 дүгээр хавсралтаар Мал эмнэлгийн газрын бүтцийн нэгжийг “Алба”, нэгжийн даргын албан тушаалыг “Албаны дарга” гэж баталсан байх бөгөөд Мал эмнэлгийн газраас тусгай шалгалтын захиалга өгөхдөө албан тушаалыг Захиргаа, санхүүгийн албаны дарга, ангилал, зэрэглэлийг ТЗ-7, батлагдсан албан тушаалын тодорхойлолт нь албаны дарга гэж өгсөн байгаа энэ тохиолдолд А.Аын албан тушаалын үндсэн цалинг ТЗ-7 буюу 1,320,000 төгрөгөөр тогтоон цалинжуулж томилсон Мал эмнэлгийн газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалыг хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
2.6. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/97 дугаар тушаалын 11, 12 дугаар хавсралтаар Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсны дагуу Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/25 дугаар тушаалаар байгууллагын бүтцийн нэгжийг “Хэлтэс”, холбогдох албан тушаалыг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга, Мал, амьтны хэлтсийн дарга буюу албан тушаалын ангилал, зэрэглэлийг ТЗ-6-аар тогтоон баталгаажуулж, нэхэмжлэгч А.Аын албан тушаалын үндсэн цалинг ТЗ-6 буюу 1,693,000 төгрөгөөр тогтоосон байхад анхан шатны шүүх үйл баримтыг зөв үнэлэлгүйгээр цалингийн шатлалыг буруу тогтоож байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, урамшуулал, нэмэгдэл, ээлжийн амралтын цалин зэргийн зөрүүг нэмж олгохыг Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ч.О даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.
2.7. Энэ талаарх хариуцагчийн “... Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1 дэх заалтыг зөвшөөрөхгүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн "Бүтэц орон тоо батлах тухай" А/17 дугаар тушаал 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн. Уг тушаалд бүтцийг "Алба", албан тушаалыг "Албаны дарга" гэж баталсан. Мөн албан тушаалын тодорхойлолт нь Албаны дарга, Т3-7 гэсэн ангилал, зэрэглэлтэй. Мал эмнэлгийн газрын дарга буюу төсвийн шууд захирагч бүтэц, орон тоо, албан тушаалыг тогтоох эрхгүй байдаг. Улмаар төсвийн шууд захирагч "Алба, албаны дарга Т3-6" эсвэл "Хэлтэс, Хэлтсийн дарга Т3-6" гэсэн шийдвэр гаргах эрхгүй. Төсвийн ерөнхийлөн захирагч, төвлөрүүлэн захирагч, шууд захирагч гэсэн дээрээсээ доошоо чиглэсэн процессоор шийдвэр гаргаж байж Хөдөлмөрийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1 дэх заалтын хэрэгжилтийг хангана. Уг хуулийн хэрэгжилт нь Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын сайдын "МЭГ-ын бүтэц орон тоог батлах тухай" 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/97 дугаартай тушаал гарснаар бүрэн хангагдсан ба тус хугацаанаас эхлэн мөрдөнө ...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй.
2.8. Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 0004 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Аын Говьсүмбэр аймгийн Мал эмнэлгийн газрын даргад холбогдуулан гаргасан “Цалингийн шатлалыг илтэд буруу тогтоож байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, цалин хөлс, урамшуулал, нэмэгдэл, ээлжийн амралтын цалин зэргийн зөрүүг олгохыг Мал эмнэлгийн газрын дарга Ч.О даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ