Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 847

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.П, С.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2018/00429 дүгээр шийдвэртэй, Д.П, С.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б, Я.О нарт холбогдох,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 баг, Дархан уул 4 гудамж, 26/3 тоот 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.П,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баасанжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П, С.Б нар нь 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох, Завхан аймаг, Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, Дархан уул 4 гудамж, 26/3 тоот хаягт байрлах 216 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах агуулга бүхий нэхэмжлэл гаргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж дараах байдлаар тодотгож байна. Үүнд Нэхэмжлэлийн шаардлага:

1. Завхан аймгийн Тосонцэнгэл суманд байрлах 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч нар өөрсдийн хөрөнгөөр барьж босгосон бөгөөд хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох,

2. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хариуцагч П.Б, Я.О нараас гаргуулж нэхэмжлэгч Д.П, С.Б нарт олгуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бэлэглэлийг хүчингүйд тооцож, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр олгосон 000238435 дугаартай гэрчилгээ бүхий дээрх 216 кв.м талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч бидэнд шилжүүлэх гэж тодорхойлж, нэхэмжлэлээ гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхүүд хуульд зааснаар бэлэглэл явагдаагүй байна гэж үзээд уг маргаан бүхий хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч П.Б, Я.О нар байна гэж дүгнэж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн, шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Бодит байдал дээр, нэхэмжлэгч нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн хүч хөрөнгөөр барьж бий болгосон бөгөөд анх бий болсон цагаас хариуцан ажиллуулж, тодорхой хэмжээний ажлын байр бий болгож, иргэдэд үзүүлэх үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж, холбогдох байгууллагад зохих татварыг нь төлж байсан. Энэ нь уг үл хөдлөх эд хөрөнгийг барьж бий болгоход хариуцагч нарын хөрөнгө, мөнгөний оролцоо байгаагүйг давхар нотлож байна. Хариуцагч нарт тухайн үед банкны баталгаа гаргахад үл хөдлөх эд хөрөнгөтэй байх хэрэгцээ шаардлага гарсан учраас эзэмших эрхийн гэрчилгээ нь гараагүй байсан. Нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулсан байдаг. Хариуцагч нар уг маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бий болгоход нэмэр оруулаагүй атлаа нэхэмжлэгч нарын итгэлийг эвдэн, бидний хөдөлмөрөөр бий болгосон үл хөдлөх эд хөрөнгийг авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэснийг бид эс зөвшөөрч уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч болохоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа дээр дурьдсанаар өөрчилсөн болно.

Хариуцагчид Их-Уул суманд модны рамыг 5 000 000 төгрөгөөр авч өгсөн, байшин барихад нь мөнгөөр тусалсан ба эдгээр хөрөнгөө үрэн таран хийж, зарж үрчихээд орон гэргүй Тосонцэнгэлд шилжиж ирэхэд нь 10 000 000 төгрөгөөр орон байр авч өгсөн ба энэ нөхцөл байдал дээр тулбал хариуцагч нар эдгээр мөнгийг буцааж өгөх ёстой. Одоохондоо өөрсдөө амьдралынхаа эх үүсвэр болсон эд хөрөнгөө зөвхөн ганц хүү хариуцагч Д.Батбаатар, түүний өргөмөл охинд шилжүүлэн өгөх бодолгүй байна. Энэ хөрөнгийг хуваан өгөх дээрээ тулбал бидний өвийг залгамжлах эрхтэй хариуцагчаас гадна том хүү П.Батбаяр, бага хүү П.Батзориг, 2 ач хүү, 2 ач охин байгаа.

Нэхэмжлэлийг хангах үндэслэлийн талаар Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж, хариуцагчийн эзэмшил дуусгавар болох тухай мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт “Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно” гэж тус тус тодорхой заасан байгаа.

Хариуцагч нар хэрэв шударга эзэмшигч бол өмчийг хууль ёсны өмчлөгчид нь буцаан өгөх талаар мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй” гэж, хэрэв шударга бус эзэмшигч бол мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт “Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Шүүхээр уг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ” хэмээн тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” гэж заасан байна. Үүнээс үзвэл дээрх үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Д.П, С.Б нар нь өөрсдийн хөрөнгөөр барьж босгосон бөгөөд хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох үйл явдлыг тогтоох журмыг хуульд заагаагүй байна.

Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх Иргэний хэрэгт шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт зааснаар Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор заасан бөгөөд мөн хуулийн 135 дуаар зүйлийн 135.1 дэх хэсэгт Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж тодорхойлсон нь энэхүү нэхэмжлэлийг шүүх Иргэний хэрэгт шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх хууль үндэслэл болно” гэж заасан.

Нэхэмжлэгч нар нь шаардлагаа өөрчилж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгох, хууль бус эзэмшлээс гаргуулахаар тодруулсан байгаа. Нэхэмжлэгч нар уг хөрөнгийг бэлэглэлээр шилжүүлсэн, улмаар бэлэглэлийн зорилго хангахгүй гээд буцаахаар нэхэмжлэл гаргасан боловч үндэслэл шаардлага тодорхойгүй гэсэн тул тодруулсан. Нэхэмжлэгч нарын бий болгосон хөрөнгөд хариуцагч нар ямар ч хөрөнгө оруулаагүй. Нэхэмжлэгч нарын зөвшөөрлийг үндэслээд хариуцагч нарын өмчлөлд бүртгэсэн байдаг. Өмчлөлийг хуульд заасан үндэслэлээр олж авах хуулийн зохицуулалттай. Гэтэл бусдын өмчийг өөрийн өмчлөлд бүртгүүлсэнээр өмчлөгч болохгүй. Ингэснээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Нэхэмжлэгч нар нь хариуцагч нарыг гэр бүл болсоноос нь хойш дэмжиж тусалсан байдаг. Улмаар хөрөнгөтэй болгох зорилгоор бизнесийн үйл ажиллагаа явуулах боломж олгож, үүний үр дүнд Их-Уул суманд хариуцагч нар өөрийн байшинтай болсон. 2010 онд сумаас Тосонцэнгэл руу нүүж, Их-Уул суманд байсан хөрөө рам, байшингаа худалдаад 10 000 000 төгрөгтэй ирсэн байдаг. Хариуцагч Я.О нь 10 000 000 төгрөгөөр маргаж буй байшинг худалдаж авсан гэдэг. Гэтэл хариуцагч П.Бын тайлбараар уг 10 000 000 төгрөг нь өөр зүйлд зарцуулагдаад дууссан байдаг. Тосонцэнгэлд дахин байшин худалдаж авахад мөн л нэхэмжлэгчийн мөнгөөр авсан нь баримтаар тогтоогддог. Маргаж буй байранд хариуцагч нарын оролцоо байхгүй нь гэрчийн мэдүүлэг, банкны дансны хуулгаар тогтоогддог. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

... Хариуцагч Я.О нь одоо өөр хүнтэй суучихсан, анхнаасаа хөрөнгүүдийг шилжүүлээд байсан байдаг. Улмаар Хөвсгөл яваад маргааш нь шүүхээс салах нэхэмжлэл ирсэн гэж хариуцагч П.Быг дуудсан. Тэндээ шууд ажилд орсон, энэ нь бүх зүйлээ төлөвлөсөн гэж ойлгогдож байна. Арилжааны гэрээ биш гэдэг нь 2014 онд авсан байраа 2015 онд баригдсан байраар арилжих боломжгүй. Өөрийн барьсан байраа өгөх үүрэг нэхэмжлэгч нарт үүсээгүй. Тодорхойлолтууд, тохирлын гэрчилгээ зэргээр нэхэмжлэгч нар уг барилгыг барьсан болох нь тогтоогдоно. Анхны өмчлөгчийн бүртгэл хийгдээгүй байж байгаад хариуцагч нарт өмчлөх бүртгэл хийгдсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 

Хариуцагч Я.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Я.О, П.Б нар 2006 онд гэр бүл болж 2015 оныг хүртэл хамтран амьдарсан бөгөөд, хамтын амьдралын эхний он жилүүдэд Завхан аймгийн Их-Уул суманд ажиллаж амьдарч байгаад, 2010 онд Тосонцэнгэл суманд шилжиж, тус сумын 1 дүгээр багт 10 000 000 төгрөгөөр амьдрах орон байраа худалдан авсан ба орон сууцны 2 000 000 төгрөгийг өөрсдөөс гаргаж, 8 000 000 төгрөгийг Д.П, С.Б нараас зээлж аваад, Их-Уул суманд амьдарч байхдаа өөрсдийн мөнгөөр бий болгосон хашаа, газар, байшин, хөрөө рам зэрэг эд хөрөнгүүдээ худалдаж, 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нарт төлсөн. 2012 онд худалдан авсан орон сууцыг худалдааны төв барих зориулалтаар өөр байшингаар буюу 4 айлын орон сууцны 2-ыг нийлүүлсэн байшингаар солиод, 2013 оноос эхлэн П.Бын төрсөн ах П.Батбаярынхтай хамтарч бүх зардлыг эдгээр 2 гэр бүл ижил тэнцүү гаргаж, Мандах нэртэй 2 давхар худалдааны төвийг барьж босгосон.

Үүний дараа нэхэмжлэгч нар бид хөгширч байна, залуу хүмүүс та 2 буудал, гуанзыг ав, П.Батбаярынхтай хамт манайх шинээр барьсан худалдааны төвийг авъя гэж маргаж буй 216 м.кв талбайтай буудал, гуанзны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг солих замаар өмчлөх эрхийг шилжүүлсэн юм. Энэ 2 үл хөдлөх эд хөрөнгүүдийг сольсон үйл баримт хариуцагч П.Б, Я.О нарын тайлбар, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ярилцлагын тэмдэглэл, нэхэмжлэгч Д.П 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гэрчээр өгсөн “Мандах гуанзны хажууд 2013 онд шинээр Мандах худалдааны төвийг том хүү П.Батбаяр, П.Б нарын гэр бүл хөрөнгө оруулж шинээр барьсан” гэсэн мэдүүлгээр нотлогддог. Хариуцагч нар маргааны зүйл болох гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахдаа хууль зөрчөөгүй өөрсдийн хөрөнгө оруулж бий болгосон үл хөдлөх эд хөрөнгөөр сольж авсан тул нэхэмжлэгч нарын анхнаасаа бидний эд хөрөнгө байсан гэсэн шаардлага, тайлбар үндэслэлгүйн гадна нэхэмжлэгч нар шудрага эзэмшигч биш юм. Өөрсдийн гэх хуучин үл хөдлөх хөрөнгөө бусдын /хүү нарынхаа гэр бүлийн/ хөрөнгө оруулж бий болгосон өөр үл хөдлөх эд хөрөнгөөр солиод шинээр бий болсон хөрөнгийг эзэмшиж өмчилсөн бодит үнэнийг нэхэмжлэгч нар үгүйсгэж чадахгүй. Өөрөөр хэлбэл илүү том, шинээр барьсан эд хөрөнгийг өөрсдийн эзэмшил, өмчлөлдөө шилжүүлэн авчихаад одоо ийм зүйл шаардаж ярих нь үндэслэлгүй.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэжээ. Нэхэмжлэгч нар буудал, гуанзны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч П.Б нарын нэр дээр гаргаж өгөх хүсэлтийг өөрсдөө эрх бүхий байгууллагад гаргаснаар өмчлөх эрх бий болж улсын бүртгэлд бүртгэгдсэн ба улсын бүртгэл буруу болсон гэж эсэргүүцээгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болон дээрх үйл баримтаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, Дархан-Уул 4 дүгээр гудамж, 26/3 тоот хаягт байрлалтай 216 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоох, хариуцагч нар уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэгч нарын шаардлага бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.

Нэхэмжлэгч нар маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тоггоолгох шаардлагаа материаллаг эрх зүйн маргаан биш гээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.14-т зааснаар тогтоож өгөхийг шаардсан нь мөн үндэслэлгүй юм. Учир нь онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоодог тул энэ хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүй. Нэхэмжлэгч нар хариуцагчаар 2 этгээдийг татсан атлаа онцгой ажиллагааны журмаар үйл явдлыг тогтоолгох гээд байгаа нь ойлгомжгүй.

Хариуцагч П.Б шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Я.О бид хоёр 2006 оны 9 дүгээр сард хуримаа хийж, 12 дугаар сард гэрлэлтээ батлуулж хамт амьдарч ирсэн. Энэ үед бидэнд орох орон байхгүй байсан учир сумын сургуулийн сурагчдын дотуур байранд өрөө хөлсөлж, 2007 оны сүүлчээр өөрсдийн барьсан байшингаа ашиглалтанд орох хүртэл амьдарсан. 2007 онд өөрсдөө байшин барихаар шийдэж, Я.Оын өмчинд ирсэн 8 ишигтэй эм ямаа, 7 хургатай эм хонийг нядалж 700 000 төгрөг болсон, аав Д.Пэс 2 000 000 төгрөг авч, үлдсэн 2 000 000 төгрөгийг Хаан банкнаас зээл авч Их уул суманд өвлийн сууц барьсан. 2006-2010 онд удаа дараа банкнаас зээл авч эмчилгээнд явах, БНХАУ-ын Эрээн гарч наймаа хийх зэрэгт ашиг олохгүй үрж, гэрийн тавилга зэрэгт 2 000 000 төгрөгийн зээл авч байсан. 2008 онд Отгонлхамын ах Дэмбэрэлсамбуугаас “sportage” маркын машин 3 500 000 төгрөгт тооцож, зээлээр авч машин, хувийн сууцтай болсон ч зээлтэйгээр амьдарч байсан. 2008 онд аав Д.Пэс 4 500 000 төгрөг зээлж хүнтэй хамтран хөрөө рам худалдан авч ажиллуулж эхэлсэн. 2010 онд Я.О Тосонцэнгэл сумын Төрийн банкинд эрхлэгчээр ажиллах болж хөрөө рамаа 4 000 000 төгрөгөөр, байшингаа 6 000 000 төгрөгөөр, машинаа 2 500 000 төгрөгөөр тус тус зарж, 12 500 000 төгрөгөөс 3 500 0000 төгрөг Я.Оын ах н.Дэмбэрэлсамбууд машины өрөнд, банкны зээлд 5 000 000 төгрөг төлж, 4 000 000 төгрөгтэй Тосонцэнгэл суманд ирсэн. Ингээд бид н.Должинжав гэдэг хүнээс аав 10 000 000 төгрөгөөр худалдаж авсан хашаа байшинд нь амьдарч, 4 000 000 төгрөгөөсөө засвар хийж хашаанд нь гараж барьсан.

Энэ бүхнийг Я.О шүүхэд элдэв байдлаар мушгин байшингийн үнийг нь төлчихсөн юм шиг худлаа тайлбар өгсөн байдаг. Мөн бид 2 Хас банкнаас зээл авч 22-12 дугаартай суудлын тэрэг худалдан авч аавын байшинд зээлээр авсан машинтай бас л зээлтэй амьдарсан. 2012 онд аав байшингаа н.Амарбаяр гэдэг хүнтэй солилцохоор тохирч бид аавийн хажууд ирж амьдарсан. Бид хүүхэдтэй болохгүй байсан учир тэр жилээ аавын бага дүү н.Төгсжаргалаар батлан даалгаж н.Маралгоо гэж охиноо өргөж авсан. Ингээд аав хажуу айлынхаа байшинг худалдан авч хашааныхаа газрыг томсгосон учир хашаан дахь дэлгүүрээ нурааж 2 давхар худалдааны төвийг миний ах н.Батбаяртай хамтарч барьж, 2013 онд ашиглалтанд орсон. Үүнд бид нэр дээрээ 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Хас банкнаас 20 000 000 төгрөгийн зээл авч 16 000 000 төгрөгийг нь ээж аавыг уг худалдааны төв барихад зориулж өгсөн ба 2 000 000 төгрөгийг дүү н.Батзоригт өгсөн. Энэ 18 000 000 орчим төгрөгийн оронд аавын гуанзыг ажиллуулж ашгийг бид авч байсан. Энэ нь Хас банкны миний нэр дээрх 1400004777 тоот дансны хуулгаас харагдана. Гуанзны ашиг охины хүүхдийн мөнгө зэргийг нийлүүлж ах н.Батбаяраас 7 000 000 төгрөгөөр “challenger” маркийн машин авсан. Энэ үеэс Отгонлхамын алсын бодол илэрсэн болов уу. Гуанзны үл хөдлөхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулчихъя, гуанз ашигтай юм байна, зээл авч чамайг эмчлүүлье гэх зэргээр ятгаж, миний эмзэг сэдвээр байнга оролдож байсныг одоо л ойлгож байгаа. 2014 оны 12 дугаар сарын 22-нд үл хөдлөхийн гэрчилгээг би аймгийн улсын бүртгэлийн хэлтэс рүү ярьж гаргуулсан. 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр амьдарч байгаа байшингийн үл хөдлөхийг гаргуулж, 6 сард нь Я.О машинаа өөрийн нэр дээр болгож, 9 сард салах өргөдлөө шүүхэд өгсөн. Энэ бүхэн үнэхээр бодлоготой анхнаасаа бүх зүйлийг тооцоолж хийсэн байгаа. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд очоод шууд Төрийн банкинд ажилд орсон байдаг. Явахдаа мэдэгдэхгүй нэг өглөө охиныг маань аваад явсан байсан, явсанаас нь хойш 2 хоногийн дараа Сум дундын шүүх намайг дуудсан. Энэ бүхнийг зөвөөр шийдэж өгөхийг хүсч байна. Би шүүхийн дуудсанаар очоод өргөмөл ч гэсэн охиноо бодоод салахгүй, бүх бурууг өөртөө үүрээд ятгаад үзье гэж шийдээд алдаа байвал засаад сайхан амьдръя гэж гуйсан ч зөвшөөрөөгүй, харин охиныг чамд өгвөл чи юу өгөхийн зэрэг барьцаалсан зүйл ярьж байсан. Үүнийг ярьж байхад шүүгч Отгонхишиг сонсож байсан. Энэ нь ямар ч аргаар хамаагүй мөнгө салгаж авах гэсэн санаа нь харагдаж байна. Одоо манай найз болох Маналжавтай амьдарч байгаа бөгөөд хүүхэд нь гарсан ой гарантай болсон байгаа. Үүнээс дүгнэхэд 20 000 000 төгрөгийн зээлийг жил гаруй хугацаанд 7 000 000 болтол зөвхөн гуанзны орлогоор төлж байсан. 13 000 000 төгрөг, хүү зэргийг аав ээжээс авсан. Дээр нь байшингийн 10 000 000 төгрөг, хөрөө рамны 4 500 000 төгрөг гээд өглөгөө тооцвол 27 500 000 төгрөг байгаа. Аав ээжид өгсөн 16 000 000 төгрөг, дүүд өгсөн 2 000 000 төгрөг зэргийг гуанзыг худалдаж авсан мэтээр тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй, нэхэмжлэл 100 хувь үнэний хувьтай бөгөөд насныхаа хөдөлмөрийг хамгаалж нэхэмжилж байгаа нь шударга зүйл. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Б, Я.О нарт холбогдох Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, Дархан уул 4 гудамж, 26/3 тоотод хаягт байрлах 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.П, С.Б нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Д.П, С.Б нар нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээний зориулалтаар гуанз, цайны газар ажиллуулж, орлого болон банкны зээлээр өргөжүүлсэн 216 м.кв талбайтай, 2 давхар, дээд давхартаа зочид буудал, доод давхартаа цайны газрын зориулалттай үйлчилгээний төвөө улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан үйл явц хэрэгт нотлох баримтаар нотлогддог. Хүү П.Б нь өвчнөөс улбаатай хүүхэдтэй болдоггүй тул эцэг эх нь хариуцагч нарыг эмчилгээ хийлгэх гэсэн юм, барьцааны хөрөнгө шаардлагатай гэхээр нь уг үл хөдлөх эд хөрөнгийн анхны бүртгэлийг хүү П.Бын нэр дээр гаргуулах зорилгоор Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл бичиж өгсний үндсэн дээр өмчлөгчөөр П.Б, Я.О нар бүртгүүлсэн нь маргаан гарах шалтгаан болсон. Шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийн агуулгыг ойлголгүй Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-д заасан “Иргэний эрх зүйн хамгаалалт”-ын зохицуулалт, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Маргааны зүйл болох барилга байгууламжийг баригдсан газар нь Д.Пүрэвсэнгийн өмчлөлд, барилга барихад гарсан зардал нь мөн нэхэмжлэгч нараас гарсан нь хэргийн баримтаар нотлогддог ба хариуцагч нар үүнтэй маргадаггүй. Гагцхүү улсын бүртгэлд анхны өмчлөгчөөр П.Б, Я.О нар бүртгүүлсэнээс болж нэхэмжлэл гарах үндэслэл болсныг шүүх анхааралгүй өмчлөгч нь хариуцагч нар, нэхэмжлэгч нар хууль ёсны өмчлөгч биш үзээд шийдвэр гаргажээ.

Гэтэл эд хөрөнгийн өмчлөгч хэрхэн шударгаар болдог талаарх хуулийн зохицуулалтыг анхаарсангүй. Эд хөрөнгөө дахин боловсруулах замаар, өөрийн хөрөнгөөрөө дахин шинэ эд хөрөнгийг бий болгосон нэхэмжлэгч нар энэ барилга, байгууламжийн хувьд чухам юу болж үлдэв ээ. Энэ асуултад шүүх шийдвэрээрээ хариулт өгсөнгүй. Нэхэмжлэлийн шаардлага бол өөрсдийн хүч хөрөнгөөр босгосон “Ү-000238435 дугаартай гэрчилгээ бүхий 216 кв.м талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрсдөд авах тухай юм. Гэвч шүүх 2015 онд ашиглалтанд орох худалдааны төвийн зориулалттай үл хөдлөхөөр аль эрт буюу 2007 онд ашиглалтанд орчихсон, үр өгөөжөө өгөөд хэвийн ажиллаж байсан үйлчилгээний төвөө солиод нэг жилийн өмнө буюу 2014 онд өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлага хангагдаагүй гэж үзнэ.

Зохигчийн хооронд үүссэн харилцааг гэж анхан шатны шүүх дүгнэхдээ “Арилжааны гэрээ” хийсэн гэж үзэхээр дүгнэсэн байх ба хэрэв хуульд заасан арилжааны гэрээ мөн бол ирээдүйд бий болох хөрөнгийг бий болчихсон хөрөнгөөр арилжих нь хуульд нийцэх эсэх, хариуцагч нарын хувьд Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх нөхцөл байдал үүсэхийг анхаарч түүний үр дагаврыг шийдвэрлээгүй орхигдуулсан. Маргааны зүйл болох барилга, байгууламжийг барьж бий болгоход хариуцагч нар ямар ч хөрөнгө оруулаагүй ба тэдний ямар ч оролцоогүй баригдаж, ашиглалтанд орсноос нь хойш өдий олон жил нэхэмжлэгч нар ашиглаж байсан хууль ёсны эд хөрөнгийг нь ямар ч хэлцэлгүй, иргэний эрх зүйн харилцаагүйгээр өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан үйл ажиллагааг эрх зүйн дүгнэлт хийлгүй тэдний өмч гэж үзсэн нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй юм.

Хэргийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.П, С.Б нар өөрсдийн хүч хөрөнгөөр бий болгосон үл хөдлөх эд хөрөнгөө хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлээгүй байсандаа буруутай байдал өнгөц байдлаар харагдаж байгаа. Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт “эд хөрөнгө шилжуүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэснээр эд хөрөнгө гэж юуг хэлэх талаар зохицуулсан зохицуулалтыг харвал Иргэний хуулийн 84 дүгээр зуйлийн 84.1 дэх хэсэгт “аливаа этгээдийн эзэмшилд байгаа эд юмсыг эд хөрөнгө гэнэ”, 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт “эд хөрөнгө нь үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна” гэжээ. Эдгээр зохицуулалт болон зохигчийн хооронд үүссэн маргаанаас үзвэл нэхэмжлэгч нар  эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулж аваагүй байсан ч уг эд хөрөнгийн өмчлөгч мөн гэдэгтэй хэн ч маргадаггүй, мөн хариу төлбөр шаардахгүйгээр уг эд хөрөнгөө хариуцагч нарын өмчлөлд бүрэн шилжүүлсэнд  маргадаггүй. Харин хариүцагчийн төлөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт заасны дагуу бэлэглэл гэж үзэхгүй талаар маргадаг юм.

Гэтэл хариуцагчийн төлөөлөгчийн дээрх хуулийн үндэслэл бол Д.П, С.Б нар нь маргааны зүйл болсон эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрсдийн нэр дээр улсын бүртгэлээр баталгаажуулсан, хариуцагч нарт өмчлөх эрхээ шилжүүлсэн тохиолдолд үүсэх үр дагавар бөгөөд маргааны зүйлийн тухайд үйлчлэх зохицуулалт биш гэж өмгөөлөгчийн хувьд үздэг юм. Өөрөөр хэлбэл маргааны зүйл болсон барилга нь хуулийн дээрх тодорхойлолтоор эд хөрөнгө мөн бөгөөд амьдрал баян учир хууль тогтоогчид яг ийм нөхцөл байдалд тохируулж бэлэглэлийн гэрээний зохицуулалтандаа Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.2 дахь хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж тусгайлан зохицуулсан нь хэнд ч ойлгомжтой. Хэрвээ үл хөдлөх эд хөрөнгө бол Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэг үилчилнэ, хөдлөх хөрөнгө бол 276.2 үйлчилнэ гэж ялгамжтайгаар заагласан бол үүнтэй хэн ч маргахгүи юм. Гэтэл хууль тоггоогч эд хөрөнгө гэж ерөнхий байдлаар заагаад түүнийг шилжүүлсэн л бол бэлэглэлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэснийг шүүх анхааралгүй шийдвэрлэсэн. Эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлж байгаа эрх зүйн харилцаа нь бэлэглэлийн гэрээ гэж ямар ч хуульч ойлгодог. Маргааны зүйл болох эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч нар байна гэж дүгнэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл мөн.

Хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарлаад байгаа нэг эд хөрөнгийг нөгөө эд хөрөнгөөр солих арилжааны гэрээ гэж үзэх боломжтой эсэх. Хэрэв зохигчийн хооронд ямар ч хэлцэлгүйгээр нэхэмжлэгч нарын хөлс хүчээр бий болсон эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан явдалд эрх зүйн дүгнэлт хийвэл хариуцагч нар нь  үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээс өөр аргагүй болно. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нар эд хөрөнгөө Иргэний хуулиии 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.П, С.Б нар хариуцагч П.Б, Я.О нарт холбогдуулан Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг, Дархан уул 4 дүгээр гудамж, 26/3 тоот хаягт байрлах 216 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүнийхээ үндэслэлийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар өмчилж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарласныг, хариуцагч П.Б хүлээн зөвшөөрч, хариуцагч Я.О эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх талуудын маргаж буй “Мандах” нэртэй зочид буудал, цайны газрыг нэхэмжлэгч нар захиалан бариулж, эзэмшиж байсныг хариуцагч нар үгүйсгээгүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад тэдний хамтран гаргасан бичгийн хүсэлтэд үндэслэн хариуцагч П.Бын өмчлөлд бүртгэгдсэн, улмаар өөрийн өмчлөлд зохих журмын дагуу шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмч болохыг зөвшөөрч хамтран өмчлөгчөөр эхнэр Л.Отгонлхамыг бүртгүүлсэн үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх бөгөөд мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцох талаар зохицуулсан байна.

 

Анхан шатны шүүх хуульд заасан дээрх агуулгаар хариуцагч П.Б, Я.Отголхам нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой өмчлөх эрх үүссэн, энэхүү эрхийг бүртгэсэн улсын бүртгэлийн талаар маргаагүй нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нарыг бусдын хөрөнгийг хууль бус аргаар өмчлөлдөө шилжүүлэн авсан, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин зохигчдын хооронд аливаа хэлцлийн талаар маргаан үүсээгүй байхад шүүх хэлцлээр илэрхийлэгдэх хүсэл зориг, түүний хүчин төгөлдөр байдал, үгийн шууд утга зэргийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар тайлбарласан нь хэргийн үйл баримтад нийцэхгүй, хууль хэрэглээний хувьд оновчтой бус болжээ. Тодруулбал, энэхүү тайлбар шаардлагагүй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад анхан шатны шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрхийг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан байхад шийдвэрт тусгаагүй, үг үсгийн алдаа гаргасан талаар тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах бөгөөд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрх зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан байдлыг тухайн өмгөөлөгч татгалзал гэж ташаа ойлгосон талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдааны явцад залруулсан болохыг дурдах нь зүйтэй. Харин шийдвэрт үг үсгийн алдаа байгаа боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/00429 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.БАЙГАЛМАА

 

                                                                                    Т.ТУЯА