| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00270/И |
| Дугаар | 00352 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 00352
| 2019 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2019/00352 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Манхан сумын 2-р баг, Зэрэг гол багт оршин суух, ..... дугаарын регистртэй, Н овогт Н-ын Ц хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Н.Ц
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Ц нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1968 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн. Намайг төрөх үед аав, ээж 2 маань гэрлэлтээ батлууж, гэр бүл болоогүй байсан учир ээж Түвдэнгийн Нарандуламаар овоглосон. Бага насаа аав Баатарын Цэвээн, ээж Т.Нарандуламын гар дээр өнгөрөөсөн. Миний аав Б.Цэвээн, Т.Нарандулам нар нь Ховд аймгийн Зэрэг сумын “Хөдөлмөр” нэгдлийн Гүвээ бриагдад бог мал малладаг байсан. H.Ц миний бие нь 1976 оны 9 дүгээр сард Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж суралцаж байгаад айлын том хүүхэд байсан учир нэгдлийн олон мал малладаг аав, ээждээ тус дэм болохоор 1981 онд 5 дугаар ангиасаа сургуулиас гарсан. Сургуулиас гараад аав ээжийн хамт мал маллаж байгаад 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс Монголын Залуучуудын Эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Зэрэг сумын "Хөдөлмөр” нэгдлийн Гүвээ бригадад аав Б.Цэвээний бог малын суурьт туслах малчнаар ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Миний бие нь 1991 оны 9 дүгээр сарын 10-нд Ховд аймгийн Манхан сумын иргэн С.Гантөмөртэй гэр бүл болж, Ховд аймгийн Манхан сумын "Баясгалант амьдрал” нэгдлийн Зэрэг гол багт шилжин мал маллаж, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Улсаас 1990 оноос 2000 оныг дуусталх хугацааны ниймгийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож өгсөн. Иймд намайг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Н.Ц нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Н.Ц нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 564 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Н.Цийн Ховд аймгийн Зэрэг сумын 1 дүгээр бригадын 1983 оноос 1989 он хүртэлх Зэрэг сумын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс /хх-ийн 5-11 хуудас/
Хүсэлт гаргагч Н.Цийн 01318820 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 00272 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 126/001895 дугаартай “Төрсний бүртгэлийн лавлагаа”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 126/001894 дугаартай “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 85 дугаартай лавлагаа,
-Гэрч Н.Тэрбишийн “...Би 1964 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. Н.Ц нь 1981 оноос 1991 оныг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар ажиллаж байсан. 1990 онд С.Гантөмөр гэдэг хүнтэй гэр бүл болсон. 1991 оноос хойш Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригад буюу 3 дугаар бригадад өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна...” гэх гэрчийн мэдүүлэг,
-Гэрч Д.Баатаржавын “...Би 1975 оноос 1992 оныг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малын бага эмчээр ажиллаж байсан. Н.Ц нь 1976 онд 1 дүгээр ангид элсэн ороод 1981 онд сургуулиас гарсан. Сургуулиас гараад Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад малчнаар ажиллаж байсан. Насаараа мал малласан хүн байгаа юм. 1990 онд Н.Гантөмөр гэдэг хүнтэй гэр бүл болсон...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Цийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Номч овогт Нарандуламын Цийг Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1983 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Н.Цд улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ