| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00290/И |
| Дугаар | 00353 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 00353
| 2019 оны 07 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2019/00353 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын 3-р баг, Хагд оршин суух, .... дугаарын регистртэй, Х овогт Ц-ийн Жы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Ж нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1980 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж МХЗЭ-ийн илгээлтээр ХАА-д гарч аав Б.Цэвэг, ээж Д.Мядаг, ах Ц.Даржаа, Ц.Нямдаваа нарын хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Оч" нэгдлийн 2 дугаар дугаар бригадад мал малаж байгаад 1982 оны 6 дугаар сард ардын цэргийн албанд татагдан цэргийн алба хаагаад 1985 оны 6 дугаар сард цэргийн албанаас халагдаж ирсэн. Миний бие багадаа өвдөж айлгасан ба аав ээж лам багшаас асуухад “нэр нь хүндэдсэн байна. Нэрийг нь соль гэсэн тул миний нэрийг Самбуу гэж өөрчлөн Самбуу нэрээр нэршсэн. Намайг таньдаг мэддэг хүмүүс Самбуу гэж нэрэлдэг бөгөөд Ж гэвэл намайг хүмүүс таньдаггүй юм. 1985 оны 6 дугаар сараас аав Б.Цэвэг, ээж Д.Мядаг, дүү Ц.Нямжаргал /Баасгай/, Ц.Цоожмаа нарын хамт нэгдлийн мал маллаж байгаад 1988 онд нутгийн бүсгүй Баастын Цэцээтэй гэр бүл болж мал маллан амьдарч байгаад өмч хувьчлал явагдаж нэгдэл тарахад хувьчлалаар мал авч хувийн аж ахуйтан болж одоог хүртэл мал маллан амьдарч байна. Манай гэр 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шатах үед миний бүх баримт бичиг шатаж устсан тул ажиллаж байсан байдлаа нотлох баримтгүй болсон. Архиваас нэгдлийн гишүүний 70 дугаар данс шүүлгэхэд ажиллаж байсан баримт зөрүүтэй байгаа тул шүүхэд хандан ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Надад байгаа баримтуудыг үндэслэн миний малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүсэлт гаргагч Ц.Ж нь 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Оч” нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цуг ларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Ц.Ж нь 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Оч” нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Ц.Ж нь 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Оч” нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 612 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт, Алаг бригадын 1980 оноос 1982 он, 1985 оноос 1989 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа
Гал түймрийн улсын хяналтын байцаагч дэслэгч Г.Ганжаргалын “... Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн иргэн Ц.Жы 6 ханатай гэр 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр баруун гялан гэдэг газар хаваржиж байгаад гал түймэр гарсны улмаас 6 ханатай гэр бүх бичиг баримт шатсан нь үнэн болно” гэх тодорхойлолт
Хүсэлт гаргагчид 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мал аж ахуйн Борт хэсгээс олгосон талархал, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126/002087 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126/002086 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 126/002085 дугаартай төрөл садангийн тухай лавлагаа
Гэрч Ц.Сэрвэдийн......Би 1980 оноос 1981 он, 1984 оноос 1986 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд малын эмчээр тус тус ажиллаж байсан. Ц.Ж нь 1980 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Ц.Ж нь 1982 оноос 1985 оныг хүртэл цэргийн алба хаасан бөгөөд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн ажилласан. Бид нар Ц.Ж гэдэг нэрээр нь бараг дуудаж байгаагүй. Хүүхэд байхдаа их өвддөг хүүхэд байсан учраас манай аав ээж ламаас асууж нэрийг нь сольж байсан гэдэг. Уг нь Даваасамбуу гэдэг нэр өгсөн боловч багаас нь Самбуу гэж дууддаг байсан. Одоо ч гэсэн Самбуу гэж дууддаг. Одоо эхнэр хүүхдийн хамт тус сумандаа мал маллаж байна. Тухайн үеийн сум нэгдлийн дарга, тоо бүртгэгч нар малчдын цалин хөлсийг олгохдоо Самбуу гэх нэрээр нь 70 дугаар дансанд бичсэн байсан. Түүнээс биш уг нэр нь Ж юм.....гэх гэрчийн мэдүүлэг,
Гэрч С.Сонинбилэгийн.....Би 1973 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарсан. Ц.Ж нь 1980 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдлийн Борт бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Бид хамтдаа нэг нэгдэл бригадад малчнаар ажиллаж байсан. Ц.Ж нь 1982 оноос 1985 оныг хүртэл цэргийн алба хаасан бөгөөд цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ үргэлжлүүлэн ажилласан...” гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц.Жы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хорхон овогт Цэвэгийн Жы 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Мөнххайрхан сумын “Оч” нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Ц.Жы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ