Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00360

 

2019 оны 07 сарын 05 өдөр

         Дугаар 153/ШШ2019/00360

                       Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Марина, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймаг, Мөнххайрхан сум, Сэнхэр багт байрлах, ... дугаарын регистртэй, И ББН-ийн

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 5А-09 тоотод оршин суух, П... дугаарын регистртэй, С-ын Огийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух, ПЙ94043001 дугаарын регистртэй, Оорцог овогт Гал-Одын Үд холбогдох  гэмт хэргийн улмаас учирсан хохирол 12,343,532 төгрөг, олох байсан орлогод 2,053,440 төгрөг нийт 14,396,972 төгрөг гаргуулахыг хүссэн  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Цэнд-Аюуш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ББН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Ү нь И ББН-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа тус дэлгүүрийн бараа, материал, бэлэн мөнгөнөөс завшиж, 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд заасан хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдснийг 2018 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 5/20 дугаартай Прокурорын тогтоолоор тогтоосон бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Г.Үүлэнсолонгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас тус нөхөрлөлд 13,543,532 төгрөгийн хохирол учирсан байна. Энэхүү хохирлоос Г.Үүлэнсолонгийн аав Ц.Гал-Од 500,000 төгрөг, ээж Д.Янжиндулам 100,000 төгрөг барагдуулсан бөгөөд Г.Ү дэлгүүрийн орлогоос мал авахаар А.Мандалбаярт дансаар 300,000 төгрөг, бэлнээр 300,000 төгрөг шилжүүлснээ хүлээн зөвшөөрч А.Мандалбаяраас 600,000 төгрөгийг буцаан авахыг хүлээн зөвшөөрсөн тул 4 удаагийн гүйлгээгээр авсан 600,000 төгрөгөө хасахад үлдэгдэл 12,343,532 төгрөгийн хохирол барагдуулаагүй байна. Г.Үүлэнсолонгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нөхөрлөлд учирсан хохирол нь найман нэрийн хүнсний дэлгүүрийн бараа, материал бэлэн мөнгөний орлого бөгөөд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд банкнаас зээл авч, авсан зээл, түүний хүүг төлж ашиг олохын тулд худалдаа, үйлчилгээний бизнесээ эрхэлдэг. Нэгэнт 13,543,532 төгрөгийн цэвэр ашгийг тодорхойлж гаргах боломжгүй ч дээрх үнийн дүнгийн банкны зээлийн хүүг тодорхойлж, гаргуулж авах нь бизнесийн хувьд алдалгүй ажиллаж буй хэлбэр буюу олох ёстой байсан ашиг юм. Нөхөрлөлийн үүсгэн байгуулагч Р.Басангомбо 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Төрийн банкнаас бараа татан авах, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зориулалтаар нэг жилийн 26,4% -ийн хүүтэй, 36 сарын хугацаатай 30,000,000 / гучин сая төгрөг/-ийн зээл авч бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан. Г.Ү нь дэлгүүрийн хөрөнгө, мөнгөнөөс 13,543,532 төгрөг завшаагүй байсан бол үндсэн зээлээс дээрх дүн хасагдаж, хасагдсан үнийн дүнгийн хүү хэмнэж алдалгүй ажиллаж улмаар нэмэлт ашиг олох байсан. Гэвч Г.Ү 13,543,532 төгрөг завшсанаар манай нөхөрлөл бизнесийн ашигаа алдахын зэрэгцээ хохирол учирсан үнийн дүнгийн хүүг үр ашиггүй төлж Г.Үүлэнсолонгийн гэмт үйлдлээс болж бизнесийн эрсдэл үүрч байна. Иймээс Г.Үүлэнсолонгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас нөхөрлөлд учирсан хохирлоос түүний аав, ээжийн барагдуулсан болон бусдаас хохиролд тооцож авсан 1,200,000 төгрөгийг хасаж барагдуулаагүй үлдсэн хохирол болох 12,343,532 төгрөгөөс 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл өдрийг хүртэл 230 хоногийн хүү 2,053,440 /12,343,532*26,4%/365= 8928 төгрөг (1 өдрийн хүү), 8928*230хоног= 2,053,440/ төгрөгийн хүүг олох ёстой байсан орлогод тооцож нэхэмжилж байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 12,343,532 төгрөг, олох байсан орлогод 2,053,440 төгрөг нийт 14,396,972 /арван дөрвөн сая гурван зуун ерэн зургаа мянга есөн зуун далан хоёр төгрөг / төгрөгийг хариуцагч Г.Үос гаргуулж, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчийн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээж өгнө үү” гэв.

Хариуцагч Г.Ү нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу 2 сар 17 хоногийн хугацаанд Р.Басангомбын эхнэр У.Оюунбилэгийн хүсэлтээр И дэлгүүрт худалдагчаар ажилд орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээг байгуулаагүй. Ажиллаж байх хугацаандаа өдөр бүр дэлгүүрийнхээ орлогыг тушааж гарын үсэг зуруулдаг байсан. Склад болон дэлгүүрийн түлхүүрийг орой явахдаа гэр нь үлдээгээд явдаг байсан. Өглөө 9 цагт дэлгүүрээ онгойлгож орой 21 цагт хаадаг байсан. 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Р.Басангомбо нь өөрөө дэлгүүрийнхээ түлхүүрийг аваад явж бай гэж хэлсэн. Түүнээс хойш байнга авч явдаг болсон. Бараа таваар илүү их татаж, орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна гээд илүү цагаар ажиллуулдаг байсан. Илүү цагаар ажиллуулсаны мөнгийг өгдөггүй байсан. Оройд дэлгүүрээ хаахад өөрөө хяналт тавиад, өдөр бүрийнхээ орлогыг аваад намайг явуулдаг байсан. Шинэ бараа хүлээж авах үед ямар нэгэн шалтгаангүйгээр байнга доромжилж, уурлаж, загнадаг байсан. Ийм нөхцөл байдлыг удаа дараа гаргаад байхаар нь худалдагчаар ажиллахгүй гэсэн санал хэлсэн боловч өөр худалдагч байхгүй зогс гэж хэлсэн.... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч буюу И ББХН гэдэг нь Иргэний хуулийн 33 дугаар зүйлд зааснаар 33.1-д зааснаар ашгийн төлөө хуулийн этгээд учраас санхүүгийн анхан шатны бүртгэл, баримт бичиг нь Нягтлан бодох, бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан стандартад хамаарч анхан шатны баримт хөтлөгдөж, тооцоолол гаргах ёстой байгаа. Гэтэл эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашгийн төлөө байгууллага мөртлөө санхүүгийн анхан шатны бүртгэлийг хөтөлсөн нь тодорхойгүй байдаг. Ингээд санхүүгийн анхан шатны баримт буюу Г.Үүлэнсолонгын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд гарч бичмэлийг нотлох баримтаар үнэлүүлэхээр оруулаад ирдэг. Тухайн нотлох баримтыг хариуцагч талаас хүсэлтдээ “Эдийн засгийн шинжээч томилуулах”-аар гаргасан боловч Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эдийн засгийн хэлтсээс “Эрх бүхий байгууллагын шийдвэр буюу санхүүгийн анхан шатны баримт, үүн дээр тогтоогдсон санүүгийн бүртгэлийн дүгнэлт байхгүй учраас шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагаа “Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол” гэдэг байдлаар тайлбарлаад байгаа. Гэтэл эрүүгийн хэргийг шалгаад 2018 оны 03 сарын 18-ны өдрийн 5/20 дугаартай “Хэрэг бүртгэлтийг ажиллагааг хаах тухай” гэсэн прокурорын тогтоол гаргасан байгаа. Уг тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд зааснаар “Бусдын хөрөнийг завших гэмт хэрэг үйлдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хааж шийдэрлэсэн байдаг. Гэтэл Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээд гэдэг нь “Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдийг гэм буруутайд тооцно” гэж заасан. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн прокурорын тогтоолоор Г.Үүлэнсолонгыг “Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн” гэдэг байдлаар гэм буруутайг тогтоосон ойлголт биш учраас “Гэм хорын хохирол” гэж үзээд байгаа нэхэмжлэлийн шаардлагаа гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөгөө талаас тус прокурорын тогтоолд нотлох баримтыг  байцаан шийтгэх ажиллагааны явцад Г.Үүлэнсолонгын нотаритын үйлдлийг нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг. Хариуцагчийн хувьд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд тусгайлан тус тогтоолын үндэслэл болсон болон нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан “Ховд аймгийн Мөнххайрхан суманд Г.Ү нь 12,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргаад Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар нотариатын үйлдлийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар “Ашгийн төлөө хуулийн этгээд учраас Нятлан бодох бүртгэлийн тухай хуулиар хэрэгжүүлж, санхүүгийн анхан шатны бүртгэлийг хуульд зааснаар хөтөлж явах” ёстой. Гэтэл  өөрсдийнхөө бичсэн гар бичмэлээ баримт гэж оруулж ирж байгаа нь хэд хэдэн шаардлагыг хангахгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ББН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нь хариуцагч Г.Үд холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 12,343,532 төгрөг, олох байсан орлогод 2,053,440 төгрөг, нийт 14,396,972 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нэхэмжлэлийн үндэслэлээ “....хариуцагч Г.Ү нь И ББН-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа тус дэлгүүрийн бараа, материал, бэлэн мөнгийг дутагдуулж, завшсан үйлдэлд 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлд заасан Хадгалуулсан буюу гэмт хэрэг үйлдсэнийг  2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 5/20 дугаартай Ховд аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоолоор “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон мөн хариуцагч Г.Үүлэнсолонгын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өөрийн гараар бичсэн бичиг, хуулгаар болон бэлэн хэрэглэсэн мөнгө гэсэн бичиг, Ховд аймаг, Мөнххайрхан сумын И дэлгүүрт хүсэлт гаргах тухай бичгийг өөрийн гараар зөвшөөрч бичиж өгсөн....” гэж,

хариуцагч Г.Үүлэнсолонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг нь “....нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, 12 343 532 төгрөг нь ямар нэр төрлийн, хичнээн ширхэг, ямар зах зээлийн үнэлгээтэй бараа байгаа нь тодорхой бус, олох ёстой байсан орлогод 2 053 440 төгрөгийг яаж тооцож гаргасан нь тодорхой бус иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна....” гэж тус тус мэтгэлцлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О нь нэхэмжлэлийн шаардлагаа гэмт хэргийн улмаас учирсан хохирол 12,343,532 төгрөг, олох байсан орлогод 2,053,440 төгрөг, нийт 14,396,972 төгрөг гэж тодорхойлсон хэдий ч тэрээр шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах И ББН-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх үедээ дэлгүүрийн бараа, материал, бэлэн мөнгийг дутагдуулсан гэж тайлбарлав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Огийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарласнаас үзэхэд тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол  бус, харин хариуцагч Г.Ү нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах И ББН-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх үедээ дутагдуулсан дэлгүүрийн бараа, материал, бэлэн мөнгийг гаргуулахаар шаардсан байна гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

И ББНөхөрлөл нь хоёр гишүүнтэй, хүнс болон барааны худалдаа эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй болох нь улсын бүртгэлийн 1620001107 дугаарт бүртгэгдсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдлоо. /1 дүгээр хавтаст хэргийн 5 дугаар тал/

И ББНөхөрлөл нь Нөхөрлөлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл байх бөгөөд мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гишүүн бүр нөхөрлөлийг удирдах, төлөөлөх эрхтэй.

            Иймээс Р.Басангомбо, У.Оюунбилэг нар нь И ББН-ийг төлөөлөх эрхтэй болохыг дурдлаа.

Хариуцагч Г.Ү нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах И ББН-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Ажил олгогч И ББН-ийг төлөөлж У.Оюунбилэг болон ажилтан худалдагч Г.Ү нарын хооронд 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 9 дүгээр сард нөхөн гарын үсэг зурсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч У.Оюунбилэг, гэрч Г.Ү нарын мэдүүлгээр нотлогдож байгаа ба энэ үйл баримтын талаар маргаагүй болно. /1 дүгээр хавтаст хэргийн 16-17, 21-22 дугаар тал/

Иймээс талуудын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй ч хариуцагч Г.Ү нь 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт байрлах  И ББН-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд И ББН нь хариуцагч Г.Ү-ос шаардах эрхтэй байна.

Хариуцагч Г.Ү нь И ББН-ийн найман нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа тус дэлгүүрийн бараа, материал, бэлэн мөнгөнөөс 12,343,532 төгрөг дутагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “... 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Энхтуяа эгчид хүлээлгэн өгсөн бараа зөрүү үлдэгдэл 12,943,532 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... Г.Ү” гэх баримт /1 дүгээр хх-ийн 11 дүгээр тал/, “... хуулгаар болон бэлэн хэрэглэсэн мөнгө, нийт хэрэглэсэн мөнгө 4,304,300 төгрөг Г.Ү...” гэх баримт /1 дүгээр хх-ийн 12 дугаар тал/-уудаар тус тус нотлогдож байна.

Худалдагч Г.Ү нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд хүлээн авсан бараа материалаа дутагдуулж гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгчид учруулсан хохирлоос чөлөөлөгдөхгүй.

Хариуцагч нь “... Миний бие 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл буюу 2 сар 17 хоногийн хугацаанд Р.Басангомбын эхнэр У.Оюунбилэгийн хүсэлтээр И дэлгүүрт худалдагчаар ажилд орсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээг байгуулаагүй. Ажиллаж байх хугацаандаа өдөр бүр дэлгүүрийнхээ орлогыг тушааж гарын үсэг зуруулдаг байсан. Склад болон дэлгүүрийн түлхүүрийг орой явахдаа гэрт нь үлдээгээд явдаг байсан. Өглөө 9 цагт дэлгүүрээ онгойлгож орой 21 цагт хаадаг байсан....” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд “....хавтаст хэргийн 11, 12 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь Г.Үүлэнсолонгын гарын үсэг мөн эсэх нь эргэлзээтэйбаримтад дарамталж гарын үсэг зуруулсан....” гэж тус тус тайлбарлах боловч дээрх тайлбартаа холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд хариуцагч Г.Үос 12,343,532 төгрөгийг гаргуулан И ББН-д олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байна.

Гэвч нэхэмжлэгч И ББН нь “...олох байсан орлогод 2,053,440 төгрөг...” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь холбогдох нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул олох байсан орлого гэж нэхэмжилсэн 2,053,440 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И ББН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Огийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,805 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 182,130 төгрөгийг нэхэмжлэгч И ББН-өөс гаргуулж төрийн санд оруулж, хариуцагч Г.Үос 12,343,532 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 212,447 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББН-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Үос 12,343,532 /арван хоёр сая гурван зуун дөчин гурван мянга таван зуун гучин хоёр/  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас илүү нэхэмжилсэн 2,053,440 /хоёр сая тавин гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И ББН-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Огийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,805 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 182,130 /нэг зуун наян хоёр мянга нэг зуун гуч/ төгрөгийг нэхэмжлэгч И ББН-өөс гаргуулж төрийн санд оруулж, хариуцагч Г.Үос улсын тэмдэгтийн хураамж 212,447 /хоёр зуун арван хоёр мянга дөрвөн зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И ББН-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                  ШҮҮГЧ                             Б.МАРИНА

                                                  ШҮҮГЧ                             С.ОЮУНЖАРГАЛ