| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00310/И |
| Дугаар | 00363 |
| Огноо | 2019-07-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 00363
| 2019 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2019/00363 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Манхан сум 2-р баг Зэрэг голд оршин суух, ... дугаарын регистртэй, М овогт Б-н Нын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1964 онд төрсөн. Бага боловсролтой. Бага наснаасаа одоог хүртэл Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багт мал маллан амьдарч байна. Миний бие Ховд аймгийн Манхан сумын сургуульд 1972 онд элсэн орж суралцаж байгаад 1976 онд 4-р анги төгсөж мал дээр гарсан. Энэ үед би 16 насанд хүрээгүй байсан тул ээждээ тусалж нэгдлийн мал маллаж байгаад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн гэж өөрийн нормын 650 толгой бог мал хариуцан авч маллаж байгаад 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдан 3 жилийн хугацаатай цэргийн алба хааж 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд өөрийн төрсөн нутаг Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдлийн Зэрэг гол бригадад мал маллаж байгаад 1990 онд өмч хувьчлал явагдахад өмч хувьчлалаар мал авч одоог хүртэл хувийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Нутгийн ард иргэд намайг Баадайн Гантулга гэж нэрэлдэг ба миний иргэний үнэмлэх дээрх нэр /албан ёсны нэр/ Б.Н юм. Миний хөдөлмөрийн дэвтэр бригадын даргад хадгалагдаж байгаад үрэгдэж алга болсон. Нэгдлийн гишүүний 70 дугаар дансыг шүүлгэхэд зарим оны баримт байхгүй, 70 дугаар дансанд миний нэрийг Гантулга, Баттулга, Н гэж өөр өөрөөр бичсэн байгаа тул шүүхэд хандан ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Надад байгаа баримтуудыг үндэслэн миний Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хүсэлт гаргагч нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Б.Н нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Н нь 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 482 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадын 1981 оноос 1983 он, 1986 оноос 1989 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Ховд аймаг Манхан сумын засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/119 дугаартай албан бичиг
Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол бригадын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 71 дугаартай албан бичиг,
Хүсэлт гаргагч Б.Нын 00102 дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Гэрч Д.Ичинхорлоогийн .......Би “1977 онд Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд тус нэгдэлд 1982 оныг хүртэл ажиллаж байсан. Б.Нын том ах Б.Эрдэнэцогт бид нар хамтдаа нэг сургууль, нэг ангид сурдаг байсан. Ховд аймгийн Манхан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байранд Б.Эрдэнэцогт, Б.Н бид нар хамтдаа байдаг байсан. Б.Н нь манай дүү Д.Жавзандуламтай нэг ангид байсан. Бид хамтдаа нэг нутаг усанд нэг нэгдэл бригадад ажиллаж байсан хүний хувьд Б.Нын талаар сайн мэднэ. Б.Н нь 8 дугаар ангиа төгсөөгүй. Түүний ах Б.Эрдэнэцогт нь 8 дугаар ангиа төгсөөд Дорнод аймгийн ТМС-д явахад дүү Б.Н нь ээжийнхээ хамт мал дээр гарсан. Тэгэхээр 1977 оноос эхэлж Ховд аймгийн Манхан сумын Баясгалант амьдрал нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн гэсэн үг юм. Тус нэгдэлд 1977 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1990 оныг хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Одоо ч гэсэн мал маллаж байна...” гэх гэрчийн мэдүүлэг,
Иргэн Ш.Мөнх-Очирын “...Б.Н нь 1964 онд Зэрэг гол багт төрж өнөөдрийг хүртэл ээжийнхээ хамт малчнаар ажиллаж байна. Би Б.Нын харъяат Зэрэг гол багийн бригадын даргаар ажиллаж байсан...” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б.Нын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мангууд овогт Баадайн Ныг 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Манхан сумын “Баясгалант амьдрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Б.Нын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ