Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00364

 

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 153/ШШ2019/00364

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Ховд сум, Цагаан бургас багт оршин суух, ... дугаарын регистртэй, Харахас овогт Какешагийн Хуанганы хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 153/2019/00325/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч К.Хуанган нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1964 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Ховд сумын Цагаанбургас багт Какешагийн том хүү болж төрсөн. Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуульд 1972 онд 1 дүгээр ангид орж 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд 1981 оноос 1983 оны 6 дугаар сарыг хүртэл мал маллаж байгаад 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цэргийн албанд татагдаж, 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдөр цэргийн албанаас халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 5 дугаар бригадад эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хавдалханы Ахжибектэй гэр бүл болж 1989 онд 5 дугаар бригадад мөн 1990 оноос 1991 онд Ховд аймгийн Цагаанбургас бригадад мал маллаж амьдарсан. Тус нэгдлийг тартал малчнаар ажилласан ба нэгдэл тарж Сарынбулаг ХК болоход мөн малчнаар ажилласан. Би одоог хүртэл мал маллаж амьдардаг. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч хөдөлмөрийн дэвтэр алга болсон учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан. Иймд намайг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүсэлт гаргагч нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 5 дугаар бригадад 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 1981 оноос 1989 оныг хүртлэх 70 дугаар дансны хуулганд Какеша овогтой Хуат гэж буруу бичигдсэнийг Какеша овогтой Хуанган мөн болохыг тогтоолгох, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 5 дугаарригадад 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэлтийн шаардлагаа ихэсгэсэн. Иймд хүсэлт гаргагагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч К.Хуанганы Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 1981 оноос 1989 оныг хүртлэх 70 дугаар дансны хуулганд Какеша овогтой Хуат гэж буруу бичигдсэнийг Какеша овогтой Хуанган мөн болохыг тогтоолгох мөн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 1981 оноос 1989 оныг хүртлэх 70 дугаар дансны хуулганд бичигдсэн Какеша овогтой Хуат нь Какеша овогтой Хуанган мөн бөгөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 5 дугаар бригадад 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж ажиллаж байсан болох нь

- Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасаг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 645 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын 5-р бригадын 70 дугаар дансны хуулбар /хх-ийн 6-13 хуудас/

- Хүсэлт гаргагч К.Хуанганы 1613000488 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Ховд аймаг Ховд сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаартай албан бичиг

- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02/4987 дугаартай лавлагаа нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

- Хүсэлт гаргагч К.Хуанганы Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 113 дугаартай лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 126/002221 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 126/002220 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа,

-Гэрч Х.Күзенбайн ... Би 1980 онд Ховд аймгийн ТМС-ийг төгсөж Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малын бага эмчээр 1998 оныг хүртэл тасралтгүй ажилсан. К.Хуанган нь Какеша гэдэг айлын том залуу юм. 1981 оноос 1983 оныг хүртэл Ховд амйгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан. 1983 оноос 1986 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1986 онд цэргээс халагдаж ирээд 1990 оныг дуустал тул нэгдэлдээ малчнаар үргэлжлүүлэн ажиллаж байсан... гэх гэрчийн мэдүүлэг,

-Гэрч Н.Адетын ... Би 1978 оноос 1993 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан. К.Хуанган нь 1981 оноос 1983 оныг хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1983 оноос 1986 оныг хүртэл цэргийн алба хаасан. 1986 онд цэргээс халагдаж ирээд 1990 оныг дуустал тус нэгдэлдээ малчнаар үргэлжлүүлэн ажиллаж байсан. Бид 1978 оноос хойш нэг сум нэгдэл бригадад ажиллаж амьдарч байсан гэх гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан К.Хуанганы ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 1981 оноос 1989 оныг хүртлэх 70 дугаар дансны хуулганд бичигдсэн Какеша овогтой Хуат нь Харахас овогт Какешагийн Хуанган мөн бөгөөд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 5 дугаар бригадад 1980 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл, 1986 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар К.Хуанганы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ