| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2021/0543/З |
| Дугаар | 128/ШШ2022/0016 |
| Огноо | 2022-01-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2022/0016
2022 01 03 128/ШШ2022/0016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Б даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х Т” ХХК
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Ц,
Хариуцагч: БОАЖС
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мөнхбат нарын хоорондын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х Т” ХХК -ийн зүгээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “Х Т” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч “Х Т” ХХК -д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Нүхтийн аманд 15.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож, улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтаар 5 га газрын газар ашиглах эрх нь цуцлагдаж, үлдэх 10 га газрын газар ашиглах эрх нь мөн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон 0171072 дугаар газар ашиглах гэрчилгээг баталгаажсан байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр ““Х Т” ХХК -ийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон байна.
3. Нэхэмжлэгч “Х Т” ХХК -аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 6 дугаар сарын 23-ний өдрийн 01/2822 дугаар албан бичгээр “газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй” хэмээн татгалзаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
“... Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаар захиргааны байгууллага албан тушаалтан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй захиргааны акт гаргахдаа уг хуулийн 27 дугаар зүйлд заасан арга хэмжээг аваагүй цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан үйл ажиллагааны зарчимд нийцээгүй.
Захиргааны ерөнхий хуулийг илт зөрчсөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн маргаан бүхий тушаал гаргасныг бид дам сургаар мэдсэн даруйдаа буюу 4 дүгээр сарын 10-ны өдөр компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргахад сайдын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/2822 дугаар албан бичгээр газар ашиглах эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “Х Т” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/79 дүгээр тушаал нь газрын төлбөр төлөөгүй, газрыг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийг баримталсан. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээ олгогдсоноос хойш 3 сарын дотор гэрээ байгуулахаар заасан. Уг журмын дагуу нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа гэрээ байгуулах хүсэлтийг гаргаж байсан. Энэхүү гэрээнд Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар газрын төлбөрийн хэмжээг заахаар хуульчилсан байдаг. Газрын төлбөрийн хэмжээг гэрээгээр баталгаажуулаагүй, тухайн бүс нутагт хэрэгждэг газрын төлбөр итгэлцүүр хэрэглэх газрын тоон утгыг батлах талаарх Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан журам нь тус шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 647 дугаар шийдвэр түүнийг хянасан Улсын Дээд шүүхийн 2017 оны 527 дугаар тогтоолоор хүчингүй болж шийдвэрлэгдсэн байдаг. Газрын төлбөр хэдийг төлөх журам, гэрээ нь байхгүй, нэхэмжлэгчийн биш төрийн захиргааны байгууллагаас шалтгаалж гэрээ байгуулагдаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Хоёр жил ашиглаагүй нь гэрээтэй холбоотой. Гэрээ байгуулсны үндсэн дээр ямар зориулалтаар ашиглах вэ? гэдэг нь гэрээнд тусгагдах байсан. Газрыг огт ашиглаагүй биш. Газар ашиглана гэдэг нь заавал газар ухахыг хэлэхгүй. Газар ухахын тулд зураг төсөл, холбогдох баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай. Бүрдүүлэхгүй бол зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр эрх цуцлагдана. Захиргааны акт хууль бус, сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар өгөх эрхийг олгоогүй. Захиргааны байгууллагаас хамаарч хууль зөрчихөд хүргэсэн.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн ерөнхий 2 заалтыг баримтлан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-т “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар цуцалсан. Газрыг ашиглах эрх хуулийн дагуу гэрээ байгуулснаар үүснэ. Гэтэл гэрээ одоо хүртэл байгуулагдаагүй. Нэхэмжлэгч гэрээг байгуулах тухай хүсэл зоригоо бичгээр илэрхийлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Төрийн захиргааны төв байгууллагаас хууль журамд газар ашиглагч гэрээ байгуулах ёстой гэдэг байдлаар хандаж одоог хүртэл гэрээ байгуулаагүй. Гэрээнд заасны дагуу газрыг ашиглана, төлбөрийг төлнө гэж хуульчилсан байхад энэ үүргээ биелүүлээгүй гэж газар ашиглах эрхийг цуцалж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн зарчимд нийцэхгүй байна.
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд газрын төлбөр төлөгч гэж хэн бэ? гэдгийг зохицуулсан байдаг. Одоо хэрэгжиж байгаа 1997 оны Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд эзэмшиж ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр гэдэг заалтыг хариуцагч баримталж байгаа. Гэтэл энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр нэмэлт өөрчлөлт орж 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Гэрээ байгуулснаас хойш газар ашиглах эрх нээгдэж байна гэдэг нь хэрэгт авагдсан баримтууд болон хууль зүйн хувьд нотлогдож байна. Маргаан бүхий газар нь тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт хамаарагддаг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 1994 оны хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Газар эзэмших эрхийг дуусгавар болгох нөхцөлийг уг хуулийн 40 дүгээр зүйлд хуульчилсан. Гэтэл хамааралгүй заалт баримтлан газар эзэмших эрхийг цуцалсан. Сонсох ажиллагаа огт хийгдээгүй гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Хаяг тодорхойгүй, утас холбогдохгүй гэдэг шалтгаан хэлж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-28.6 хүртэлх заалтад хамаарахгүй байна. Нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөөгүй. Газраа ашиглаагүй гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хууль зүйн хувьд үгүйсгэгдэж байна. Үндэслэл болгосон баримтууд хэрэгт байхгүй. Мөрдөгчийн мэдэгдэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны санал үндэслэж тушаал гаргасан нь бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий гэдэг шаардлагыг хангахгүй байна. Зөвхөн саналд үндэслэж уг актыг гаргасан гэдэг нь тайлбараар тогтоогдож байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай А/79 дугаар тушаалын “Х Т” ХХК -д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
6. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 4 жил дараалан ашиглаагүй. Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл цөлжилт бий болсон бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” мөн зүйл хэсэгт зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нь энэ талаарх холбогдох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг болох Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 дугаар албан бичгээр газар ашиглах зөвшөөрөл авсан боловч барилга барилга байгууламж бариагүй иргэд аж ахуй нэгжийн судалгаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нотлогдож байна.
Хариуцагч захиргааны байгууллага нь тусгай хамгаалалттай дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан зориулалтаар газар ашиглах эрхийг 5 жилээр олгодог. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалаар “Х Т” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 15.0 га талбай бүхий газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 10 дугаар зүйл, 11 дүгээр зүйлийн 7, 12 дугаар зүйлийн 1, 5, 11-т заасныг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосон байсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 1-т заасныг удирдлага болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-д заасан байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох зориулалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар олгож хууль зөрчсөн тул тушаалыг хүчингүй болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн газрын албанаас 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2017 оноос хойш газрын төлбөр төлөөгүй гэсэн 16/2058 тоот албан бичиг ирүүлсэн байсан. 2017 оноос хойш газрын төлбөр төлсөн талаарх мэдээлэл мэдээллийн санд байхгүй байна гэсэн тайлбар өгсөн. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодруулахад нэхэмжлэгч компани гуравласан гэрээ байгуулах тухай хүсэлтийг гаргаж байгаагүй, хувийн хэрэг байхгүй гэсэн мэдээлэл өгсөн. Гуравласан гэрээ байгуулах хүсэлт өргөдөл гаргаж байгаагүй нь уг хуулийг хэрэгжүүлээгүй болон дээрх албан бичгээр нотлогдож байна. Үйл ажиллагаа явуулаагүй гэдэгт Эрүүгийн цагдаагийн албанаас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хамтарсан ажлын хэсэг гарч Богдхан уулын тусгай хамгаалалттай бүс нутагт газар ашиглах эрх авсан боловч барилга байгууламж бариагүй 660 иргэн, аж ахуйн нэгжийн судалгаа хийж, Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 мөрдөгчийн тэмдэглэл ирсэн. Зориулалтын дагуу ашиглахгүй хувийн байшин барьж худалдан борлуулах мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор эрүүгийн цагдаа хамтарсан шалгалт хийсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлд хамгаалалтын захиргааны эрх үүргийг тодорхой зааж өгсөн байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн зөвшөөрөл олгодог. Үүний дагуу саналыг үндэслэн цуцалсан байгаа. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичгээр 170 иргэн, аж ахуйн нэгжийн судалгаа ирсэн. Энэ жагсаалтын 165 дугаарт “Х Т” ХХК -ийн нэр байгаа. Богдхан уулын хамгаалалтын захиргаа тухайн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулсан эсэх мэдээллийг, Эрүүгийн цагдаагийн албан бичгийг нягтлан шалгаж ирүүлсэн. Мөн шүүхээс газрын үзлэг хийсэн. Тухайн газар үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг зургаар баталгаажуулсан. Эдгээр бүх баримтаар нэхэмжлэгч компани 2 жил дараалан газрыг ашиглаагүй гэдэг нь нотлогдож байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хувийн хэргийг шаардсан боловч байхгүй гэсэн хариу ирсэн. Хувийн хэрэг байхгүйгээр яаж газрыг эзэмшсэн нь ойлгомжгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас бүх аж ахуйн нэгжүүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгч компанийн хаяг буруу гэдэг шалтгаанаар Монгол шуудангаар хүргэгдэж чадаагүй. Утас нь холбогдоогүй учраас сонсох ажиллагаа хийгдээгүй. Сонсох ажиллагаа хийлээ гэхэд газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй учраас зөрчил арилах боломжгүй юм.
Хариуцагч байгууллага эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Чөлөөлөөгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэрээ байгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан гэж тайлбарлаж байна. Үүнтэй холбоотой баримтуудыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргаж байсан. Гэвч Хан-Уул дүүргийн захиргаа болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас ирээгүй. Нэхэмжлэл компани өөрсдөө албан бланк дээр хэвлэж шүүхэд гаргаж өгсөн байж болзошгүй. Хүсэлтүүдийг шинжлэн судлахад огноо байгаа боловч албан тоотын дугаар байхгүй байна. Албан хэрэг хөтлөлтийн журам гэж байдаг. Энэ журмын дагуу хэрэгжүүлээгүй байна. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар журмын тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөл олгох түр журмын 2 дугаар заалтаар гэрээний загварыг баталж өгсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээний санал авахаар албан бичиг явуулсан гэж хэлж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 218 дугаар журмын тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөл олгох түр журмын 3.4 дүгээр заалтаар эрхийн гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болно гэж заасан байгаа. Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, иргэн аж ахуй нэгж байгууллага хамтарч гэрээгээ байгуулах ёстой.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгч “Х Т” ХХК -аас гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна хэмээн үзлээ.
2. Нэхэмжлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж, “хариуцагч захиргааны байгууллага газар ашиглагчтай хуульд заасны дагуу гэрээ байгуулаагүй атлаа гэрээнд заасан төлбөрөө төлөөгүй, гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглаагүй гэж үзэж буй нь хууль бус, өөрөөр хэлбэл, газрын төлбөрт хэдэн төгрөгийг төлөх журам, гэрээ нь байхгүй, нэхэмжлэгчийн биш төрийн захиргааны байгууллагаас шалтгаалж гэрээ байгуулагдаагүй. Газрыг ашиглана гэдгийг заавал газар ухахыг хэлэхгүй, газар ухахын тулд зураг төсөл, холбогдох баримтуудыг бүрдүүлэх шаардлагатай байгааг анхаарахгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буйг дурдан маргасан, түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийхгүйгээр захиргааны акт гаргасан нь хууль бус, үүгээрээ маргаан бүхий тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцээгүй” гэх үндэслэлээр хууль бус хэмээн маргасан.
3. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,
- “Х Т” ХХК -д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн задгайд 5 жилийн хугацаатайгаар, аялал жуулчлалын зориулалтаар 15 га газрыг ашиглуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалаар шийдвэрлэж, улмаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр газрын хэмжээг 10 га болгон уг газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг 0171072 дугаар гэрчилгээгээр захиргаа олгосон байсан,
-Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөс “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй 660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авч холбогдох зөрчлийг арилгах...” талаар 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар мөрдөгчийн мэдэгдлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн ба уг мэдэгдлийн хавсралтын 604 дүгээрт нэхэмжлэгч компанийн нэр бичигдсэн,
-Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 365 дугаар албан бичгээр газар ашиглах эрх дуусгавар болгох иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн ба уг албан бичгийн хавсралтын 165 дугаарт нэхэмжлэгч компанийн нэр бичигдсэнээс гадна Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 401.6-д заасныг зөрчсөн гэж тэмдэглэгджээ.
Дээрх мөрдөгчийн мэдэгдэл болон саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар 170 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч “Х Т” ХХК багтжээ.
4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуй нэгжид тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан нь газар ашиглах талаарх материаллаг зохицуулалт бөгөөд энэ нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна” гэж заасан журмаар хэрэгжихээр байна. Өөрөөр хэлбэл, газар ашиглах гэрээ байгуулах нь эрх бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглах эрх олгох тухай нэгэнт гарсан шийдвэрийн дагуу нэг талаас Засаг дарга буюу хамгаалалтын захиргаа, нөгөө талаас газар ашиглагчийн эрх, үүргийг гэрээгээр хэлбэржүүлж байгаа явдал юм. Тэгэхээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрээ байгуулагдаагүй байхад хэдэн төгрөгийн төлбөр төлөх нь ойлгомжгүй байсан, газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Маргаан бүхий энэ тохиолдолд газар ашиглах эрх олгосон эрх бүхий сайдын тушаал гарсан тохиолдолд гэрээ байгуулах нь дүүргийн Засаг даргын үүрэг боловч, хэрэв тухайн албан тушаалтан энэхүү үүргээ биелүүлэхгүй бол газар ашиглагчийн зүгээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд гэрээ байгуулах үүргээ биелүүлэхийг холбогдох албан тушаалтнаас шаардах, шаардлагатай бол буруутай албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйтэй нь холбогдуулан дээд шатны захиргааны байгууллага болон шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой буюу уг эрх нь захиргааны үүргээр хязгаарлагдахгүй байсныг дурдах нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч “Х Т” ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2017 оноос хойш газрын төлбөр төлж байгаагүй талаарх нотлох баримт хэрэгт авагдсан ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “гэрээ байгуулж байж л газрын төлбөр төлөх үүрэг хэрэгжих боломжтой” гэх агуулгатай тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” газар ашиглагчийн үүрэг нь нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон сайдын тушаал болон газар ашиглах эрхийн гэрчилгээнд газрын хэмжээ, зориулалт, байршлыг тодорхой заасан бөгөөд нэгж талбарт ногдох газрын төлбөрийг тогтоосон хууль, журам байдаг /түүнийг газар ашиглах гэрээгээр өөрчлөх боломжгүй/ тул нэхэмжлэгчийн хувьд ямар хэмжээний төлбөрийг ямар журмаар төлөх нь угтаа ойлгомжтой юм. Иймээс харин ч эсрэгээрээ нэхэмжлэгч нь холбогдох этгээдээс гэрээ байгуулахыг шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй байгаагаараа газрыг хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаж эхлэх, газрын төлбөрийг төлөхгүй байх сонирхолтой, энэ утгаараа газрын тухай хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэхээр байна.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс явуулсан маргаан бүхий газрын үзлэгээр нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашиглалтын газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй ба нэхэмжлэгчээс газраа ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай талаарх үндэслэл гаргаж маргаагүй. Газар ашиглах гэрээ байгуулахаар холбогдох материалын хамт Хан-Уул дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасан баримт нотлох баримтаар тогтоогдоогүй, харин Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн дугааргүй албан бичгээр, 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02/05 дугаар албан бичгээр, 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/05 дугаар албан бичгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад хандан 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугааргүй албан бичгээр тус тус гуравласан гэрээ байгуулахаар хандсан боловч шийдвэрлэгдээгүй байна. Ийнхүү хүсэлт гаргаснаасаа хойш нэхэмжлэгч нь маргаан бүхий акт гарах хүртэл 9 жилийн хугацаанд гэрээ байгуулахыг холбогдох этгээдээс шаардаагүй, улмаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ”, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан газар ашиглагчийн эрх, үүргийг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.
7. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 09/8076 дугаар мэдэгдлийг “Х Т” ХХК -д хүргүүлсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарласан боловч энэ үйл баримт нотлох баримтаар тогтоогдоогүй. Гэхдээ энэхүү үндэслэл нь маргаан бүхий актыг бүхэлд нь хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/79 дүгээр тушаалаар “Х Т” ХХК -ийн газар ашиглах эрхийг Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1-д “...дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр цуцалж шийдвэрлэсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасан хариуцагч захиргааны байгууллагын бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан шийдвэр байна гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х Т” ХХК -ийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай” А/79 дүгээр тушаалын “Х Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.Б