| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2022/0354/З |
| Дугаар | 221/МА2025/0443 |
| Огноо | 2025-06-26 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2025/0443
“Г” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А
Нэхэмжлэгч: “Г” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, “Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 829 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн
Хэргийн индекс: 128/2022/0354/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өрийг төлүүлэх тухай нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, “Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 829 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1, 47.7-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо ““Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргасан. Хууль зүйн үндэслэл нь 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар АМНАТ-ыг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч төлдөг байсан. Тус хуульд 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрчлөлт орсон. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдээс бүх төрлийн борлуулалтын үнээс тооцож улсын төсөвт тусгана гэж зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалыг худалдсан, худалдан авсан, ашигласан этгээд төлдөг байхаар хуульд өөрчлөлт орсон. Гэтэл тус зохицуулалтад Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан. Үндсэн хуулийн цэцээс дунд суудлын хуралдаан болон дээд суудлын хуралдаануудаас 2 шийдвэр гарсан. Эхний шийдвэр нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлт нь ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчээс давхардуулан авч байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байх ба энэ нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц байна гэсэн дүгнэлт гарсан. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар үндэслэлтэй байна гэж 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоол гарсан. Тус эцсийн шийдвэрийг үндэслээд 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улсын их хурлаас холбогдох заалтуудад өөрчлөлт оруулсан. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байн гээд, 47.1.1-д Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч гээд, 47.1.2-д Ашигт малтмал экспортолсон этгээд гэж байгаа юм. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ашигт малтмал гэдэг нь геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрсдэлийн хуримтлал гэсэн утгаар ойлгоно гэж тайлбарласан байдаг. Уг хуулийн заалтаас харахад хүний гар хүрээгүй, байгалийн байдлаараа байгаа эрсдэлийг л ашигт малтмал гээд байгаа юм. Тэгэхээр “Г” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй учраас тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан АМНАТ төлөгчид хамаарахгүй, харин экспортолсон этгээдүүдэд хамаарах эсэхийг тайлбарлахын тулд ашигт малтмалыг экспортод гаргаад байгаа юм уу? эсвэл бүтээгдэхүүн гаргаад байгаа юм уу? гэдэг асуудал хөндөгдөнө. Тэгэхээр “Г” ХХК нь ашигт малтмал буюу байгалийн байдлаараа байгаа хүдрийг болбол экспортод гаргадаггүй, харин төмөрлөгийн үйлдвэр гэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг этгээдээс төрийн өмчит хувьцаат компаниас хүдрийг худалдаж аваад боловсруулдаг. Ингэхдээ 6 шат дамждаг ба үүнд бэлтгэх, холих, чийглэх, ширхэглэх, хорголжлох, хатаах, шатаах, хөргөх гэсэн 6 шат технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тухайн боловсруулалтын явцад байгалийн байдлаараа байгаа ашигт малтмалын, хүдрийн найрлага бүтэц нь өөрчлөгддөг. Үүнийг Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн харьяа Механик техникийн их сургуулийн шинжээчдийн дүгнэлтээр бүтээгдэхүүн гэж тогтоосон байдаг. Хоёрдугаарт, Гаалийн ерөнхий газрын лавлагаа, албан бичигт нэхэмжлэгч компанийг баяжмал бүтээгдэхүүн гаргадаг юм байна гэж дүгнэсэн байдаг. Энэ нь баяжмал гэхээсээ илүү хорголжин гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Хорголжин гэдэг нь баяжмалын дараагийн үе шат буюу гангийн өмнөх үе шатад хүрсэн үйлдвэр ажилладаг байсан. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэдэг нь Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгээр тогтоогдсон баримт нь хэрэгт авагдсан. Энэ талаар хариуцагч тал маргадаггүй. Үндсэн хуулийн цэцийн ашигт малтмал гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна, түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нь нэмэгдүүлж, баяжуулан, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна гэсэн хуулийн шинэчилсэн зохицуулалтыг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн агуулга, үзэл баримтлалтай нь холбогдуулаад тайлбарлавал нэхэмжлэгч тал татвар төлөгч биш байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Учир нь энэ хэрэг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын Дээд шүүхээс буцсан. Тус Улсын дээд шүүхийн тогтоолд дүгнэлт гаргахдаа Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр тогтоолын агуулгын дагуу хууль тогтоогчоор шинэчлэн баталсан хуулийн зорилго, агуулга, үзэл санааг энэ хэргийн үйл баримтад холбогдуулан бүрэн тодорхойлж, дүгнэлт гаргах ёстой гэдэг үндэслэлээр буцаасан. Тэгэхээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хуулийн үзэл баримтлалын талаар хангалттай дүгнэлт гаргасан учраас би давхардуулж яримааргүй байна, хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин Үндсэн хуулийн цэцийн агуулга нь ашигт малтмалыг худалдан аваад ашигт агуулгыг нь нэмэгдүүлж байгаа буюу баяжуулаад, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүнээс авч байгаа нь буруу байна гэж үзсэн. Энэ хэрэг шат шатны шүүхээр явах явцад ашигт малтмалыг анх “Г” ХХК худалдаж авахад АМНАТ-ыг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК төлдөг. Тус АМНАТ төлсөн үнийн дүн шингээгээд “Г” ХХК худалдаад авчхаж байгаа юм. Ингээд боловсруулаад гаргахдаа дахин төлбөр төлөх болж байгаа юм. Байгалийн байдлаараа байгаа эрдэс баялаг дээр биш, тухайн боловсруулах явцад гарсан зардал, нэмүү өртөг шингэсэн хэсэгт АМНАТ оногдсон. Татварын ерөнхий газар буруу ойлголттой байдаг буюу төмрийн хүдрийг баяжуулна гэхээр хүдэр дотор төмрөөс гадна шороо, чулуу, элс, хөнгөн цагаан, алт зэрэг байдаг ба баяжуулах явцад төмрийн хүдрийн агуулга нь нэмэгддэг гэж тайлбарладаг. Гэтэл нэмэгддэг зүйл байхгүй буюу баяжуулах явцад төмрийн хүдэр дотор байгаа элс, шороо, хайрга зэрэг илүүдэл бодисыг нь салгаж байгаа юм. Үүнээс төмрийн агуулга хэвээрээ буюу хасагдана. 1 тоннд 250 килограмм буюу 25%-ийн агуулгатай төмрийн хүдрийг баяжуулахад, тухайн 25%-иас багасах болохоос нэмэгдэхгүй. Харин ингэж баяжуулж хорголжин хийсний дараа төмрийн хүдэр жин нь өөрчлөгдөөд агуулга нь хэвээрээ байгаа юм. Тус төмрийн хүдрийн агуулгад төмөрлөгийн үйлдвэр АМНАТ-аа төлсөн байдаг. Гэтэл дахин баяжуулахаар АМНАТ төлж байна гэдэг нь илүү гарсан нэмүү өртөг буюу 25000 доллароор аваад 100,000.00 доллароор зарахад 70,000.00 доллар нэмүү өртөг шингэчхээд байгаа юм. 10%-ийн ашиг хараад зарахаар дахин АМНАТ төлөхөөр, өндөр үнийн дүнгээс төлөхөөр ямар ч ашиггүй ажиллаад, 3 боловсруулах үйлдвэр 2021 оноос хойш хаасан байгаа юм. Хэрэв тус үйлдвэрүүд ажиллаад байвал алдагдалд ороод байна. Энэ маргаан яаж шийдэгдэхээс хамаарч боловсруулах үйлдвэр ажиллах эсэх нь шийдэгдэнэ. Энэ нь хууль тогтоомжийг хэрэгжүүлэх шатад Татварын ерөнхий газар гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр нэгэнт тогтоогдсон хуулийн, агуулга, үзэл баримтлалыг зөрчсөн асуудал болж байна. Тус хуулийн заалт, агуулгаас үзэхэд 4 дүгнэлтэд хүрдэг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал худалдан авсан этгээд ямар нэгэн боловсруулалт хийхгүйгээр, шууд гаргавал АМНАТ төлөгдөнө. Хоёрдугаарт, тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд ашигт малтмалыг боловсруулаад экспортолсон бол нэг удаа экспортлохдоо АМНАТ-аа төлнө. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигчээс “Г” ХХК-иас тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй компани худалдаж аваад, боловсруулалт хийхгүй, нэмүү өртөг шингээхгүй экспортод гаргавал үнийн дүнгээс АМНАТ төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, ченжүүд дээр тус хуулийн шаардлага тавигдах нь зөв. Харин “Г” ХХК шиг АМНАТ шингэсэн үнийг нь худалдаж аваад, боловсруулалт хийгээд, нэмүү өртөг шингээсэн байхад, түүнд АМНАТ төлж байгаа нь буруу байна гэх дүгнэлт гарч байна. Иймд нэхэмжлэгч компани АМНАТ төлөгч биш байна. Засгийн газрын 342 дугаар тогтоолд заасан аргачлалаар АМНАТ-ын хувь хэмжээг тогтоож гаргадаг. Гэтэл тус тогтоол Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ч байдаг ба захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, хэвлэгдээгүй учир эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй. Үндсэн хуулийн цэцэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин акт бүртгэгдсэн эсэхийг анхан шатны шүүхээс лавлагаа аваад үзэхэд бүртгэгдээгүй, бүртгэгдэх шаардлагагүй гэсэн. Гэтэл анхан шатны шүүх захиргааны хэм хэмжээний актын бүртгэлд бүртгэгдээгүй 342 дугаар тогтоолыг хэрэглэсэн нь хэрэгт ач холбогдолгүй гэдэг дүгнэлт өгч байна. Гүйцэтгэх эрх мэдлийг дураараа аашилдаг, өөгшүүлсэн, бууж өгсөн асуудал харагдаад хууль хэрэгжихгүй практик тогтоож байна гэж үзэхээр байна. Засгийн газрын 193 дугаар ашигт малтмалын хүдэр, баяжмал бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага ангилалд тооцох үндсэн зарчимд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас тус тогтоолыг баримталдаг болсон. Өмнө нь урьдчилсан журмаар шийдвэрлээд манайх Татварын ерөнхий газарт гомдол гаргахад Засгийн газрын 520 дугаар тогтоолыг баримталсан гэх хариу өгч байсан. Тус 520 дугаар тогтоол АМНАТ төлөхтэй ямар ч холбоогүй буюу нэмэгдсэн өртгийн албан татварыг тогтооход хэрэглэдэг заалт байсан нь тодорхой болох үед Засгийн газрын 193 дугаар тогтоолыг ярьдаг. Гэтэл тус Засгийн газрын 193 дугаар тогтоол нь 2011 онд батлагдсан. Тус тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхайн эдэлбэр газраас олборлож худалдсан, худалдахаар ачуулсан ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан байдаг. Үүнд Засгийн газрын 2023 оны 81 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан”,
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “Маргааны зүйл болох 2 нэхэмжлэх хүргүүлсэн ба үүнийг захиргааны акт мөн эсэхийг тогтоолгох байсан. Хоёрдугаарт дурдсан хэсэгт актын дүн дээр тооцооллын 2 өөр ойлголт яваад байна гэдэг агуулгаар буцаасан. Анх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа 3 үндэслэлээр гаргасан. Нэгдүгээрт, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар АМНАТ төлөгч биш гэж маргасан. Хоёрдугаарт, нэхэмжлэлийн нэр бүхий 2 дугаартай нэхэмжлэх хүргүүлсэн нь татварын өр төлүүлэх тухай нэхэмжлэхийг хүчингүй болгуулах байсан. Гуравдугаарт, тухайн 2022 онд тавигдсан актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Тус гуравдугаар нэхэмжлэл буюу хүчингүй болгосон акттай холбоотой хэсгийг анхан шатны шүүх захирамж гаргаад, давж заалдах шатны шүүхийн тогтоолоор энэ хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон. Ингээд үлдсэн 2 нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг анхан шатны шүүхийн шийдвэр хэрэг хянан хэлэлцсэн. Хариуцагч талаас гомдол гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрчихсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гэсэн заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Учир нь 2 нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт гаргах ёстой байхад татварын албанаас татвар төлөгчийн тайлангаар ногдсон ноогдлыг татварын алба татварын өр төлүүлэх нэхэмжлэл л хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 2021 оны 4 дүгээр улирлаараа гаргасан АМНАТ-ыг төлбөрийн тайлангийн ногдол болох 1.8 тэрбум төгрөгийг төлүүлэх нэхэмжлэх, мөн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан тайлангийн ногдол дээр нэмээд аж ахуйн нэгжийн тайлангийн ногдлыг нэмж төлүүлэх нэхэмжлэх хүргүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасан татварын өр барагдуулах процесс ажиллагааг хэрэгжүүлж нэхэмжлэл анх хүргүүлсэн байдаг. Татварын албанд татварын ноогдол буюу татварын өр үүсдэг шалтгаан нь тайлангаар буюу хяналт шалгалтын ноогдлоор үүсдэг. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар 28.1-д татвар төлөгчийн үүргийг зааж өгсөн байдаг. Үүнд татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ноогдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй байдаг. Тухайн үүргийн дагуу аж ахуйн нэгж тайлант хугацаандаа тухайн хүдрийг экспортолсон тайлангаа гаргаад, үүнээс үүссэн татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд тодорхойлж өгсөн. Татварын ерөнхий хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д заасан хугацаа буюу тайлангаар ногдуулалт хийгээд, 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тайлан гарсан бол 02 дугаар сарын 11-ний өдөр татвараа төлөөгүй байвал татварын хуулийн хугацаагаар татварын өр болж хувирдаг. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд зааснаар хянан шалгалтын ноогдол болон тайлангаар ноогдуулсан өрийг хугацаандаа төлөөгүй байвал татварын өр болж хувирна. Тухайн өрийг Татварын ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд заасан татварын өр хураах үйл ажиллагааг хэрэгжүүлж өгсөн байдаг. Үүний тулд эхлээд нэхэмжлэл хүргүүлээд, процесс ажиллагаанууд явдаг ба үүний дагуу нэхэмжлэл хүргүүлсний үр дүн юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын тайлбарласан асуудал яригдахгүй юм. Тухайн аж ахуйн нэгжийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн нөхөн ногдуулалтын акт дээр нэхэмжлэгч талын маргаад байгаа асуудлуудыг оруулаад АМНАТ-ын төлбөр болон НӨАТ-ын төлбөрийг дутуу ноогдуулсан, хуулийг буруу хэрэгжүүлсэн байна гэдэг үндэслэлээр акт гарсан байдаг. Тухайн аж ахуйн нэгжид энэ акттай маргах эрх нь нээлттэй байгаа юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудасны 5 дахь хэсэгт акттай холбоотой хэсгийг хүчингүй болгуулсан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон давж заалдах шатны шүүхийн тогтоолуудыг дурдаад хүлээж авахаас татгалзсан үндэслэлээ дурдсан байдаг. Мөн шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудасны 8 дахь хэсэг болон 11 дэх хэсэг дээр шүүх хангах гэж үзсэн нь үндэслэлгүй буюу буюу Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх анх үзлэг хийсэн байдаг. Тус үзлэгээрээ тухайн компанийг 2019 оноос 2022 оны хугацаанд тухайн хүдрийг аваад экспортод гаргасан болох нь тогтоогдож байна гээд үзлэг хийсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-д зааснаар ашигт малтмалын төлбөр төлөгч байна гээд дүгнэсэн. Нэхэмжлэхтэй холбоотой хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийн 10 дугаар хуудасны 16 дахь хэсэгт нэхэмжлэл бичиж хүргүүлэх эрхтэй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэх бичиж хүргүүлэх эрхтэй гэдгийг заасан байдаг. Улсын дээд шүүхээс буцааж байгаа үндэслэл тооцооллын хэсэг дээр нэхэмжлэх хүргүүлсэн хэсэг болон актад орсон дүн давхардсан гэх агуулгаар буцаасан байсан. Иймд энэ нэхэмжлэх 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ирээд 09 дүгээр сарын 12-ны өдөр хүргүүлсэн байдаг. Тухайн өр 2020 он болон 2021 оны АМНАТ-ын тайлангийн ногдлоор үүссэн байдаг. Харин акт нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гарсан. Энгийнээр тайлбарлахад төлөх ёстой татвар нь тайлангаар гарахад түүнийгээ давхардуулж акт дээр тавихгүй. Төлөөгүй татварт нөхөн төлүүлээд, хүү, торгуулийн алданги тавьдаг. Энэ хугацаанд ийм хэмжээний татварыг төлөөгүй байна гэдэг үндэслэлээр акт тавигдаж байгаа юм. Тэгэхээр татварын албаны нэхэмжлэлд хүргүүлсэн 2 дугаартай нэхэмжлэх дээр актад орж байгаа өрийн асуудал орохгүй. Харин нэхэмжлэгч талын акттай холбоотой маргах эсэх нь нээлттэй байгаа гэдгийг давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүгч нар дурдсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагад холбоогүй хэсэгт дүгнэлт хийсэн хэсгийг хүчингүй болгуулмаар байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн эхний хэсэг дээр эрхтэй байна гэж дүгнэж байснаа давхардалтай хэсгүүдийг дүгнээд, мөн АМНАТ төлөх ёстой хэсгүүдийг дүгнэж байснаа нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна гээд дүгнэсэн хэсгийг ойлгохгүй байна. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийн 8 дугаар хуудасны 8, 10 дахь хэсгүүдэд үндэслэлтэй, татварын албаны зөв байна гэж дүгнэсэн хэр нь 16 дахь хэсэгт нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Г” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, “Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
3. “Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхүүдийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
3.1. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхээр 1.816.595.716.32 төгрөгийн, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхээр 3.435.929.576.19 төгрөгийн татварын өрийг тус тус барагдуулахыг Том татвар төлөгчийн газраас үүрэг болгожээ.
3.2. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...энэхүү 2 нэхэмжлэхийн үйлчлэл дуусгавар болсон. Үйлчлэл дуусгавар болсон хэдий ч Татварын ерөнхий газраас дахин нэхэмжлэх гаргаж, татвар нэхэмжлэх үйл ажиллагааг өөрчлөх бүрэн боломжтой нөхцөл байдал үүссэн. Ийм учраас дахин давтагдах энэхүү үйл ажиллагааг таслан зогсоох, захиргааны актыг хууль бус болохыг тогтоох онцгой үндэслэл байгаа гэж үзэж хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн...” гэж тайлбарлан маргасан байна.
3.3. Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид "татварын өр" гэх/-ийг татварын өрд тооцно” гээд мөн зүйлийн 50.1.1-д “татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр”, 51 дүгээр зүйлийн 51.1-д “Татварын алба энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан татварын өрийг төлүүлэхээр татварын нэхэмжлэх /цаашид "нэхэмжлэх" гэх/-ийг татвар төлөгчид хүргүүлэх бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана:”, 51.2-т “Татварын алба нэхэмжлэхийг татварын өр үүссэн хугацаанаас хойш ажлын 30 өдөрт багтаан татвар төлөгчид хүргүүлнэ”, гэж татварын өр, татварын нэхэмжлэхээр төлүүлэхээр шаардсан өрийг төлөх хугацаа болон татварын алба, татварын улсын байцаагчийн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргах эрх зүйн баримт бичгийг үйлдэх үндэслэл, журмыг хуульчлан тодорхойлсон.
3.4. Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч “Г” ХХК-ийн зүгээс аж ахуйн үйл ажиллагаа явуулж, тодруулбал, ашигт малтмалын нөөц ашиглаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улмаар уг бүтээгдэхүүнээ экспортолсон үйл баримтууд тогтоогдох бөгөөд уг үйл ажиллагаа явуулж ашиг орлого олж, зардал гаргасан талаарх тайлангаа татварын албанд өөрсдөө тайлагнасан, тайлангаараа өөрсдийн татвар ногдох ногдлоо тодорхойлсон нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1- д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасны дагуу хийгдсэн байх бөгөөд харин тодорхойлж хүргүүлсэн татвар ногдох төлбөрөө хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэг хүлээнэ.
3.5. Энэхүү маргааны тухайд ашигт малтмалын нөөц ашигласны татварын өр төлбөр төлүүлэхтэй холбоотой бөгөөд хариуцагчийн хувьд татварын тайланд үндэслэн нэхэмжлэхээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхийг шаардах хууль зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т зааснаар экспортолсон этгээд гэж үзсэн, тодруулбал, 2019 – 2022 онуудад нэхэмжлэгч хуулийн этгээдээс 61.93-64.96 хувийн агууламжтай төмрийн хүдрийн хорголжин гэх бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр гаргаж, экспортолсон үйл баримтууд тогтоогдсон тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийн хувьд өр төлөхийг шаардсан нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхээргүй байна.
3.6. Татвар төлөгч нь татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид заасан хугацаанд татвараа төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд татварын өр үүсч, улмаар уг өрийг төлүүлэхээр татварын өр төлүүлэх нэхэмжлэх хүргүүлсэн хариуцагчийн нэхэмжлэх /шийдвэр/ нь Татварын ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4.7-д “татварын алба татвар төлөгчийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэх, урьдчилан нэхэмжлэх хуудас, татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээд, батлан даагчаас гаргуулахдаа мэдэгдэх хуудас, татварын өрийг үл маргах журмаар болон авлагаас гаргуулахдаа битүүмжлэх мэдэгдэх хуудас бичих бөгөөд түүнд татварын өрийн хэмжээ, төлөх эцсийн хугацаа, татварын өрийг төлөх банкны данс болон татвар төлөгчийн харилцах банк болон дансны дугаар, татвар төлөгчийн болон татвар төлөгчийн нэрийн өмнөөс татварын өрийг төлөх хувь хүн, хуулийн этгээдийн нэр, хаяг, татварын улсын байцаагчийн нэр, гарын үсэг, үйлдсэн болон гардуулсан он, сар, өдөр зэрэг энэ хуульд заасан мэдээллийг тусгах;” гэж заасантай нийцсэн байх тул уг нэхэмжлэхүүдийг хууль бус байсан гэж үзэх үндэслэлгүй байна.
3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т анхан шатны шүүхээс гаргах шийдвэрийн төрлүүдийг заасан бөгөөд нэхэмжлэгч “Г” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагаа маргаж буй төлбөрийн нэхэмжлэхүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж тодорхойлсон, шүүх тухайн тохиолдолд нэхэмжлэгчээс тодорхойлсон шаардлагын хүрээнд шийдвэрлэнэ.
3.8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон 2 удаагийн төлбөр төлөхийг шаардсан нэхэмжлэх буюу захиргааны акт нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэл гаргасны дараа аливаа нэгэн байдлаар хүчингүй болоогүй, нэхэмжлэхээр шаардсан төлбөр төлөгдөөгүй буюу хэрэгжээгүй тохиолдолд шүүх уг шаардлагыг нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа гэж үзэн хангаж, хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн боломжгүй. Тиймээс шийдвэрийн тогтоох хэсэгт уг шаардлыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
4. “Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:
4.1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.1-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч”, 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд”, 47.1.3-т “Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд” гэж заасан. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч нь төмрийн хүдрийг боловсруулах үйлдвэр ажиллуулж, төмрийн хүдрийн агууламжийг өндөрсгөсөн хорголжин гэдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, уг бүтээгдэхүүнээ экспортолдог болох нь тогтоогдсон байна.
4.2. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно”, 47.16-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө”, 47.16.2-т ”экспортолсон” гэж тус тус зааснаар ашигт малтмалын ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр тодорхой заасан тул нэхэмжлэгч “Г” ХХК-ийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш гэж үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэл үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тогтоогдсон үйл баримтаар нэхэмжлэгч нь ашигт малтмал, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн экспортолсон этгээд мөн тул ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч мөн байна.
4.3. Харин, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолоор баталсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ын 3.4-т “Ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч Ашигт малтмалын тухай хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт болон мөн хуулийн 47.19-д заасны дагуу суутган төлсөн тайлан мэдээг үндэслэн өмнө нь ногдуулсан, суутган төлсөн төлбөрийг хасаж тооцно”, 3.5-д “Энэ журмын 3.4-т зааснаар ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход зөвхөн тухайн ашигт малтмалд, эсхүл тухайн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор худалдан авсан ашигт малтмалын бүтээгдэхүүнд өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно”, 3.6-д “Энэ журмын 3.4, 3.5-д заасны дагуу ашигт малтмал экспортлогч этгээдийн экспортолсон ашигт малтмалд АМНАТ ногдуулах үнэлгээнээс тухайн ашигт малтмал, эсхүл тухайн ашигт малтмалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилгоор дотоодын зах зээлээс худалдан авсан ашигт малтмалд АМНАТ ногдуулсан үнэлгээ илүү гарсан тохиолдолд экспортлогч этгээдэд нэмж төлбөр ногдуулахгүй” гэж тус тус журамласнаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд өөрөө ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө тодорхойлохдоо татвараа давхардуулан тайлагнасан, тайланг үндэслэн давхардуулан татвар ногдуулсан гэж үзвэл уг тайлангаа зөвтгөж, шийдвэрлүүлэх боломжтой байна.
4.4. Түүнчлэн ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхээр нийт 3.435.929.576.19 төгрөгийн татварын өр барагдуулахыг үүрэг болгосны дараа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Б.Х, Ц.М нар нэхэмжлэгч “Г” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 21220000095 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актаар нийт 4.086.681.870.88 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагаа өр төлбөр шаардсан нэхэмжлэх болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч мөн эсэхтэй холбогдуулан тодорхойлсон.
4.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж зааснаар анхан шатны шүүх дээрх акттай холбоотой, актад дурдсан зөрчилд аливаа байдлаар дүгнэлт хийгээгүйг буруутгах үндэслэлгүй байна.
4.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0829 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.2, 47.7, Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 51.1, 51.2, 79 дүгээр зүйлийн 79.4.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “Ашигт малтмал ашигласны төлбөр ногдуулсан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн DNPM21070200000024391 дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэх, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн DNPM21092200000069036 дугаартай татварын өрийг төлүүлэх нэхэмжлэхийг тус тус хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, “Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан ашигт малтмалын төлбөр төлөгч биш болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ