Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 859

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Згийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00184 дүгээр шийдвэртэй Б.Згийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ТӨХХК-д холбогдох,

2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, Т.Мөнхдэлгэр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, Д.Алтайсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “М” ТӨХХК-ийн Дорнод аймгийн газрын даргаар ажиллаж байсан. Гэтэл тус аймгийн Сэргэлэн сумын холбооны байрны дээврийн засварыг төсөвгүйгээр хийсэн, аймгийн төвийн холбооны байрны подвалын өрөөнүүдэд ажлын төсөвгүй засвар хийсэн, газрын даргын гарын үсэг, тамгагүй баримтаар Д.Дүгэрсүрэн, Л.Түмэннаст, Б.Энхжаргал, Б.Баатарцогт, Б.З, Э.Тэлмүүн, Х.Үднаран нарт томилолтын зардал олгосон, “Нийтийн аж ахуй” ХХК-д усны төлбөр илүү төлсөн, 21 ширхэг баганы тоноглол дутаасан, иргэн Э.Батсүхтэй байгуулсан түрээсийн гэрээний төлбөрийг шилжүүлэхдээ данс андуурч, хийсэн гүйлгээнийхээ талаар холбогдох банкуудаас тайлбар тодруулга аваагүй, хувийн эзэмшлийн 00-55 ДОР улсын дугаартай автомашинд шатахуун хийж ажил үйлчилгээнд ашигласан зэрэг зөрчил гаргасан гэж буруутган төлбөрийн акт тавьсан. Энэ актаа үндэслэл болгон “М” ТӨХХК-ийн захирал Ч.Золбаяр нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар надад сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсныг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул хүчингүйд тооцож, өмнө эрхэлж байсан ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Компанийн зүгээс Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.2, 4.4.3, 4.4.6, захирлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Б.Зд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Компанийн дотоод хяналтын албанаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн газарт 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын санхүүгийн баримтад шалгалт хийсэн бөгөөд Б.З дараах зөрчлүүдийг гаргасан. Үүнд:

2016 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр ажилчдыг удирдан зохион байгуулж Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт холбоочдын баяр тэмдэглэж явахдаа компанийн өмчлөлийн 24-29 ДОР улсын дугаартай УАЗ фургон автомашиныг онхолдуулж бусдын биед хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд, байгууллагад эд материалын хохирол учруулсан. Б.З уг ослыг компанийн удирдлагад мэдэгдээгүй, осолд орсон болон зугаалгаар явж байсан ажилчдыг нуун дарагдуулахыг шаардсан нь тухайн ажилчдын тайлбараар илэрсэн. Энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 2.3.4-т заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, компаниас гаргасан эрх зүйн актын дагуу салбарын үндсэн ба эргэлтийн хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд явуулж хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг гүйцэтгэх захирлын өмнө хариуцна”, 2.4.8-д заасан “Өөрийн хариуцсан салбарын хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, компанийн ХАБЭА-н дүрэм, зааврыг мөрдүүлж ажиллах ба түүнд заагдсан үүрэг хариуцлагыг хүлээнэ” гэснийг тус тус зөрчсөн.

2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн барилгын подвалын өрөөнүүдэд 650 000 төгрөгийн засвар хийхээр засварын материал худалдан авсан ч уг ажил хийгдээгүй, материалыг шаардах хуудсаар зарлага болгож данс бүртгэлээс хассан, хяналтын тооллогоор эд хариуцагчийн агуулахад биетээр тоологдсон. Энэ нь Компанийн удирдлагын зөвшөөрөлгүй төрийн өмчийг дур мэдэн захиран зарцуулж, ашигладаггүй өрөөнүүдийг засварлах нэрээр хөрөнгө завшсан үйлдэл бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 2.3.5-д зааснаар аймгийн төв, сумдын холбооны барилгын засварын ажлыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хууль болон баримтлах тусгай журам, батлагдсан төлөвлөгөөний дагуу тогтоосон хугацаанд сонгон шалгаруулалт хийх, зөвлөмжийн дагуу бэлтгэсэн холбогдох материалыг ажил олгогчид ирүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн.

2016 оны 12 дугаар сарын 12, 13, 15-ны өдрүүдэд Газрын даргын гарын үсэг, тамгагүй хүчин төгөлдөр бус бэлэн мөнгөний зарлагын баримтаар Д.Дүгэрсүрэн, Л.Түмэннаст, Б.Энхжаргал, Б.Баатарцогт, Б.З, Э.Тэлмүүн, жолооч Х.Үднаран нарт албан томилолтын зардалд 222 000 төгрөг олгосон. Тус баримтад мөнгө хүлээн авсан ажилтны гарын үсэг зурагдаагүй, албан томилолтын хуудасгүй, удирдамжгүй, төсөв батлагдаагүй зэргээр санхүүгийн анхан шатны баримтын зөрчилтэй байсан нь Хөдөлмөрийн гэрээний 2.2.9-д заасан “Компанийн хөдөлмөрийн дотоод журам, ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолт, техник технологийн болон бусад журам горимыг чанд сахин биелүүлнэ” гэснийг болон Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “Албан томилолтоор ажиллах удирдамж, хугацааг гүйцэтгэх захирал /орон нутагт газрын дарга/ батална”, 8.2 дахь хэсэгт “Томилолтын зардлыг гүйцэтгэх захирал /орон нутагт газрын дарга/-ын баталсан төсөв, удирдамжийн дагуу зардлын норм хэмжээгээр томилолтоор ажиллах ажилтанд урьдчилан олгоно” гэснийг тус тус зөрчсөн.

2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дорнод “Нийтийн аж ахуй” ХХК-д 10 дугаар сарын цэвэр, бохир усны төлбөрийг төлөхдөө тоолуурын заалтад хяналт тавиагүйгээс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэхээр төлсөн тоолуурын заалтаар усны төлбөрт 919 586 төгрөг илүү төлсөн нь Хөдөлмөрийн гэрээний 2.3.2-т заасан “...нийгмийн даатгал, татварын хууль, бусад хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг ханган биелүүлж өр, авлага үүсгэхгүй ажиллана” гэсэн заалтыг зөрчсөн.

2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “ХААН” банкны захилгат ажил гүйцэтгэхдээ 34 ширхэг баганын тоноглолоос зардлын гүйцэтгэлээр 13 ширхэгийг зарцуулсан, хяналтын тооллого хийхэд 21 ширхэг баганын тоноглол буюу 315 000 төгрөг дутаасан нь Хөдөлмөрийн гэрээний 2.3.4-т заасан “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, компаниас гаргасан эрх зүйн актын дагуу салбарын үндсэн ба эргэлтийн хөрөнгийн тооллогыг тогтоосон хугацаанд явуулж хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг Гүйцэтгэх захирлын өмнө хариуцна” гэсэн заалтыг зөрчсөн.

2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэн Э.Батсүхтэй 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан машин механизмыг түрээслэх тухай гэрээний төлбөрийг иргэн Б.Бямбаагийн “ХААН” банкны 5405327012 тоот дансанд тус газрын “Голомт” банкны 4705003832 тоот данснаас шилжүүлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр тус газрын “ХААН” банкны 5405282773 тоот дансанд данс андуурсан гүйлгээ нэрээр уг мөнгө буцаж орж ирсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, 7.7 дахь заалтуудыг зөрчсөн.

Компанийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр 2016 оны 11 дүгээр сарын 23, 29, 30-ны өдрүүдэд Дорнод аймгийн Сэргэлэн сумын дээврийн засвар хийхээр 1,390,350 төгрөгөөр материал худалдан авсан. Засварын ажлын төсөвгүйгээр худалдан авалт хийсэн, Даргын ажлын зөвлөлөөр уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлээгүй нь Хөдөлмөрийн гэрээний 2.3.5-д заасныг зөрчсөн.

Мөн өөрийн эзэмшлийн 00-55 ДОР дугаартай хувийн автомашинд 7 048 518 төгрөгийн шатахуун хийж, ажил үйлчилгээнд ашигласан. Уг автомашиныг ашиглах гэрээ байхгүй, аймгийн дарга нарт албаны хэрэгцээнд автомашин унах эрх олгоогүй /Хөдөлмөрийн гэрээний 3.2 “Ажилтан хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхэд шаардагдах нөхцөл бололцоогоор хангах. Улс хот хооронд ярих эрх бүхий телефон утас, дотоод холбоо, хоорондын станц, сувгийн хяналтын болон ажлын компьютер, принтер г.м/ байхад компанийн удирдлагаас зөвшөөрөл авалгүй хувийн автомашинд компанийн зардлаар түлш хийсэн. Замын хуудсанд ямар ажил үүрэг гүйцэтгэх тухай болон спидометрийн заалтыг бичдэггүй, шатахууны зарцуулалтад тавих хяналт алдагдсан, шаардах хуудас, замын хуудсууд анхан шатны баримтын зөрчлүүд илэрсэн нь Хөдөлмөрийн гэрээний 4.4.3-т заасан “Албан тушаал эрх мэдлээ ашиглан компанийн зардал, хөрөнгөөр хувийн бизнес хийсэн, хээл хахууль, эд хөрөнгө хулгайлсан, завшсан, ажлын байр тоног төхөөрөмж, ажиллах хүч зэргийг ашиглах, аливаа хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэл алдах” зэрэг зөрчлүүдийг гаргасан.

Ажил олгогчийн зүгээс Б.Зг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан “М” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай Б.Згийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгч уг нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ..

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэртээ компанийн санхүү, эд хөрөнгө, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн сахилга батыг удаа дараа ноцтой зөрчсөн гэдэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн гол үндэслэл болгож байгаа 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн Дорнод аймгийн газрын 2016 оны 5 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын санхүүгийн баримт, 12 дугаар сарын 01-ний өдрөөс 19-ний өдрүүдийн кассын баримтад хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, төлбөрийн акт”-аар илэрсэн зөрчил тогтоогдож байна гэж шүүх үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Хэргийн 51 дүгээр талд Дорнод аймгийн газарт албан томилолтоор ажилласан тайланг хавсаргасан тайланд “Мэдээлэл холбоо сүлжээ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотоод томилолтын удирдамжийн дагуу ... ажилласан гэх боловч уг удирдамж байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр удирдамж гараад 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт очоод 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шалгалтын ажил эхэлсэн гэжээ. Гэтэл хэргийн 141 дүгээр талд байгаа томилолтын тэмдэглэлээр нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 14-өөс 16-ны өдөр Халх гол, Матад, 19, 21-р Хавтгайд томилолтоор ажилтай явсан. Нэхэмжлэгчид 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дотоод томилолтын удирдамжийн дагуу ажиллахаар болсон талаар мэдэгдээгүй ба нэхэмжлэгчийн эзгүйд уг шалгалтыг явуулж акт нь хууль журамдаа хэр нийцсэн талаар шүүх дүгнэлт хийгээгүй. Зөрчил илэрч акт тавигдсан асуудлын талаар нэхэмжлэгчээс асуулга тодруулга аваагүй, шууд гарын үсгээ зур гэж тулгасан, гүйцэд танилцах боломж олгооүй, явах гээд байна гэж яаруулаад байсан тул ганц уншиж тогтоосон нэг зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж бичиж амжсан. Гарын үсэг зурахгүй гэхэд одоо зурчих, дараа нь захирлын зөвлөлийн хуралд очиж энэ талаар тайлбараа хий гэж хэлчихээд 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр захирлын зөвлөлийн хуралд оролцуулалгүй асуудлыг шийдвэрлэж, тушаал шийдвэрээ гаргасныг эс зөвшөөрч шүүхэд хандсан боловч шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Хэргийн 85 дугаар талд Дорнод газрын үйл ажиллааанд шалгалт хийж үнэлсэн үнэлгээ нь 90-100 хувь гэж дүгнэсэн байтал ямар үндэслэлээр яагаад дахин шалгалт явуулах болсонд дүгнэлт хийгээгүй. Мөн пургон машины асуудал түлхүү яригдсан байхад дүгнэлт хийгээгүй. Ямар нэг байдлаар хамаарал байгаа үгүй талаар дурдах байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч “М” ТӨХХК-д холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг олгох, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч “М” ТӨХХК-ийн Дотоод хяналтын алба нь 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн газрын 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарын санхүүгийн баримт, 12 дугаар сарын кассын баримтад шалгалт хийснээр нийт 9 зөрчил илрүүлж, төлбөрийн акт үйлдсэн байна. Уг акттай нэхэмжлэгч танилцаж, “актын 9-д заасан 7 048 518 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн гэрээний 4.4.2, 4.4.6-д заасныг зөрчиж компанид хохирол учруулаагүй” гэх тайлбар бичиж гарын үсэг зурсан, бусад зөрчлүүдийн тухайд ямар нэгэн тайлбар хийгээгүй үйл баримт тогтоогджээ. /1хх48-50/

 

Дээрх шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбогдуулан ажил олгогч тал нэхэмжлэгч Б.Зг компанийн санхүүгийн болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэж “М” ТӨХХК-ийн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/36 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, хөдөлмөрийн гэрээний 4.4.2, 4.4.3, 4.4.6, захирлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн Дорнод аймгийн газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. /1хх 2/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.З дээрх актад дурдсан зөрчлийг гаргаагүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар болон уг актыг эс зөвшөөрч зохих журмын дагуу холбогдох газарт гомдол гаргаагүй тул хүчинтэй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүхээс буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо тухайн зөрчил илрүүлсэн гэх актад гарын үсэг зурахыг тулгасан, захирлын зөвлөлийн хуралд тайлбар хий гээд гүйцэд танилцах боломж олгоогүй гэх боловч хэрэгт баримтаар дурдсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сахилгын болон санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан гэдэгт хууль зүйн дүгнэлт хийгээгүй гэжээ. Хариуцагч байгууллагын дотоодын хяналтаар хийсэн шалгалтын явцад илэрсэн зөрчил тус бүр нь байгууллагын удирдлагатай шууд холбоотой байх бөгөөд энэ талаар тухайн ажилтны ажлын байрны тодорхойлолт, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгагдсан байна. Өөрөөр хэлбэл, байгууллагын санхүү, үндсэн хөрөнгийн байдалд хяналт тавих үүрэг хүлээсэн боловч ажлын хариуцлагатай холбоотой зөрчил хоёр ба түүнээс дээш удаа  гаргасан, энэ нь баримтаар тогтоогдсон гэж үзнэ. Иймд ажил олгогчийн зүгээс сахилгын шийтгэл удаа дараа гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00184 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                    Т.ТУЯА