Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0290/З |
Дугаар | 258 |
Огноо | 2017-06-28 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 258
Т.Энхболдын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч Т.Энхболд нарыг оролцуулан хийж, Т.Энхболдын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0227 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0361 дүгээр магадлалтай захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор, шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0227 дугаар шийдвэрээр: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Энхболдын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/484 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, Т.Энхболдын жагсаал, суулт хийх мэдэгдлийг хүлээн авч, бүртгэхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0361 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэн Т.Энхболдын суулт хийх мэдэгдлийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгох, жагсаал цуглаан, суулт хийх мэдэгдлийг хүлээн авч бүртгэхийг даалгахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгах нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хянан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 227 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 227 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа дараах зүйлийг анхаараагүй.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.Энхболд нь Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/484 тоот “Жагсаал суулт хийх мэдэгдлийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан” шийдвэрийг хүчингүй болгуулах, мэдэгдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 3/484 тоот албан бичгээр “...жагсаал цуглаан хийх тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэж нэхэмжлэгчид мэдэгдсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: ...16-д “...үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. ...” гэсэн заалт болон Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан жагсаал, цуглаан хийх эрхийн баталгааг хязгаарласан, мөн 10 дугаар зүйлийн 1-д заасан мэдэгдлийг бүртгэхээс татгалзах үндэслэлд нийцээгүй, хууль бус шийдвэр болсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэлт хийсэн байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Т.Энхболд нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Тусгаар тогтнолын талбайд 3 дугаар сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 20-ны өдрүүдэд жагсаал суулт хийх тухай мэдэгдлийг бүртгүүлэхээр хүргүүлсэн байхад хариуцагчаас “Тусгаар тогтнолын талбайд 3, 4, 5, 6 дугаар саруудад Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан “Тусгаар тогтнолын эзэд, андгай өргөх ёслол” хүндэтгэлийн арга хэмжээ, Онцгой байдлын марш, тактикийн бэлэн байдлын сургалт, Номин карнивал-2017, БСБ Экспо-2017 үзэсгэлэн худалдаа зэрэг өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдана” гэсэн үндэслэлээр буюу хуульд заагаагүй шалтгаан, үндэслэлээр мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчжээ.
Мөн, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 7 дугаар зүйлд жагсаал, цуглаан хийхийг хориглосон газар, 8 дугаар зүйлийн 1, 2-т жагсаал, цуглаан болон өлсгөлөн зохион байгуулахыг хориглох нөхцөл байдлуудыг тодорхойлсон байх бөгөөд хуулиар хориглосон дээрх хязгаарлалтад нэхэмжлэгчийн жагсаал суултыг бүртгүүлэх тухай мэдэгдэл нь хамаарахгүй учир хуульд байхгүй үндэслэлээр иргэний Үндсэн хуульд заасан эрх чөлөөг хязгаарлах нь буруу юм.
Түүнчлэн нэхэмжлэгч Т.Энхболд нь жагсаал суулт хийж үзэл бодлоо илэрхийлэхдээ мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1, 4, 6-д заасан жагсаал, цуглаан хийх газарт нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах, жагсаал, цуглааны явцад аливаа хэлбэрээр хүч үл хэрэглэх, бусдын нэр, алдар хүндийг гутаан доромжлохгүй байх, аливаа байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах, дотоод хэрэгт нь оролцоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байх үүргийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй бөгөөд энэ заалтыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээхээр хуульчилсан байна.
Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...үйл ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч нь гар, хөл, хүзүүндээ дөнгө зүүж, шорттой зогсох нь эмх замбараагүй, ёс суртахуунгүй байдлыг бий болгохгүй гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй, ...энэ нь тус талбайд үйлчилгээ үзүүлж буй зөвшөөрөл бүхий иргэд, түүгээр үйлчлүүлж буй иргэд, чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлж буй иргэдийн эрх ашигт хамаагүй мэтээр дүгнэсэн нь учир дутагдалтай байна” гэсэн хяналтын гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0227 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2017/0361 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА