Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0450

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0450

Улаанбаатар хот

 

А.Баярсайханы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч А.Баярсайхан, нэхэмжлэгчийн Б.Бүрнээ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхсүх нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, А.Баярсайханы нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Өмч, газрын харилцааны алба, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.1, 38 дугаар зүйлийн 38.3.1, 38.3.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 39 дүгээр захирамжийн С.Оюунбаатарт холбогдох хэсгийг, дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас С.Оюунбаатарт олгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 2-5 тоот хаягт байрлах 0289041 дугаартай 458 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/353 дугаар захирамжийн хавсралтын 115-д буюу С.Оюунбаатарт холбогдох хэсгийг, мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын иргэн С.Оюунбаатарын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэж олгосон 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 000361127 дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин -Эрдэнэ давж заалдах гомдолдоо: ...Тус шийдвэрийн гол үндэслэл нь “нэхэмжлэгчээс тус газарт оршин суух үед хамаарах этгээдээс ямар нэг маргаан гаргаагүй, газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй учир нэхэмжлэгч хүсэлтээ эрх бүхий этгээдэд удаа дараа гаргаж байжээ, ...хэн нэгний эзэмшил, ашиглалт тодорхойгүй сул газар бууж, 10 гаруй жилийн хугацаанд оршин сууж байсан байна, ...хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3.1, 38.3.2-т заасныг шалгалгүй шийдвэрлэснээс үндэслэлгүй шийдвэр гарч, улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгожээ” гэж дүгнэжээ. Мөн шүүхээс үндэслэлээ тодруулахдаа Газрын харилцаа, геодиз, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 3.1.2, 3.4.2, 4, 5, 6.1.4, 6.5, 7-д заасан үүргийг хариуцагч биелүүлээгүйгээс маргаан гарах шалтгаан болж, энэ журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдож байх тул хууль бус захиргааны акт” гэжээ.

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.2-т зааснаар нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлтэй байна. Учир нь, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Эндээс үзэхэд 1-рт, захиргааны хууль бус акт байх, 2-рт, тэрхүү актын улмаас иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг ойлгохоор байна. Маргаан бүхий актын хувьд газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн захирамж бөгөөд маргаж буй актын эрх зүйн үндэслэлийг хянах нь Захиргааны хэргийн шүүхийн эрх хэмжээ гэж ойлгож байна. Иргэнд анхнаасаа хууль ёсоор эзэмшүүлсэн газрыг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байх ба анхны эрх олгогдсон захирамжтай нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, зөвхөн эрх шилжүүлсэн захирамж нь түүний эрх ашгийг зөрчсөн хэмээн маргаж байхад шүүхээс энэ шаардлагыг хангасан нь ойлгомжгүй байна.

Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу ашиглаж чадаагүй байх заалтыг тайлбарласан бөгөөд газар эзэмшигчийн хууль бус ашиглалтын улмаас газраа ашиглаж чадаагүй байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулахаар заасан. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн хууль бус газар ашиглалтын улмаас газраа эзэмшиж ашиглаж чадаагүй бодит нөхцөл байдлууд тогтоогдож байхад хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгчийн хувьд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар газрыг хууль ёсоор эзэмшиж буй иргэн биш байхад шүүхээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөгдсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Мөн улсын тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Захиргааны хэргийн шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-60 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэнэ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаас үзэхэд улсын тэмдэгтийн хураамжийг дан ганц Баянзүрх дүүргийн Засаг даргаас төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчиж байна.

Тус хэрэгт дүүргийн Засаг даргаас гадна Өмч, газрын харилцааны алба, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмч, газрын харилцааны газар, Улсын бүртгэл, статистикийн газрууд татагдаж, шүүх тус бүрд нь хууль зөрчсөн гэж үзэж дурдсан атлаа тэмдэгтийн хураамжийг ганц хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг буюу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль бус болж, гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож эрхийг нь зөрчсөн гэж үзэж, давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 1. Анхан шатны шүүх хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, уг хугацааг сэргээсэн шүүхийн шийдвэр байхгүй байхад А.Баярсайханы нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, 6.3-д заасан заалтыг зөрчсөн. Үндэслэл:

1.1. А.Баярсайханы өөрийнх нь буусан газар бусдын эзэмшлийн, гэрчилгээтэй газар гэдгийг анх буусан цагаасаа мэдэж байсан атлаа хүний газар дээр дур мэдэн бууж, бусдын газар эзэмших эрхийг зөрчсөн. Учир нь, хэрэгт авагдсан Газрын албаны архиваас нотлох баримтаар өгсөн анхны эзэмшигч Тунгалагийн эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас /хх-ийн 11/ гэх баримтаар уг газар дээр байгаа барилга байгууламжийн мэдээлэл гэсэн хэсэгт “модон хашаа” татсан байгааг тэмдэглэсэн, мөн уг газар дээр анхны эзэмшигч Тунгалаг амины орон сууц бариулахаар гэрээ байгуулж, газар дээрээ амины орон сууцны барилга барих зураг хийлгэж, газарт нь тэг тэнхлэг тавьж , 4 өнцөгт нь 4 гадас, 50 м ган лентээр улаан шугам тавьсан тухай геодезийн үйлчилгээний “Ач эрхэс” ХХК-ийн үйлдсэн “Барилгын тэг тэнхлэг газар дээр байгуулсан 000078 дугаартай акт зэрэг баримтаар газар эзэмшигч нь газраа хамгаалсан, тэмдэглэгээ хийлгэсэн, хашаа барьсан, бусдын эзэмшил газар гэдэг нь илэрхий мэдэгдэж байгаа газар дээр буусан нь нотлогдож байгаа юм.

1.2 Баянзүрх дүүргийн Газрын албанд 2012 оны 05 дугаар сарын 12-нд А.Баярсайханы өөрийнх нь гаргасан өргөдөлд /хх-25/ дурдсанаар “2008 оноос үл таних хүмүүс, бид газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, энэ газрын эзэн нь байна гэж гэрчилгээ үзүүлж, газар чөлөөлөхийг шаардсан” гэснээс үзэхэд тэрээр 2008 онд бусдын эзэмшилд олгосон захирамжтай, түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй эзэмшигч байна гэдгийг баттай мэдсэн гэдэг нь нотлогдсон байх тул 2008 онд мэдсэн үеэс өргөдөл гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа эхэлсэн гэж үзэх боломжтой бөгөөд үүнээс хойш хуульд заасан хугацаанд уг газрыг Батчимэг, Тунгалаг нарт олгосон захирамжийн талаар ямар ч гомдол гаргаагүй явсаар 2012 оны 05 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно, уг газар эзэмших эрх С.Оюунбаатарт шилжсэнээс 2 жилийн дараа анх Газрын албанд газар эзэмших өргөдөл гаргасан болох нь хэргийн 12, 25 хуудас дахь өргөдлөөр нотлогдож байна.

1.3. Хэргийн 14 хуудас дахь Баянзүрх дүүргийн Газрын харилцааны албанаас 2013 оны 08 дугаар сарын 20-нд А.Баярсайханд өгсөн өргөдлийнх нь хариу бичигт “уг газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын газар гэж хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн баримтаас үзэхэд түүнд эзэмших хүсэлт гаргасан газрыг нь олгохыг татгалзсан байхад энэ талаар дээд шатны байгууллагад тухайн үед нь / 2013 онд / хуульд заасан хугацаанд ямар нэг гомдол гаргаагүй.

1.4.  Мөн С.Оюунбаатар нь А.Баярсайханыг хашаагаа буцааж татаж, газрыг чөлөөлж өгөхийг хүсэж маш олон удаа уулзаж байсан ба газрын гэрчилгээгээ үзүүлж байсан, маргаад газар чөлөөлж өгөхгүй болохоор нь 2014 оны 04 дүгээр сарын 01-нд А.Баярсайханаас газар чөлөөлүүлэх нэхэмжлэл иргэний хэргийн шүүхэд гаргасныг А.Баярсайхан мөн оны 04 сарын 18-нд  гардаж авч, А.Баярсайхан 2014 оны 05 дугаар сарын 13-нд хариу тайлбар гаргаж байсан бөгөөд энэ үед нэхэмжлэл гардаж авснаар С.Оюунбаатарт газар олгосон 2010 оны 39 дүгээр захирамж гарсан байсныг баттай мэдсэн атлаа хуульд заасан хугацааны дотор захирамжийн талаар эрх бүхий байгууллагад ямар нэг гомдол гаргалгүй явсаар 2014 оны 07 дугаар сард  мөн л хуульд заасан хугацаа хэтэрсэн хойно Нийслэлийн өмчийн харилцааны газарт гаргасныг Нийслэлийн өмчийн харилцааны газар 2014 оны 07 дугаар сарын 26-нд харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн өмч, газрын харилцааны албанд шилжүүлсэн өргөдөл гаргасан / хх-ийн 6, 7, 14/ байгаагаар 2010 оны 39 дүгээр захирамжид мөн л гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн хойно гомдол гаргасан нь нотлогдож байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж хууль зөрчсөн.

2. С.Оюунбаатарт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр захирамжаар урьд нь Баянзүрх дүүргийн 12-р хороо, Чулуун овооны АОС-ны 2-5 тоотод 458 м.кв талбайтай 18647310698044 нэгж талбарын дугаартай газрыг эзэмших эрхийг уг газрыг т хайн үед хууль ёсоор эзэмшиж байсан Батчимэгийн эзэмшлээс шилжүүлж олгосон нь ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй байхад анхан шатны шүүх уг захирамжийг хууль бусаар хүчингүй болгосон. Үндэслэл:

2.1. Уг  газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 361 дүгээр захирамжаар анхны эзэмшигч Тунгалагт амины орон сууцны зориулалтаар олгосон, дараа нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 269 дүгээр захирамжаар Тунгалагаас Батчимэгт  газар эзэмших эрхийг шилжүүлж олгосон, энэ захирамж нь эрх бүхий этгээд хуулийн хүрээнд зохих журмын дагуу олгосон байх бөгөөд эдгээр захирамжууд одоо болтол хүчинтэй байгаа бөгөөд түүнийг хууль бус гэдэг талаар А.Баярсайхан ямар нэг гомдол гаргаагүй нь түүнийг хууль ёсны гэдгийг хүлээн зөвшөөрсөн болохыг нотолж байна. Эдгээр захирамжууд одоо ч хүчин төгөлдөр байгаа тул түүнийг үндэслэн  Батчимэгийн  хууль ёсны  хүчинтэй  газар эзэмших эрхийг С.Оюунбаатарт шилжүүлсэн үйлдэл хууль ёсны юм.

2.2. Тунгалаг, Батчимэг, С.Оюунбаатар нар нь зохих журмын дагуу газар эзэмших эрхээ баталгаажуулж, гэрээ байгуулж, эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байсан. Энэ нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ” гэсэн заалттай, мөн хуулийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана” гэсэн заалтуудтай нийцэж байна. Иймд нэгэнт анхнаасаа хуулийн дагуу олгогдсон газар эзэмших эрхийг эзэмшигчийн зөвшөөрлөөр С.Оюунбаатарт зохих журмын дагуу, хууль ёсны баримтаар шилжүүлсэн үйлдэл нь ямар нэг хууль зөрчөөгүй.

2.3. Гэтэл А.Баярсайхан нь уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр, хууль бусаар өдий хүртэл эзэмшиж ирсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн.

2.4. С.Оюунбаатарт газар эзэмших эрхийг шилжүүлж өгөх үед энэ газрын талаар эрх бүхий төрийн байгууллагад хуулийн дагуу гаргасан, хэн нэгний тухайлбал, А.Баярсайханы уг газрыг эзэмшихийг хүссэн өргөдөл, давхардсан, хууль бусаар олгогдсон талаар гаргасан ямар нэг гомдол маргаан байхгүй байсан. Иймд, дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлж, хууль ёсны эзэмшигч Батчимэгийн газар эзэмших эрхийг С.Оюунбаатарт шилжүүлсэн шийдвэр гаргаж, түүнийг үндэслэн 0289041 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хуулийн шаардлагад нийцсэн, үндэслэл бүхий хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн захиргааны акт бөгөөд энэ нь нэхэмжлэгч А.Баярсайханы хууль ёсны ашиг сонирхол хөндөөгүй байхад шүүх хүчингүй болгосон нь хууль бус байна.

3. Шүүх С.Оюунбаатарыг уг газар дээрээ огт оршин сууж байгаагүй, харин А.Баярсайхан уг газар дээр үл хөдлөх хөрөнгө орон сууц, агуулах барьж, 2004 оноос хойш сууж байгаа нь нотлогдсон, А.Баярсайханыг оршин суух үед хамаарах этгээдээс ямар нэг маргаан гаргаагүй, Газрын тухай хуулийн 35.3.2-д газар эзэмшигчийн үүргийг биелүүлээгүй гэж ташаа дүгнэсэн. Үндэслэл: 3.1. А.Баярсайханыг бусдын эзэмшил газар дээр бууж газар эзэмших эрхийг зөрчлөө гэдэг талаар түүнийг буусан цагаас газар чөлөөлөхийг шаардаж, маргаан хийж байсан. А.Баярсайхан нь уг газрыг худалдаж авсан, та нарт хамаагүй гээд маргаад газрыг чөлөөлж өгөхгүй байсан болохыг уг газрыг чөлөөлүүлэхээр иргэн Янжинлхамын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэл, хуралдаан дээр гаргасан тайлбараар /хх-ийн 16, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Одонтуулын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2712 дугаар шүүгчийн захирамж/ болон А.Баярсайхан өргөдөлдөө хүмүүс ирж маргаан хийх болсон талаар тэмдэглэснээр нотлогдсон байгаа юм.

3.2. С.Оюунбаатар нь уг газрыг 2010 онд авснаас хойш уг газрынхаа 2.6 тоот тал дахь хэсэг дээрээ гэр барьж, амьдарч байгаа бөгөөд энэ нь шүүгчээс газар дээр хийсэн үзлэгт гэр байгааг тэмдэглэсэн баримт болон хашаанд С.Оюунбаатарын гэр байгаа зургууд /хх-ийн 172-176/, С.Оюунбаатарын иргэний үнэмлэхээ шилжүүлж бүртгүүлсэн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/, иргэний үнэмлэхний хуулбар /60 хуудас/ зэргээр нотлогдсон байгаа. 3.3. А.Баярсайханаас С.Оюунбаатарын эзэмшлийн газрын 258,8 м.кв газрыг албадан чөлөөлүүлсэн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5989 дугаар шийдвэр /хх-ийн 63-65/ гарсан бөгөөд С.Оюунбаатар хашаагаа цааш татаж, газрыг нь чөлөөлж өгөхийг хүсэж олон удаа шаардлага тавьж байсаар, сүүлдээ шүүхээр шийдвэрлүүлж чөлөөлүүлэх шийдвэр  гаргуулсан байгаагаар түүнийг газрынхаа талаар маргаан гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй. Түүнээс өмнөх эзэмшигчид ч маргаан гаргаж байсан болохыг өөрийнх нь өргөдөлд үл таних хүмүүс ирж маргаан үүсгэж байсан талаар дурдагдсан байгаагаар нотлогддог.

3.4. Өмнөх эзэмшигчид нь газартаа модон хашаа барьж хамгаалсан байсныг А.Баярсайхан буулгаж, өөрөө хашаагаа сунгаж барьсан болох нь хэрэгт авагдсан Газрын албаны архиваас нотлох баримтаар өгсөн, анхны эзэмшигч Тунгалагийн эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас / хх-ийн 114/ гэх баримтад уг газар дээр модон хашаа татсан байсан болох нь тэмдэглэгдсэн тэмдэглэгээ, мөн уг газар дээр анхны эзэмшигч Тунгалаг амины орон сууц бариулахаар гэрээ байгуулж,
газар дээр нь барилга барих тэг тэнхлэг тавьж, тэмдэглэл хийлгэж, улаан шугам
тавиулсан акт зэрэг баримтаар газар эзэмшигч нь газраа хамгаалсан, тэмдэглэгээ хийлгэсэн, хашаа барьсан газраа хамгаалах, зориулалтаар ашиглах үүргээ биелүүлж байсан болох нь тогтоогдсон байна. 3.5. А.Баярсайхан уг газарт 2006 онд Батчимэгт газар эзэмших эрхийг шилжүүлснээс хойш буусан болох нь хэрэгт авагдсан Тунгалагийн газрын тоо бүртгэлийн хуудас, 2003-2011 оны хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр, 2008 оноос хойш цахилгааны хураамж төлсөн баримт, газар эзэмших хүсэлтийг 2012 онд анх гаргаж байсан өргөдөл зэргээр нотлогдож байгаа бөгөөд өрхийн бүртгэлийн дэвтэрт /хх-ийн 136-137/ тэмдэглэгдсэнээр 12 дугаар хорооноос А.Баярсайханд олгосон хаяг нь 7-205 байсан, сүүлд 2-5 болгож нэмж бичсэн нь харагддаг бөгөөд хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан гэх хуудсаар 2008 оноос 2-Т-5 гэсэн хаягаар цахилгааны төлбөр төлдөг болсон нь харагддаг. /хх-ийн 134-139/ Үүгээр 7-25-д байж байгаад сүүлд 2008 оноос 2-Т-5-д шилжиж ирсэн, 2-5 хаягт тэр үед Батчимэгт олгосон гэрчилгээтэй газар байсан тул түүний залгаа буусан А.Баярсайханд 2-Т-5 гэсэн хаягаар бүртгэгдсэн нь нотлогддог, шүүх эдгээр баримтыг зөв үнэлээгүйгээр 2004 оноос байсан мэтээр ташаа дүгнэлт хийсэн.

3.6. Хуульд газрыг заавал уг газар дээр нь амьдарч байгаа этгээдэд олгоно   гэсэн заалт байхгүй. С.Оюунбаатар нь уг газрыг цаашид өмчилж авахын тулд эзэмших эрхийн гэрчилгээ авсан, дараа нь зохих журмын дагуу өмчилсөн. Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар Гэр бүлийн хэрэгцээнд өмчлүүлэх газрыг тухайн иргэний хаана оршин сууж байгаагаас үл хамааран Монгол Улсын аль ч аймаг, хотын нутаг дэвсгэрт олгож болохыг хуульчилсан байдаг. 3.7. А.Баярсайханыг 2002 оноос амьдарч байгаа мэтээр тодорхойлсон Баянзүрх дүүргийн хорооны тодорхойлолт нь хуурамч, нотлох баримтаар үнэлэх боломжгүй байхад шүүх үнэлсэн. Тухайлбал, уг тодорхойлолтыг 12 дугаар хорооны Засаг дарга өөрөө олгоогүй гэж Ц.Мөнхтуяа гэдэг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан /хх-ийн 23/ байна. Мөн С.Оюунбаатарт гэрчилгээг шилжүүлэх үед байсан хороон дарга биш болох нь хэрэгт авагдсан С.Оюунбаатарын газар эзэмших эрхийг Батчимэгээс шилжүүлж өгөхийг хүссэн С.Оюунбаатарын болон Батчимэгийн гаргасан өргөдлийг уламжилж, 12 дугаар хорооны дарга Нэргүй  гэж хүн  гарын үсэг зурж баталгаажуулсан /хх-ийн 96-98 хуудас/ байгаагаар хэдий үеэс амьдарсныг нь мэдэхгүй, хорооны дарга биш хүний тодорхойлолт болох нь нотлогдсон байна.

4. С.Оюунбаатар газраа хамгаалах гэхээр А.Баярсайхан хашаагаа хууль бусаар газар руу нь оруулж барьчихаад чөлөөлж өгөөгүйтэй холбоотой. Тэгээд ч газрыг нь хүн хууль бусаар эзэмшээд, чөлөөлж өгөхгүй байгаагаас тэдэнд эзэмшил газраа бүрэн эзэмшиж, ашиглах, хамгаалах боломж олгогдоогүй байсан гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй.

5. Газрыг бодит байдалд байгаагүй гэжээ. Гэтэл гэрчилгээнд дурдсан газар нь хэмжээгээрээ байсан гэдэг нь дараах баримтаар тогтоогдсон. Үүнд: 5.1. С.Оюунбаатарын газар эзэмших эрхийн гэрчилгээнд заагдсан газрын хэмжээ байрлалыг заасан  кадастрын зураг нь дүүргийн газрын албаар баталгаажсан, газрын нэгдмэл санд бүртгэгдсэн, байхад А.Баярсайханы газрын кадастрын зураг нь хувийн компаниар хийлгэсэн, Газрын албаар баталгаажаагүй болохыг иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон. 5.2. А.Баярсайханы зурагт заасан газрын байршил, солбицол нь С.Оюунбаатарын кадастрын зурагтай үл хөдлөх хөрөнгө байхгүй хэсгээрээ давхцаж байгаа, А.Баярсайхан хашаагаа С.Оюунбаатарын газрын 258,8 м.кв газар дээгүүр сунгаж татсан байдаг бөгөөд уг сунгаж татсан газар дээр А.Баярсайханы татсан хашааны модноос өөр түүний өмч гэх ямар ч хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө нь байхгүй болох нь Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Даваасүрэнгийн 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11077 дугаар захирамжаар, шинжээчээр томилогдсон, хөрөнгийн үнэлгээ төслийн “Лендс” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн 2-т “хариуцагч А.Баярсайханы байшин нь бүхэлдээ АОС-ны 2-4 тоотод байрлаж байна. Гарааш нь зүүн хойт өнцгөөрөө АОС-ны 2-5 тоотод байна.

Мөн А.Баярсайхан нь модон хашаагаа 2-5 тоот руу оруулж сунгасан байна /хх-ийн 125-126/, мөн уг шинжээч гаргасан дүгнэлтээ тодруулж гаргасан нэмэлт тодруулгын / хх-ийн 68-69, 145-146/ А/-д “А.Баярсайханы гарааш нь зүүн хойд өнцгөөрөө АОС-ны 2-5 тоотод уртаараа 7.8, өргөнөөрөө 1,5 м буюу 11,7 м.кв талбай бүхий газар нэвтэрсэн байна”, Б /-д “А.Баярсайхан модон хашаагаа АОС-ны 2-5 тоот руу сунгасан газрын хэмжээ 258,8 м.кв байна” гэж газрын хэмжээг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, мөн А.Баярсайханы хууль бус эзэмшлээс 258.8 м.кв газрыг албадан чөлөөлүүлсэн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5989 дугаар шийдвэр /хх-ийн 63-65/ гарсан, уг шийдвэр хүчинтэй байгаа, үүнийг А.Баярсайхан хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй. С.Оюунбаатар газраа хамгаалах гэхээр А.Баярсайхан хашаагаа хууль бусаар газар руу нь оруулж барьчихаад чөлөөлж өгөөгүйтэй холбоотой. 200 м.кв газар нь А.Баярсайханы татсан хашаанаас зүүн тийш Ганбатын хашааны газартай нийлж чөлөөтэй байсан . Үүнийг 2-6 тоотын оршин суугч Ганбат хүлээн зөвшөөрсөн. Баримт хэрэгт бий. /хх-ийн 84-85/

5.3. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангах эсэхийг шалгах, газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой журмаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх үүрэг нь төрийн албан тушаалтны үүрэг бөгөөд тэд үүргээ  биелүүлсэн эсэх нь газар эзэмшигчийн эрхийг  хүчингүй болгож хохироох үндэслэл болохгүй. С.Оюунбаатарын газар эзэмших, өмчлөх эрхийг хүчингүй болгох хуульд заасан ямар нэг үндэслэл байхгүй байхад хүчингүй болгосон.

6. С.Оюунбаатарын газар эзэмших эрх нь хууль ёсны учир түүнийг үндэслэн олгосон өмчлөх эрх олгосон захирамж, гэрчилгээ нь мөн зохих журмын адгуу олгогдсон учир түүнийг хүчингүй болгох үндэслэл байхгүй юм.

7. С.Оюунбаатарын эзэмшил газрын 258.8 м.кв газар л А.Баярсайхантай давхцалтай маргаантай байсныг Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 5989 дугаар шийдвэрээр маргааныг шийдвэрлэж, /хх-ийн 63-65/ шийдвэр нь хүчин төгөлдөр байхад уг шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин шийдвэрлэсэн, үлдэх 200 м.кв газар нь ямар нэг маргаангүй байхад С.Оюунбаатарт газар олгосон захирамжийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь маргаангүй хүчин төгөлдөр газраа эзэмших эрхийг нь хууль бусаар хөндөж байна.

8. Янжинлхамд олгосон газар нь А.Баярсайханы оршин сууж буй газраас өөр газар байсан болох нь Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 608 дугаар шийдвэрээр тогтоогдсон гэж ташаа дүгнэсэн байна. Учир нь, Захиргааны хэргийн шүүхийн 2014 оны 608 дугаар шийдвэрээр Янжинлхамд олгосон байсан АОС-ны 2-4 тоот газрыг С.Оюунбаатарт шилжүүлж олгосон атлаа Одсүрэнд уг газрыг давхардуулж олгосон захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, шинжээчийн дүгнэлтээр 2-4 тоот нь Янжинлхамын эзэмшилд байсан, уг газар дээр Одсүрэн, А.Баярсайхан нарын үл хөдлөх хөрөнгүүд байгаа гэдэг нь нотлогдчихсон асуудал юм. Иймд, давж заалдах шатны шүүхээс дээрх үндэслэл, нотлох баримтуудыг үндэслэн шүүхийн шийдвэрийг хянан үзэж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, А.Баярсайханы нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Шүүх “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр захирамжийн С.Оюунбаатарт холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны газраас С.Оюунбаатарт олгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 2-5 тоот хаягт байрлах 0289041 дугаартай 458 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/353 дугаар захирамжийн С.Оюунбаатарт холбогдох хэсгийг, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С.Оюунбаатарт олгосон 000361127 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн А.Баярсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Маргаан бүхий актуудаар олгосон газрыг иргэн О.Тунгалагт амины орон сууцны зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2001 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 361 дүгээр захирамжаар, мөн уг газрыг иргэн О.Тунгалагаас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 269 дүгээр захирамжаар иргэн А.Батчимэгт шилжүүлэн эзэмшүүлж, улмаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр захирамжаар 5 жилийн хугацаагаар гуравдагч этгээд С.Оюунбаатарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд уг 39 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 2-5 тоот хашааны 458 м.кв газрыг С.Оюунбаатарт өмчлүүлэхээр Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/3535 дугаар захирамж гаргасан байна.

Дүүргийн Засаг даргын захирамжуудаар олгосон дээрх газар дээр О.Тунгалаг, А.Батчимэг, С.Оюунбаатар нар 2001 оноос хойш оршин сууж байгаагүй, мөн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаагүй болох нь Хүн ам, өрхийн бүртгэлийн 2006-2011 оны дэвтэр, Газрын кадастрын мэдээллийн сан дахь зургийг 2005, 2010, 2012, 2013 оны агаарын зурагтай давхацуулсан зураг, шүүхээс хийсэн үзлэгийн баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдсон байна.

Харин Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 2-5 тоот хашааны газарт нэхэмжлэгч А.Баярсайхан 2004 оноос хойш амьдарч байсан болох нь дээрх нотлох баримтууд болон 2009 оноос 2014 оны 09 дүгээр сар хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөр төлж байсан баримт, тус дүүргийн 12 дугаар хорооны 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 4105 тоот тодорхойлолт, А.Баярсайханы Баянзүрх дүүргийн Газрын албанд 2012 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан өргөдөл зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч А.Баярсайханд маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгосон шийдвэр байхгүй хэдий ч Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар эзэмших, ашиглах, өмчлөхөд шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.4-д “газрын хуульд нөхцөл, журмын дагуу үр ашигтай, зохистой, хамгаалах, нөхөн сэргээх” гэж зааснаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 2-5 тоот хашааны газарт нэхэмжлэгч А.Баярсайхан нь 10 гаруй жил амьдарч, уг газартаа амины орон сууц, бусад үл хөдлөх эд хөрөнгийн барьсан зэргээс үзэхэд А.Баярсайханы  энэхүү эзэмшиж буй байдлыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.   

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 1/775 дугаар албан бичгээр ирүүлсэн агаарын болон Нийслэлийн Газрын албаны кадастрын мэдээллийн сангийн давхцуулж үзүүлсэн зургууд, дүүргийн Иргэний хэргийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 11077 дугаар захирамжийн дагуу гаргасан шинжээчийн дүгнэлт зэргээр гуравдагч этгээд С.Оюунбаатарын нэгж талбарын дугаар бүхий 458 м.кв газар нь нэхэмжлэгч А.Баярсайханы хашааны 589 м.кв талбай бүхий газартай 258,98 м.кв газраар хэсэгчлэн давхацсан болох нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

Анхан шатны шүүх дээрх байдлаар газрын давхацлыг зөв тогтоосон атлаа нэхэмжлэгч А.Баярсайханы эрх нь зөрчсөн газрын давхацлын тухайн хэсэг болох С.Оюунбаатарын эзэмшлийн 458 м.кв газраас 258,98 м.кв газрыг хүчингүй болголгүй гуравдагч этгээд С.Оюунбаатарын газар эзэмших, өмчлөх эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон буруу юм.

Дээрх дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр захирамжийн С.Оюунбаатарт холбогдох хэсгийг, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны газраас С.Оюунбаатарт олгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 2-5 тоот хаягт байрлах 0289041 дугаартай 458 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/353 дугаар захирамжийн С.Оюунбаатарт холбогдох хэсгийг, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С.Оюунбаатарт олгосон 000361127 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага гаргасан ч гуравдагч этгээд С.Оюунбаатарын өмчлөлийн газар нь нэхэмжлэгч А.Баярсайханы одоо оршин сууж байгаа хашааны 589 м.кв газрын 258,98 м.кв газартай давхцал бий болж түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тиймээс Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр захирамжийн, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны газраас С.Оюунбаатарт олгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 2-5 тоот хаягт байрлах 0289041 дугаартай 458 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/353 дугаар захирамжийн, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С.Оюунбаатарт олгосон 000361127 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээний С.Оюунбаатарт холбогдох хэсэг буюу 258,98 м.кв газрын эрхийг хүчингүй болгох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, зөрчигдсөн тэр хүрээнд маргаан бүхий захиргааны актын эрх зүйн үндэслэлийг хянаж, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн эрхийг сэргээхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан байна.

Иймд, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 209 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 39 дүгээр захирамжийн С.Оюунбаатарт холбогдох хэсгийг, дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас С.Оюунбаатарт олгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 2-5 тоот хаягт байрлах 0289041 дугаартай 458 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/353 дугаар захирамжийн хавсралтын 115-д буюу С.Оюунбаатарт холбогдох хэсгийг, мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын иргэн С.Оюунбаатарын нэр дээр газар өмчлөх эрхийг бүртгэж олгосон 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 000361127 дугаартай “Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г тус тус хүчингүй болгосугай” гэснийг “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 39 дүгээр захирамжийн, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны газраас С.Оюунбаатарт олгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын амины орон сууцны 2-5 тоот хаягт байрлах 0289041 дугаартай 458 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/353 дугаар захирамжийн, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газраас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр С.Оюунбаатарт олгосон 000361127 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээний С.Оюунбаатарт холбогдох хэсэг буюу 258,98 м.кв газрын эрхийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР