Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 00370

 

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 153/ШШ2019/00370

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хаан банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн 153/2019/00300/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баяр овогтой У нь тус банкны салбараас 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ЗГ201743088713 тоот зээлийн гэрээ байгуулж 11,450,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч Б.У нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, Улаанбаатар хотод байгаа сурагтай байна. Банкны зүтээс зээлдэгч Б.Уийн оршин суугаа газрыг тодорхойлж эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Хаан банкны Ховд салбар нь хариуцагч Б.Уийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Зээлдэгч Боржигон овогт Баярын У нь Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 06-12 тоотод оршин суухгүй байгаа нь Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаар тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, ПМ84050302 дугаарын регистртэй, Боржигон овогт Баярын Уийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар 1984 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, ПМ84050302 дугаарын регистртэй, Боржигон овогт Баярын Уийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Баярын У /.../-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ