| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00317/И |
| Дугаар | 00371 |
| Огноо | 2019-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 00371
| 2019 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/00371 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Буянт баг, 17-30 тоотод оршин суух, ..... дугаарын регистртэй, Б овогт Л-н Нгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 153/2019/00317/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Н нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1959 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт Лэгцэгийн 8 дахь хүүхэд болон төрсөн. Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр арван жилд 1969 онд 1-р ангид орж 1977 онд 8-р анги төгсөөд Говь-Алтай аймгийн ХАА-н барилгын ангид суралцаад 1979 онд төгсөөд 7 дугаар сарын 1-ээс эхлэн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаад 1980 оны 6 дугаар сарын 23-нд Ардын цэргийн албанд татагдсан. 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өвчний улмаас цэргийн албанаас халагдсан. 1985 оны 09 дүгээр сарын 27-нд Мал эмнэлэгт лаборторын поллерын жижүүрийн ажлыг 1989 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажилласан. 1989 оны 02 дугаар сарын 31-нд тахир дутуугийн 3 группэд гарсан тул өөр ажилд шилжүүлсэн. 1989 оны 4 дүгээр сарын 1-нд Барилга цахилгаан сантехник засварын ангид ээлжийн манаачаар ажиллаад 1991 оны 6 дугаар сарын 20-нд орон тооны илүүдлээр ажлаас чөлөөлөгдсөн 2007 оноос 2014 онд Бадамлах дөл хувьцаат компанд сантехникийн слессер хийж байсан. Иймд Л.Н намайг Ховд аймгийн Мал эмнэлэгт лаборторын поллерын жижүүрээр 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Л.Н нь Ховд аймгийн Мал эмнэлэгт лаборторын поллерын жижүүрээр 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Л.Н нь Ховд аймгийн Мал эмнэлэгт лаборторын поллерын жижүүрээр 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 703 дугаартай албан бичгээр ирүүлсэн аймгийн мал эмнэлэгийн газрын даргын 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 38, 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаар тушаалуудын хуулбар,
Ховд аймаг дахь Алтайн бүсийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн лабораторын эрхлэгчийн 1988 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай ажилд томилох тухай тушаал,
Ховд аймаг дахь Алтайн бүсийн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн лабораторын захирлын 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дугаартай тушаал,
Ховд аймгийн мал эмнэлэгийн газрын лабораторийн воллерийн ээлжийн дежурээр ажиллаж байсан Л.Нгийн цалингийн тодорхойлолт,
Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 02/1228 дугаартай архивын лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээлгэсэн 0735140 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагчийн бүрэн биш дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагч Л.Нгийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 126/002284 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа,
Гэрч Д.Оюунчимэгийн ... Би 1985 оноос 1989 оныг хүртэл Ховд аймгийн Мал эмнэлэгийн газрын лабораторт лаборантаар ажиллаж байсан. Л.Н нь 1985 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Мал эмнэлэгийн газрын лабораторт бойлурын жижүүрээр 1989 оныг дуустал ажиллаж байсан. Ховд аймгийн Мал эмнэлэгийн газрын лаборатор нь 1989 онд Алтайн бүсийн эрдэм шинжилгээний лабаотари гэдэг нэртэй болсон. Ховд аймгийн Мал эмнэлэгийн газрын лабораторид Л.Нгаас өөр ийм нэртэй хүн ажиллаж байгаагүй. Ндорж гэж яригддаг байсан. Бид хамтдаа нэг газар олон жил ажиллаж байсан хүний хувьд Л.Нгийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна. ... гэх мэдүүлэг,
Гэрч С.Нансалмаагийн ... Л.Н нь 1985 оноос 1989 оныг дуустал Ховд аймгийн Мал эмнэлэгийн газрын лабораторт бойлурын жижүүрээр 1989 оныг дуустал ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Л.Нгийн ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Л.Н нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШЗ2019/01160 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Барга овогт Лэгцэгийн Нг 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мал эмнэлэгт лабораторын поллерийн жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Хүсэлт гаргагч Л.Н нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШЗ2019/01160 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ