| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2019/00399/И |
| Дугаар | 420 |
| Огноо | 2019-10-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 420
Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 22 дугаар байр, 6 тоотод оршин суух, 1989 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ89101602, Бурд овогтой Цэдэвийн Урнаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 12 дугаар баг, 1-09 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ86100771, Шаавай овогтой Тоодойгийн Ганбаатарт холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Урнаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Урнаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь нөхөр Т.Ганбаатартай 2004 онд танилцаж, 2009 онд гэр бүл болж байсан. Бидний хамтын амьдралын хугацаанд 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Г.Халиунаа, 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр охин Г.Хулан нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан, сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, агсам согтуу тавьж хардаж зоддог болсон. Би 2 хүүхдээ бодож их удаан чимээгүй амьдарсаар ирсэн. Сүүлдээ тэсэхийн аргагүй болж 2 хүүхдээ аавыгаа согтуу ирэх бүрт айж байхыг харж, мөн хүүхдүүдийн минь сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж буй айдас түгшүүртэй амьдрал дунд байлгахыг хүсэхгүй байгаа тул цаашдаа түүнтэй хамт амьдрах хүсэлгүй байна. Т.Ганбаатар том охиноо авна гэсэн тайлбар гаргасан байсан, охин маань харааны бэрхшээлтэй тул эцэгт нь өгөх боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 2 хүүхдэдээ хуулийн дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Т.Ганбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шаавай овогтой Тоодойгийн Ганбаатар миний бие том охин Г.Халиунааг өөрийн асрамжид авмаар байна. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Урнаа нь хариуцагч Т.Ганбаатарт холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдүүдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Т.Ганбаатар, Ц.Урнаа нар 2009 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Г.Халиунаа, 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр охин Г.Хулан нар төрсөн, эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2017 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн эцэг, эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан охин Г.Халиунаа, Г.Хулан нарыг эх Ц.Урнаагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Г.Халиунаа, Г.Хулан нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Т.Ганбаатараар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Урнаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204.422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ганбаатараас 204.422 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Урнаад олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Т.Ганбаатарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй. Мөн нэхэмжлэгч Ц.Урнаа нь хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Шаавай овогт Тоодойгийн Ганбаатар, Бурд овогт Цэдэвийн Урнаа нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар гэрлэгчдийн 2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Г.Халиунаа, 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр охин Г.Хулан нарыг эх Ц.Урнаагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар охин Г.Халиунаа, Г.Хулан нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Т.Ганбаатараар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.
5. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Урнаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 204.422 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ганбаатараас 204.422 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Урнаад олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР