Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/75

 

 

 

    2023 оны 04 сарын  04 өдөр                 2022/ШЦТ/75                       ******* сум                  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,                                                                                                                     

улсын яллагч Д.Сүрэнхорлоо,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сүрэнхорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2330000000048  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******* өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй, “Цахиурт-Овоо” ХХК-д оператор ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ******* аймгийн Баруун-урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 17-14 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  хэрэг хариуцах чадвартай.

............... регистрийн дугаартай, ******* ургийн овогтой ******* .

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны оройны 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг “Урт цагаан” нэртэй караокены гадаа Ш.Анхбаяртай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь “ зүүн хөмсөгт шарх, нүдний дотор буланд цус хуралт, хамар, ооч, хацарт уруулын дээд хэсэгт, баруун, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ******* аймгийн Эрдэнэцагаанд ажилтай явж байгаад ******* аймгийн ******* суманд байх гэртээ ирсэн. Олон хоног явсан учир найз Ш.Анхбаяртай уулзаад урт цагаан караокед ороод нэг шил “экс” нэртэй архи уусан. Архиа уугаад харих гээд эхнэрийг дуудаад Анхбаяр нэлээн согтсон байсан тул манай эхнэр эхнэр рүү ярьтал манай нөхрийн утсыг нь машиных нь түлхүүртэй хураагаад ав гэсэн. Тэгээд машиных нь түлхүүрийг утастай нь хурааж аваад явах гэтэл машины түлхүүрээ авна гээд уурлаад байсан юм . Тэгээд би эхнэртэй явж байхад араас ирээд эхнэртээ базуулсан арчаагүй гээд дайраад доромжлоод байхаар нь уур хүрч хэд цохисон ... гэв.

 

Эрүүгийн 2330000000048 дугаартай хэргээс:  

 

- Яллагдагч *******ын: Ш.Анхбаяр намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд гараараа нүүр рүү нь цохиход газар унахдаа нүүрээрээ унасан. Тэгээд эхнэр газраас татаж босгоход зүүн хөмсөгнөөс нь цус гарч байсан.Надад зодуулахаас өмнө Анхбаярын нүүрэнд ямар нэгэн шарх байгаагүй. Анхбаяр нь цагдаагийн хамт эмнэлэг рүү орж байхад араас нь харахад зүүн хөмсөг нь дээд хэсэгт язарсан байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 28-30 дугаар хуудас/,

 

-Хохирогч : 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр найз ******* бид хоёр ******* сумын 3 дугаар багт байх “Урт цагаан” нэртэй караокед дуулангаа 0.75 литрийн Экс нэртэй архийг уусан. *******ын эхнэр ирээд “нөхрөө авч явна” гэхээр нь “түр хүлээж байгаарай, би тооцоогоо хийгээд ирье” гээд өрөөнөөсөө гарч яваад тооцоогоо хийхэд *******ын эхнэр С.Азжаргал нь өрөөнөөс гараад явсан байхаар нь ******* бид хоёр архи ууж дуусаад караокеноос гарсан. Караокены гадаа С.Азжаргал “чи эхнэртэйгээ утсаар ярь” гээд өөрийнхөө утсыг миний чихэнд наагаад барихаар нь “миний амьдрал чамд хамаа байхгүй утсаар ярихгүй” гээд С.Азжаргалаас холдсон. Тэгэхэд С.Азжаргал миний гар утас, машины түлхүүр хоёрыг авахаар нь “яаж байгаа юм бэ, би машинаа унаад гэртээ харих тэнхээтэй байна, утас машины түлхүүрээ авъя” гэхэд өгөхгүй байсан учраас уур хүрээд С.Азжаргалд хэдэн үг хэлсэн. Тэгэхэд ******* над руу уурлаад дайрахад нь С.Азжаргал голоор орж ирээд салгаад нөхрийгөө аваад цаашаа аваад явсан. Тэгэхээр нь “чи намайг зодож чадахгүй шүү” гэж хэлэхэд ******* буцаж ирээд миний нүүр рүү гараараа цохисны улмаас би газар унахдаа нүүрээрээ унасан. Миний хамраас цус гарахаар нь босоход *******, С.Азжаргал нар над руу ирж байхаар нь “цаашаа бай” гэж хэлээд бага зэргийн холдоход тэд яваад өгсөн. Тэгэхээр нь би уг асуудлаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд дуудлагаар ирсэн цагдаа намайг дагуулаад эмнэлэгт үзүүлж анхан шатны тусламж авхуулуулсан. Би гомдолгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна.Би одоогоор 500,000 төгрөг эмчилгээнд хэрэглээд байна. Надад эмчилгээндээ хэрэглээрэй гээд 500,000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг (хэргийн 6-7 дугаар хуудас),

 

- Гэрч : Тухайн өдрийн орой 19 цаг өнгөрч ажил тарахаар нь нөхөр *******ын утас руу залгаад хаана байгаа талаар асуухад “ хамт “Урт цагаан” караокед архи ууж байна, ирээд авчих” гэхээр нь очиход нөхөр, Ш.Анхбаяр хоёр хоёулхнаа 0.75 литрийн Экс нэртэй архи ууж байсан. Караокеноос гарах гээд нөхөр “хоёулаа хуваагаад төлье” гэхэд Ш.Анхбаяр “ би өөрөө төлнө” гэж хэлээд төлсөн. Караокеноос гараад эхнэрийн утас руу нь залгаад “нөхөр чинь согтсон байна, нөхрийгөө авчих”  гэхэд “би Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлээд явж байна, чи машины түлхүүр, утсыг нь өөрөөс нь аваад нуучих” гэсэн. Тэд караокеноос гарч ирэхээр нь би Анхбаярын гар утас,машиныхан түлхүүрийг нь өөрөөс нь аваад “чи согтуу машин барьж болохгүй,такси дуудаад гэр, гэр рүүгээ явъя” гэсэн. Тэгэхэд Ш.Анхбаяр нь уурлаад “би машинаа бариад явж чадна, зүгээр миний гар утас, машины түлхүүр өг” гэхээр нь “чи согтуу машин барьж явж байгаад янз бүрийн асуудал гаргана” гэхэд Анхбаяр нь надад уурлахад нь нөхөр намайг өмөөрөөд Ш.Анхбаярт “манай эхнэр чамд ямар гэм хийсэн юм бэ, Чамайг согтуу машин битгий барь гээд машины түлхүүрийг чинь авсан, тэрнээс өөр зүйл байхгүй” гэхэд нь Ш.Анхбаяр уурлаад хоорондоо муудахаар нь би голоор нь орж салгасан. Би нөхрийг аваад явж байхад араас Ш.Анхбаяр нь ирээд нөхөртэй хэрүүл ам хийгээд “эхнэрийнхээ үгнээс гарахгүй, эхнэртээ базуулсан арчаагүй” гэх мэтээр хэл амаар доромжлоход нь нөхөр уурлаад Ш.Анхбаярыг гараараа нүүр рүү нэг удаа цохиход газар нүүрээрээ унаад босоод ирэхэд нь хамраас нь цус гарч байсан. Нөхөр бид хоёр санаа зовоод Ш.Анхбаярыг эмнэлэг дээр ирэх байх гэж бодоод эмнэлгийн үүдэнд хүлээж байхад Ш.Анхбаяр цагдаагийн хамт эмнэлгийн үүдээр орохоос нь араас дагаад орцгоосон. Анхбаярыг эмчид үзүүлж байхад нь харахад зүүн талын хөмсөгний дээд тал нь язарч зүсэгдсэн байсан. Манай нөхөр эмчилгээний зардал гэж дансанд нь 500,000 төгрөг хийж өгсөн...” гэх мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар хуудас/,

 

- ******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 59 дугаартай “ биед зүүн хөмсөгт шарх, нүдний дотор буланд цус хуралт, хамар, ооч, хацарт уруулын дээд хэсэгт, баруун, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт /хэргийн 15-16 дугаар хуудас/,

 

- Яаралтай тусламжийн хуудас №1352 /хэргийн 14 дүгээр хуудас/,

 

            - ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.03.14-ний өдрийн 26/38 дугаартай албан бичиг, тусламж үйлчилгээний зардлын түүх /хэргийн 42-43/,

           

            - *******ын Иргэний үнэмлэхийн лавлагаа,байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, /хэргийн 37-39 хуудас/

 

- Шүүгдэгч *******ын ******* аймгийн Прокурорын газарт гаргасан “... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би үсэг мэднэ, уншиж бичиж чадах учраас мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч оролцуулахгүй мэдүүлэг өгөх хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-60/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны оройны 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* аймгийн ******* сумын 3 дугаар багт бай “Урт цагаан” караокены гадна Ш.Анхбаяртай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдан түүнийг цохиж эрүүл мэндэд нь “ зүүн хөмсөгт шарх, нүдний дотор буланд цус хуралт, хамар, ооч, хацарт уруулын дээд хэсэгт, баруун, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ ... Олон хоног явсан учир найз Ш.Анхбаяртай уулзаад урт цагаан караокед ороод нэг шил “экс” нэртэй архи уусан. Архиа уугаад харих гээд эхнэрийг дуудаад Анхбаяр нэлээн согтсон байсан тул манай эхнэр эхнэр рүү ярьтал манай нөхрийн утсыг нь машиных нь түлхүүртэй хураагаад ав гэсэн. Тэгээд машиных нь түлхүүрийг утастай нь хурааж аваад явах гэтэл машины түлхүүрээ авна гээд уурлаад байсан юм . Тэгээд би эхнэртэй явж байхад араас ирээд эхнэртээ базуулсан арчаагүй гээд дайраад доромжлоод байхаар нь уур хүрч хэд цохисон...” гэх,

хохирогч “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр найз ******* бид хоёр ******* сумын 3 дугаар багийн “Урт цагаан” караокед дуулангаа 0.75 литрийн Экс нэртэй архи уусан. *******ын эхнэр С.Азжаргал ирээд бид хоёр архи ууж дуусаад караокеноос гарсан. Караокены гадаа С.Азжаргал миний гар утас, машины түлхүүр хоёрыг авахаар нь “яаж байгаа юм бэ, би машинаа унаад гэртээ харих тэнхээтэй байна, утас машины түлхүүрээ авъя” гэхэд өгөхгүй байсан учраас уур хүрээд С.Азжаргалд хэдэн үг хэлсэн. ******* над руу уурлаад дайрахад нь С.Азжаргал голоор орж ирээд салгаад нөхрийгөө аваад цаашаа аваад явсан. Би “чи намайг зодож чадахгүй шүү” гэж хэлэхэд ******* буцаж ирээд миний нүүр рүү гараараа цохисны улмаас би газар унахдаа нүүрээрээ унасан. Миний хамраас цус гарахаар нь цагдаад дуудлага өгөөд дуудлагаар ирсэн цагдаа эмнэлэгт үзүүлж анхан шатны тусламж авхуулуулсан. Би гомдолгүй, надад эмчилгээндээ хэрэглээрэй гээд 500,000 төгрөг өгсөн... гэх,

гэрч “ Тухайн орой  19 цаг өнгөрч ажил тарахаар нь нөхөр *******ын утас руу залгахад хамт “Урт цагаан” караокед архи ууж байна, ирээд авчих” гэсэн. Караокеноос гараад эхнэрийн утас руу нь залгаад “нөхөр чинь согтсон байна, нөхрийгөө авчих гэхэд “би Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлээд явж байна, чи машины түлхүүр, утсыг нь өөрөөс нь аваад нуучих” гэсэн. Би Анхбаярын гар утас, машиныхан түлхүүрийг нь өөрөөс нь аваад “чи согтуу машин барьж болохгүй талаар хэлсэн. “Такси дуудаад гэр, гэр рүүгээ явъя” гэсэн. Тэгэхэд Ш.Анхбаяр нь уурлаад “би машинаа бариад явж чадна, зүгээр миний гар утас, машины түлхүүр өг” гэхээр нь чи согтуу машин барьж явж байгаад янз бүрийн асуудал гаргана” гэхэд Анхбаяр нь надад уурлахад нь нөхөр намайг өмөөрөөд Ш.Анхбаярт “манай эхнэр чамд ямар гэм хийсэн юм бэ? Чамайг согтуу машин битгий барь гээд машины түлхүүрийг чинь авсан, тэрнээс өөр зүйл байхгүй” гэхэд нь Ш.Анхбаяр уурлаад хоорондоо муудахаар нь би салгасан. Би нөхрийг аваад явж байхад араас Ш.Анхбаяр нь “эхнэрийнхээ үгнээс гарахгүй, эхнэртээ базуулсан арчаагүй” гэх мэтээр хэл амаар доромжлоход нь нөхөр уурлаад Ш.Анхбаярыг гараараа нүүр рүү нэг удаа цохиход газар нүүрээрээ унаад босоод ирэхэд нь хамраас нь цус гарч байсан. Анхбаярыг эмчид үзүүлж байхад нь харахад зүүн талын хөмсөгний дээд тал нь язарч зүсэгдсэн байсан...нөхөр эмчилгээний зардал гэж дансанд нь 500,000 төгрөг хийж өгсөн...” гэх мэдүүлгүүд,

              шинжээчийн 59 дугаартай “ биед зүүн хөмсөгт шарх, нүдний дотор буланд цус хуралт, хамар, ооч, хацарт уруулын дээд хэсэгт, баруун, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...” гэх дүгнэлт, Яаралтай тусламжийн хуудас №1352 зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.    

 

2. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч Ш.Анхбаярт учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 59 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан хохирлыг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

3. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм  буруугийн талаар “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай” гэх дүгнэлт гаргасныг шүүгдэгч *******аас “ Прокуророос ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй ” гэж хүлээн зөвшөөрч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч *******ын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондын маргаанаас хохирогч нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан уг үйлдэл хэргийн баримтаар хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон, улсын яллагчаас яллаж буй хэргийн зүйлчлэл зөв, түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

4. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ын түүнийг цохисон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болохыг дурдъя.

 

5. Шүүх шүүгдэгч *******ыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогчийн согтуурсан үедээ гаргасан зүй бус авир, үл ялих зүйлээс шалтаглан хохирогчийн цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлдсэн байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч Д.Сүрэнхорлоогоос “Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 13-ны оройны 21 цагийн орчим ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг “Урт цагаан” нэртэй караокены гадаа Ш.Анхбаяртай хувийн таарамжгүй харилцаа үүсгэж маргалдан, улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, нүдний дотор буланд цус хуралт, хамар, ооч, хацарт уруулын дээд хэсэгт, баруун, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар болон өнөөдрийн шүүх хуралдаанаар тогтоогдож байна.

******* нь бусдын эрх хууль ёсны эрх чөлөөнд халдаж болохгүй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атал  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хүний биед халдсан хууль бус үйлдлийн улмаас хохирогч Г.Анхбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан шууд шалтгаанд холбоотой, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч эмчилгээнд зарцуулсан 390000 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч *******аар нөхөн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ******* нь хохирогчид хохирол төлбөрөө барагдуулсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэв. Шүүгдэгч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэх дүгнэлт, 

шүүгдэгч *******аас “ ..Намайг хорихгүй байж болох уу.” гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн согтуурсан зүй бус үйлдэл нөлөөлсөн, тэрээр гэм буруугаа ухамсарлаж  хохирогчид эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчтой найз нөхдийн холбоотой зэрэг нөхцөл байдлыг үндэслэн түүнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох” ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ын зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Монгол Улсын иргэн нь Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.

Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй тусгайлан зохицуулсан бөгөөд уг хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.

 

Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг болно.

 

Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан “эрүүл мэндэд” учруулсан гэм хорд мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зардлууд хамаарах ба үүнийг гэм хор учруулсан этгээд нөхөн төлөх үүрэгтэй юм.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, тэрээр уг гэмтлийн улмаас 2023.02.13-ны өдөр тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс анхны тусламж үйлчилгээнд 214.000 төгрөг, 2023.02.24-нд Шинонмед эмнэлгийн амбулаторийн үзлэгт 15.000 төгрөг, 2023.02.24-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн үзлэгт 161.000 төгрөг, нийт 390.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн болох нь ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023.03.14-ний өдрийн 26/38 дугаартай албан бичиг, тусламж үйлчилгээний зардлын түүхийн баримт зэргээр нотлогдоно.

 

          Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

 

         Дээрх хуулийн зохицуулалтын дагуу ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба уг хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй тул эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг уг хууль болон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь хуульд нийцнэ.

 

        Иймд шүүгдэгч *******аас 390.000 төгрөгийг гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд төлүүлэхээр тогтоов. 

 

Харин шүүгдэгч ******* нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас  хохирогч Ш.Анхбаярт учруулсан хохирол буюу эмчилгээний болон бусад зардалд 2023.02.18-ны өдөр 500.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн болох нь  Хаан банкны хуулгаар нь нотлогдох бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтыг гаргаагүй, нэхэмжлээгүй ба тэрээр “ Би нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, бид хоёр хоорондоо тохиролцсон, эвлэрсэн. Би хөдөө уурхайд ажиллаж байгаа учраас шүүх хуралдаанд оролцохгүй” гэх тайлбарыг Шүүхийн мэдэгдэх хуудаар ирүүлсэн байх тул *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6.  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******аас 390.000 төгрөг гаргуулж ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тоот дансанд оруулсугай.

 

7.Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хурагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч *******аас, хохирогч эмчилгээний болон бусад зардалд 500.000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч Ш.Анхбаяр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгч ******* энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН