Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1203

 

 

 

 

 

                                               

Б.Ш, Г.Г, Ц.Э

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                  

прокурор М.Сансарсайхан,

хохирогч Э.Лхагва-Очир,  

шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

шүүгдэгч Ц.Э-ын өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулж,

                      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар  даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1023 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.Ш, Г.Г, Ц.Энарт холбогдох 1808046460760 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

                                       

2018 оны 10 дугаар сарын 3-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд:

- Б.Ш нь иргэн Э.Лхагва-Очирын зүүн нүдэн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний эвэрлэгийн урагдал, зүүн нүдний алимны агуулагдахууны гоожилт, хараагүйдэл, зовхинд зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

- Г.Г нь иргэн П.Цэрэннямыг зодож, эрүүл мэндэд нь баруун гарын богтос ясны дээд хэсэгт зөрөөтэй хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Г.Г, Ц.Энар бүлэглэн иргэн Ж.Жаргалсайханыг зодож, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт, хүзүү, цээж, хэвлий, зүүн дал, бугалга, тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Шийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

шүүгдэгч Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Боржигон овгийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч Боржигон овгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

               шүүгдэгч Б.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Эрдэнэбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, торгох ялын нийт хэмжээг 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож,

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг торгох ялын нэг хоногийг арван таван нэгжээр тооцож, түүний эдлэх ялаас 30 нэгж буюу 30.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Шийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийг эдлэх ялаас тус тус хасаж,

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 1.350.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд, шүүгдэгч Ц.Эрыг 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,

               Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Ц.Энар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

               хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч Ж.Жаргалсайханд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

               Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Э.Лхагва-Очирын “Сэтгэл санааны хохирол 30.000.000 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Шөөс 1.745.760 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Лхагва-Очир /Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 1-1286 тоот, РД-НЩ87111898/-т олгож, хохирогч Э.Лхагва-Очир, П.Цэрэнням нар цаашид гарах эмчилгээтэй холбоотой болон ажилгүй байсан хугацааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Гэм буруу болон хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 10 дугаар сарын 3-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжид иргэн П.Цэрэннямыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн иргэн Ж.Жаргалсайханыг Ц.Эрдэнэбаяртай бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хавтас хэргийн 27 дугаар хуудас хохирогч Цэрэннямын “...Эрдэнэбаяр гэх залуу би тухайн үед нэрийг нь мэдэхгүй, танихгүй байсан. Тухайн үед Эрдэнэбаяр дээгүүрээ нүцгэн хувцасгүй байсан...” гэх мэдүүлэг, хавтас хэргийн 32 дугаар хуудас гэрч Гансүрэнхорын “...Тэр үед эхнэр Хатанзул гэрээс гарч ирээд намайг авч ороод, хаалга түгжээд гаргахгүй байсан...” гэх мэдүүлэг, хавтас хэргийн 33 дугаар хуудас гэрч Эрдэнэбаярын “...Гансүрэнхорын цамцыг урчихсан. Би тэр 2-ыг салгаад байж байтал хойноос эрэгтэй, эмэгтэй 2 хүн гэрэл тусгаад хүүхдүүдээ юу болоод байгаа юм вэ? гээд ирсэн. Тэр үед Гансүрэнхорыг эхнэр Хатантуул аваад гэртээ орсон...” гэх мэдүүлэг, хавтас хэргийн 37 дугаар хуудас гэрч Хатантуулын “...би хүмүүстэй маргалдчихна гэж бодоод гадаа гарч Гансүрэнхорыг авч гэртээ оруулсан...” гэх мэдүүлэг, хавтас хэргийн 38 дугаар хуудас гэрч Нарантуяагийн “...2 өндөр залуу ирээд миний хажуугаар Лхагва-Очирыг өшиглөөд байсан. Гэрээс Цэрэнням, Жаргалсайхан 2 гарч ирээд цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд тэр 2 залуу Лхагва-Очироос босоод явсан. Танихгүй 2 залуу Цэрэнням, Жаргалсайхан 2-той зодолдоод байсан...” гэх мэдүүлэг, хавтас хэргийн 171- 175 дугаар хуудас Шинэтөрийн яллагдагчаар өгсөн “...Би анх гэрэл тусгасан хүнийг түлхэж унагаасан. Тэгээд хамт явж байсан хүн рүү чулуу шидээд нүдийг нь онож гэмтээсэн. Энэ 2-оос өөр нэг ахтай маргалдан, барьцалдан зодолсон...” гэх мэдүүлэг, хавтас хэргийн 183-187 дугаар хуудас Эрдэнэбаярын яллагдагчаар өгсөн “...Шинэтөр хүнтэй зодолдоод байхаар нь би хажуунаас нь тэр хүний цээж нь хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Тэгтэл ахиад нэг ах хүрч ирээд тэр эгчийг босгосон. Тэр үед миний баруун талд байсан хашаанаас нэг хүн гарч ирсэн ба мөн Гансүрэнхорын эхнэр хашаанаасаа гарч ирсэн харагдсан. Тэгсэн нэг өндөр ах над дээр ирээд наадуулаа бариад ав хүний нүд сохолчихлоо гээд миний хойд талаас зүүн мөрөн дээрээс цамцнаас бариад авсан. Тэгэхээр нь би тэр ахын мөрнөөс барьсан байсан зүүн гарнаас татаад урагш хөмрөөд унагаасан. Тэр үед миний цамцнаас зулгаасан байсан тул би цамцаа тайлаад зугтаасан чинь тэр ах газар гараа дараад унаснаа эд нар хутгатай байна. Миний гар руу шаачихлаа гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Гансүрэнхор нь бусдын биед гэмтэл учруулсан эсэх нь тодорхой бус, зодоонд оролцсон эсэх нь эргэлзээгүй нотлогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, мөн хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүйгээр” зохицуулсан тул шүүгдэгч Гансүрэнхорыг хохирогчийг цохиж гэмтэл учруулсан, бүлэглэсэн талаарх баримт хавтас хэргийн материалд байхгүй, нотлогдон тогтоогдохгүй байхад шүүх гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Шүүгдэгчийн хувийн байдал болон хууль хэрэглээний талаар:

Хэрэг гарах тухайн цаг хугацаанд шүүгдэгч Г.Г нь хамт байсан боловч зодоонд оролцоогүй, хохирогч нарыг цохиж зодож байгааг харсан гэрч, нотлох баримт байхгүй, шүүгдэгчийн мэдүүлэг анхнаасаа хөдөлбөргүй, зөрөөгүй байсан бөгөөд “хамт байсан цээж нүцгэн байсан” гэсэн үндэслэлээр нь ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүйгоор заасныг зөрчиж болзошгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэнг заавал нотлохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Г нь бага насны 2 хүүхэдтэй, залуу гэр бүл бөгөөд эхнэр Хатанзул нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдүүдээ асран гэртээ байдаг тул шүүгдэгч хувиараа барилгын засал, чимэглэлийн ажил хийж амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхдээ тэжээдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр анхан шатны шүүх 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь залуу гэр бүл, эх нялхаст санхүүгийн дарамт үзүүлэх нөхцөлд байдалд хүрээд байна.

Мөн шүүгдэгч Г.Гын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь тус хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх дууссаныг шүүх харгалзан үзэх нь зүйтэй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийн шүүгдэгч Г.Гд холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэг 2018 оны 10 дугаар сарын 3-ны орой үйлдэгдсэн байдаг. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жилээр яригдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.

 

Хохирогч Э.Лхагва-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдолтой байна. Хохирол төлбөрийн хувьд бага байна. Ял шийтгэлийн хувьд нэг нь ял авсан, энэ гурван хүн гурвуулаа хамт байсан. Гурвуулаа зодсон. Миний ажилгүй байсан хугацааны цалингийн нэхэмжлэлийг хүчингүй болгосон. Түүнд гомдолтой байна. Цалингийн тодорхойлолт, цалин авч байсан баримтаа бүгдийг нь бүрдүүлээд өгсөн байгаа...” гэв.

 

Прокурор М.Сансарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй гарсан тул  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                        

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэрэгт авагдсан:

хохирогч Э.Лхагва-Очирын: “...Ахтай юм яриад, хоол идэж байхад бэр эгч Нарантуяа “хашааны гадаа хүмүүс зодолдоод байна, дүү чинь байгаа юм шиг байна” гээд намайг дагуулаад явсан. Эгч Нарантуяа миний урд алхаж байгаад түрүүлж очоод “дүү чинь биш байна, урд айлын залуучууд байна” гээд бид хоёр буцаад гэр рүү явж байхад нэг залуу араас гүйж ирээд эгч Нарантуяаг татаад унагаасан. ...” /хх 13-14, 22, 28/,

 

хохирогч С.Жаргалсайханы: “...21 цагийн үед эгч Нарантуяа “урд хашааны гадаа зодоон болоод байна” гээд Лхагва-Очирыг аваад явсан. Би ах Цэрэннямыг бие засуулах гээд түшээд гарахад эгч Нарантуяа “хүн аллаа” гээд орилоод байсан. ...” /хх-16-17, 23/,

 

хохирогч П.Цэрэннямын: “...21 цагийн үед эхнэр Нарантуяа “хашааны урд хүмүүс зодолдоод байна" гээд гар чийдэн аваад гарсан. Дүү Лхагва-Очир, эхнэр Нарантуяа 2 тэр хүмүүс дээр түрүүлээд очсон. Би дүү Жаргалсайханы хамт араас нь очиход Лхагва-Очир нүүрээ дараад, цус гараад байсан. ...” /хх-19-20, 24-25, 27/,

 

           гэрч Ц.Батхүүгийн: “...Би ээжээс юу болсон талаар асуухад урд хашааны залуус хоорондоо зодолдоод байхаар нь Лхагва-Очиртой очоод салгах гэхэд “бид нарыг зодчихлоо” гэсэн. ...” /хх-30/,

 

           гэрч Б.Хатанзулын: “...архиа ууж байхдаа Шинэтөр, Эрдэнэбаяр хоёр хоорондоо маргалдаад Шинэтөрийг Эрдэнэбаяр гараараа 3-4 удаа цохиод Шинэтөрийн нүднээс цус гараад байсан. Би тэр гурвыг “гарч учраа ол” гээд гаргасан. Тэгээд гадаа Шинэтөр, Гансүрэнхор 2 хоорондоо зодолдоод байсан. Удалгүй хойд хашаанаас тэр 3 дээр хүмүүс ирж байгаа чимээ гарсан. Шинэтөр, Эрдэнэбаяр 2-ыг салгаж оруулах гээд очиход тэр хоёр хүмүүстэй маргалдаад Эрдэнэбаяр газраас чулуу аваад шидэхэд нэг залуу “нүд юм харахгүй байна” гээд орилоод байсан. ...” /хх-37/,

 

           гэрч Ц.Нарантуяагийн: “...21 цагийн үед бие засах гээд гэрээс гарахад хашааны гадна хүмүүс маргалдах чимээ гарахаар нь би гар чийдэн аваад гарахад дүү Лхагва-Очир цуг гаръя гээд араас гарч ирсэн. Хашааны гадна гарахад 3 хүн маргалдаад байж байсан. “Юу болоод байгаа юм бэ, цагдаа дуудлаа шүү” гэж хэлээд эргэж байхад хөх пиджактай залуу намайг татаж унагаасан. Дүү Лхагва- очир намайг босгох гээд ирж байхад намайг татаж унагаасан залуу газраас чулуу хайгаад байсан. Тэр үед Лхагва-Очир “нүд сохолчихлоо” гэж хашгирсан. Би очоод цусыг нь тогтоох гэж байхад 2 өндөр залуу ирээд миний хажуугаар Лхагва-Очирыг өшиглөөд байсан. Гэрээс Цэрэнням, Жаргалсайхан 2 гарч ирээд “цагдаа дуудлаа шүү” гэхэд тэр 2 залуу Лхагва-Очироос босоод явсан. Танихгүй 2 залуу Цэрэнням, Жаргалсайхан 2-той зодолдоод байсан. Би юу болж байгааг харж чадаагүй...” /хх-38/ гэх мэдүүлгүүдээр 2018 оны 10 дугаар сарын 3-ны орой 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 20 дугаар гудамжинд Б.Ш, Г.Г, Ц.Энар нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, уг үйлдлийг сонсоод гарсан иргэдэд хүч хэрэглэж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байна.

Гэтэл Б.Ш, Г.Г, Ц.Энарын үйлдсэн гэмт хэргүүдийг хэргийн хэмжээнд нь биш, зөвхөн Б.Шийн иргэн Э.Лхагва-Очирын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Г.Гын иргэн П.Цэрэннямын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Г.Г, Ц.Энарын бүлэглэн иргэн Ж.Жаргалсайханы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг буюу хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт нь л яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэж /1 хх 166-168, 178-180, 190-192/, анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл болж байна.

 

Иймд Б.Ш, Г.Г, Ц.Энарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “...Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах...” гэмт хэргийн шинжтэй үйлдэлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зохих ажиллагааг хийж, шүүхээр эцэслэн хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцно” гэж заасанд болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцнэ.

 

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянаж, шүүгдэгч Б.Ш, Г.Г, Ц.Энарын гэм буруутай үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “...Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах...” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, шийдвэрлэх шаардлагатай.     

 

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1808046460760 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул “...Г.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх шүүгдэгч Г.Гын өмгөөлөгч Ч.Мөнхбаярын гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/1023 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ш, Г.Г, Ц.Энарт холбогдох 1808046460760 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Эрүүгийн хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Шд авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Г, Ц.Энарт тус тус авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ

 

            ШҮҮГЧ                                                                        Д.ОЧМАНДАХ