Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0891

 

 

2021 12 21 128/ШШ2021/0891

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З У Б ХХК

Хариуцагч: БЗДЗД

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/1** дугаар захирамжийн З У Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З У Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/1** дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж-ийн хавсралтаар манай З У Б ХХК-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 45*** м.кв зуслангийн зориулалттай, нэгж талбарын 133010296 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хууль зүйн үндэслэлээ дээрх албан бичгүүдээр тайлбарлахдаа: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэснийг 33.2-т Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд азар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна гэснийг, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэснийг, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэснийг баримталжээ.

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ... заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт бол шинээг газар авахаар хүсэлт гаргаж буй этгээдэд хамаарна. Хэрвээ тус газрыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар газрыг олгох ёстой байсан гэж үзвэл уг асуудлыг тухайн шатны Засаг дарга газрыг анх олгохдоо зохион байгуулах үүрэгтэй.

Манай компани нь тус газрыг зохих журмын дагуу Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаар дамжуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/**дугаар захирамжийг үндэслэн 2018 онд М ХХК-аас шилжүүлэн авсан. Газрыг шилжүүлэн авах үед болон шилжүүлэн авсны дараа газрын дуудлага худалдааны үнийг төлөх талаар нэг ч удаа тус газраас мэдэгдэж байгаагүй. М ХХК нь уг газрыг 2013 онд авсан байдаг. Мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний тодруулга худалдааны анхны үнэ тодорхойлох журмаар зуслангийн газрыг дуудлага худалдаагаар олгодоггүй байсан. Тиймээс дуудлага худалдааны үнэ төлөөгүй гэдэг нь бүхэлдээ үндэслэлгүй.

2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлийг баримталж байгаа нь мөн үндэслэлгүй юм. Манай компани тус газрыг 2018 онд нэр дээрээ шилжүүлэн авч, 2019 онд кадастрын зураг нь гарсны дараагаар газар эзэмшүүлэх гэрэг байгуулснаас хойш Газрын тухай хуулийг зөрчсөн, гэрээний нөхцөлөө ноцтой зөрчсөн үйлдэл огт гаргаж байгаагүй. Тиймээс өнөөдрийг хүртэл манай компанид ямар нэг байдлаар зөрчил арилгуулах талаар газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэл ирж байгаагүй. Мөн газрын төлбөрийг гэрээнд заасан дүнгээр цаг тухайд нь төлж байгаа. Харин тус дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөрийн нэхэмжлэх үүсгэхдээ илүү дүнгээр үүсгэх, эсхүл өөр зориулалтын газраар тооцож нэхэмжлэл үүсгэх зэрэг алдаа гардаг.

3. ... Дээрх газрыг манай З У Б ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/**дугаар захирамжийг үндэслэн авсан ба газар эзэмших эрхийн гэрчилгээ 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гарсан боловч кадастрын зураг нь тэр даруй гараагүй. Бид бүтэн жил гаруй хугацаанд хөөцөлдсөний эцэст 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Гэхдээ гэрчилгээнд заасан хэмжээнээс багасгаж буюу 46*** м.кв газрын 45*** м.кв болгож өгсөн. Үүний дараа газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан.

Гэрээ байгуулсан хугацаанаас хойш тооцвол 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 2 жилийн хугацаа болж байна. Гэвч Баянзүрх дүүргийн Засаг даргын А/1** дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гарсан байна. Тиймээс уг захирамж нь манай компани тухайн газрыг хоёр жилийн хугацаанд эзэмшиж ашиглаагүй, гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад 2 жил ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэхдээ манай компани нь тус газрыг огт гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй зүйл байхгүй бөгөөд тус газарт зуслангийн зориулалтын барилга барихаар ажиллаж, зохих зураг төслийг хийлгэж, цахилгаан татах асуудлыг хөөцөлдөж байна. Мөн холбогдох төрийн байгууллагуудын шийдвэр гарах процесс удаашралтай байна.

Нөгөө талаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар газар эзэмшигч нь тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх ёстой. Гэвч Монгол Улс сүүлийн нэг жил хагас гаруй хугацаанд хөл хорио, хязгаарлалт, хил хаалттай, өндөржүүлсэн бэлэн байдал бүхий орчинд байна. Энэхүү хөл хорио, цар тахлын үеийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан мөн гэж ойлгож байгаа. Тиймээс тус хуулийн заалтыг баримталж газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Газрыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд худалдан авч байгаа. Шилжүүлээд олгосон байсан газрыг дамжуулан манай компанид шилжүүлэн авч байгаа учир дуудлага худалдаатай заалт хамаарахгүй. Мөн тухайн үед мөрдөгдөж байсан дуудлага худалдаатай холбоотой журмуудад зуслангийн зориулалтай газарт дуудлага худалдаа явуулж олгоно гэсэн зохицуулалт байхгүй. Газрыг шилжүүлэн авахаар болоход нэхэмжлэгч байгууллагад дуудлага худалдааны үнэ төлөх талаар мэдэгдээгүй. Өмнө нь шилжүүлэн авсан М ХХК нь мөн төлсөн зүйл байхгүй. Иймд уг үндэслэлийг баримтлан нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг үндэслэсэн. Эрхийн гэрчилгээ эзэмшигч нь Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийн гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн гэсэн байдаг. Уг газар эзэмших захирамж гарсан нь 2018 он ба 2019 онд газар эзэмших гэрээ хийснээс хойш Газрын тухай хуулийг зөрчсөн гэрээний нөхцөлийг ноцтой зөрчсөн үйлдлийг гаргасан гэж үзэхгүй байна. Газрын төлбөрийг хугацаанд нь төлөөд явж байсан. Иймд газар эзэмшигч нь Газрын тухай хууль тогтоомж болон гэрээний нөхцөлийг удаа дараа зөрчсөн гэсэн хуулийн үндэслэлийг баримталж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг баримталж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасны дагуу газрыг хоёр жил дараалан ашиглаагүй гэсэн байна. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр гэрээг байгуулсан. Гэрээний 6.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулсан өдрийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн тооцно гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хоёр жил болоогүй байхад хоёр жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлийг барьж цуцалсныг хууль зүйн үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт Хоёр жилийн хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэдгийг урьдач нөхцөл гэж байгаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Ковид-19 өвчинтэй холбоотой хөл хорио цар тахалтай холбоотой байгаа нь бүх аж ахуй нэгжийн хувьд хүндэтгэн үзэх нөхцөл бий болсон. Нэхэмжлэгчийн хувьд хоёр жил болоогүй хэдий ч сар ч ашиглаагүй гэсэн зүйл байхгүй. Нэр бүхий компанитай зураг төслөө гаргуулж авсан мөн тухайн барилгыг төвийн болон дулааны эрчим хүчээр хангах гэрээ хийх ажил, газар дээр шороо буулгаж газрыг тэгшлэх ажлыг хийсэн. Иймд уг үндэслэлийг барьж газар эзэмших эрхийг цуцалж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож, эдийн засгийн хүнд байдалд оруулж байна

... Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.5 дахь хэсэгт эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна гэж заасан. Гэрээнд өөрчлөлт ороогүй байхад гэрээнд заасан дүнгээс өөр дүнгээр төлөх үндэслэлгүй. 2020 онд хамаарах газрын төлбөрийн нэхэмжлэл нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үүсэж байгаа. Үүнээс харвал 2019 оны нэхэмжлэлийн дагуу биш Татварын албанаас өгсөн нэхэмжлэлийн дагуу газрын төлбөрийг төлдөг байсан. 2019 оны газрын төлбөрийг төлсөн 2020 оны газрын төлбөрийг боломж 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс хойш үүсэж байгаа. Үүсгэхдээ гэрээнд заагаагүй дүнгээр үүсгэж байгаа учир төлөх боломжгүй. Гэрээнд заасан дүнгээр төлсөн байгаа. Иймд газрын төлбөрийг үлдэгдэл байхгүй. 2021 онд газар эзэмших эрх цуцлагдсан байсан. Газрын төлбөрийн нэхэмжлэх 10 дугаар сарын 18-ны өдөр үүсч байгаа.

Өмнөх оны төлбөр 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлөгдсөн дүн нь урьдчилан гэрээний дагуу төлсөн. Одоо нэхэмжлэх өртэй болсноор төлбөр төлнө гэж Газрын албанаас хэлсэн учир нэхэмжлэх ирэхийг нь хүлээж байсан. 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэх ирэхэд нь яагаад нэмэгдсэн бэ гэдэг асуудал үүсч эхэлсэн. Газрын албатай уулзахад танайх зуслангийн зориулалтай газар гэж байгаа боловч нийтийн орон сууцны ангилал руу оруулсан байна. Үүнийг засуулж ир гэсэн учир Геодези зураг зүйн газарт хандаж бичиг өгсөн.

... Газрын хэмжээний хувьд хүсэлт гаргасан иргэний хувьд хязгаарласан зүйл байхгүй. Хүсэлт гаргасны дагуу төрийн байгууллага шийдвэр гаргаж өгч байгаа. Гэрээнд заагаагүй үндэслэлээр мөн хэлж байгаа тайлбараар зуслангийн зориулалтаар мөн өөр зориулалтаар төлбөр авахаар нэмэлт дүн нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрчлөх тохиолдолд гэрээнд өөрчлөлт орох ёстой. Мөн дахин захирамж гаргаж гэрээ гэрчилгээг өөрчилснөөр шинэ зориулалтаар газрын төлбөрөө төлөх үүрэг үүснэ. Мөн дээр дурдсан төлбөртэй холбоотой өөрчлөлт орох бол гэрээнд өөрчлөлт оруулна гэсэн байгаа. Гэрээнд өөрчлөлт оруулаагүй атлаа өөр өндөр дүнгээр нэхэмжилж түүний дагуу төлбөр төлсөнгүй гэж газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа нь хуульд нийцэхгүй. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн дуудлага худалдаа шалгаруулахтай холбоотой Нийслэлийн Засаг даргын захирамжийн агуулгыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөөр тайлбарлаж байна. Энэ захирамжийн агуулга нь газрыг шилжүүлэн авах үед иргэд, аж ахуй нэгж хоорондоо газраа шилжүүлэх үед нь нөхөж авах талаар заасан. Иймд уг заалт хамааралгүй юм. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 16,17 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хуульд зааснаар явагдаагүй гэж үзэж байна. Учир нь сонсох ажиллагааг мэдэгдэл хүргүүлснээр тооцохгүй, сонсох ажиллагааг явуулах талаар хуульд заасан байгаа. Хуульд заасан хоёр үндэслэлээс өөрөөр сонсох ажиллагааны шаардлагыг хангасан зүйл нь 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн албан бичигт байхгүй байхад мэдэгдлийг өгснөөр сонсох ажиллагаа дууссан гэж үзэж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй байна. Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 9.17 дахь хэсэгт иргэний орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх зарчмыг баримтална гэсэн байгаа. 5 дугаар сард гаргасан захирамж нь нэхэмжлэгчийн эдийн засаг, нийгмийн байдалд сөргөөр нөлөөлөхүйц шийдвэр нь уг хуулийн заалттай зөрчилдөж байна. Иймд нэхэмжлэгчийн орлогыг хаах уг шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Хариуцагчийн тайлбарлаж байгаа зуслангийн зориулалтаар олгосон газрын зориулалтыг өөрчилсөн гэж тайлбарлаж байгаа 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 25 дугаар тогтоолыг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүчингүй болгосон. Энэ тогтоолын дагуу төлбөрийн нэхэмжлэл үүсэх үндэслэлгүй. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр үүсч байгаа төлбөрийн нэхэмжлэх нь мөн хүчингүй юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: З У Б ХХК нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 45*** м.кв газрыг дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/**дугаар захирамжаар эзэмшжээ. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т газар төрийн хяналт хамгаалалтад байх зарчмыг баримтлан гэж заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох. 40.1.1-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол гэж заасан.

Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дах хэсэгт Газар эзэмшигчийн үүргийг заасан ба 35.3-т Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх-ийг үүрэг болгосон байна. Харин хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж газар эзэмшүүлэх нөхцөлийг заажээ.

Дээрх хуулийн хүрээнд З У Б ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан байх ба уг гэрээний 4.5-д Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 4.6-д Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги төлөх заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн нь газар эзэмшигч нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй байна.

Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07-аас илүүгүй байна гэж заасан бөгөөд бусад аж ахуйн зориулалтаар газар эзэмших тохиолдолд зайлшгүй төлбөр төлөхөөр зохицуулсан.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр баталсан Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хангах зарим арга хэмжээний тухай А/697 дугаар захирамжийн 1.4 дэх хэсэгт нийслэлийн нутаг дэвсгэрт дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, нэр шилжүүлэх, зориулалтыг өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд зохих журмын дагуу дуудлага худалдааны анхны үнийг нөхөн авч төсөвт төвлөрүүлэх, анхны үнийг нөхөн төлүүлсний үндсэн дээр холбогдох эрхийг баталгаажуулан ажиллахыг Нийслэлийн газрын алба болон бусад газруудад үүрэг болгосон байна.

Сонсох ажиллагааны тухайд нэхэмжлэгч компанид дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 13/661 дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжийн сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 234 дугаартай ирүүлсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасантай нийцсэн. З У Б ХХК нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрөө хугацаанд төлөөгүй. Өнөөдрийн байдлаар 19 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2019 оны газрын төлбөрөөс 6,713,000 төгрөг төлсөн. 2020 оны байдлаар 390,378 төгрөг төлсөн. 2021 онд 7,139,104 төгрөгийг төлөөгүй байна.

Газар эзэмших эрхийг цуцалсан Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж нь хууль зөрчөөгүй, хуульд нийцсэн гэдэг нь тогтоогдож байна. Мөн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан газар төрийн хяналтад зарчим үйлчилнэ гэдгийг хангасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манайх программ шинэчилсэнтэй холбоотойгоор төлбөрийн нэхэмжлэлийг татаад явдаг болсон. Газар эзэмших гэрээг аж ахуй нэгж байгууллага өөрсдөө ирж гэрээгээ шинэчлэх үүрэгтэй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх З У Б ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/1** дугаар захирамжийн З У Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн[1], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны А/5** дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 46*** м2, зуслангийн зориулалттай газрыг 15 жилийн хугацаатай М ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/**дугаар захирамжийг үндэслэн нэхэмжлэгч З У Б ХХК нь шилжүүлжээ[2].

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, маргаан бүхий газрын эзэмших эрхийг анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Аж ахуйн зориулалтаар газар эзэмшүүлэх эрхийн нэр шилжүүлэх тухай А/5** дугаар захирамжаар М ХХК нь авсан байна[3].

Уг захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх заалтуудыг үндэслэл болгожээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, 38.3. Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:, 38.3.1. энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;, 38.3.2. шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;, 38.3.3. эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх., 38.4. Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. . гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/5** дугаар захирамж нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэхээр гарсан захирамж гэж үзэхээр байна.

Гэтэл дээрх захирамжийн хавсралтаас үзвэл, /Өмнөх эзэмшигч, ашиглагч иргэн, хуулийн нэр/ гээд /Э.М, М.Б, М.С, О.С, Г.Г, А.Т, Д.Т, Б.С, Д.Б, А.А, 7*** м2/ гэжээ.

Уг захирамжаар нийт 46*** м2 газар эзэмших эрхийг М ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд 46*** м2 газрыг хэнээс, хэрхэн шилжүүлж байгаа нь ойлгомжгүй байна.

Тодруулбал, газар эзэмших эрхээ шилжүүлж байгаа гэх нэр бүхий 10 иргэн нь тус бүр 700 м2 газар эзэмшдэг байх бөгөөд нийт 7*** м2 газрыг шилжүүлсэн байна гэж үзэхээр байна. Үлдэх 39*** м2 газар нь ямар иргэн, хуулийн этгээдээс шилжиж байгаа нь огт бичигдээгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/5** дугаар захирамж нь зорилгодоо нийцээгүй Газрын тухай хуулийг зөрчиж гарсан захирамж гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч З У Б ХХК-ийг маргаан бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/**дугаар захирамжаар эзэмшиж байхад нь хариуцагч маргаан бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай А/1** дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгож шийдвэрлэжээ[4].

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь маргаан бүхий 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/1** дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, (б),(г), 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 40.2, 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 49 дүгээр зүйлийн 49.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн нэхэмжлэгч З У Б ХХК-ийг газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулж эзэмшүүлээгүй гэсэн үндэслэлүүдээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, 40.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:, 40.1.1. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн; 40.1.5. эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй;, 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд тухайн шатны Засаг дарга нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна.

I. Нэхэмжлэгч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн эсэх тухайд;

Хариуцагчаас дээрх үндэслэлээ дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэж тайлбарлажээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйл. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, 33.1. Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ:, 33.1.2. энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т[5] заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. ... ., 33.2. Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэхээр байна.

Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан газар нь Газрын тухай хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү хэмжээтэй газар байх тул газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэх хариуцагчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

Мөн хэдийгээр нэхэмжлэгч З У Б ХХК нь маргаан бүхий газар эзэмших эрхийг шилжүүлж авсан байх боловч уг газар нь анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/5** дугаар захирамжаар М ХХК-д газар эзэмших эрх үүсэхдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

II. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлийн тухайд;

2021 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Газрын төлбөрийн тооцоо нийлсэн 42******* дугаартай акт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна[6].

Уг актад нэхэмжлэгч З У Б ХХК-ийг 2018-2021 он хүртэлх хугацаанд гэрээгээр газрын төлбөрт 23,***,*** төгрөг төлөх ёстойгоос 4,***,*** төгрөг төлсөн, 18,588,801 төгрөгийн үлдэгдэлтэй гэжээ.

Нэхэмжлэгчээс газрын төлбөрийн үлдэгдлийг төлөөгүй үндэслэлээ Газар эзэмших гэрээнд газрын төлбөртэй холбоотой асуудлаар өөрчлөлт оруулалгүйгээр газрын төлбөрийн хувь хэмжээг хэтэрхий өндөр хэмжээгээр тогтоосон тул газрын төлбөрийг бүрэн төлөөгүй гэжээ.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоосон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой маргасан зүйл байхгүй гэжээ.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгчийн эзэмших гэрээнд газрын төлбөртэй холбоотой асуудлаар өөрчлөлт оруулалгүйгээр газрын төлбөрийн хувь, хэмжээг хэтэрхий өндөр хэмжээгээр тогтоосон гэх тайлбар үндэслэлгүй байна.

Тодруулбал, тухайн бүс нутгийн газрын төлбөрийн хувь, хэмжээг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоох эрхтэй бөгөөд маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нь газрын төлбөрийн хувь, хэмжээг тогтоосон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой маргаагүй атлаа гэрээнд энэ талаар өөрчлөлт ороогүй гэх үндэслэлээр газрын төлбөрөө төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч З У Б ХХК-ийг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

III. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд;

Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байхыг тус тус ойлгохоор байна.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь газар эзэмшиж байх хугацаандаа газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байна гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/**дүгээр захирамжаар маргаан бүхий 46*** м2 газрын эзэмших эрх нь нэхэмжлэгч З У Б ХХК-д үүсжээ.

Дээрх захирамжийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр 0003***** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ нэхэмжлэгч З У Б ХХК-д олгогдсон байна[7].

Мөн дээрх захирамжийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр З У Б ХХК-ийн захирал Х.Б нь Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга, газар зохион байгуулагч нартай газар эзэмших гэрээг байгуулжээ[8].

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, З У Б ХХК-д маргаан бүхий газрыг гэрээгээр эзэмшихтэй холбоотой эрх, үүрэг 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрөөс эхлэн үүссэн гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий газар очиж үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр нэхэмжлэгч нь тухайн газартаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй/ байсан болно[9].

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэр бүхий компаниар зураг төслөө гаргуулж авсан мөн тухайн барилгыг төвийн болон дулааны эрчим хүчээр хангах гэрээ хийх ажил, газар дээр шороо буулгаж газрыг тэгшлэх ажлыг хийсэн. ... гэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хийж гүйцэтгэсэн гэх ажлуудтай холбоотой санхүүгийн болон гүйцэтгэлийн баримт бичгүүдийг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул дээрх ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 13/661 дүгээр албан бичгээр Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Иймд мөн хариуцагчийг маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/1** дугаар захирамж нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчөөгүй үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгч З У Б ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/1** дугаар захирамжийн З У Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан З У Б ХХК-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/1** дугаар захирамжийн З У Б ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 1 дүгээр хавтас, 41-42 дугаар хуудас

[2] Хэргийн 1 дүгээр хавтас, 88-90 дүгээр хуудас

[3] Хэргийн 1 дүгээр хавтас, 112-113 дугаар хуудас

[4] Хэргийн 1 дүгээр хавтас, 91-91 дугаар хуудас

[5] 29.1.Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна.

29.2.Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно.

29.3.Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна.

 

[6] Хэргийн 2 дугаар хавтас, 38 дугаар хуудас

[7] Хэргийн 1 дүгээр хавтас, 72 дугаар хуудас

[8] Хэргийн 1 дүгээр хавтас, 76-78 дугаар хуудас

[9] Хэргийн 1 дүгээр хавтас, 99-107 дугаар хуудас