| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
| Хэргийн индекс | 128/2024/0073/З |
| Дугаар | 221/МА2025/0469 |
| Огноо | 2025-07-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2025/0469
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б
Нэхэмжлэгч: “М”
Хариуцагч: Зам, тээврийн хөгжлийн яам, тус яамны Төмөр замын хяналтын улсын байцаагч, Зам, тээврийн хөгжлийн сайд
Гуравдагч этгээд: Ч.Ө
Нэхэмжлэлийн шаардлага: “Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-03/016/50 дугаартай дүгнэлт, Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай 04-00-03/016/28 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/234 дугаартай тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0250 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Зам, тээврийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2024/0073/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яам, тус яамны Төмөр замын хяналтын улсын байцаагч, Зам, тээврийн хөгжлийн сайдад тус тус холбогдуулан “Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-03/016/50 дугаартай дүгнэлт, Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай 04-00-03/016/28 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/234 дугаартай тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0250 дугаар шийдвэрээр: Төмөр замын тээврийн тухай хууль /2007 он/-ийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.6, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.5, 13.5.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т тус тус заасныг баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: “... Маргаан бүхий захиргааны актууд болон анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл болгож буй дээр дурдсан журмын 4.1.1 дэх заалт нь объектын гэрчилгээг шинээр авах үед хэрэглэгдэх заалт юм. Тодруулбал, журмын 4.1 дэх заалтад “Гэрчилгээг шинээр авах тухай хүсэлт гаргахдаа ... дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ” гэж заасан. Маргаан бүхий захиргааны актуудаар түдгэлзүүлээд буй 2023.03.30-ны өдөр олгосон Объектын гэрчилгээ нь шинээр олгосон гэрчилгээ биш. Нэхэмжлэгч компанийн Объектын гэрчилгээг 2014.12.26-ны өдөр олгож, 2018, 2023 онуудад сунгасан байдаг.
3.1. Төмөр замын тээврийн тухай хуулийн 32.3-т “Салбар замыг холбох ... холбоотой асуудлыг төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн саналыг харгалзан төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ” гэж заасан. Иймд салбар төмөр замыг анх үндсэн төмөр замд холбох эсэхийг шийдвэрлэхдээ суурь бүтэц эзэмшигч буюу “УБТЗ” ХНН-ийн саналыг харгалзан яам шийдвэрлэх хууль одоо үйлчилж байна. Журмын 4.1.1 дэх заалт ч үүнтэй утга нэг гэж үзэж болно. Анх 2014 онд “М” компанид салбар төмөр зам барих, түүнийг үндсэн төмөр замд холбох, ашиглах талаар дээр дурдсан маш олон удаагийн дүгнэлт, шийдвэрүүдийг “УБТЗ” ХНН болон яам хамтран гаргасан.
3.2. Яам 2014 онд анх объектийн гэрчилгээ олгохдоо болон 2017, 2023 онд сунгахдаа “М” компани, түүний салбар төмөр замыг хууль, журмын бүхий л шаардлагыг хангаж байна гэж дүгнэж байсан. Яамны 2014 онд гаргасан удаа дараагийн дүгнэлт, зөвшөөрлүүд болон Сайдын 2014 оны объектын гэрчилгээ олгох тухай тушаал, 2018 онд гарсан сунгах тушаалууд одоо хүртэл хүчинтэй. Сайд 2023.08.29-ний өдөр объектын гэрчилгээг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан ч объектын гэрчилгээ олгох тухай тушаалаа хүчингүй болгоогүй, түдгэлзүүлээгүй. “М” ХХК ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй.
3.3. Яам нь 2018.03.12-ны өдөр объектын гэрчилгээ олгосон хэр нь 2018.05.24-ний өдөр тус гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Түүнчлэн, Хот байгуулалт, хөгжлийн газар нь 2023.05.22-ны өдөр нэхэмжлэгч компанийн салбар төмөр замыг Барилга, инженерийн байгууламжийн байр зүйн зураглалыг шалгаж, хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан байдаг. Иймд энэ нь дээрх журмын 4.1.1-т заасан “Шаардлагатай бусад баримт бичиг” гэдэгт хамаарах боломжтой. Ийнхүү үзвэл 2023.05.22-ны өдрөөс хойш буюу маргаан бүхий захиргааны актууд гарахаас өмнө журмын заалт хангагдаж, маргаангүй болсон гэж үзнэ” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “М” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яам, тус яамны Төмөр замын хяналтын улсын байцаагч, Зам, тээврийн хөгжлийн сайдад тус тус холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай 04-00-03/016/28 дугаартай дүгнэлт, мөн 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-03/016/50 дугаартай дүгнэлт, Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэр, болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/234 дугаартай тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэргийн үйл баримтын талаар:
3.1. Зам, тээврийн хөгжлийн яам, “УБТЗ” ХНН-ийн хамтарсан ажлын хэсгээс “Салбар зам барих, өргөтгөх техникийн нөхцөлийн дүгнэлт” гаргасны дагуу “УБТЗ” ХНН-ийн 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 27/239, 05 дугаар сарын 18-ны өдрийн 27/238 тоот албан бичгээр Толгойт өртөөнд зам барих, ачиж буулгах талбай байгуулах зорилгоор газар ашиглахыг нэхэмжлэгч “М” ХХК-д зөвшөөрч, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хашаа барихыг дэмжиж, Зам, тээврийн хөгжлийн яамны 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 14/121/06 дугаартай “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл” олгосноор нэхэмжлэгч нь Толгойт өртөөнд дагнасан хэрэглээний салбар төмөр замыг барьж, ашиглалтад оруулжээ.
3.2. Дээрх замыг Зам, тээврийн хөгжлийн яам, “УБТЗ” ХНН-ийн хамтарсан ажлыг хэсэг шалгаж, 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Салбар замыг байнгын ашиглалтад оруулах, зам барилгын ажлыг хүлээн авах тухай” 14/068/08 дугаартай дүгнэлт гаргасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тушаалаар “М” ХХК-д төмөр замын объектын гэрчилгээ олгож, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрчилгээний хугацааг 3 жилээр сунгасан байна.
3.3. Гэтэл “Г” ХХК-иас гаргасан газрын маргаантай холбоотой асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын байцаагчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гаргасан дүгнэлтийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар дээрх гэрчилгээг хүчингүй болгосон байх ба үүнтэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянаад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын маргаан бүхий газарт гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож, мөн гэрчилгээг хүчингүй болгосон улсын байцаагчийн дүгнэлт, Зам, хөгжлийн тээврийн хөгжлийн сайдын тушаалыг хүчингүй болгосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
3.4. Улмаар “М” ХХК-иас гэрчилгээг хүчингүй болгосон шалтгаан нөхцөл арилсан үндэслэлээр гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлт гаргасны дагуу Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 23/А86/01 дугаартай “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ”-г олгожээ.
3.5. Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын байцаагч Б.Мын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 04-00-03/016/28, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-03/016/50 дугаартай “... баримт бичгийн бүрдлийг хангаж ирүүлээгүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ, ашиглах, шилжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, узуфрукт эрх, түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримт бичиг нь “М” ХХК-д байхгүй байгаа тул объектын гэрчилгээг холбогдох хууль, журмын дагуу түдгэлзүүлэх, хүчингүй болгох хүртэл арга хэмжээг ажлын хэсэг авч ажиллах нь зүйтэй байна” гэсэн дүгнэлтүүдийг гаргаж, Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагаанд гэрчилгээ хүссэн өргөдлийг нягтлан шалгах, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар түдгэлзүүлэхгүй байхаар шийдвэрлэж, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
3.6. Үүний дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/234 дүгээр тушаалаар “М” ХХК-ийн төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг түдгэлзүүлснээр энэхүү маргаан үүсжээ.
4. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч хуулийн этгээд нь салбар төмөр зам эзэмшигч болохынхоо хувьд эрх олгогдсон батлан мөрдүүлж буй төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмийг үйл ажиллагаандаа баримтлах, уг баримт бичгээр тогтоосон нөхцөл, шаардлагыг хангах үүрэгтэй атал дээр дурдсан объектын гэрчилгээ авахад тавигдах шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, төмөр замын объектын гэрчилгээ авахад тавигдах шаардлагад тухайн объект эзэмшиж буй этгээд нь объект байрлаж буй газрыг өмчилдөг, эсхүл эзэмшдэг, эсхүл бусад гэрээгээр ашигладаг байх шаардлага тавигдсан. Маргааны тохиолдолд нэхэмжлэгчээс өөрийн салбар зам байрлаж буй газрын өмчлөл, эзэмшлийн талаар аливаа баримтыг захиргааны байгууллагад хүргүүлээгүй, шүүхэд ирүүлээгүй тул журамд заасан баримт бичгийн бүрдэл хангаагүй, хуулийн холбогдох зохицуулалтын хүрээнд гарсан шийдвэр гэж үзнэ” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
4.1. Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/154 дүгээр тушаалаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 4.1-д “Гэрчилгээ шинээр авах тухай хүсэлт гаргахдаа төмөр замын тээврийн тухай хууль тогтоомж, төмөр замын тээврийн нийтлэг дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартын шаардлагыг үндэслэн дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ” гээд 4.1.1-д “объектын гэрчилгээ авахад тавигдах шаардлага: үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, өмч хувьчлалын шийдвэр, худалдах, худалдан авах гэрээ, хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээ, узуфрукт эрх, түрээсийн гэрээ болон бусад шаардлагатай баримт бичиг”, 4.9-д “Ажлын хэсэг гэрчилгээний нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргана”, 4.11-т Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гэрчилгээ олгохыг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.
4.2. Дээрх журмын зохицуулалтаас үзвэл, журмын 4.1.1-д заасан баримтууд нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд шинээр объектын гэрчилгээ олгох үед тавигдах шаардлага байх ба энэ нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шинээр олгогдсон, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр, мөн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус тус 3 жилээр сунгагдсан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн объектын гэрчилгээнд хамааралгүй заалт гэж үзэхээр байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.
4.3. Төмөр замын тээврийн тухай /2007 оны/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төмөр замын тээврийн хяналтын алба /цаашид "хяналтын алба" гэх/ нь төмөр замын тээврийн аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаанд тавих захиргааны хяналтыг хэрэгжүүлнэ”, 13 дугаар зүйлийн 13.5.1-д “төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх үндсэн дээр гаргасан бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хяналт шалгалтыг төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага /цаашид “хяналт шалгалтын байгууллага” гэх/ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийх бөгөөд төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх, гүйцэтгэлийн гэж ангилна”, 5.2-т “Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийх...” гэж тус тус төмөр замын тээврийн аюулгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахтай холбоотой хяналт шалгалтыг хийхээр, харин уг хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эрх бүхий албан тушаалтны удирдамжийн дагуу гүйцэтгэхээр хуульчилсан бөгөөд маргаан бүхий дүгнэлтийн хувьд энэ шаардлагыг биелүүлээгүй буюу 2 удаагийн дүгнэлт гаргахдаа 1 удирдамжаар 2 удаагийн шалгалт хийж, агуулгын хувьд 2 дүгнэлт адилхан бичигдсэн, хийгдсэн цаг хугацааны тухайд өөр өөр цаг хугацаанд, нэг өдөр хийсэн гэх хяналт шалгалтаар 2 удаагийн дүгнэлт гаргаж, 2 өөр байгууллагад хаяглагдсан нь хуулийн шаардлагад буюу удирдамжийн нэгдсэн дугаартай байх, шалгалтын зорилго, үндэслэл, шалгалт эхлэх болон дуусах хугацаа, өмнө хийсэн шалгалтын талаарх мэдээлэл гэж заасан шаардлагад нийцсэн гэж үзэхээргүй.
4.4. Түүнчлэн, анх Зам, тээврийн хөгжлийн яам, “УБТЗ” ХНН-ийн хамтарсан ажлын хэсгээс “Салбар зам барих, өргөтгөх техникийн нөхцөлийн дүгнэлт” гаргасны дагуу Толгойт өртөөнд зам барих, ачиж буулгах талбай байгуулах зорилгоор газар ашиглахыг нэхэмжлэгч “М” ХХК-д зөвшөөрч, Зам, тээврийн хөгжлийн яамнаас Толгойт өртөөнд дагнасан хэрэглээний салбар төмөр замыг барихыг зөвшөөрч, ашиглалтад оруулсны дараа 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 14/068/08 дугаартай дүгнэлт, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тушаалаар “М” ХХК-д төмөр замын объектын гэрчилгээ олгож, 2018, 2023 онд тус тус гэрчилгээний хугацааг сунгахдаа дээрх журамд заасан баримт бичгийг шаардаагүй хэр нь газар эзэмших эрх олгогдоогүй буюу нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад уг үндэслэлээр Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын байцаагч Б.Маас маргаан бүхий 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 04-00-03/016/28, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-03/016/50 дугаартай дүгнэлтүүдийг гаргасан үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болжээ.
4.5. Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын байцаагчаас “... журамд заасны дагуу тус салбар зам байршиж буй газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус ирүүлээгүй байхад журам зөрчиж объектын гэрчилгээ олгосон байгаа нь сүүлд тогтоогдсон тул журмын дагуу дүгнэлт гаргаж ажлын хэсэгт хүргүүлсэн” гэж тайлбарлах боловч Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасан 5 жилийн хугацаа өнгөрсөн байх ба анхнаасаа захиргааны байгууллагаас шийдвэр гаргахдаа журамд заасан баримтын бүрдлийг шаардаагүй нь эрх бүхий байгууллагаас өгсөн зөвшөөрөл, гэрчилгээний дагуу зам барьж, үйл ажиллагаа явуулсан нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.
4.6. Маргаан бүхий объектын газартай холбоотой гуравдагч этгээд Ч.Өын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй хэдий ч хууль, журамд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгч “М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрүүд нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байх тул Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 04-00-03/016/28, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-03/016/50 дугаартай дүгнэлтүүд, дүгнэлтийг үндэслэж гарсан Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/234 дугаартай тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
4.7. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 1803104780 дугаартай газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч “М” ХХК олж авсан, үүнтэй холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тул 2026 он хүртэл олгогдсон гэрчилгээ хүчинтэй үлдэнэ” гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0250 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 48 дугаар зүйлийн 48.3, Төмөр замын тээврийн тухай /2007 оны/ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.6, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.5.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр замын хяналтын улсын ахлах байцаагч Б.Мын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай 04-00-03/016/28 дугаартай дүгнэлт, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 04-00-03/016/50 дугаартай дүгнэлт, Гэрчилгээжүүлэлтийн ажлын хэсгийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэр, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/234 дугаартай тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
еРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ