Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 642

 

 

 

 

 

 

 

 

 

 

    “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00062 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэнпүрэв, өмгөөлөгч Б.Бат-Энх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийн дагуу Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 115-р байрны 5 дугаар давхрын баруун хэсэгт байрлах 210 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах, шинжээч томилж үнэлгээ хийх зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг хийсэн. Үл хөдлөх хөрөнгө нь зээл олгосон Г.Нямдаваагийн нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд үүнтэй холбогдуулан “Х” ХХК нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийг буцаан манай нэр дээр шилжүүлсэн. Үл хөдлөх хөрөнгийг 359 955 912 төгрөг гэж зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр “Х” ХХК-иас 329 295 450 төгрөг гаргуулж иргэн Г.Нямдаваад олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, удаа дараа төлбөр төлөх мэдэгдлийг “Х” ХХК-д өгсөн боловч төлбөр төлөгдөөгүй. Иймд төлбөр авагч Г.Нямдаваагийн хүсэлтээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 115 дугаар байрны 5 дугаар давхарт байрлах 210 м.кв үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу төлбөр төлөгч “Х” ХХК-иас компанийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшийг тогтоож, үнэлгээ өгсөн боловч үнэлгээнд санал өгөөгүй, үл хөдлөх хөрөнгийг нэр дээр шилжсэн тохиолдолд үнэлгээг өгнө гэсэн хариу өгсөн учраас шинжээч томилсон бөгөөд шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 389 955 912 төгрөгөөр үнэлсэн ба үнийн дүнгийн 70 хувь болох 272 969 138 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож, талуудад 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн.

Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг “Х” ХХК-ний нэр дээр шилжүүлэхээр шийдсэн. Г.Нямдаваа өмчлөгчөөр байгаа боловч эзэмших, ашиглах эрхгүй, өөрөө дуудлага худалдаанд оруулахыг хүссэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Улсын бүртгэлийн Ү-2205046686 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 115 дугаар байрны 5 дугаар давхрын баруун хойд хэсэгт байрлах 210 м.кв үл хөдлөх хөрөнгийг 389 955 912 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн “Х” ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: НШШГГ, түүний шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчиж, хөрөнгө битүүмжлэх, хөрөнгө хураах, шинжээч томилж үнэлгээ хийлгэх зэрэг хууль бус ажиллагаа явуулсан. Учир нь шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжилж хурааж буй дээрх үл хөдлөх хөрөнгө нь анх манай компанийн өмч хөрөнгө байсан боловч хууль бусаар өөр этгээд буюу энэхүү маргаан бүхий ажиллагааны төлбөр авагч иргэн Г.Нямдаваагийн нэр дээр 2014 онд шилжсэн ба энэ нь “хууль бус болохыг шүүхээс тогтоож, буцаан шилжүүлэхийг даалгасан” хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаа ба буцаан шилжүүлээгүй байгаагаас манай компанийн өмч биш зүйлийн хувьд явуулж буй энэ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль бус гэсэн манай тайлбар, гомдлыг шийдвэр гүйцэтгэгч болон НШШГГ, эрх бүхий этгээдэд гаргасан ч хүлээн авахгүй байгаа. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ манай нэхэмжлэлийн шаардлагын талаар шийдвэртээ огт дурдахгүйгээр орхигдуулан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан бөгөөд өмгөөлөгч маань орон нутагт шүүх хуралдаантай байсан учраас тухайн өдрийн шүүх хуралдаанд ирж оролцох боломжгүй байгаа талаар хүсэлтийг шүүх хуралдааны өмнө гаргахад шүүх хүсэлтийг хэлэлцэхгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр орхигдуулан шүүхийн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж тэгш шударгаар мэтгэлцэх, эрхээ хамгаалж өмгөөлөгчтэй оролцох, мөн маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхигдуулсан, хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой, үнэн зөв үнэлж дүгнээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч “Х” ХХК нь НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдааны үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт доогуур байна гэж үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж хариуцагч тайлбарлан маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 4690 дүгээр шийдвэрээр /хх18-19/ 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 327 500 000 төгрөгийг “Х” ХХК-аас гаргуулан Д.Нямдаваад олгохоор шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Д.Нямдаваагийн өмчлөх эрхэд бүртгэлтэй Ү-2205046686 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 115 дугаар байрны 5 давхрын үйлчилгээний зориулалттай 210 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 3/22740 дугаар албан бичгээр төлбөр төлөгч “Х” ХХК-д албадан дуудлага худалдааны үнийн санал ирүүлэх талаар мэдэгджээ.

Төлбөр төлөгч нь заасан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор шинжээч томилсноор шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 389 955 912 төгрөгөөр үнэлсэн /хх33-38/ ба 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “Х” ХХК болон Д.Нямдаваа нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний барьцаанд “Х” ХХК нь Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 115 дугаар байрны 5 давхарт үйлчилгээний зориулалттай 210 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, дээрх хөрөнгийг Д.Нямдаваагийн нэр дээр шилжүүлсэн боловч, төлбөр төлөгчийн өөрийнх нь эзэмшил, ашиглалтад байгаа нь тогтоогдсон байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэрээр Д.Нямдаваа, “Х” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Ү-2205046686 улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 115 дугаар байрны 5 давхрын үйлчилгээний зориулалттай 210 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг “Х” ХХК-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг Д.Нямдаваад даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа нь зээлийн гэрээний үүргийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулах ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй.

Үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хууль бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд 389 955 912 төгрөгийн 70 хувь буюу 272 969 138 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, энэ тухай мэдэгдэл хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, төлбөр төлөгч “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул үнэлгээг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2018/00062 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                              Г.ДАВААДОРЖ

                                                                                       А.ОТГОНЦЭЦЭГ