| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2019/00119/и |
| Дугаар | 359 |
| Огноо | 2019-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 359
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Нгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “С-П” ХХКомпанид холбогдох
“Үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн хүү 1 386 000 төгрөг, алданги 9 193 000 төгрөг, нийт 27.579.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “С-П” ХХКомпанийн “С-П ХХКомпанийн гүйцэтгэх захирал Ж.С иргэн Д.Н нарын хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Н, хариуцагч “С-П” ХХКомпанийн захирал П.Г, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга С.Бат-Очир нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2018.4.26-ны өдөр “С-П” ХХКомпанийн захирал Ж.С санал болгосны дагуу зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг 2018.4.26-ны өдрөөс 2018.5.26-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож 17 000 000 төгрөгийг бэлнээр өгч зээлийн гэрээ байгуулсан.
Ингээд 2018.5.26-ны өдөр “С-П” ХХКомпани дээр очиж Ж.Стай уулзахад орж ирэх ёстой байсан мөнгө орж ирсэнгүй, та надад туслаач, 1 сарын боломж олгооч, харин энэ сарынхаа хүүг өгье гээд 17 000 000 төгрөгийн 1 сарын хүү болох 1 386 000 төгрөгийг өгсөн.
Би гэрээгээ 1 сараар буюу 2018.5.26-ны өдрөөс 2018.6.26-ныг хүртэл хугацаагаар сунгаж, хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Мөн зээлийн хугацаа дуусч дахин очиж уулзахад боломжгүй болчихлоо гэдгээ хэлж, зээлийн гэрээнд зааснаар таныг хохироохгүй, хүү, алдангийг өгнө. Тэгээд ч манайх 200 000 000 төгрөгийн зээл хөөцөлдөж байна, тэр мөнгө ороод ирвэл мөнгийг чинь өгнө гээд явуулсан.
Би хувийн ажлаар Солонгос улс руу яваад 10 сард ирж Ж.Стай уулзахад “С-П” ХХКомпанийн захирал П.Г гэдэг хүн болсон байсан. Захирал П.Г компанийн өрийг 2018 онд багтааж төлнө гээд надад албан бичиг хийж өгсөн. П.Гтай уулзахад Ж.С захирал танд өглөгтэй гэдгийг хэлсэн, би барагдуулна, компанид санхүүгийн шалгалт хийлгэж байгаа, энэ шалгалтын үр дүн, дүгнэлт юу гэж гарах юм бол. Үнэхээр “С-П” ХХКомпанид таниас авсан мөнгө зарцуулагдсан бол бид барагдуулна гэсэн. 2019.2.26-ны үед шалгалт юу болсон талаар асуухад дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан, таны зээлийг 2 хувааж төлнө, эхлээд эхний төлөлтөө 3 сарын эхээр үндсэн зээлийн төлөлт 8 500 000 төгрөгийг өгнө гэсэн. Би дараачийн зээлийн хүү, алдангийг яаж төлөх талаар асуухад хугацаа хэлж чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би цаашид хохирч чадахгүй, хадгаламж барьцаалсан зээл аваад танай компанид өгсөн. Зээлийн хүүний алдангид ороод байна гэхэд биднийг хүлээнэ үү, шүүхэд хандана уу та өөрөө мэд гэсэн. Ингээд би шүүхэд хандсан. Иймд “С-П” ХХКомпаниас үндсэн зээл 17 000 000 төгрөг, хүү 1 386 000 төгрөг, алданги 9 193 000 төгрөг, нийт 27 579 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “С-П” ХХКомпанийн гүйцэтгэх захирал П.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С-П” ХХКомпанийн гүйцэтгэх захирал Ж.С нь иргэн Д.Нгаас 2018.4.26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирч зээлсэн байна.
“С-П” ХХКомпанийг “У” ХХКомпани болон “СҮТП” ОНӨААТҮГ тус тус хувь нийлүүлэн үүсгэн байгуулсан бөгөөд компаний дүрмийн 7.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь ТУЗ байна”, 7.7.17-д “Гүйцэтгэх удирдлагаас ТУЗ-ын хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал”, 8.8-д “Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-аас олгосон эрх хэмжээний хүрээнд компаний нэрийн өмнөөс хэлцэл хийх” гэж заасан байна.
Дүрмийн дээрхи заалтуудын дагуу “С-П” ХХКомпанийн гүйцэтгэх захирал Ж.С нь иргэн Д.Нтай зээлийн гэрээ байгуулахдаа ТУЗ-ын хурлаар хэлэлцүүлж, зөвшөөрөл авах ёстой байтал өөрөө дур мэдэн, хууль бусаар компаний нэрийн өмнөөс хэлцэл хийсэн байх тул дээрхи зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл ...” гэсэн заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж.С шүүхэд гаргасан тайлбартаа: Би “С-П” ХХКомпанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа компанийн ажилчдын цалин хөлс, бусад зардлыг санхүүжүүлэх мөнгөн хөрөнгөгүй болсон учраас иргэн Д.Нгаас 2018 оны 4 дүгээр сард зээлийн гэрээний дагуу 17 000 000 төгрөгийг зээлж авсан. Миний бие уг зээлийг хувьдаа авч ашиглаагүй. Тухайн үед компанийн санхүүгийн хүндрэлээс болж яаралтай санхүүжилт хэрэгтэй боллоо гэж холбогдох хувьцаа эзэмшигч нарт хэлэхэд өөрөө зохицуул гэж хэлж байсан. Иймээс дөнгөж байгуулагдсан компанид банкнаас зээл хүсэх боломжгүй байсан учраас үйл ажиллагааг тасралтгүй, шуурхай зохицуулах үүднээс зээлийн гэрээгээр хувь иргэнээс мөнгө зээлсэн.
Компанийн дээрх зээлийг борлуулалтын орлогоос буцаан төлөх ёстой байсан. Би 2018.9.26-нд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын ээлжит бус хуралдааны 04 тоот тогтоолоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Дараагийн захирал П.Гд иргэн Д.Нд төлөх зээл байгааг хэлээд үлдээсэн. П.Г захирал Д.Нгийн зээлийг 2018 онд багтаан төлөхөө илэрхийлж байсан. Одоо яагаад төлөхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Би энэ зээлээс нэг ч төгрөг өөртөө зарцуулаагүй, бүгдийг нь компанийн үйл ажиллагаанд зарцуулсан. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд компанийн ХЭХ, ТУЗ надтай гэрээ байгуулаагүй болно гэжээ.
Хариуцагч “С-П” ХХКомпанийн гүйцэтгэх захирал П.Г сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа; “С-П” ХХКомпанийн гүйцэтгэх захирал байсан Ж.С нь иргэн Д.Нгаас 2016.4.26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирч зээлсэн байна.
“С-П” ХХКомпанийг “У” ХХКомпани болон “СҮТП” ОНӨААТҮГ тус тус хувь нийлүүлэн үүсгэн байгуулсан бөгөөд компаний дүрмийн 7.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь ТУЗ байна”, 7.7.17-д “Гүйцэтгэх удирдлагаас ТУЗ-ын хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал”, 8.8-д “Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-аас олгосон эрх хэмжээний хүрээнд компаний нэрийн өмнөөс хэлцэл хийх” гэж заасан байна.
Мөн Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.16-д ТУЗ-ын бүрэн эрхэд “... энэ хуулийн арван нэгдүгээр бүлэгт заасны дагуу их хэмжээний хэлцэл хийх зөвшөөрөл олгох ...”, 76.1.18-д “... энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал ...”, 83 дугаар зүйлийн 83.8-д “ ... гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах ... үйл ажиллагаа явуулна...” гэж тус тус заажээ.
Хууль болон дүрмийн дээрх заалтуудын дагуу “С-П” ХХКомпанийн гүйцэтгэх захирал Ж.С нь иргэн Д.Нтай зээлийн гэрээ байгуулахдаа ТУЗ-ын хурлаар хэлэлцүүлж, зөвшөөрөл авах ёстой байтал өөрөө дур мэдэн, хууль бусаар компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийсэн байх тул дээрх зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-ын “ ...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл ...” гэсэн заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Д.Н сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлдэгч байгууллагын хувьд санхүүгийн хүндрэлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, хугацаанд нь мөнгөө төлөөгүйн улмаас миний бие “С-П” ХХКомпаниас мөнгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бидний хооронд 2018.4.26, 2018.5.26-ны өдөр байгуулагдсан “Зээлийн гэрээ” нь хуульд нийцсэн, аль аль талын хүсэл зоригийн илэрхийлэл, хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болсон.
Тус байгууллагын надаас зээлсэн мөнгө нь тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд зарцуулагдсан, надад төлөх зээлийн өр төлбөртэй болох нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон.
Харин “С-П” ХХКомпанийн одоогийн захирал П.Г нь миний мөнгийг төлөхөөс элдэв хэлбэрээр зайлсхийх, цаг хожих зорилгоор энэхүү гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Сөрөг нэхэмжлэлд 2016.4.26-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэсэн байна. Би “С-П” ХХКомпанийн гүйцэтгэх захирал Ж.Стай 2016.4.26-ны өдөр зээлийн гэрээ байгуулаагүй, ийм гэрээгээр түүнд мөнгө зээлүүлээгүй. Иймд “С-П” ХХКомпанийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч “С-П” ХХКомпаниас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 17 000 000 төгрөг, хүү 1 386 000 төгрөг, алданги 9 193 000 төгрөг, нийт 27 579 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “С-П” ХХКомпанийн гүйцэтгэх захирал байсан Ж.С иргэн Д.Н нарын хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
1. Нэхэмжлэгч Д.Нгийн үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн хүү 1 386 000 төгрөг, алданги 9 193 000 төгрөг, нийт 27 579 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч “С-П” ХХКомпанийн гүйцэтгэх захирал Ж.Стай 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д.Н нь 17 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр хариуцагч “С-П” ХХКомпанид зээлдүүлсэн, зээлийн гэрээний хугацаа дуусч 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээг 1 сарын хугацаагаар сунгасан болох нь хэрэгт авагдсан зохигчдын хооронд байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 26, 2018 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Зээлийн гэрээ”-ээр тус тус тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувиар тооцож алданги зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байхаар заажээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохоор тус тус заасан.
Нэхэмжлэгч Д.Н нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 17 000 000 төгрөгийг хариуцагч “С-П” ХХКомпанид шилжүүлж өгсөн болох нь ХААН банкны зарлагын мэдүүлэг, “Пантер Мидланд Аудит” ХХКомпанийн 2019.3.01-ний өдрийн Д.Нд хүргүүлсэн албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэгч Д.Н нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээл 17 000 000 төгрөг, нэг сарын зээлийн хүү 1 386 000 төгрөг, алданги 9 193 000 төгрөг, нийт 27 579 000 төгрөгийг хариуцагч “С-П” ХХКомпаниас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр байгуулна”, мөн хуулийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Н нь анз тооцох тухай гэрээг хуульд заасан шаардлагын дагуу бичгээр байгуулсан ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч “С-П” ХХКомпани нь үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн хүү 1 386 000 төгрөгийг төлөөгүй байх тул гэрээнд зааснаар алдангийг тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 18 386 000 төгрөгийн 50 хувь болох 9 193 000 төгрөгөөр алдангийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд “С-П” ХХКомпаниас үндсэн зээл 17 000 000 /арван долоон сая/ төгрөг, зээлийн хүү 1 386 000 /нэг сая гурван зуун наян зургаан мянга/ төгрөг, алданги 9 193 000 /есөн сая нэг зуун ерэн гурав мянга/ төгрөг, бүгд 27 579 000 /хорин долоон сая таван зуун далан есөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Нд олгохоор шийдвэрлэлээ.
2. Хариуцагч “С-П” ХХКомпанийн “С-П ХХКомпанийн гүйцэтгэх захирал Ж.С иргэн Д.Н нарын хооронд байгуулагдсан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч “С-П” ХХКомпанийн захирал П.Г зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэсэн заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Хариуцагч “С-П” ХХКомпанийн захирал П.Г компаний дүрмийн 7.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компаний эрх барих байгууллага нь ТУЗ байна”, 7.7.17-д “...гүйцэтгэх удирдлагаас ТУЗ-ын хурлаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал”, 8.8-д “...гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-аас олгосон эрх хэмжээний хүрээнд компаний нэрийн өмнөөс хэлцэл хийх...” гэж заасан заалтуудын дагуу гүйцэтгэх захирал Ж.С нь иргэн Д.Нтай зээлийн гэрээ байгуулахдаа зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж маргаж байгаа боловч компанийн дүрмийн 7.1 дэх заалт нь ТУЗ-тэй холбоотой, 7.7.17 дахь заалт нь энэхүү зээлийн гэрээтэй холбоогүй байна. Харин 8.8 дахь хэсэгт гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийх, гэрээ байгуулах зэрэг Компанийн тухай хууль болон энэ дүрэмд зааснаар компанийг төлөөлнө” гэж заасан байгаа боловч ТУЗ-өөс компанийн гүйцэтгэх захирал ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар тохиролцсон нь тодорхойгүй байна.
Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заажээ.
Иймд зээлийн гэрээ байгуулсныг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Д.Нгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 295 845 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-П” ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамж 295 845 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгож, “С-П” ХХКомпаниас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 295 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С-П” ХХКомпаниас үндсэн зээл 17 000 000 төгрөг, зээлийн хүү 1 386 000 төгрөг, алданги 9 193 000 төгрөг, нийт 27 579 000/ хорин долоон сая таван зуун далан есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Нд олгосугай.
2. “С-П” ХХКомпанийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 295 845 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С-П” ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжинд 295 845 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Нд олгож, хариуцагч “С-П” ХХКомпанийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 295 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ