Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/305

 

                

 

 

 

 

2023         05          03                                 2023/ШЦТ/305

 


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж, 

 

Нарийн бичгийн дарга Б.Цэрэнбат

Улсын яллагч Б.Түвшинбаяр, /томилолтоор/,

Хохирогч Ж.А өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,

Шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч С.Асланбек,

Шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Э, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.О нарт холбогдох эрүүгийн 2211 01426 1657 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  1. Монгол Улсын иргэн, З.Э, 1996 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн эрүүл мэнд судлаач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сувдан сондор хотхон ...........тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:/

2. Монгол Улсын иргэн, Э.О, 1995 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй, Эрүүгийн .................ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн .............тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:........./

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

2022 оны 08 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 02 цагийн орчимд шүүгдэгч З.Э  Э.О нар бүлэглэн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 26-1102 тоотод оршин суух иргэн Ж.А байнга амьдрах орон байранд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан, шүүгдэгч З.Э нь хохирогч Ж.А эхнэртэйгээ хардсаны улмаас түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч Ж.А эзэмшлийн 2 ширхэг модон сандлыг хугалж, гал тогооны баганыг тахийлгаж бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч З.Эоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч З.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би энэ А гэх залууг миний эхнэр Атай уулзаж байгаа талаар энэ асуудал болсноос 7 хоногийн өмнө Их дэлгүүрийн тэнд явж байхад нь харсан. Би тухайн үед өөрийн автомашинтайгаа их дэлгүүр орчихоод явж байсан юм. Тэгсэн А тэр А гэх залуутай явж байсан. Мөн миний автомашин тавьсан газар болох Гандирс хотхоны хашаа нь дотор миний Ад худалдаж авч өгч байсан саарал өнгийн ....УНУ улсын дугаартай тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь зогсож байсан. Би тэр үед араас нь дагаж явж байтал А- А хоёр Гандирс хотхоны байрлуу нь яваад орчихсон. Би араас нь дагаж орох гэж байснаа болиод харуулынх нь пүүтэгний хажууд зогсож байтал хяналтын камер нь ажиллаж байсан. Тэгэхээр нь харж зогсож байгаад хаашаа орохыг нь хартал 11 давхарт гараад баруун эргээд зүүн талын бор хаалгаруу яваад орчихсон юм. Ингээд би Аг хаана хэнтэй уулздаг талаар нь мэдсэн юм.

Би 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр би гадуур автомашинаа янзлуулчихаад талбайн уулзвараар хойшоо явж байтал Агийн саарал өнгийн 23-16 УНУ улсын дугаартай тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэл саарал өнгийн 23-16 УНУ улсын дугаартай тоёото приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй таарсан юм. Би араас нь дагаж явж байтал гэрэл нь дохио нь дээр алдчихсан юм. Тэгэхээр нь Гандирс хотхон дээр очсон байх гэж бодоод яваад очтол автомашинаа зогсоол дээр байрлуулчихсан байж байсан. Тэгэхээр нь би О гэж найзруугаа утсаар залгаад манай эхнэр нууц амрагтайгаа байгаа юм шиг байна хүрээд ирээчээ гэж хэлсэн. Тэгсэн О найз нь одоо яваад очъё гэж хэлсэн. О над дээр 1 цаг гарангийн дараа ирсэн. О над дээр ирээд яг нууц амрагтайгаа байгаа юм уу? Чи хаяг тоотыг нь мэдэж байгаа юм уу? гэхэд нь би мэдэж байгаа. Найзтайгаа хамт орчихооч ээ найз нь биеэ барьж дийлэхгүй хүн зодоод янз бүрийн үйлдэл хийчихэж магадгүй гэж хэлсэн. Тэгсэн О зөвшөөрөөд бид хоёр хамтдаа орсон. Бид хоёр байр луу нь ороод хаалгыг 5 минут орчим нүдсэн боловч хаалгаа тайлж өгөхгүй байсан. Тухайн үед О хаалгыг нүдээгүй бөгөөд миний хажууд хараад зогсож байсан. Тэгснээ хаалга онгойлгохгүй байсан чинь О явъя хөгшөөн хэрэггүй гэж надад 2-3 удаа хэлсэн. Би тухайн үед өөрийн биеийг хянаж чадахгүй хаалгыг нь нүдэж байгаад яг явахдаа хаалганы гадна талаас онгойлгодог бариулыг нь дартал онгойчихсон. Тэгэхээр нь би ганцаараа түрүүлээд яваад орсон. Би гэрт нь яваад ортол А, Атэй тэврэлдээд хэвтэж байсан. Тэрийг хараад би орилоод хэрэлдэж А гэх залууг чи хэн бэ? гээд орилж байтал гаднаас О орж ирсэн. Би тэр А гэх залууг чи энэ Аг нөхөр хүүхэдтэйг нь мэдэх үү? гэж хэлсэн. Ингээд би Агийн гар утсыг очиж автал А миний гар утсыг өг гэж хэлсэн. Би чамд гар утсыг чинь өгөхгүй энэ миний мөнгөөр авсан гар утас, чиний гар утас биш ээ эж хэлсэн. Би тэгээд үүдээр гарах гэтэл А миний хоолойноос цамцаар боогоод намайг гаргахгүй байсан. Тэгсэн А гэх залуу цаанаас ирээд жүжигчин пиздаа гэлүү хачин пиздаа гэхээр нь нүүр нь тус газар нь нэг удаа цохиж авсан. Тэгсэн О намайг салгаж аваал цаашаа явсан. Ийм л зүйл болсон. Тэрнээс О айлын гэрт зөвшөөрөлгүй явж орсон асуудал бол байхгүй. Намайг тэр гэрлүү нь яваад орчихоор янз бүрийн асуудал болчихвий гээл орж ирсэн байх. Амар-Эрдэний гэрт зөвшөөрөлгүй орсон асуудал нь миний болчимгүй асуудлаас болсон. Тэрнээс О ямар нэг санаатай үйлдлээр ороогүй. О надтай уулзаад хэлэхдээ биеэл бариараа миний найз ямар нэгэн байдлаар хүнтэй муудалцаж болохгүй шүү чиний л буруу болно гэдгийг хэлж байсан. Би Амар-Эрдэний гэрт ороод Агийн гар утсыг булааж авсан юм. Тэгэхэд Агийн гар утас нь дээр missed call гээд 88... гэсэн дугаараас дуудлага ирсэн байсан. Тэгэхээр нь А гэрээс гараад явж байхад энэ дугаарлуу залгаад байна уу? гэхэд байна гэсэн. Тэгэхээр нь чи саяны пиздаа мөн үү? Гээд асуутал тийм байна цагдаа дуудчихсан. Би танай эхнэртэй яагаачгүй ээ? Гээд хэрүүлийн чанартай зүйл ярьж байгаад утсаа тасалсан юм. Өөр зүйл бол яриагүй. Би Ад хохирол төлбөр гэж 400.000 төгрөг өгсөн. Энэ А гэрт байсан эд зүйлийг эвдсэн гээд үнэлгээгээр гарсан мөнгийг нь өгсөн. Надаас өөр хохирол төлбөр нэхэмжпээгүй байгаа..” гэсэн мэдүүлэг /хх-77-79/,

Шүүгдэгч Э.Оөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Яллах дүгнэлт гардуулахад би дүүргийн прокурор болон Нийслэлийн ерөнхий прокурорын газарт гомдол, хүсэлт гаргасан. Яллах дүгнэлтэд Этой үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзсэн. Би найзыгаа манай эхнэр хүнтэй явалдаад байна гээд ганцаараа явна гэхээр нь үүсэх нөхцөл байдлаас сэргийлж, сэтгэл зүйд нь хүндээр нөлөөлж байсан учраас ямар ч үйлдэл гаргах юм гээд урьдчилан сэргийлж хамт очсон. Шөнийн 2 цаг болж байхад хаалгыг нь тогшсон. Би шөнийн 2 цагт юу гэж хаалгаа нээх юм явъя гээд явах гэтэл манай найз хаалгыг нь тогшоод байсан. Би лифт дуудаад эргээд иртэл хаалга онгорхой манай найз орсон, цаана нь юу хийж байгаа юм гээд эмэгтэй хүн орилж байсан. Би хаалга тогшиж байхад нь зөв айл юм уу биш бол яах юм гэж хэлж байсан. Тэгээд А Эыг таниад яриад байсан болохоор мөн болж таарлаа гээд А байгаа юм чинь эрэгтэй хүн байж таараа энэ 2 хүний хооронд үл ойлголцол болж магадгүй, бусдын амь настай холбоотой гэмт хэрэг үйлдэгдэх вий гээд ороод очсон. Тэгтэл бид нараас 10 гаран насны ах хүн байхаар нь явалдсан хүн нь мөн юм уу, Агийн хамаатны ах нь юм болов уу гэж бодоод иргэний үнэмлэхийг нь үзтэл үгээр идээд байсан. Манай найз чи нөхөр хүүхэдтэй хүн шүү дээ, яагаад ийм байдалтай байгаа юм гээд тайлбарлахад Ж.А манай найзыг үгээр идээд байхаар нь явъя гээд гарах гэж байхад Ж.А арчаагүй пизда гэж хэлсэн. Тэгээд маргаан үүсээд очоод нэг цохиж зууралдсан би татаад аваад гарсан. Тэнд Ж.А эсэргүүцэл үзүүлж байсан. Харилцан зодоон болоод нэгнийхээ амь насанд хүрэхээс сэргийлж таслан зогсоогоод би найзыгаа аваад гарсан. Аваад гарсныхаа төлөө ийм зүйлд орно гэж бодоогүй. Яллах дүгнэлтэд зааснаар би санаа зорилго нэгтэйгээр Амар-Эрдэнийг айлгаж, ичээх, дарамтлах гэж ороогүй. Би болсон зүйлийг таслан зогсоох гэж орсон..” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Э.Оөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би хохирогч Ж.А регистрийн дугаараар нь орж мэдээллийн санг нь шалгаж үзсэн. Тэрнээс энэ хүний талаархи мэдээллийг би энэ асуудлыг болсноос хойш орж үзсэн. Би Эт хохирогч Ж.А мэдээллийг гаргаж өгсөн асуудал байхгүй. Э нь өөрөө энэ хүний хаана амьдардаг болон гар утасны дугаар зэргийг нь олж авсан гэж байсан. Миний хувьд ямар нэгэн байдлаар Эт туслаж мэдээлэл гаргаж өгсөн асуудал байхгүй. Би Эыг хүн зодоод юм уу? эсвэл уурласан уураа барьж дийлэхгүй ямар нэгэн үйлдэл гаргачивий гэдэг үүднээс А гэх хүний гэрт орчихоор нь араас нь дагаж орсон. Тэрнээс биш би ямар нэгэн санаа зорилгоор А гэрт нэвтрэн орж хууль бусаар шалгаж мөрдөж олж тогтоосон асуудал бол байхгүй. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан асуудалд гомдолтой байна. Миний найз надаас тусламж ирээд манай эхнэр хүнтэй явалдаад байна.

Би байгаа газрыг нь олчихлоо харин найз нь гэрлүү нь орох гэсэн чинь өөрийнхөө уурыг барьж дийлэхгүй байх. Чи ирээд найзтайгаа хамт тэр хүнтэй нь уулзаад өгөөчээ гэж хэлсэн. Би яваад очьё гэж хэлээд ирж уулзахад энэ байранд байгаа би орц болон тоотыг нь мэднэ гэж хэлсэн. Э бид хоёр байранд нь ороод хаалгыг нь нүдэж байх үед шөнийн 02-03 цаг болж байхад хэн чамд хаалгаа ойнголгож өгдөг юм одоо боль явья гэж 2-3 удаа хэлсэн. Тэгтэл Э хаалганых нь түгжээг доошоо дартал онгойсон чинь Э яваад орчихсон. Ороод удалгүй Э орилоод чи наа хүнээ нөхөр хүүхэдтэй гэдгийг мэдэх үү гээд орилоод унахаар нь би тухайн айлруу яваад орсон юм. Эыг яваад орох үед би шууд дагаж ороогүй учир нь өөр айл ч байх юм болов уу? гэж бодоод гадаа нь хүлээгээд зогсож байсан. Миний хувьд Э нь Амар-Эрдэний гэрт ороод хэрүүл зодоон хийж ямар нэгэн асуудал гарчих байх гэж бодоод орсон. Тэгтэл Э нь А зодож цохиж эхэлсэн үүнийг би таслан зогсоож Эыг авч гарсан. Би бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч орж болохгүй гэж гадаа нь зогсоод байсан бол энэ хүмүүс нэгнийхээ аминд хүрэхийг ч үгүйсгэхгүй. Би өөрөө цагдаагийн алба хаагч учир гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор явж орсон. Энэ хүмүүс хэл амаараа учираа олохгүй хэрэлдэж муудалцаж нэгний зодож цохих үед нь би салгаж гаргасан. Тухайн А гэрийнх нь хаалга цоожгүй байсан учир Э явж орсон. Тэрнээс миний хувьд явж орсон асуудал бол байхгүй. ..Миний хувьд хэрэг учрал болсон гэх 2022 оны 08 дугаар сарын 08-ны шөнийн 05 цаг 22 минутанд А гэх хүний мэдээллийг цагдаагийн байгууллагын хайлт лавлагааны санд орж үзсэн нь тогтоогдсон байна..” гэсэн мэдүүлэг /хх-142-145/,

Хохирогч Ж.Аэс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэрээсээ 07 цаг өнгөрч байхад гарч ажилдаа яваад ажил дээрээ байж байгаад тус өдрөө оройн 19 цаг өнгөрч байх үед ганцаараа гэртээ ирсэн. Би гэртээ ганцаараа амьдардаг юм. Би Аг хэдэн цагт ирснийг нь сайн санахгүй байна. Миний одоо санаж байгаагаар 22 цаг өнгөрч байх үед гаднаас манай гэрт орж ирсэн. А бид хоёр хоорондоо уулздаг юм. Тэгээд манай гэрт хонохоор ирсэн юм.. Би Аг ирэх үед нь хаалгаа түгжсэн байсан. Харин Аг ирэхээр нь хаалгаа онгойлгож өгөөд буцаагаад хаалгаа дотор талаас нь түгжсэн. Би яагаад хаалгаа түгжсэн гэдгийг нь санаад байгаа вэ? гэхээр би хэдхэн сарын өмнө гэрээсээ цүнхтэй эд зүйл алдаад хаалгаа байнга цоожилдог болчихсон юм..

Манай гэрийн хаалгыг гаднаас хүмүүс нүдэх шиг болсон. Тэгэхээр нь би сэрээд хаалга нүдэх шиг боллоо гэж бодоод хэвтэж байтал шууд гэнэт гэрлүүд астал яав гэтэл орж ирээд намайг зодож цохиж эхэлсэн. Би хэн хэн намайг цохиж байгаа талаар бол хараагүй. Би шууд доошоо нүүрээ дараад хэвтсэн. Харин намайг хоёулаа цохиод байгаа юм шиг байсан. Намайг цохиж байгаа талаар А нь хараад байж байсан. А нь тухайн үед Эоо болиоч ээ гэж орилсон. Тэгсэн Э нь гар утас гаргаж ирээд бичлэг хийгээд чамайг фейсбүүкээр од болгоноо гэж хэлсэн. Харин О нь миний орны хажууд зогсож байгаад түрүүвч үзэж байснаа миний иргэний цахим үнэмлэхийг аваад халаасандаа хийчихсэн. Манай гэрийн хаалганд эвдрэл гэмтэл учраагүй байсан. Тэгэхээр Э, О нар нь манай гэрийн хаалгыг эвдэж гэмтээсэн асуудал бол байхгүй.. Би энэ хүмүүсийг огт танихгүй. Харин сүүлд нь А, Э нар гэр бүлийн харилцаатай гэж байсан. Тэрнээс би Э, О нарыг огт харж байгаагүй.. Харин манай гэрийн эвдэрсэн эд зүйл нь хөрөнгийн үнэлгээгээр 400.000 төгрөг болсон байгаа. Харин миний биед учирсан гэмтэл дээр эм тариа эмчилгээний зардал гэх зүйл байхгүй. Миний одоо харж байгаагаар О нь цагдаа учраас өөрийн давуу байдлаа ашиглаж Эт миний мэдээллийг гаргаж өгсөн байх боломжтой. А нь Эт энэ талаар хэлээгүй гэж хэлсэн. Тэгэхээр миний мэдээллийг О нь гаргаж өгсөн болов уу? гэж бодож байна.. Манай гэрт гаднаас 2 хүн орж ирэх үед би унтлагын өрөөндөө Агийн хамт хэвтэж байсан. Тухайн үед А нь унтаж байсан. Би гэрийн хаалгыг гаднаас нь нүдэж байхыг сонссон мөртөө хаалга тайлж өгөөгүй. Тэгсэн хаалга хэр удаан нүдсэнийг нь бол мэдээгүй. Би тухайн үед нойрмог байсан учраас анзаараагүй. Би Э, О гэх хүмүүсийг гарч явахад нь цаг харахад шөнийн 02 цаг 50 минут болж байсан. Харин Э нь манай гэрээс гарч явсныхаа дараа миний 88.. дугаарын утас руу 88....... дугаарын утаснаас залгаад чамайг олоход амархан байгаа биз дээ, би чамайг ална гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-13-18, 129/,

Гэрч Б.Агаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би Этой албан ёсны эхнэр, нөхөр хоёр байгаа юм. Э нь надтай гэрлэлтээ цуцлуулахаар Баянзүрх дүүргийн шүүхэд өгчихсөн байгаа. Одоогоор албан ёсны эхнэр, нөхөр гэж явж байгаа. Би Этой 2022 оны 01 дүгээр сараас хойш хамт амьдрахаа больсон. Харин А нь манай найз залуу байгаа юм.. Энэ О гэх хүнийг нь танихгүй.. Би 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байгаад 22 цаг өнгөрөөгөөд А гэрт очсон. Намайг А гэрт нь очиход ганцаараа байж байсан.. Миний ойлгож байгаагаар бол Э намайг хардаад А гэрт дайрч орж ирсэн байх гэж бодож байна.

Би О, Э нарыг унтлагын өрөөний гэрэл асаагаад орж ирснийг нь л мэдсэн. Тэрнээс өмнө би унтаж байсан болохоор хаалга нүдсэн эсэхийг нь бол мэдээгүй.. Би гэрэл асаад сэрэхэд Э гэрэл асаагаад орны зүүн тал руу орж байсан. Харин О нь орж ирээд миний зүүн талд орны хажуу талд зогсож байсан. Тэгсэн Э нь чи миний эхнэртэй юу хийж байгаа юм гэсэн утгатай зүйл яриад гар утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд, чи нөхөр хүүхэдтэйг нь мэдэх үү гэсэн утгатай зүйл ярьж байсан. Миний харснаар Э нь А дээр нь гарчихсан нүүр хэсэг рүү нь цохиж байхаар нь би салгасан. Тэр үед О нь хаана байгааг нь анзаараагүй. Тэгсэн нэг харсан чинь А гадаад паспортыг нь эргүүлчихсэн зогсож байгаа харагдаж байсан.. А дугаар луу Э өөрийнхөө дугаараасаа залгасан. Би тухайн үед миний гар утсыг авсан учраас миний гар утаснаас дугаарыг нь харчихлаа гэж бодож байсан юм. Одоо бодоод байхаар миний гар утас кодтой учир Э онгойлгож чадахгүй. Тэгэхээр би Эыг А дугаарыг яаж олж авсан талаар нь мэдэхгүй байна. Миний гар утасны кодыг Э огт мэдэхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-20-25, 136-137/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10926 дугаартай дүгнэлтэд: “...Ж.А биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-33-34/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн ТХҮ- 922/4369 дугаартай дүгнэлт /хх-40-42/, Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 13г/539 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-106-107/, шүүгдэгч З.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-108/, шүүгдэгч Э.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-103/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-109/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Э, гэрч Б.А нар гэр бүл буюу эхнэр нөхрийн харилцаатай нэг гэрт, охины хамт амьдарч байгаад 2022 оны 1 сараас хамт амьдархаа болж Б.А гэрээсээ явсан, 5 сараас Б.А нь хохирогч Ж.Атэй найзалж эхэлсэн гэжээ. Үүнийг түүний салсан нөхөр шүүгдэгч З.Э мэдэж 2022 оны 08 дугаар сарын 05-ны шөнө 02 цагийн орчимд өөрийн найз Э.Оийн хамт хохирогч Ж.А оршин суух Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 26-1102 тоот гэрт түүний зөвшөөрөлгүй орж “нөхөр, хүүхэдтэй хүнтэй явалдлаа” гэж хохирогчийг зодож гэмтэл учруулан, гэрийн эд зүйлсийг нь эвдэж гэмтээсэн байна.

Шүүгдэгч З.Э, Э.О нар хохирогчийн гэрт түүний зөвшөөрөлгүй нэвтэрч орсон, шүүгдэгч З.Э нь хохирогч Ж.А  зодож гэмтэл учруулан, гэрийн эд зүйлсийг эвдэж гэмтээсэн талаар маргаагүй болно. Харин шүүгдэгч Э.О нь хохирогч Ж.А гэрт орсон санаа зорилго нь найз З.Эыг биеэ барьж чадахгүй элдэв асуудал гаргаж, гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэн түүний араас орсон. Иймд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурь илэрхийлж шүүх хуралдаанд орсон. Гэвч түүний тодорхойлж буй санаа зорилго хэрэгжээгүй буюу найзыгаа гэмт хэрэг үйлдэхээс сэргийлээгүй, бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтрэх, бусдыг бие, эд хөрөнгөд халдаж гэмтэл учруулан, эвдэж сүйтгэхэд таслан зогсоогоогүй байна. Энэ нь хохирогч Ж.А, гэрч Б.А нарын мэдүүлэг болон тэдний үйлдлийн улмаас үүссэн үр дагавараар үгүйсгэгдэж байна.

Монгол улсын иргэн нь Монгол улсын үндсэн хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ болох Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактаар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Үүнд хүний бие, эрүүл мэндээс гадна орон байрын халдашгүй байдал ордог. Үүнийг хууль тогтоогч нар 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд хуульчлахдаа ямар нэгэн санаа сэдэлт, зорилго байхыг шаардахгүйгээр гагцхүү оршин суугчийн зөвшөөрөлгүй нэвтэрсэн бол уг гэмт хэрэг төгссөн байхаар хуульчилсан байна. Шүүгдэгч Э.О нь Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж байсан бөгөөд албаны чиг үүрэг хэрэгжүүлж ороогүй, зөвхөн найзыгаа гэмт хэрэг үйлдэхээс сэргийлж орсон гэх боловч субьектын санаа зорилго, сэдэл үүнд хамааралгүй байна. Тэрээр хохирогчийн зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрч шүүгдэгч З.Эийн үйлдлийг таслан зогсоогоогүйгээс гадна хохирогчийн бичиг баримтыг үзэх зэргээр дураараа авирласан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлья гэж урдьчилан үгсэн тохироогүй боловч тухайн цаг хугацаанд үйлдлээрээ санаатай нэгдэж дээрхи хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн байна. Энэ нь тухайн хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй байна. Харин прокуророос энэ хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн..” гэснийг тодорхойлж ял сонсгон ирүүлээгүй болохыг тэмдэглэв.

Иймд шүүгдэгч З.Э, Э.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Ж.Ад учирсан баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж шүүх дүгнэлээ. Мөн түүнчлэн шүүгдэгч З.Э нь дээрх хэрэг болсон цаг хугацаанд хохирогч Ж.А эзэмшлийн 2 ширхэг модон сандлыг хугалж, гал тогооны баганыг тахийлгаж гэмтээсэн бөгөөд Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ний үнэлгээний тайлангаар эвдэрсэн дээрхи эд хөрөнгө нийт 400.000 төгрөгөөр үнэлэгджээ.

 

Шүүгдэгч З.Э нь хохирогч Ж.А эхнэртэйгээ хардсаны улмаас түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж биед нь баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, эд хөрөнгө эвдэж гэмтээсэн гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэрээр тухайн цаг хугацаанд Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байна.

                             

Иймд шүүгдэгч З.Эыг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч З.Э, Э.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирлыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эт оногдуулсан Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 1900 нэгж буюу 1.900.000 төгрөгөөр тогтоов.

 

 Шүүгдэгч З.Э, Э.О нарт оногдуулсан торгуулийн ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Э, Э.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч З.Э нь хохирогч Ж.А эд хөрөнгөд учирсан 400.000 төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны үед төлж барагдуулсан байх бөгөөд хохирогчоос өөр хохиролтой холбоотой баримт шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.Э, Э.О нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураан авсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Тайж Э.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан”, гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Оийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх торгох ялыг 1900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.900.000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э, Э.О нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг тус тус  даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Э, Э.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тус тус сануулсугай.

 

6. Шүүгдэгч З.Э, Э.О нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч З.Э, Э.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.


 

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.МӨНХБАЯР