Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/101

 

 

                                                                                                                                                            

 

                                  2023/ШЦТ/101

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

              Улсын яллагч: А.Амарсанаа

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Л.Г

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг

              Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ  

              Шүүгдэгч: Г.Э

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Гын Эт холбогдох эрүүгийн 2212001150261 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, талх нарийн боовчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт ............. оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Гын Э/РД:АИ........./

 

                                    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь согтуурсан үедээ Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн нутаг Гандангийн хашаа гэх газар 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 12- 90 УБР улсын дугаартай Ниссан Нөт маркийн тээврийн хэрэгслийг ухраах үйлдэл хийх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг зөрчсөнөөс 2 настай эрэгтэй Гын Оыг автомашинаар дайрч амь насыг нь хохироосон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

              Шүүгдэгч Г.Э нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Гын”...Гэтэл гэр дотроос манай эхнэр Мөнхтуяа Г.Э хоёр гарч ирээд Г.Э жолооны ард, манай эхнэр Мөнхтуяа машины арын суудалд сууж байсныг би харсан тэгээд хамт сууж байсан хүмүүстэйгээ юм ярилцаад байж байтал гэрийн гаднаас хүмүүс, орилоод, машин хаазлах чимээ гараад, түс тас гээд чанга чимээ гараад эхлэхээр нь Г.Энхболд, Г бид гурав гүйгээд очсон. Гэтэл манай хоёр настай хүүг машины ард газар хэвтсэн байхад нь Г.Э тэврээд уйлаад сууж байсан би хүүгээ очоод харахад хамар, амнаас нь цус их гарч байхаар нь шууд тэврээд сумын төвийн Эмнэлэг рүү гүйсэн манай эхнэр Мөнхтуяа надтай хамт Эмнэлэг орсон гэтэл манай хүүхдийг эмч нар үзээд аль хэдий нь амьсгал хураасан байна гэж хэлсэн. Манай хүү О машины баруун хойд талын дугуйны ард хэвтсэн байдалтай байсан. Би тухайн үед анзаарч хараагүй манай эхнэр Мөнхтуяа байсан учраас түүнийг харж байгаа байх гэж бодож байсан. Намайг очиход хамар, амнаас нь цус гарчихсан ямар ч ухаангүй машины дугуйны ард хэвтэж байсан би түүнийг хөдлөхгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь шууд тэврээд эмнэлэг орохоор явсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 16-19 дүгээр тал/, гэрч Г.Энхболдын“...Г.Э эгч гэнэт муухай орилоод байсан бид гурав гайхаад яваад очсон чинь Г.Эийн машины ард хэсэгт Л.Г ахын хүүхэд толгойноос нь цус гарсан байдалтай ухаангүй хэвтэж байсан. Тэгээд Л.Г хүүхдээ тэврээд шууд эмнэлэг рүү гүйсэн би хамт очсон тэгээд нас барсан гэдгийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 42-44 дүгээр тал/, гэрч С.Болдын “...Г.Э ухрах араандаа хөдөлсөн гэтэл нэг метр орчим газар ухраад Г.Э өөрөө машинаа зогсоогоод машинаасаа буусан орилоод унасан удалгүй Л.Гын хашаан дотор байсан хүмүүс орилоод эхэлсэн. Намайг машинаас буухад Г.Э машины ард очоод газар байсан Л.Гын хүүхдийг тэврээд уйлаад газар сууж байсан. Араас нь Л.Гын эхнэр Мөнхтуяа машинаас буугаад Г.Эийн тэвэрч байсан хүүхдээ аваад сумын эмнэлэг орох гээд Л.Гтай хамт шууд гүйгээд явсан. Би ийм зүйл болсны дараа гэртээ харихаар алхаад явсан Г.Э нөхөр Эрдэмээтэйгээ цуг хүүхдүүдээ аваад Л.Гын гэрт уйлаад үлдсэн. Хэрэг болоход Г.Э 1290-УБР улсын дугаартай Ниссан Нөт маркын тээврийн хэрэгслийнхээ жолооны ард суугаад машинаа дөнгөж хөдөлгөсөн харин би Г.Эийн хажуу талд урд суудал дээр сууж байсан, арын суудал дээр Л.Гын эхнэр Мөнхтуяа сууж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь Э, Эрдэмээ хоёрын хувийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Ус буулгахаар Л.Гын хашаа дотор ороход талийгаач хүүхэд гэртээ ээжтэйгээ байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 37-39 дүгээр тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 42 дугаартай ”...Амь хохирогч Г.Оын биед зүүн чамархай, зулайн зүүн хэсэг, дух орчмын хуйхан доор болон хоёр чамархайн булчинд цус хуралт. Зулайн зүүн ар хэсгээс зүүн чамархай яс руу хагас дугуйрч зулайн урд хэсэг, баруун чамархай яс руу ташуудуу үргэлжилсэн шугаман хугарал. Суурь ясны бага далавчны баруун хэсэг, баруун чамархай ясны шугаман хугарал. Дагзны зүүн хажуу, зүүн чамархайн чулуулаг хэсгийн арын ирмэгт жижиг цөмөрсөн хугарал, уг хугарлаас турк эмээлийн арын бүүрэг хүрсэн шугаман хугарал. Хоёр чамархай ба суурь хэсгийн тархины аалзан бүрхүүл хальсан доор цус харвалт, баруун чамархайн суурь хэсэгт тархины эдийн голомтлог няцрал. Баруун хөмсөгний дээд хэсэгт цоохортсон зулгаралт, баруун шанаа, хацрыг хамарсан нидрэгдсэн мэт зулгаралт, зүүн эгэмний доод хэсэг, зүүн хавирганы нум дагуу жижиг зулгаралт, баруун гарын шууны дотор хажуу хэсэгт өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь автомашины эд ангийн мохоо зүйлээр толгой хэсгийг дарах, шахах үед үүсэх боломжтой. Осол болох цаг хугацаанд үүснэ. Гавлын орой, суурь ясны цөмөрсөн болон шугаман хугарал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, тархины эдийн голомтлог няцрал, тархины аалзан бүрхүүл хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Биеийн гадаргуугийн бусад зулгаралт гэмтлүүд тус бүр нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амь хохирогч Г.О нь гавал тархины амьдрах боломжгүй хүнд гэмтлийн улмаас осол болох цаг хугацаанд нас баржээ. Шинжилгээгээр төрөлхийн болон архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 55-57 дугаар тал/, Шинжээч У.Лхагвадоржийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай“...12-90 УБР улсын дугаартай Ниссан нөт маркийн автомашины жолооч Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, Мөн дүрмийн 10.14-д Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалт, Мөн дүрмийн 3.7.а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Жич: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээч Цагдаагийн дэд ахлагч М.Арвижих 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 3177 дугаартай дүгнэлтэд Г.Эийн *гэх цусад 1,2 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байна. 12-90 УБР улсын дугаартай Ниссан нөт маркийн автомашины жолооч Г.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалт, Мөн дүрмийн 3.7.а-д Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Осол болоход замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Г.Эийг /РД:АИ83103106/ регистрийн дугаараар TPS программд шүүж үзэхэд В ангиллын 1275998 дугаарын жолооны хүчинтэй үнэмлэхтэй байна. Жич: Хуулбарыг хавсаргав...” гэх дүгнэлт  /хх-н 131-132 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

              Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Эийг согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

   Шүүгдэгч Г.Эийн согтуурсан үедээ, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн үйлдэл  болон уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон, гэмт үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон,  хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй, цаашид гарах зардлын талаар шүүгдэгчтэй тохиролцсон, аль болох хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой харилцан тохилцсон талаар шүүхэд мэдүүлсэн тул нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:      

            Шүүгдэгч Г.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүгдэгч Г.Эийг согтуурсан үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний амь нас хохироосон  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгч Г.Э нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна. Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Шүүхээс шүүгдэгч Г.Эт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.          

 

           Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Эт хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Гын Эийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан, согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6/зургаа/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6/зургаа/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР