| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2023/0020/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/20 |
| Огноо | 2023-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Г аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Э.Нэргүй,
хохирогч О.Тэмүүжин,
шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Г аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Эын Ст холбогдох эрүүгийн 2317000000020 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Х овогт Эын С /РД:.../, Г аймгийн С суманд ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, 3 дүү нарын хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тэмдэглэснээр:
Яллагдагч Э.С нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө С сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын орчим Политехник коллежийн оюутан О.Тг өдөж хоргоон, түүний нүүрэн тус газар гараараа цохиж хамрын ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Э.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Оройн 11 цаг өнгөрч байхад хуурай ах нар болох М, Г нартай хамт явж байхад Петровисын зүүн талд Т ганцаараа явж байсан. Ах нар тамхи асуугаад өг гэхээр нь асуусан чинь байхгүй гэсэн. Тэгсэн ах нар өөр юм асуугаад жаахан өдчих гэхээр нь би өөр юм асуутал өөдөөс инээгээд байсан. Надад намайг шоолоод байгаа юм шиг санагдаад 1 удаа алгадсан чинь Т зөрүүлээд намайг цохиод зугтаахаар нь би араас нь хөөж очоод 1 удаа гараараа цохитол хамраа дараад доошоо суусан. Эхлээд бүх баримтуудыг нь нэмээд 800 000 төгрөг өгье гэхэд ээж нь дараа болъё гээд аваагүй. Дараа нь 1 500 000 төгрөг өг гэсэн. Одоо хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, яах гэж ийм хэрэг хийвээ гэж харамсаж байна гэв.
2. Хохирогч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23 цагийн үед Петровисын хажуугаар явж байтал С дөрвүүлээ машинтай ирээд С машинаас буугаад надаас эхлээд найз охинтой юу гэж асуухаар нь найз охин байхгүй гэсэн, дараа нь тамхи байна уу гэхээр нь тамхи татдаггүй гэсэн, чи хаанахых юм бэ гэхээр нь би Дундговь аймгийнх гэхэд чи Ч-т ингэж алхах болоогүй шүү гээд нүүр лүү алгадсан. Би зөрүүлээд нэг цохитол машинаас хоёр хүн буугаад ирэхээр нь зугтаад таксины зогсоол руу гүйхэд араас С хөөж гүйж ирээд гараараа хамарт цохиж хамар хугарсан. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хот руу явж эмнэлэгт үзүүлж хугарсан хамраа татуулсан. Мөн 7 хоногийн дараа дахин хот явж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардалд хэрэгт өгсөн баримтаар 1 867 820 төгрөг нэхэмжилж байгаа. Одоо хамрын гэмтэл эдгэрсэн гэв.
3. Насанд хүрээгүй гэрч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 01 дүгээр сарын 11-ний оройн 21-22 цагийн үед Сын таньдаг ах нар нь гэх үл таних 2 залуу цагаан өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд бид гурвыг машиндаа суучих гадуур жаахан тэнье гэсэн. Бид 3 зөвшөөрөөд машинд нь суугаад явж байтал Петровис ШТС-ын хажууд явган хүний замаар Т ганцаараа алхаж явсан. Хамт явж байсан ах нар Тгийн хажууд зогсоод Ст хандан энэ хүүхдээс тамхи асуучих гэхэд С машиныхаа арын цонхыг нээгээд Тд хандан тамхи байна уу гэтэл Т байхгүй гэж хэлээд Сын өөдөөс инээмсэглэсэн. С машинаас буугаад Тд хандан чи инээгээд байна уу гээд түүнийг баруун гараараа цохих гэтэл Т оногдоогүй бөгөөд өөрөө зөрүүлээд зүүн гараараа Сын баруун талын хацар орчим нь нэг удаа цохиод цаашаа зугтаасан. С түүний араас хөөхөөр нь бид нар машинтайгаа түүний хойноос дагаад явахад Петровис ШТС-ын баруун хойд талд байдаг хот хооронд явдаг таксины зогсоол дээр очоод Т зогссон. С Тгийн хамар луу нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тгийн хамраас цус гараад доошоо суусан. Таксины зогсоол дээр байсан хар өнгийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ах машинаасаа гарч ирээд ахын дүү нар битгий муудалцаад бай гэж хэлтэл С машинд орж ирээд суусан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11-13 хуудас/
4. Насанд хүрээгүй гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр С бид хоёр Чыг гэрээс нь аваад сагсан бөмбөгийн талбайд очиж тоглосон. Хуурай ах Т Приус машинтай ирээд бид гурвыг суучих гэхээр нь бид 3 машинд нь суусан. Петровис колонкийн хажууд явж байтал үл таних 18 орчим насны залуу явж байсан. Т ах Сыг наад залуугаасаа тамхи асуучих гээд машинаас буулгахад С үл таних залуугаас тамхи асуутал тухайн залуу нь би чиний тамхийг бэлдэх ёстой юу гээд маазраад инээгээд байсан. С уурласандаа үл таних залууг баруун гараараа зүүн талын хацар хэсэгт нэг удаа алгадсан. Тухайн үл таних банди Ст алгадуулаад өмсөж явсан хувцсаа тайлах гэж байгаад гэнэт Сыг баруун гараараа зүүн талын шанаа хэсэг рүү нь нэг удаа цохиод зугтаасан. С үл таних залуугийн араас хөөхөөр нь бид хэд машинтай араас нь явсан. Тухайн үл таних залуу гараараа хамраа барьчихсан явган суучихсан, хажууд нь С зогсож байсан. Бид машинтайгаа хажууд нь зогсоход С явъя гээд бид хэд гэр лүүгээ харьцгаасан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 21-23 хуудас/
5. Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дүгээр дүгнэлтэд: О.Тийн биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн улмаас 2023 оны 01 дүгээр сарын 11-нд үүсгэгдсэн байх боломжтой. Хамрын ясны хугарал гэмтэл, хамрын таславчийн хугарал муруйлт гэмтэл, хамрын нурууны цус хуралт гэмтэл нь тус бүртээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 26-27 хуудас/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 47 хуудас/
7. Яаралтай тусламжийн хуудас, хохирлын нэхэмжлэлтэй холбоотой баримтууд /х.х-ийн 62-64, 64-66 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.С нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд Г аймгийн С сумын 2 дугаар багт байрлах Петровис шатахуун түгээх станцын орчим О.Тг өдөн хоргоож 1 удаа алгадсан, улмаар түүнийг зугтаахад араас нь хөөж хот хоорондын таксины зогсоолын орчимд нүүрэнд нь гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч Э.Сын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Ч, Б.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 44 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Э.С нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Б.Б нь шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч маргахгүй гэснийг тус тус дурдлаа.
Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч Э.С нь бусдыг өдөн хоргоож, маргаан үүсгэж бие махбодид нь халдсанаас үүдэлтэй байна.
ХОЁР. Шүүгдэгч Э.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Э.Нэргүй шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа: Шүүгдэгч Э.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь коллежийг төгссөн боловч эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй учраас торгох ялыг биелүүлэх боломжгүй. Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хохирогчийг өдөж, хоргоон асуудлыг үүсгэсэн учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэсэн саналыг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь Э.Ст торгох ялын доод хэмжээг оногдуулж, хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн Э.С нь дөнгөж 18 нас хүрч байгаа, МСҮТ-ийг авто засварчнаар төгссөн, цаашид мэргэжлээрээ ажиллах боломжтой зэргийг харгалзан үзнэ үү гэсэн саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч Э.Сын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, сургуулиа төгссөн ба ажил хөдөлмөр эрхэлж торгох ялыг биелүүлэх боломжтой зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бс гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.
Гэм хорын нэхэмжлэлийн талаар: хохирогч О.Т Улаанбаатар хотод 2 удаа хамарт учирсан гэмтлээ эмчлүүлсэн болон цагдаагийн байгууллагаас дуудахад ирсэн зардалд хэрэгт өгсөн баримтаар нийт 1 867 820 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан - шатахуун авсан: 83 985 төгрөг, 120 000 төгрөг, 69 778 төгрөг, 50 000 төгрөг, 50 000 төгрөг, 80 000 төгрөг, 136 814 төгрөг, эмчилгээний хийлгэсэн: 38 466 төгрөг, 150 000 төгрөг, 140 000 төгрөг, нийт: 919 043 төгрөгийг шүүгдэгч Э.Саас гаргуулж хохирогч О.Тд олгох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бээс хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 150 000 төгрөг, 140 000 төгрөгийн баримтууд давхардсан. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 159 846 төгрөгийн шатахууны баримт, 01 дүгээр сарын 31-ний өдрийн 190 380 төгрөгийн шатахууны баримт нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагад ирсэн гэх хугацаанд хамаарахгүй байх тул хасаж тооцож өгнө үү гэсэн хүсэлт нь үндэслэлтэй байх тул үлдэх 948 777 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Эын Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Саас 919 043 /есөн зуун арван есөн мянга дөчин гурав/ төгрөгийг гаргуулж Д аймгийн Г сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух хохирогч О.Тд олгож, 948 777 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Г аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА