| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2023/0021/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/21 |
| Огноо | 2023-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б-ийн Б-эд холбогдох эрүүгийн 217000110026 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 06 дугаар сарын 03-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 39 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, Сүмбэр алт ХХК-д харуул ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянбулагийн 5-501 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар,
Мөн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны дөрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 000 төгрөгөөр торгох ялаар,
Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай Б- овогт Б-ийн Б- /РД:ЕЙ84060314/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3 дугаар баг, Баянбулагийн 5-501 тоотод иргэн Б.Б-ийн толгой тус газар заазуураар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь толгойд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 10 цагийн үед би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг Баянбулагийн 5-501 тоотод байх гэртээ хамтран амьдрагч Бгийн хамт байж байгаад Бгийн дүү Оын гэр лүү ямааны гэдэс толгой авахаар явсан. Оынд очиход О мах чаначихсан байж байсан ба 1 ширхэг архи О задлахаар нь тухайн архийг Б, Оын эхнэр бид 4 хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусгаад Б бид 2 гэртээ харисан. Тэгээд би ажилруугаа хүнтэй уулзах гээд 17 цагийн үед явсан. Тэгээд ажил дээрээ оччихоод буцаад иртэл манай гэрт танихгүй 2 эмэгтэй, 1 залуу ирчихсэн архи уугаад байж байхаар нь би уурлаад гэрээсээ тэр хүмүүсийг хөөсөн. Тухайн үед миний утас дуугараад манай эгч М гэртээ хүрээд ир гэхээр нь би тэр хүмүүсийг намайг буцаж ирэхэд явсан байгаарай гэж хэлээд гарсан. Тэгээд би эгчийнд оччихоод буцаад гэртээ иртэл манай эхнэр Б 2 цуг байж байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Б түлхтэл манай гэрийн цонхны тавцанг Б мөргөөд унасан. Тэгээд Б босоод ирэхээр нь би гартаа таарсан юмаар Б-ийн толгой руу цохичихсон юм. Гэхдээ би тухайн үед архи уучихсан согтуу байсан болохоор юугаар Б-Эрдэнийн толгой руу цохисноо сайн санахгүй байгаа юм. Б-ийн толгойноос их цус гараад байхаар нь цамцаар толгойг нь боосон. Нэг харахад манай гэрийн хөнжлийн даавуугаар Б толгойгоо боочихсон харагдсан тэгээд тэр чигээрээ манай гэрээс гараад явсан. Б бид 2 мөн гэрээс гараад Мөнгөнчимэг эгчийндээ очсон ба тэнд байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 83-84 хуудас/
2. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн үед би ажлын газрын хүн болох Тынд буюу Дэнжийн Чандмань дэлгүүрийн цаад талын хашаанд байж байтал гаднаас Б гэдэг хүн орж ирээд эгчийн дүү намайг гэр лүү хүргээд өгөөч эгч нь явж чадахгүй байна гээд гуйгаад байхаар нь би Бг хүргэж өгөхөөр тэдний гэр лүү буюу Баянбулагийн 501 тоот руу явсан. Тэгээд Бгийнд очоод байж байтал гаднаас 2 танихгүй эмэгтэй ороод ирсэн. Тэгээд Б болон тэр 2 найзтай нь хамт Хараа нэртэй 0,75 литрийн савалгаатай архи ууцгаасан. Гэтэл 19 цаг өнгөрч байхад гаднаас Бгийн нөхөр орж ирээд Бтай мөнгөнөөс болоод муудаад хэрэлдэж байгаад гараад явсан. Үүний дараа Бгийн хүү нь бололтой залуу орж ирээд манайхаас одоо явцгаа гэж хэлтэл Бгийн 2 найз нь гараад явсны дараа гаднаас Бсүх ороод ирсэн. Тухайн үед Бсүх ах нилээн уучихсан байсан. Тэгээд Бсүх ах пязда нар минь яасан их архиддаг юм гэж хэлээд байшингийнхаа хаалгыг хаагаад дотор талаас нь түгжсэн. Тухайн үед байшин нь ямар ч гэрэлгүй харанхуй болсон. Тэгээд Бсүх зуухны хажуунаас ногоон иштэй жижиг заазуур аваад шууд миний толгойны зүүн талд заазуураар нэг удаа цохисон. Заазуураар цохиулснаас болоод миний толгойноос маш их хэмжээний цус гарсан бөгөөд Бсүх дахиад намайг заазуурдах гээд байгаа бололтой дайраад байхаар нь би Бсүхийн заазууртай гарнаас бариад миний толгойноос аймаар их цус гараад байна та боль л доо гэж хэлсэн. Тэгтэл Бсүх ах за миний дүү тайвшир гайгүй байна, чи толгойгоо усаар угаачих гэхээр нь би угаахгүй гэж хэлсэн. Тэгээд надад өөрийнхөө өмсөж байсан цамцыг тайлж өгөөд наадхаараа толгойгоо дарчих гэж хэлсэн. Тэгээд шалан дээр гоожсон миний цусыг арчаад намайг заазуурдсан заазуураа уутанд хийгээд зуухан доогуураа нуусан. Тухайн үед би тэдний гэрээс гарах гэсэн боловч Бсүх гэрээсээ гаргахгүй хаалгаа түгжээд надад хандаад дүү цагдаад хэлэхгүй байгаа юм биз дээ, эр хүмүүсийн дунд ийм юм байдаг ш дээ гэхээр нь би цагдаад хэлэхгүй харьж амарлаа гэж хэлсэн. Тэгээд Бсүх хаалгаа нээж өгөхгүй байсан чинь Б босож ирээд хаалгаа нээхээр нь би тэднийхээс гараад эгч Отгонзаяагийн гэрт буюу Баянбулагийн 6-613 тоот руу явсан...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/
3. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2023 оны 12 дугаар сарын 24-нд 22 цагийн үед би гэртээ унтахаар хэвтэж байтал манай гэрт Б.Б эхнэр Бгийн хамт ороод ирсэн. Б.Б манайд орж ирээд нилээн сандарсан айсан байдалтай байсан бөгөөд би юу болсон талаар асуухад би сая гэртээ хүний толгой хагалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр толгойгоо хагалуулсан хүн чинь үхчихсэн юм биш байгаа гээд гэр лүү нь буюу Баянбулагийн 501 тоотод очсон. Тухайн үе Бсүх миний араас дагаж ирсэн ба Баянбулагийн 501 тоотод очиход тэднийд хүн байгаагүй. Гэтэл блокон шар хаалгатай байрны урд талд гадаа ногоон өнгийн иштэй, жижиг заазуур хэвтэж байхаар нь би энэ юу юм гэж Бсүхээс асуутал би энэ заазуураар хүний толгой хагалчихсан юмаа гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгвэл энийгээ гаргаж хаяаач гээд заазуурыг нь би аваад Бсүхийн гэрийн урд байх транспорматорын хашаанд хаясан. Тэгээд би Бсүх, Болороо хоёрыг дагуулаад гэрлүүгээ явсан бөгөөд төд удалгүй манай гэрт цагдаа ирээд Бсүх, Б хоёрыг дагуулаад явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/
4. Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамтран амьдрагч Б.Бтэй хамт Ус-Дугийн грашийн сахиул ажилтай дүү Оын гэрт ямааны гэдэс толгой авахаар очиход О дотор муу байна гээд 1 шил архи задалсан ба тэр архийг О, Оын эхнэр, Бсүх бид 4 хувааж уусан. Тэгээд 16 цагийн цагийн үед Бсүх ажил дээрээ очоод ирье гээд явсан. 18 цагийн үед би дэлгүүрээс 00-ын цаас авах гээд Дэнжийн Андууд дэлгүүрт ортол манай найз Нараа нэг танихгүй эмэгтэйтэй хамт явж байгаад таараад танад ороод 1 шил архи уучихья гээд 1 шил 0,75 граммын хараа нэртэй архи аваад манай гэрлүү явсан. Гэрт иртэл гэрийн гадаа Б ирчихсэн зогсож байсан. Тухайн үед би Бтэй ямар нэг юм яриагүй гэрлүүгээ ортол Б дагаад ороод ирсэн. Тэгээд Нараа дэлгүүрээс авсан архиа задлаад ууж эхэлсэн ба Б бид 2 ч гэсэн тэр архинаас уусан. Архиа ууж дуусаад Нараа найзынхаа хамт гараад явсан бөгөөд Б бид 2 манай гэрт үлдсэн. Тухайн үед би нилээн архи уучихсан согтуу байсан болохоор цааш юу болсныг сайн санахгүй байгаа юм...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/
5. Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2022 оны 12 дугаар сарын 24-ний орой би гэртээ буюу Баянбулагийн 6-613 тоотод унтаж байтал гаднаас Б ороод ирсэн. Б орж ирэхдээ их айж сандарсан байдалтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн толгойн тус газар ангайсан шархтай, тэр шархнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд юу болсон талаар асуутал Баянбулагийн 5-501 тоотод айлд байж байгаад заазуурдуулсан гэсэн. Тэгээд би Б- дагуулаад эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34 хуудас/
6. Шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар дүгнэлтэнд:
Б.Б-ийн биед толгойд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн 2022.12.24-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 48 хуудас/
7. Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 244 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн цамц нь шинжилгээнд тэнцэхгүй, саарал өнгийн өмднөөс цус илэрсэн. Саарал өнгийн өмднөөс илэрсэн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна. Улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна. Хураан авсан гэх саарал өнгийн өмднөөс илэрсэн цусыг хуруу шилтэй цустай харьцуулах шинжилгээг биологийн шинжилгээний аргаар хийх боломжгүй. Дүгнэлт гаргасан: Бактериологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Цаст-Оргил гэжээ. /х.х-ийн 61-62 хуудас/
8. Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 245 дугаар дүгнэлтэнд:
- Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн иштэй заазуурнаас цус илрээгүй.
- Улаан өнгийн тагтай хуруу шилтэй цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна.
Дүгнэлт гаргасан: Бактериологийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Цаст-Оргил гэжээ. /х.х-ийн 68-69 хуудас/
9. Шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 009/004 дугаар дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хутганаас гарын мөр илэрсэнгүй. Гарын мөр илрээгүй тул цаашид шинжилгээ хийх боломжгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Билгүүн гэжээ. /х.х-ийн 75-76 хуудас/
10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмчийн үзлэгийн хуулбар, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-ийн 50, 52, 93, 95-101 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3 дугаар баг, Баянбулагийн 5-501 тоотод иргэн Б.Б-ийн толгой тус газар заазуураар 1 удаа цохиж эрүүл мэндэд нь толгойд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Иймд шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бийн өгсөн мэдүүлэг, хохирогч Б.Б, гэрч Ч.Б, Б.О, Б.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Мөн шүүгдэгч Б.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.Б нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бэд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2317000110026 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн өмд 1 ширхэг, цайвар ногоон өнгийн цус мэт хүрэн өнгөөр бохирлогдсон цамц 1 ширхэг, 22,5 см урттай ногоон өнгийн заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна. Хохирогч Б.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 700 /долоон зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэд оногдуулсан 700 /долоон зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн саарал өнгийн өмд 1 ширхэг, цайвар ногоон өнгийн цус мэт хүрэн өнгөөр бохирлогдсон цамц 1 ширхэг, 22,5 см урттай ногоон өнгийн заазуур 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ