Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/22

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт Г-ийн Бд холбогдох эрүүгийн 2317000000029 дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 28-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Хүрийн ногооны задгайд оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,

 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум  дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Ц овогт Г-ийн Б /РД: ЕЙ83122831/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 3-1-2 тоотод оршин суух Т.Ан гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Ц.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний эрүүл мэндэд биеийн өвчүүний дээд, зүүн эгмийн доод хэсэгт  архины шилний хагархайгаар зүсэж урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би өөрийн ах Бтэй хамт 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Ан гэрт очсон. Анх бид хоёрыг ороход А, О, Э, Б нар архи уугаад сууж байсан. Бид нар цуг архи уусан. Хараа нэртэй 0,75 литрийн савалгаатай архи 2-3 шилийг уусан. Архи согтуруулах ундааны зүйл маш их хэрэглэсэн байсан учраас нэг ухаан ороход Э гэх залуутай би хэрүүл маргаан үүсгэж байсан. Би тухайн үед Хараа нэртэй архины шилийг том өрөөний хананд савж хагалаад Эын цээжин тус газар архины шилээр 1 удаа зүссэн. Эын биеийг зүссэний дараа хагалсан архины шилнийхээ хүзүүг Агийн гэрийн цонх руу шидсэн. Би Эын биеийг зүссэнийхээ дараа ах Бтэй хамт Ан гэрээс гараад явсан. Би 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатараас Замын-Үүд явах вагоноор ээжтэйгээ золгох гээд ах Бийн хамт Замын-Үүдрүү явсан. Би Замын-Үүдэд очсон цагаас эхлэн архи согтууруулах ундааны зүйл маш их хэрэглэсэн. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Замын-Үүдийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хоноод шөнө нь вагонд суугаад ирсэн....гэсэн мэдүүлэг. /хх-ийн 56-58 хуудас/

2. Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн өглөө 09 цагийн үед Агийн гэрт очоод Хараа нэртэй 0,75 литрийн савалгаатай архи хувааж уугаад би Агийн гэрт тасраад унтаад өгсөн байсан. Унтаж байгаад сэрсэн чинь миний бие цус болчихсон байсан. Би Ан гэрээс гараад Хас банкны тэнд алхаж явахад 1 хүн замд таараад гэрт хүргэж өгсөн. Гэрт очоод байж байтал эмнэлгийн байгууллагад хандсан байна лээ, би тухайн өдөр юу болсноо сайн санахгүй байна. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/

3. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон Ц.Э нь аймгийн нэгдсэн эмнэлэгт амбулториор үзүүлэхэд эрүүл мэндийн даатгалын сангаас 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 214 000 төгрөг гарсан. Энэ мөнгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/

4. Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр манай дүү Б над руу залгаад Агийн гэрт хүрээд ир гэсэн. Намайг Агийн гэрт очиход Баяр, О, Э, А нар байсан. Бид нар Хараа нэртэй 0,750 литрийн савалгаатай 3-4 шил архи уусан. Баяр, О нар Ан гэрээс гараад явсан. Б, Э, А бид 4 гэрт үлдсэн. Намайг ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд Э газар суугаад хувцасаа өмсөж байсан. Тэгээд Э удалгүй гэрээс гараад явсан. Эыг гараад явсны дараа манай дүү Б Эыг архины шилээр зүсчихлээ гэсэн. Тэгээд Б бид 2 Агийн гэрээс гараад 9 дүгээр байранд манай охиныд очоод унтсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/

5. Гэрч Т.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...2023 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед манай гэрт Э Хараа нэртэй 0,750 литрийн савалгаатай архи бариад ороод ирсэн. Тэгээд Эын авчирсан архийг бид 2 хувааж уух гэж байтал гаднаас О ороод ирсэн, манай байрны 2 давхарт Бынх байдаг би Бын гэр лүү нь ороод дуудаж авчирсан. Тэгээд бид  хэд тэр өдөржин манай гэрт архи уусан. Маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 19-нд мөн Э О бид 3 архи үргэлжлүүлэн уусан ба Быг гаднаас ороод ирэхээр нь дэлгүүр явуулж 2 шил Хараа архи авчруулж уусан. Багцаагаар 10 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн тогшоод байхаар нь би нээхгүй, дахиж хүн оруулахгүй гэтэл О хаалгаа нээчих гээд манай хаалгыг нээтэл Б, Б нар ороод ирсэн. Тэгээд бид 4-ийн ууж байсан архинаас Б, Б нар хувааж уусан. Гэтэл Б архиндаа согтоод Э руу чи намайг танихаа байчихсан юм уу гэх мэт үг хэлээд дайраад байсан. Тухайн үед Э хувцасаа тайлчихсан манай том өрөөний шалан дээр хэвтэж байсан ба Э нилээн согтсон байсан болохоор Бийн өөдөөс үг хэлэх ч тэнхэлгүй байсан. Мөн Бийн дүү Б Эыг зодох гэж дайрсан. Тэгээд би болиулах гэтэл Б над руу архины шил аваад шидсэн бөгөөд би булттал тэр архины шил манай том өрөөний шилний дотор шилийг хагалчихсан. Би тухайн үед Б, Б 2-г хориод дийлэхгүй байхаар нь өөрийн дүү А-ийг дуудая гэж бодоод А-ийг дуудахаар гэрээс гарсан. Манай дүү А-ийнх манай байрны 5 дугаар орцонд байдаг. А-ийн гэрийн гадаа очоод хаалгыг нь нилээн тогшсон багцаагаар 10-аад минут болсон байх Алтанцэцэг хаалгаа нээгээгүй. Тэгээд би буцаад гэрлүү ортол манай гэрийн хаалга онгорхой том өрөөнд Э ганцаараа шалан дээр дээшээ хараад хэвтчихсэн, цээжний хэсэгт эгэмнээс доошилсон ангайсан шарх үүссэн байсан. Эын шархыг хараад манай гэрийн заазуураар заазуурдсан байх гэж бодоод гэрийнхээ ногоон иштэй заазуурыг хайгаад олоогүй. Тэгээд Эын хувцсыг өмсүүлтэл Э сэргээд босоод ирсэн. Тэгээд би Эаас чи харьж чадах уу гэтэл чаднаа гээд гараад явсан.Тэгээд Эыг гарсны дараа би гэрээ цэвэрлээд хагарсан архины шил болон уусан архины шилээ бүгдийг нь гаргаж хаясан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 21-22 хуудас/

4. Гэрч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед 16 цаг 50 минутын үед 103 дуудлагаар үл таних эрэгтэй хүн согтуу, цээжиндээ зүсэгдсэн шархтай, шархнаас цус гарсан байдалтай ирсэн. Би шарханд анхны цэгцлэлт хийж хэсгийн өвдөлт намдаалтан доор шарханд оёдол тавьж цусыг нь тогтоосон. Судсаар шингэн нөхөх эмчилгээ хийсэн. Гэмтлийн тасагт хэвтүүлэх гэсэн боловч эмчилгээ үйлчилгээнээс татгалзах хуудас бөглөн аав ээжтэйгээ цуг явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-30 хуудас/

6. Шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаар дүгнэлтэнд:

Ц.Эын биед өвчүүний дээд хэсгээр, зүүн эгмийн доод хэсгээр урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь иртэй зүйлийн үйлчиллээр 2023.02.19-нд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 33 хуудас/

7. Шинжээчээс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр авсан мэдүүлэгт:

Ц.Эын биед үзлэг хийхэд тухайн үүссэн шархны 2 талын зах ирмэг нь тэгш бус үл ялиг урагдсан мөн шархны төгсгөл хэсэг нь далийрч, урагдаж язарч төгссөн байсан учир үүнийг заазуур юм уу хутгаар үүсгэгдсэн гэх боломжгүй харин шилээр үүсгэгдсэн байх боломжтой гэжээ. /х.х-ийн 37-38 хуудас/

8. Ашид билгүүн ХХК-ны хөрөнгө даатгалны хохирлын үнэлгээ. /х.х-ийн 42-44 хуудас/

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмчийн үзлэгийн хуулбар, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-ийн 61, 64-99, 113-116 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 3-1-2 тоотод оршин суух Т.Ан гэрт хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Ц.Этай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний биед өвчүүний дээд, зүүн эгмийн доод хэсэгт  архины шилний хагархайгаар зүсэж урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Иймд шүүгдэгч Г.Бийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бийн өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Э, гэрч Т.А, Г.Б  нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

Мөн шүүгдэгч Г.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Г.Б  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч, хохирогч нар нь хоорондоо ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

ХОЁР. Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Г.Б нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

Харин хохирогч Ц.Эын эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 214 000 /хоёр зуун арван дөрвөн мянга/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бөөс 214 000 /хоёр зуун арван дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн 2317000000029 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ц.Э нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Г-ийн Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг  260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 /тав/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Бд нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Бөөс 260 500 /хоёр зуун жаран мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                    

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ