| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/1595/Э |
| Дугаар | 1234 |
| Огноо | 2019-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 1234
2019 12 12 2019/ДШМ/1234
Ж.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Мөнх-Амгалан,
хохирогч Л.Г-а, түүний өмгөөлөгч Ц.Амар,
шүүгдэгч Ж.Б-ийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Н.Баярсайхан,
нарийн бичгийн дарга Д.Гантуяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1635 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболдын бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 125 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Ж.Б-д холбогдох 1906047662080 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
..... Б-, 1965 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металлургийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, охин, зээгийн хамт Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:....../,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт тус тус зааснаар 150.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан;
Ж.Б- нь 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж 2 хотхоны 44 дүгээр байрны 6-72 тоотод иргэн Л.Г-ын баруун эгэм хэсэгт хутгалж, улмаар эрүүл мэндэд нь баруун эгэмний доорх вений судас гэмтээсэн, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Б-д сануулж, Ж.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Б-эс 530.198 төгрөг гаргуулж хохирогч Л.Г-ад олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцахад хохирогч Л.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...ямар ч маргаан болоогүй байхад үгийн зөрүүгүй шууд хутгалсан. Би их цус алдсан. Түргэн дуудахад 30 минутын дараа ирсэн. Би түр зуур ухаан алдсан байсан. Эмч надад нилээд хүнд хагалгаа болсон гэж хэлсэн. Намайг эмнэлэгт хэвтэж байхад шүүгдэгч ирсэн байсан. Одоо миний хоолой боогддог болсон. Судасны тодосгогчтой томографийн зураг авахуулсан. Судсыг нийлүүлж болохгүй учир судас наадаг тариа тарьж, цусыг тогтоосон. ...” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9773 дугаартай дүгнэлт, дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1178 дугаартай дүгнэлт зэргээр Л.Г-ын биед баруун эгэмний доорх венийн судас гэмтээсэн, зүсэгдсэн шарх гэмтэл үүссэн болох нь тогтоогдсон. Гэтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуурын 3.1.8-д “том судасны гэмтэл Үүнд: гол судас болон гүрээ, суга, бугалга, ташаа, гуя, тахим, эгэмний доорхи тараагуур, хураагуур судасны тасрал, урагдал, зүсэгдэлт түүнчлэн гэмтлийн гаралтай цүлхэн хамаарна.” гэж заасан байхад шинжээчид Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулан дүгнэлт гаргасан байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд нь эргэлзээтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8, 35.21 дүгээр зүйлүүдэд зааснаар шинжээчдийг шүүх хуралд оролцуулах, мэдүүлэг авах, дахин шинжилгээ хийлгэх зэрэг холбогдох ажиллагааг явуулаагүй, шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар тооцож үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй”, мөн хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1635 дугаартай шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж, тус шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Л.Г-ын өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжиж байна. Тухайн үед хохирогч 6-7 цаг үргэлжилсэн хагалгаанд орсон. Хагалгаанд орохоос өмнө хагалгаа эрсдэлтэй учраас ар гэрээс нь зөвшөөрөл авч хагалгаанд орсон талаар өвчний түүхэнд тодорхой тэмдэглэгдсэн байдаг. Өвчний түүх дээрх эмчийн онош болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийн үзлэг, оношлогоо хэсэгт “баруун эгэмний доор 6-7 сантиметрийн урттай хавж оёсон, зүсэгдсэн шарх” байна гэсэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д заасныг прокурор эсэргүүцэлдээ тодорхой дурдсан. Том судасны гэмтэлд “гол судас болон гүрээ, суга, бугалга, ташаа, гуя, тахим, эгэмний доорхи тараагуур, хураагуур судасны тасрал, урагдал, зүсэгдэлт түүнчлэн гэмтлийн гаралтай цүлхэн хамаарна” гэсэн. Шинжээч эмч ямар гэмтэл учирсныг зөв тогтоосон атлаа түүнд тохирох гэмтлийн зэргийг буруу дүгнэж, илт хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Шинжээч Золжаргалд зориуд худал дүгнэлт гаргасан гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр шүүх хуралдаан нь хойшилсон нөхцөл байдал байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс хууль бус дүгнэлт гаргасан гэж хардаж байна. Прокурорын эсэргүүцэлд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн. Гэхдээ хүчингүй болгоод яг ямар шийдвэр гарах талаар тодорхой дурдаагүй байсан. Өмгөөлөгчийн хувьд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Л.Г-а тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Би хуулийн мэдлэггүйн улмаас шинжээчийн дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоосныг зөв гэж ойлгосон. Би 7 цаг гаруй үргэлжилсэн хүнд хагалгаанд орсон. Эмч нар “маш их цус алдаж байна, цаашдаа яах эсэх нь хагалгаанаас шалтгаална” гээд манай гэр бүлийн бүх хүмүүсийг дуудсан байсан. Би хагалгаанаас гарсны дараа эмчтэй уулзахад хүнд хагалгаа болсон шүү гэсэн атлаа сүүлд нь хөнгөн хагалгаа болсон гэх зүйл ярьсан. Тэгэхээр нь надад хардах сэтгэл төрсөн. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг харахад хууль, журмыг сахиулах ёстой прокурор нь өөрийн гаргасан шийдвэрээ үндэслэлгүйгээр үгүйсгээд шүүхийн шийдвэр гаргах эрх хэмжээнд шууд халдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заасан. Өөрөөр хэлбэл, прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэнэ гэж эрх хэмжээг тогтоосон. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд прокурорын яллах дүгнэлт, түүнд заагдсан нотлох баримтыг үндэслэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцэлд болон хохирогч талаас гаргаж байгаа тайлбарт дурдагдаад байгаа асуудал яагаад тухайн үед хийгдээгүй юм бэ. Хавтас хэргийн 18, 19 дүгээр хуудаст хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан баримт авагдсан бөгөөд хохирогч нь “шинжээчийн дүгнэлттэй санал нэгдэж байгаа” талаараа мэдүүлж гарын үсгээ зурсан. Хэрвээ энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, эргэлзээтэй гэж үзсэн бол прокурор дахин шинжээч томилж болохоор байсан. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй.” гэж эсэргүүцэлдээ дурдсан. Дээд шатны прокурорт танилцуулахгүйгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шилжүүлдэг ажиллагаа байхгүй. Гэтэл шүүхийн шийдвэр гарсны дараа буруу шийдсэн мэтээр эсэргүүцэл бичиж шүүхийн эрх хэмжээнд халдаад байна. Мөн прокурорын эсэргүүцэлд шийтгэх тогтоолыг хүчингүй болгоод яах ёстойг заагаагүй. Анхан шатны шүүх шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн учраас дээд шатны прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, Ж.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г бүрэн гүйцэд, эргэлзээгүй тогтоож чадаагүй байна гэж үзлээ.
Прокуророос Ж.Бат-Эрдэнийг 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж 2 хотхоны 44 дүгээр байрны 6-72 тоотод иргэн Л.Г-ын баруун эгэм хэсэгт хутгалж, улмаар эрүүл мэндэд нь баруун эгэмний доорх вений судас гэмтээсэн, зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-д “Энэхүү журмын 2.2.1-д заасан амь насанд ауюлтай хүнд гэмтэлд дараах гэмтлүүд хамаарна. Үүнд; ...3.1.8. том судасны гэмтэл Үүнд: гол судас болон гүрээ, суга, бугалга, ташаа, гуя, тахим, эгэмний доорхи тараагуур, хураагуур судасны тасрал, урагдал, зүсэгдэлт түүнчлэн гэмтлийн гаралтай цүлхэн хамаарна.” гэжээ.
Гэтэл хавтас хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9773 дугаартай дүгнэлтээр “...Л.Г-ын биед баруун эгэмний доорх венийн судас гэмтээсэн, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” /хх 19/ гэж үзсэн нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл, эгэмний доорх венийн судас нь том судасны гэмтэл /тараагуур, хураагуур судсанд/-д хамаарах эсэх нөхцөл байдлыг шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар тодруулж, шаардлагатай гэж үзвэл дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсны эцэст хэргийг шийдвэрлэх нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирлын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.
Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1635 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН