Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2025/0468

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Л.Б

Нэхэмжлэгч: “Г” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

Хариуцагч: “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга, 320 хүний суудалтай /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо/-ын ажлын БСШУСЯ/201801226 дугаар гэрээг цуцалсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох, гэрээг хүчин төгөлдөр байх хугацаанд барилгын ажлын барилгын зураг төсөл магадлал хийх, нэмэлт санхүүжилт олгох үүргийг биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, барилгын ажлын үнийн өсөлт зах зээлийн бодит ханшаар тооцож барилгын зураг төсөл магадлал хийх, үлдэгдэл ажлыг 1,138,259,273 төгрөг тооцож нэмэлт гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах, Захиргааны гэрээг хууль бусаар цуцалсан болон хууль бус эс үйлдэхүй гаргаснаас учирсан хохирол болох барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулсан нэмэлт зардал 968,501,957 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0287 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2024/0415/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга, 320 хүний суудалтай /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо/-ын ажлын БСШУСЯ/201801226 дугаар гэрээг цуцалсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох, гэрээг хүчин төгөлдөр байх хугацаанд барилгын ажлын барилгын зураг төсөл магадлал хийх, нэмэлт санхүүжилт олгох үүргийг биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, барилгын ажлын үнийн өсөлт зах зээлийн бодит ханшаар тооцож барилгын зураг төсөл магадлал хийх, үлдэгдэл ажлыг 1,138,259,273 төгрөг тооцож нэмэлт гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах, Захиргааны гэрээг хууль бусаар цуцалсан болон хууль бус эс үйлдэхүй гаргаснаас учирсан хохирол болох барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулсан нэмэлт зардал 968,501,957 төгрөгийг хариуцагчаас гаргуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0287 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 56 дугаар зүйлийн 56.4, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Г” ХХК, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2019 оны 07 дугаар сарын 18-ний өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга, 320 хүний суудалтай /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо/-ны ажлын гэрээ БСШУСЯ/201801226 дугаар гэрээг цуцалсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1261 дүгээр  гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох гэрээг хүчин төгөлдөр байх хугацаанд барилгын ажлын барилгын зураг төсөл магадлал хийх, нэмэлт санхүүжилт олгох үүргийг биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, барилгын ажлын үнийн өсөлт зах зээлийн бодит ханшаар тооцож барилгын зураг төсөл магадлал хийх, үлдэгдэл ажлыг 1,138,259,273 төгрөг тооцож нэмэлт гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах, Захиргааны гэрээг хууль бусаар цуцалсан болон хууль бус эс үйлдэхүй гаргаснаас учирсан хохирол болох барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулсан нэмэлт зардал 968,501,957 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй маргааныг шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, Учир нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээт ажлыг хугацаандаа хийж дуусгаагүйгээс удаа дараа гэрээг сунгаж, нэмэлт хугацааг нэхэмжлэгч талд олгож байсан. Захиалагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж гэрээт ажлыг хийж дуусгахыг удаа дараа шаардсан, гэрээг хуульд нийцүүлэн цуцалсан байхад нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад холбогдуулан нотлох баримтыг буруу үнэлснээс гадна, холбогдох хуулийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 287 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан “Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга, 320 хүний суудалтай /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо/-ын ажлын БСШУСЯ/201801226 дугаар гэрээг цуцалсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох, гэрээг хүчин төгөлдөр байх хугацаанд барилгын ажлын барилгын зураг төсөл магадлал хийх, нэмэлт санхүүжилт олгох үүргийг биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, барилгын ажлын үнийн өсөлт зах зээлийн бодит ханшаар тооцож барилгын зураг төсөл магадлал хийх, үлдэгдэл ажлыг 1,138,259,273 төгрөг тооцож нэмэлт гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах, Захиргааны гэрээг хууль бусаар цуцалсан болон хууль бус эс үйлдэхүй гаргаснаас учирсан хохирол болох барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулсан нэмэлт зардал 968,501,957 төгрөгийг хариуцагчаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагчаас “... гэрээт ажлыг хугацаандаа хийж дуусгаагүйгээс удаа дараа гэрээг сунгаж, нэмэлт хугацааг нэхэмжлэгч талд олгож байсан. Захиалагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж гэрээт ажлыг хийж дуусгахыг удаа дараа шаардсан... хуульд нийцүүлэн гэрээг цуцалсан байхад нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй” гэж маргасан.

4. Хэргийн үйл баримтын тухайд:

4.1. Нэхэмжлэгч “Г” ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр БСШУСЯ/201801226 дугаартай “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Сургуулийн барилга, 320 суудалтай /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо/-ын ажлын гэрээ”-г Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтэстэй байгуулжээ.

4.2. “Г” ХХК-иас 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 70/2020, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 54/21, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 31/22, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 64/22, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 59/23, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 74/23 дугаар албан бичгүүдээр тус тус гэрээний хугацааг сунгуулах талаар хүсэлтийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт гаргасан байна.

4.3 Дээрх хүсэлтүүдийн дагуу Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон “Г” ХХК нар 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр БСШУСЯ/201801226-01, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр БСШУСЯ/201801226-02, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр БСШУСЯ/201801226-03, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр БСШУСЯ/201801226-04, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн БСШУСЯ/201801226-05, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр БСШУСЯ/201801226-НӨ, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр БСШУСЯ/201801226-НӨ-1, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр БСШУСЯ/201801226-НӨ-2, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр БСШУСЯ/201801226-НӨ-3 дугаартай нэмэлт гэрээг тус тус байгуулсан.

4.4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1261 дүгээр “... төсөл арга хэмжээний гэрээний хугацааг удаа дараа сунгаж, түүнчлэн ажлыг дуусгах талаар шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээт ажлыг дуусгаж хүлээлгэн өгөөгүй байна” гэсэн албан бичгээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, гэрээний ерөнхий нөхцөлийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д тус тус заасныг үндэслэн гэрээг цуцалж байгаа талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

5. Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй сургуулийн барилга, 320 хүний суудалтай /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 31 дүгээр хороо/-ын ажлын БСШУСЯ/201801226 дугаар гэрээг цуцалсан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагын тухайд:

5.1. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ”, 58 дугаар зүйлийн 58.1-д “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ”, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

5.2. Ажил гүйцэтгэх гэрээний хугацааг талууд тохиролцож тодорхойлох бөгөөд нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасныг Техникийн зөвлөл хуралдан хариуцагчаас “Г” ХХК-тай нийт 9 удаа нэмэлт гэрээ байгуулсан үйл баримт хэрэгт авагдсан байна.

5.3. Өөрөөр хэлбэл, талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг сунгаж нэмэлт гэрээ байгуулсан байтал хариуцагчаас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн №БСШУСЯ/201801226 дугаартай гэрээг цуцалж, нэхэмжлэгчид мэдэгдэл өгөхдөө ямар шалтгааны улмаас гэрээг цуцлах болсон, гэрээний ямар үүргийг зөрчсөн, нийтийн ашиг сонирхолд ямар ноцтой хор уршиг учруулж байгаа талаарх үндэслэлээ тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй, цуцлах үндэслэл тодорхой биш байх тул Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 03/1261 дугаартай гэрээ цуцлах тухай мэдэдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.

6. Гэрээг хүчин төгөлдөр байх хугацаанд барилгын ажлын барилгын зураг төсөл магадлал хийх, нэмэлт санхүүжилт олгох үүргийг биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, барилгын ажлын үнийн өсөлт зах зээлийн бодит ханшаар тооцож барилгын зураг төсөл магадлал хийх, үлдэгдэл ажлыг 1,138,259,273 төгрөг тооцож нэмэлт гэрээ байгуулахыг хариуцагч нарт даалгах, Захиргааны гэрээг хууль бусаар цуцалсан болон хууль бус эс үйлдэхүй гаргаснаас учирсан хохирол болох барилгын ажил гүйцэтгэхэд зарцуулсан нэмэлт зардал 968,501,957 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын тухайд:

6.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан.

6.2. Нэхэмжлэгч “Г” ХХК-аас нэмэлт ажил болох цахилгааны болон барилга угсралтын ажлын зөрүү төсөвт өртөг, үнийн өсөлтийг тооцож нэмэлт ажил гүйцэтгэх гэрээг байгуулах, үлдэгдэл ажлын санхүүжилтийг олгох талаар хариуцагч байгууллагад хандсан байх бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 2/2057 дугаар албан бичгээр “… материалын үнийн зөрүүг магадлашгүй ажлын зардлаас олгох боломжгүй”, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/4545 дугаар албан бичгээр “… өнөөдрийн байдлаар 3,903,394,748 төгрөгийн санхүүжилтийг танай компанид олгосон байна. Үлдэгдэл санхүүжилт болох 468,717,291 төгрөгийг хийгдсэн ажлын гүйцэтгэлээр олгох боломжтой” талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

6.3. Энэ тохиолдолд хариуцагч Нийслэлийн Хөрөнгө оруулалын газраас нэмэлт санхүүжилт олгох боломжгүй болохыг мэдэгдсэн байх тул хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй.

6.4. Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д “Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.

6.5. Анхан шатны шүүх “... гэрээ цуцалсантай холбоотой хохирол учирсан гэх үндэслэл болон бараа материалын үнийн өсөлт болон ажилчдын цалингийн өсөлттэй холбогдуулан холбогдох төлбөрийг олгохоос татгалзсан шийдвэр байхгүй байх ба харин цаашид гэрээ үргэлжилж байх хугацаанд нэхэмжлэгч гэрээний зохицуулалтын дагуу нэмэлт болон үлдэгдэл ажлын санхүүжилтийг шийдвэрлүүлэхээр хандах боломжтой ба тухайн харилцаанаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна.

7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2025/0287 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Ц.САЙХАНТУЯА

еРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ