Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 18

 

 

     


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0014/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,  
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, 
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Гэнэндулам,
Хохирогчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, 
Хохирогч ***, 
Шүүгдэгч ***, ***нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д заасан гэмт хэрэгт ***, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.1-д заасан гэмт хэрэгт *** нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201609000420 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, *** /РД:***/, 1997 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** оршин суух албан ёсны хаягтай боловч одоогоор *** тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 

2.Монгол Улсын иргэн, *** /РД:***/, 1997 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, “*** курсын оюутан, *** тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоогоор *** тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, 
                 
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 13-нд шилжих шөнө 00 цаг 13 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг, Өргөөгийн дөрвөн замын уулзвар хэсэгт ***улсын дугаартай тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар 

бүлгийн 12.9, 9 дүгээр бүлгийн 9.2, 2 дугаар бүлгийн 2.1, 2.7А хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн ***ын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, 
 
Шүүгдэгч ***нь 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 13-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз ***ыг согтуурсан, жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдсээр байж жолоогоо шилжүүлсний улмаас *** нь ***улсын дугаартай тоёото приус маркийн автомашиныг жолоодож явахдаа зам тээврийн осол гаргаж, иргэн ***ын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
    
ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр найз ***ын гэрт байсан бөгөөд 12 цаг өнгөрч байхад *** орж ирсэн. Тэгээд бид 3 гол явахаар болоод миний машинтай гол явсан. Гол дээр очоод машинаа угаачихаад 15 цагийн үед Дарханд орж ирсэн. Тэгсэн *** манай ангийн хүүхдийн төрсөн өдөр гээд хуучин Дарханд брак гэх газар очсон. Тэгээд *** гээд найзынх нь гэрт очсон. Тэгээд байж байтал *** гээд хүүхдийг *** намайг аваад ир гээд байсан. Тухайн үед би ***ын гэрт нэг лааз пивоноос 2 удаа балгачихсан байсан. *** намайг “яваад ир ээ, ***г аваад ир” гээд байхаар нь *** гэх хүүхэдтэй би таарамжгүй байдаг болохоор би явахгүй байсан юм. Тэгээд байж байтал *** надаас “*** оо, машиныхаа түлхүүрийг өгч бай, машинаас чинь картаа аваад ирье” гэж хэлсэн. Олон хүмүүс бужигнаад байсан учраас картаа аваад орж ирсэн ирээгүйг нь би сайн санахгүй байна. Тэгээд байж байсан чинь нэг их удалгүй *** “аваар гаргачихлаа” гээд орж ирсэн.
…би мэдэж байсан, гэхдээ миний машиныг унаад явчихна гэж бодоогүй.  Яг миний санаж байгаагаар бол надаас машины түлхүүрийг авахдаа картаа авна л гэж авсан. *** ер нь хэр зэрэг байсан гэдгийг нь бол сайн мэдэхгүй байна, ямар ч байсан согтуу байсан. Бид нар архи пиво уусан хэдэн шил гэдгийг нь сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг, 

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчим өөрийн найз ***, *** нартай төмөр замын 15 дугаар байрны гадна уулзаад ***ын тоёото приус 20 маркын авто машинтай древенгийн гүүр гарч гол дээр очоод ***ын машиныг бид 3 уугаачихаад тэндээ хэсэг байж байгаад буцаад төмөр замын 15 дугаар байр руу ирсэн.  Тухайн үед цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан бүрэнхий болж байсан. Тэгээд хүнсний уулзварын ертөнцийн зүгээр хойд зүг рүү эргэж зам дагуу байрлах хүнсний дэлгүүрээс нэг том савтай пиво аваад хүнсний уулзварын баруун урд талд байрлах бракт байдаг найз ***ын гэрийн гадаа очоод гэрийн гадаа нь тэр авсан пивийг ***, *** бид 3 хувааж ууж байгаад 00 цаг өнгөрч байхад би ***ын машины түлхүүрийг аваад древенд байдаг *** гэдэг найзыгаа авахаар болж, ***ын *** улсын дугаартай авто машиныг жолоодон Өргөөгийн уулзвар тал руу явж Өргөөгийн уулзвар дээр ирээд уулзварыг зүүнээс баруун чиглэлтэй нэвтрэх хөдөлгөөн хийх үед уулзварын урд зүгээс нэг аванти эксти машин хажуунаас орж ирэхэд би машинаа зогсоож амжилгүй уг машиныг мөргөх үед миний жолоодож явсан машины бүх юм цоожлогдож жолоодлогогүй болж, цааш хөдөлгөөнийг үргэлжлүүлж замын хашлага давахад тэнд байсан 3 эмэгтэй хүн замаас зугтахад нэг эмэгтэй нь зугтаж гүйж байгаад мөчрөнд тээглээд газар унахад миний машин дээгүүр нь өнгөрч тэр эмэгтэй миний унаж явсан машины 2 дугуйны гол хэсэгт зогссон. Тэгээд би машинаас буухад машин асаалттай байсан. Тэр үед доор байсан хүнээс ухар ухар гэх чимээ гарч байсан. 
…Би уулзвараар нэвтрэх үед хажуу талаас машин орж ирэх үед зогсоох арга хэмжээ авч чадалгүй мөргөсөн. Харин мөргөлдсөнөөс хойш машинаа зогсоох гэсэн боловч дээрх машины бүх юм нь түгжигдээд ямар нэг ажиллагаагүй болсон байсан учраас зогсоох арга хэмжээ авах гээд авч чадахгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг 

-Хохирогч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 13-нд шилжих шөнө 00:00 цагийн үед би үеэлүүдтэйгээ Дархан сумын Өргөө багийн 4 замын уулзвар хэсгийн явган хүний замаар явж байхад урд зам дээр 2 машин мөргөлдсөн. Тэгсэн нэг машин нь нөгөө машиныг мөргөчихөөд бид нар руу чиглээд ирж байсан. Бид зугтсан боловч би зугтаж амжаагүй, нэг мэдсэн машины гэрэл тусаад миний баруун хэсэг рүү мөргөх шиг болоод би цохигдоод машины доогуур орчихсон байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс намайг татаж гаргасан. 
…Эмчилгээ хийлгэхэд шаардлагатай байсан төлбөрийг тухай бүрт нь энэ хүмүүс төлж байсан. Эмчилгээний мөнгөнөөс гадна *** 1900000 төгрөг, *** 500000 төгрөг өгсөн.
...цаашид физик эмчилгээ, сэргээн засах эмчилгээний төлбөрт 3 500 000 төгрөг нэхэмжилж байна. Гар орой болгон янгинадаг, цаашид үе солих хагалгаанд орох шаардлагатай байгаа.” гэх мэдүүлэг, 

-Гэрч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Ч.*** нь найз ***ын машин дотроос нь виза карт авах гэж түлхүүрийг нь авсан.  М.*** нь ***ад ***г ирэхээр машинаа бариулаарай гэж түлхүүрээ өгсөн. Бид хоёрыг ***г очиж ав гэж хэлээгүй, зүгээр л ***г ирэхээр машинаа бариулаарай гэж хэлсэн. Би машинаас юм авах гэж байгаа юм байна гэж хамт очсон чинь Ч.*** гэнэт машиныг асаасан. М.*** нь бид хоёрыг машинтай яв гэж хэлээгүй, ***г авчихаад түлхүүрээ өгөөрэй гэж хэлсэн.             
…***гаар машинаа бариул гэж хэлсэн.” гэх мэдүүлэг, 

-Гэрч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…М.*** нь тухайн үед эхнэртэйгээ хэрэлдсэн байсан. Тэгээд Улаанбаатар хот руу машинтайгаа явна гээд байхаар нь Ганпүрэв явуулахгүй гээд машины түлхүүрийг нь авсан. Дараа нь хэсэг хугацааны дараа М.*** би хот явахаа болилоо гэж хэлээд түлхүүрээ авсан. *** нь ***оос 2 удаа машины түлхүүрийг нь авсан. Эхлээд  виза картаа авна  гэж, дараа нь  Древен рүү явна гэж хэлж авсан. Эхэлж Ч.*** би машинаас чинь виза авъя гэж хэлээд авсан. *** өөрөө ***ад машины түлхүүрээ өгсөн.” гэх мэдүүлэг, 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 6, 11-13/, 

-Зам тээврийн ослын бүдүүвч зураг, зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, ослын газарт хийсэн тэмдэглэл /хэргийн 7-8, 14/, 

-Ч.***ын жолоочийн үнэмлэхтэй эсэхийг шалгасан тодорхойлолт /хэргийн      9/, 
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 15/,
-Хохирогч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн дүү болох ***оос миний машиныг жолоодон яваад осолд орсон талаар мэдсэн. Тэгээд миний машиныг журмын хашаа руу аваачаад хийчихсэн байсан. Тэрнээс хойш би Дарханд байхгүй байж байгаад саяхан ирээд байж байна. 
…худалдаж аваад 1 жил гаруй хугацаа л өнгөрч байна. Жилийн өмнө Сэлэнгээс авч байсан. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон бусад бичиг баримт нь бүгд миний нэр дээр бүртгэлтэй байдаг.
…Миний машиныг ***ын талаас бүрэн янзалж өгсөн, одоо ***ын зүгээс нэхэмжлэх зүйл болон санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 21, 168/

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өргөөгийн уулзвар дээр 2 машин мөргөлдөөд нэг машин нь эрчиндээ бид нарыг чиглээд ирэхэд тал тал тийш зугтахад *** эгч зугтаж байгаад дайруулчихсан. Тэгээд бид нар осол болсны дараагаар нөгөө машин дээр очиход *** эгч харагдахгүй байхаар нь тэр хавьд байсан хүмүүсийн хамт машиныг өргөж байгаад доороос нь *** эгчийг гаргаж ирээд цагдаа, түргэн дуудсан.
…тоёото приус хүнсний талаас уулзвар руу ороход төв замын машин нь уулзвар дээр маш хурдтай ирэхэд тэр 2 машин уулзвар дээр мөргөлдөөд, мөргөлдсөн эрчээрээ приус маркын машин нь боржур давж гарсан. 
...Ямар нэгэн дуут дохио өгөлгүй хашлага давж ирээд *** эгчийг мөргөөд дээр нь гараад зогсчихсон.” гэх мэдүүлэг /хэргийн 24/,    

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... 2016 оны 7 дугаар сарын 13-ны 00 цаг өнгөрч байхад би ***, ***, ***, *** нарын хамт Өүшин баарнаас гараад Эс маркет орох гээд явж байхад Өргөөгийн уулзвар дээр аванти эксти маркын машинтай мөргөлдсөн приус маркын автомашин уулзвар дээрээ баруун гар тийшээ эргээд тэр эрчээрээ бид нарыг чиглээд ирэхэд бид нар тараад зугтсан. Би зугтаж байгаад эргэж харахад приус автомашин нь мөргөхөд *** машины доор орсон. Тэгээд би *** машины доор орчихлоо гээд машин дээр очиход *** машины доор нь орчихсон харагдахгүй байсан. Тэгээд тэнд байсан хүмүүс машиныг өргөхөд *** доороос нь самардаад гарч ирж байсан. Анх машин дээр очиход *** доороос нь харагдахгүй байсан. Тухайн үед ***ын бие бүхэлдээ машины доор орсон байсан. 
…Би зогсоох арга хэмжээ өгснийг мэдэхгүй, ямар ч байсан дуут дохио өгөөгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 25/, 

-Гэрч ***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... 2016 оны 7 дугаар сарын 12-ны орой 00 цагийн үед 18-ын буудал дээрээс 3 хүн аваад Тосгон руу явж байх замд Өргөөгийн уулзвар дээрээс хүнс талаасаа приус 20 маркын машин маш хурдтай ирж байсан учраас би тэр машинтай мөргөлдөхгүй гэсэндээ машины рулээ баруун гар тийш нөгөө машинаас зугтах санаатай зайлаад дарсан чинь амжихгүй приус 20 маркын машин миний жолоодож явсан *** авто машины зүүн гар талаас буюу жолоочийн эсрэг талаас хүчтэй мөргөх үед би тормоз гишгээд зогсоох арга хэмжээ авах гэсэн боловч хэсэг газар гулгаад зогсоод харин приус 20 маркын авто машин нь намайг мөргөчихөөд зогсолгүй ухраад баруун гар тийш буюу Өүшин баарны харалдаа боржур даваад боржурын цаана явж байсан 3 эмэгтэй хүний зүг чиглээд явахад тэнд байсан эмэгтэй хүмүүс тараад зугтахад нэг эмэгтэй хүнийг мөргөөд модонд тулаад зогссон. Тухайн үед намайг мөргөчихөөд тэр машиныг би зугтах гэж байна гэж бодож байтал хүн мөргөөд зогссон. Тэгээд би машинаасаа бууж тэр машин дээр очих үед мөргүүлсэн эмэгтэй хүн машины доогуур орсон байхаар нь би тэнд байсан хүмүүсийн хамт машиныг өргөж байгаад доогуур орсон эмэгтэй хүнийг нь таталцаж гаргахад приусээс нэг банди бууж ирэхээр нь “ахын дүү чи хүн дайрчихлаа шүү дээ” гэж хэлэхэд приусын жолооч “түргэн дуудаарай” гэж хэлж байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн.
...би ойролцоогоор 40-50 км цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед гол замын машин байсан учраас чигээрээ явна, харин нөгөө машин зам тавьж өгнө гэж бодоод явтал зогсохгүй байхаар нь тойроод гарахыг бодсон. Тухайн үед зам тээврийн осолд орсны улмаас миний баруун гар хүчтэй доргиж тухайн үедээ бага зэрэг хавдсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 33/, 

-“…С.***ын биед баруун шуу ясны арын толгой хэсгийн зөрсөн хугарал, мэс заслын дараах байдал, тархи доргилт, бүсэлхийд цус хуралт, баруун гарын сарвуу, 2 өвдөгт зулгаралт, шагайны зөөлөн эдийн няцралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. С.***ын биед үүссэн гэмтэл нь 2016.07.13-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 813 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 35-36/, 

-“…шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 8 дуагар сарын 1-ний өдрийн 813 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй. С.***ын биед баруун шуу ясны арын толгой хэсгийн зөрсөн хугарал, мэс заслын дараах байдал /2016.07.13/, тархи доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, 2 өвдөгт зулгаралт, шагайны зөөлөн эдийн няцралт  гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр авто ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.  С.***ын биед үүссэн гэмтэл нь 2016 оны 7 дугаар сарын 13-нд үүссэн байх боломжтой.” гэх 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 40-42/, 

-“…Тоёото приус 20 маркийн *** дугаарын авто машин нь 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргйн техник  оношлогоонд ¹36995 тоот техник хяналтын дүгнэлтийн хуудсаар оношлогоонд орсон, 2016 оны техникийн улсын үзлэг тооллогонд хамрагдаагүй, автомашин дээр нь хийсэн үзлэгээр автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих. Ерөнхий  шаардлага MNS4598:2011 улсын стандартын 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтын шаардлагыг хангаагүй тээврийн хэрэгслээр зам, хөдөлгөөнд орсон байна. Техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцоход зөрчилгүй, автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь заалтыг зөрчсөн зөрчилтэй байна. Цаашид тээврийн хэрэгслийг засварлаж, техникийн оношлогоонд хамруулсны дараа замын хөдөлгөөнд оролцоход боломжтой. Тоёото приус 20 маркийн *** дугаарын автомашинд хөдөлгүүрийн копут тахийж, сэнсэрсэн, зүүн гар талын крыло, бүхээгний лонжером баруун гар талруугаа тахийсан, зүүн гар талын гэрэл, дохио хагарсан зэрэг нь ослын үед эвдэрч гэмтсэн байна. Зураг ¹01-02-04.” гэх 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 68-70/, 

-Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 71/, 

-Хохирогч С.***ын өвчтөний түүх /хэргийн 99-113/, 

-Гэрч Ганпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…***нь ***г тосоод ир гээд машиныхаа түлхүүрийг ***ад өгсөн. ***д машиныхаа түлхүүрийг өгөөгүй.  *** машины түлхүүрийг *** өгсөн болохоор авсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 171/,  

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 173, 204/, 
-Албадан саатуулсан хүний бүртгэл, тэмдэглэл /хэргийн 187-188/

-Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А заалт зөрчсөн зөрчлийн бүртгэл /хэргийн 199-200/, 

-Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө баг “өргөөгийн 4 замын уулзвар” дээр 2016 оны 7 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө гарсан зам тээврийн ослын бүдүүвч зурган дээрх А3 болон Б гэсэн тэмдэглэл илүү хийгдсэн шаардлагагүй байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн ахмад З.***ын гаргасан ослын дүгнэлт үндэслэлтэй байна. Жолооч *** нь T.Pruis маркийн *** улсын дугаартай автомашин болоодож явах үедээ МУ-н замын хөдөлгөөний  дүрмийн 12 дугаар бүлэг 12.9 /гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө /гэсэн заалт мөн дүрмийн 9 дүгээр бүлэг 9.2 /Жолооч хөдөлгөөнд аюул саад  бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалт мөн дүрмийн 2 дугаар бүлэг 2.7-а /Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн мөн  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно /гэсэн заалт мөн дүрмийн 2 дугаар бүлэг 2.1.а /Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. ***нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлэг 2.7.б /жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно./ гэсэн заалтыг зөрчиж ***ад T.Pruis маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодуулсан.” гэх 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаар шинжээчийн дүгнэлт /хэргийн 202/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /0.55 хувийн согтолттой/ хэргийн 200/ үедээ 2016 оны 7 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө 00 цаг 13 минутын орчим Дархан-Уул аймгийн  Дархан сумын Өргөө баг Өргөөгийн дөрвөн замын уулзвар хэсэгт ***улсын дугаартай тоёото приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний  дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9-т “гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”,  9 дүгээр бүлгийн 9.2-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 2 дугаар бүлгийн 2.1.а-д “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байх,” 2 дугаар бүлгийн 2.7.а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн ***ын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан, 
Шүүгдэгч ***нь 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз болох ***ыг согтуурсан, жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгийг мэдсээр байж жолоогоо шилжүүлсний улмаас *** нь      ***улсын дугаартай тоёото приус маркийн автомашиныг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж иргэн ***ын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас тэдгээрийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг согтуугаар үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ***ыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй

Шүүгдэгч ***нь 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол” гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татахгүй гэж заасан бөгөөд энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч М.*** нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхөөр байна.

Шүүгдэгч ***ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 173/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хавтаст хэрэгт нийт 3994100 төгрөгийн хохирлын баримт авагдсан бөгөөд энэхүү баримтын дагуу нэхэмжилсэн төлбөрийг шүүгдэгч Ч.***, М.*** нар нөхөн төлсөн бөгөөд энэ талаар талууд ямар нэгэн маргаан гаргахгүй байх тул шүүх энэ асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Хохирогч С.*** нь цаашид гарах эмчилгээний зардалд 3 сая төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 500000 төгрөг, нийт 3500000 төгрөг нэхэмжилж холбогдох нотлох баримтаа ирүүлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.***ын бие махбодид “баруун шуу ясны арын толгой хэсгийн зөрсөн хугарал, мэс заслын дараах байдал /2016.07.13/, тархи доргилт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, 2 өвдөгт зулгаралт, шагайны зөөлөн эдийн няцралт  гэмтэл учирсан болох нь 2016 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 813 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 35-36/, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1188 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр /хэргийн 40-42/ тус тус нотлогдож байна. 

Хохирогч С.***ын бие махбодид учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр гэмтэлд хамаарч байгаа бөгөөд  энэ нь гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш удаан хугацаагаар сарниулсан байхыг шаарддаг юм.

Хэдийгээр хохирогч С.***ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учирсан боловч Гранд мед эмнэлгийн гаргаж ирүүлсэн тодорхойлолтыг үзэхэд С.***т хийх Fusion гэх хагалгаа нь ямар төрлийн хагалгаа болохыг тодорхой дурдаагүй, хагалгааны хэдэн төгрөгний зардал гарах нь тодорхой биш байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч С.*** нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй байна.

Мөн хохирогч С.*** нь өмгөөллийн хөлсөнд 500000 төгрөг нэхэмижилж байгаа бөгөөд хохирогч С.*** нь сайн дураар өмгөөлөгч сонгон авсан, өмгөөллийн хөлсөнд хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй байх тул өмгөөллийн хөлсөнд 500000 төгрөг нэхэмижилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.*** нь гэмт хэрэг үйлдэх үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байсан боловч “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй, эрхийн үнэмлэхгүй аливаа этгээд хамаарах тул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шүүх оногдуулсан болно.

Шүүгдэгч *** нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг өөрийн сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** ***ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй  байдлын болон ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг согтуугаар үйлдсэн гэм буруутайд,  *** ***ыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч ***нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрч, эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул ***ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 сар 10 хоногийн /гурван сар арав хоног/ хугацаагаар баривчлах ял шийтгэсүгэй. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дугаар зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т заасныг баримтлан шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол гарах үед хохирогчид төлөх төлбөргүй,  хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1, 292 дугаар зүйлийн 292.2-т заасныг баримтлан хохирогч ***ын өмгөөллийн хөлс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч ***ад батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн  тоолох бөгөөд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй болохыг дурдсугай. 

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***од батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч ***ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ             Я.ТУУЛ