Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 643

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Ю-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/00169 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.Ю,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг болон эд хөрөнгө хураах тухай тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чингүн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас О.Югийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78-32 тоотод байрлалтай 41,7 м.кв талбай бүхий орон сууцыг хураасан.

 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар дээрх орон сууцыг үнэлүүлэхдээ үнэлгээг бодит байдалд болон хуульд нийцүүлэн хийгээгүй. НШШГГт “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь үнэлгээний тайлангаа 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлсэн байхад шийдвэр гүйцэтгэгч Б.Чингүн нь энэ талаар огт мэдэгдээгүй атлаа 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3/25015 тоот мэдэгдлийг шуудангаар ирүүлсэн.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь үнэлгээг хийхдээ зах зээлийн үнийн аргаар харьцуулахдаа харьцуулагч обьектуудын зах зээлийн үнийг судалж, интернэтэд байрлах зарын сайтыг эх сурвалжаа болгож ашигласан нь хууль болон холбогдох журмыг зөрчсөн. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78 дугаар байр нь 2012 онд ашиглалтад орсон ба шинжээч элэгдлийн хэмжээг 1,6 хувиар тооцож төлбөр төлөгчийн эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хийлгэсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145/2 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор нэхэмжлэгч О.Югийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78-32 тоотод байрлалтай 41.7 м.кв талбай бүхий орон сууцыг хураах ажиллагааг гүйцэтгэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, хөндлөнгийн гэрчгүйгээр эд хөрөнгийг хураасан. Иймд эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч нь үнэлгээг гардаж авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй боловч ямар нэг байдлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч О.Югийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145/02 тоот төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хураасан тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Югээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын утга, үндэслэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсан нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийг бүхэлд нь хянаагүй. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчин Д.Нямлхагва нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар үнэлгээг хийхэд ашиглахад баримталбал зохих хэм хэмжээг зөрчиж үнэлгээний тайлан гаргасан. Өөрөөр хэлбэл, харьцуулагч обьект буюу орон сууцнуудыг ашиглалтад орсон огноогоор байршил зүйн хувьд харилцан адилгүй өөр нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх орон сууцнуудыг зах зээлийн үнэ ханшийг харьцуулалтын арга дээр тулгуурлан хийхдээ ерөнхийд нь хамруулах массаар хийсэн. 2013 онд ашиглалтад орсон байрыг 2012 онд ашиглалтад орсон орон сууцтай харьцуулах мэдээллийн эх сурвалж нь голдуу веб сайтад байрлах баталгаатай бус мэдээллийг шинжээчийн хориглосон арга хэрэгслийг авч ашигласан гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч О.Ю нь НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон үл хөдлөх эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ.

2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр О.Ю, У.Мөнхжаргал нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд О.Югийн зүгээс Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Их тойруу, 78-р байрны 32 тоот, Ү-2203025352 өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 41.7 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 3308 дугаар захирамжаар О.Ю нь зээлийн гэрээний төлбөр болох 26 629 000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 17 хоногийн хугацаанд бүрэн төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх29/

Дээрх захирамжийн дагуу О.Ю тогтоосон хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгч өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 150 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн санал өгснийг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргажээ. /хх41/ Уг хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 202 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд тус шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 62 550 000 төгрөгөөр тогтоосон байна.

Нэхэмжлэгчийн зүгээс шинжээч хөрөнгийн зах зээлийн үнийн аргаар харьцуулахдаа харьцуулагч обьектуудын зах зээлийн үнийг судалж интернэтэд байрлах зарын сайтыг ашигласан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон үнэлгээний компаниудын дагаж мөрддөг журмыг зөрчсөн гэж тайлбарлажээ. Шинжээчийн дүгнэлтээр үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар барилгын үндсэн хийцийн төрлөөс хамаарч 1 м.кв талбайн жишиг үнийг 1 120.65 төгрөгөөр тооцон, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 16 дугаар заалтад заасан “орон сууцны төсөвт өртгийг тодорхойлохдоо барилгын нэгж хүчин чадлын жишиг үнэлгээнд 1.10 гэсэн итгэлцүүрийг хэрэглэнэ” гэсэн заалтыг үндэслэн 1 м.кв талбайн үнийг (1 120.65 * 1.10)  1 232.72 төгрөг гэж тогтоосныг буруутгах боломжгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 145/02 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 78 дугаар байрны 32 тоот 1 өрөө орон сууцыг хураасан бөгөөд тухайн ажиллагаанд нэхэмжлэгч О.Ю биечлэн оролцсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс эд хөрөнгө хураах ажиллагаанд 2-оос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулахгүйгээр хуульд заасан журмыг зөрчсөн талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай /2002 оны/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасны дагуу тус ажиллагаа явагдсан өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргах ёстой, гэвч нэхэмжлэгчийн хуульд заасан хугацаанд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхгүйгээр гаргасан нэхэмжлэлийг шүүх үндэслэлгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/00169 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                              Г.ДАВААДОРЖ

                                                                                       А.ОТГОНЦЭЦЭГ