Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/357

 

 





 

 

     2023             05           02                                    2023/ШЦТ/357
МОНГОЛ У

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч Г.Намжил, 

Шүүгдэгч ***, *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***н ***, *** овогт ***гийн *** нарт холбогдох эрүүгийн 2205022130270 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, *** оны 4 дүгээр сарын 03-ны өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Төв номын санд зөөгч ажилтай, ам бүл-1, *** дүүргийн *** хороо *** гудамжны *** тоотод оршин суух хаягтай боловч одоо тодорхой оршин суух хаяггүй, урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 336 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ял оногдуулсан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 178 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

*** овогт ***н *** /РД:***/. 

 

Монгол улсын иргэн, *** оны 5 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-1, найзтайгаа амьдардаг, *** дүүргийн *** хороо ***, *** хотхон *** байр *** тоотод оршин суух хаягтай боловч одоо тодорхой оршин суух хаяггүй, урьд ял шийтгэлгүй,

*** овогт ***гийн *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ***, *** нар нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоотод байх нийтийн байрны *** тоотод ***ыг биеэ хамгаалж чадахгүй согтуурсан болохыг мэдсээр байж, “гэрт шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар түүний толгой, нүүр, бие хэсэгт нь гараараа болон хөлөөрөө олон удаа цохиж дэвсэн, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар     

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ***, *** нар нь “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн *** хороо, *** гудамж, *** тоотод байх нийтийн байрны *** тоотод ***ыг биеэ хамгаалж чадахгүй согтуурсан болохыг мэдсээр байж, “гэрт шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар түүний толгой, нүүр, бие хэсэгт нь гараараа болон хөлөөрөө олон удаа цохиж дэвсэн, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “…Гэм буруу дээрээ маргахгүй…” гэх мэдүүлэг, 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын “…Гэм буруу дээрээ маргахгүй…” гэх мэдүүлэг, 

 

Эрүүгийн 2205022130270 дугаартай хэргээс:

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-18 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын хохирогчоор өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр харуул хамгаалалтын албанд хамт ажиллаж байсан *** гэх эрэгтэйтэй хамт Улаанбаатар хотод ажлаасаа буугаад ирсэн. Тухайн үед Сэлэнгэ аймаг руу гэр рүүгээ явах гэтэл унаа байхгүй, орой болсон, надад хотод очих айл байхгүй байсан тул *** намайг “Та очих айл байхгүй бол манайд очиж хоночхоод маргааш унаандаа суучих” гэсэн. *** бид хоёр хорооллын эцсийн нийтийн байрны *** тоотод очсон бөгөөд тухайн үед уг тоотод үл таних эрэгтэй утсаар яриад хэвтэж байсан. *** бид хоёр гэрт нь очоод байж байтал гаднаас үл таних ***, *** гэх 2 эрэгтэй мөн үл таних эрэгтэй, эмэгтэй хоёртой хамт орж ирсэн. Бид хоёр гаднаас орохдоо 1 шил 0,75 литрийн Соёрхол нэртэй архи аваад орсон бөгөөд би уугаад сууж байтал тэр 4 орж ирээд өрөөний нөгөө талд суугаад өөрсдийнхөө авч ирсэн архи, пивоо ууж эхэлсэн. Би тэр залуучуудад архинаасаа хийж өгөөд өөрөө уугаад сууж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсон талаар огт санахгүй байгаа бөгөөд нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн, толгой хэсэг битүү хавдартай, боолттой, хавирганууд өвчтэй, цээж хөндүүртэй амьсгал ч авч чадахгүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 31-33 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ы гэрчээр өгсөн “...*** ах *** руу зүгээр байж байгаад муухай хараад суугаад байсан. Тэгтэл *** уурлаад *** ах руу “Та над руу муухай харлаа” гээд уурлаад босож ирээд *** ахыг цохих гээд дайрахаар нь *** бид хоёр нийлж ***ыг салгасан. Хэсэг хугацааны дараа *** ах нэлээн согтоод гэр дотор нь шүлсээ хаясан. Тэгтэл гэрийн эзэн *** “Манай гэрийг бузарлалаа” гээд уурлаад *** ахын дух руу нь толгойгоороо 3 удаа мөргөсөн. Мөргөхөөр нь би ***ыг болиултал *** гэх залуу нь хажуугаас нь *** ахыг шанаа, нүүр рүү нь гараараа цохиж аваад байсан. Би ***ыг тавьтал ***, *** хоёр нийлээд *** ах руу дайраад толгой руу нь өшиглөж газар унагааж байгаад тэр хоёр зодоод толгой руу нь дэвсээд өшиглөөд байсан. Би тэр хоёрыг болиулах гээд цаг ноцолдсон. Нэгийг нь бариад авахаар нэг нь очоод *** ахыг зодоод байсан. Бүр болохоо байгаад би өрөөнөөс *** ахыг чирээд коридор хэсэг рүү гаргатал *** болон *** нар нь өрөөнөөсөө гарч ирээд *** ахын толгой руу нь өшиглөөд дэвсээд байсан. *** нь өрөө рүү буцаад орчихсон. *** үлдээд *** ахыг коридор хэсэгт хэд хэдэн удаа бие болон толгой руу нь дэвсээд байсан. Би ***ыг түлхээд цааш явуулаад *** ахыг байрны үүд рүү чирч гаргатал *** араас гарч ирээд *** ахыг зодох гээд байхаар нь би салгаад нэлээн зууралдсан. Бүр болохгүй болохоор нь гадагшаа хашаанаас *** ахыг чирээд гаргасан. Тэгтэл ***, *** хоёр араас ирээд бас л *** ахыг зодох гээд байсан. Би ***ыг “Боль оо ахын дүү” гэж хэлээд гэр рүү нь оруулаад ***тай хашааны гадна “Боль” гээд нэлээн зууралдсан. *** ах тэр хоёрт огт гар хүрээгүй. Босох ч тэнхэлгүй согтчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 9241 дугаартай шинжээчийн “...***ын биед баруун 6, 7, 8, 9 дүгээр хавирганы далд хугарал, тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн чамархайд шарх, хоёр нүдний алимын салстын цус харвалт, нуруунд зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхи, хамар, баруун, зүүн, хацар, шанаа, чих, эрүү, хүзүү, баруун мөр, бугалга, зүүн бугалга, сарвуунд цус хуралт, дух, чамархай, зулай, дагз, зовхи, хамар, хацар, шанаа, чих, эрүү, хүзүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд болно. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ***ын шинжээчээр өгсөн “...Дээрх дүгнэлтэд заасан гэмтлүүд нь бүгд нийлээд хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87 тал/,

шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч ***, *** нарт холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч ***, *** нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “гэрт шүлсээ хаялаа” гэх шалтгаанаар хохирогч ***ыг биеэ хамгаалж чадахгүй согтуурсан болохыг мэдсээр байж  түүний толгой, нүүр, бие хэсэгт нь гараараа болон хөлөөрөө олон удаа цохиж дэвсэн зодож хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч ***ын мэдүүлэг, гэрч Б.Баярсайханы мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 9241 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Б.Баяртогтохын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдлоо.

 

Хэрэг учрал болох үед шүүгдэгч нар нь хохирогчид учирсан гэмтлийг санаа сэдэл, үйлдлээрээ нэгдэж учруулсан, хохирогч *** нь согтууруулах ундаа хэрэглэсэн өөрийгөө хамгаалах боломжгүйг шүүгдэгч нар мэдэж байсан, хохирогчийн биед учирсан олон тооны гэмтэл нь шүүгдэгч нарын олон удаагийн харгис хэрцгий үйлдлээр үйлдэгдсэн болох нь шинжээч эмчийн дүгнэлт болон хохирогч гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан онц харгис хэрцгийгээр, 2.11-т заасан бүлэглэж, 2.7-д заасан хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд  прокуророос ирсэн хэргийн зүйлчлэлийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна. 

 

Шүүгдэгч ***, *** нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч *** нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ“...ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан болохыг дурдаж байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ***, *** нар нь онц харгис хэрцгийгээр үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч ***, *** нарт  ял оногдуулахдаа  хуульд заасан шударга ёсны зарчим болон хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийж буй нөхцөл байдал зэрэгт шүүх дүгнэлт хийв.

 

Шүүгдэгч ***, *** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***, *** нарыг хорин ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ***, *** нарын тэнссэн хугацаанд оногдуулсан үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл  санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт тайлбарлаж байна.

 

Шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргав.

 

Шүүхийн шийдвэрт  хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***н ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *** овогт ***гийн ***ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ***, *** нарыг хорин ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Шүүгдэгч ***, *** нарын тэнссэн хугацаанд оногдуулсан үүрэг хүлээлгэх  албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл  санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч ***, *** нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ