Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/339

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор У.Анхжаргал,

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2603/ нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302001560097 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Өргөө кинотеатрын замын хойд талын автобусны буудлын орчимд 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 34,0028 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаах зорилгогүйгээр *** улсын дугаартай, Приус-30 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэх үйлдлийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулжээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

1. 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “...Үзлэг хийж буй тээврийн хэрэгсэл нь *** улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл байх ба Баянгол дүүргийн 7-р хороо Өргөө кино театрын замын хойд талын автобусны буудлын орчмоос дайчлан баривчилж Чингэлтэй дүүргийн 4-р хороо МБА-ны байрны баруун талын зогсоолд эзэмшигчийн хамт авч ирсний дараа үзлэг хийв. Үзлэг эхлэхийн өмнө ***эс таны унаж явсан машинд мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис байгаа юу гэж асуухад машины хойд багажийн дотор хэсэгт “өвс” гэх нэршилтэй хар тамхи байгаа гэж хэлсний дагуу заалгаж гялгар ууттай ногоон өнгийн хатсан байдалтай өвс ургамал байсныг №1 гэж дугаарлан хураан авч албаны жин дээр жинлэхэд 35 грамм байлаа. Мөн машины голын хайрцгаас хуйлсан үзүүр хэсэг нь шатаж борлосон 5 гэсэн тэмдэг бүхий гадаад мөнгөн дэвсгэртийг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа. Өөр эд зүйл байхгүй гэсний дараа машины дотор хэсэгт үзлэг явуулж машины гэрчилгээ голын хайрцагт байсныг хуулбарлан авч тэмдэглэлд хавсаргахаар тогтов...” гэх тэмдэглэл, техникийн тодорхойлолтын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-6, 7, 8-10 дахь тал),

2. 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11, 12-14 дэх тал),

3. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15, 16 дахь тал),

4. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1054 дугаартай: “...1.2.3 Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “*** *** 2023.2.17” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 62-63, 64 дэх тал),

5. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1053 дугаартай: “...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Г-32 БГД-н 7 хороо Өргөө кино театрын замын арын автобусны буудлын орчим тээврийн хэрэгсэлд өвс хадгалсан, гялгар уутны хамт 35 гр, х/ч Х.Сайнжаргал 2023.02.17” гэж хаяглаж ирүүлсэн гялгар ууттай ургамал, ВХ3624859 серийн дугаартай мөнгөн тэмдэгт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 34,0028 грамм байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 77-78, 79 дэх тал),

6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 201 дугаартай: “...1. *** нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. *** нь хэрэг болох үед буюу 2023.02.01-ний өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. *** нь мансууруулах сэтгэцэд идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна. 3. *** нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. *** болсон явдлын талаар мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. *** нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 85-86 дахь тал),

7. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын сүүл үеэр миний ажилладаг “***”-ын захирал Одноо, хүүхдүүд нь гэх 3 хүүхэд байсан ба нас нь 7-10 насны хүүхдүүд, захирлын 2 найз нь гэх хүмүүс хамтдаа салхинд гарах зорилгоор *** аймгийн Түнхэл сум руу миний хуучин машин, захирлын машин, найзынх нь машинтай явцгаасан. Тэгээд тэндээ очоод 2-3 хоносон ба эхний хоног дээрээ бие засахаар байрлаж байсан газрынхаа 00 орох гэтэл гадна талд нь цээжээр татах хэмжээний өвс гэх зүйл ургасан байхыг хараад өнгөрсөн. Дараа өдөр нь орой нь дахин жорлон руу явахдаа гаднаас нь нэг атга хэмжээтэйг тасалж аваад уутанд хийгээд халаасандаа хийгээд хэрэглэлгүйгээр шууд өөрийн машиныхаа жолоочийн эсрэг урд талын хайрцагт хийсэн. Тус өвснөөс би ***д байх хугацаандаа огт хэрэглээгүй, мөн надтай явж байсан хүмүүс намайг тэр өвс гэх зүйлийг түүсэн талаар огт мэдэхгүй. Өвс түүсэн өдрийнхөө маргааш орой нь *** аймгийн Түнхэл сумаас гарч Улаанбаатар хотод очсон. Миний машинд захирлын найз нь надтай ээлжилж жолоо барьж, ард нь эмэгтэй найз нь хүүхэдтэйгээ унтаад явсан. Тэгээд Улаанбаатар хотод ирээд Түнхэл сумаас унаж ирсэн машинаасаа өвсөө аваад гэр лүүгээ явсан. Гэртээ очоод гараашныхаа дээд талд ууттай нь тавьж байгаад интернэтээс яаж хэрэглэх аргыг нь хараад хатаагаад цаасанд ороож хэрэглэж үзсэн. Би нийт 4-5 удаа л хэрэглэсэн бөгөөд өөрийн *** улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн ард талын багааж хэсэгт хийчихсэн байсан. Тэгээд хааяадаа тэрнээсээ гаргаж ирж татдаг байсан. Тэгээд 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Өргөө кинотеатрын автобусны буудал дээр зогсоод байж байтал энгийн хувцастай цагдаа нар ирсэн. Би зүгээр сонирхоод хэрэглэж үзсэн болохоос надад худалдан борлуулах ямар нэг санаа зорилго байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102-103 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2010 оноос хойш ***ийн төрсөн эгч ***ийн нөхөр болон одоог хүртэл хамт амьдарч байгаа. ***э их даруу төлөв, 2016 онд 10-н жилийн сургуулиа төгсөөд төд удалгүй Бүгд Найрамдах Солонгос улс руу сурахаар яваад ирсэн. Дүүгээ энэ хэрэгт холбогдсон талаар нь анх мэдээд их гайхсан. Би дүүгээ багаас нь мэднэ. Бага байхдаа компьютер их тоглодог байсан. Олон найзгүй, муу зуршилгүй, тамхи татдаггүй, архи ч уудаггүй хүүхэд байгаа юм. Аав нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүн байдаг. Ээж нь ноолуурын цехийн дарга мэргэжилтэй. ***э зан чанарын хувьд хүний үгэнд ордог, тусархаг, ихэвчлэн чөлөөт цагаа гэртээ өнгөрүүлдэг. Манай хадмын гэр манай гэртээ ойролцоо гэр хороололд амьдардаг, их ажилсаг хүмүүс байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал), гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хүү Улаанбаатар хотод 1998 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр миний бага хүү болон мэндэлсэн. Био комбинатад байдаг цэцэрлэгт 5 нас хүртлээ хүмүүжсэн. 52 дугаар сургуульд анх элсэж ороод 12 дугаар ангиа төгссөн. Төгсөөд Бүгд Найрамдах Солонгос улсад суралцахаар яваад 1 жил болоод буцаад монголдоо ирсэн. Зан чанарын хувьд даруу төлөв, дуулгавартай, их цэвэрч нямбай. Одоогоор *** компанид үл хөдлөх ажил хариуцдаг. Архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 28 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 29 дэх тал), жолоодох эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 30 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 31 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 32 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 33 дахь тал), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 34 дэх тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 40-55 дахь тал) зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн ажлын газрын тодорхойлолт, оршин суух газрын тодорхойлолт, Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэхэд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар зэрэг 3 хуудас бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***эс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул хэргийн 17-19 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход:

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Өргөө кинотеатрын замын хойд талын автобусны буудлын орчимд 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 34,0028 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр *** улсын дугаартай, приус-30 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Энэ нь 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, техникийн тодорхойлолтын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 1054 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 1053 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэлтэй.

Тус гэмт хэргийн объектив талын шинж болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, хууль бусаар тариалсан, ургуулсан идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хор уршиг учирсан байхыг тус тус шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Өргөө кинотеатрын замын хойд талын автобусны буудлын орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс мэт зүйлийн цэвэр жин нь 34,0028 грамм жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр *** улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан үйлдэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “...хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч *** нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд, шүүгдэгч ***ийг *** улсын дугаартай Приус-30 загварын тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 201 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ.   

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сар хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн нь “...шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг, өвчтэй группт байдаг аавыгаа асардаг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх, эсхүл зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч ***д ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний үйлдэлд тохирно гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаардаг, тодруулбал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир өмгөөлөгч Ч.Даваасүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан ялын саналыг шүүх хүлээн аваагүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

3. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч ***эс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Toyota Prius-XW30 маркийн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж улсын орлогод шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Toyota Prius-XW30 маркийн тээврийн хэрэгсэл шүүгдэгчийн нэр дээр бүртгэлгүй байх ба Дамно ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн №Д23-25 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Toyota Prius-XW30 маркийн тээврийн хэрэгсэл 22,351,500 төгрөгөөр үнэлэгдсэн тул шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан ВХ3624859 серийн дугаартай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөн тэмдэгт 1 ширхэг, 34,0028 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

Иймд улсын яллагчийн “Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа, мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон ВХ3624859 серийн дугаартай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөн тэмдэгт 1 ширхэг, 34,0028 грамм цэвэр жинтэй өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг устгуулах тухай” саналыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ***д хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***эс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 22,351,500 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа ВХ3624859 серийн дугаартай бараан өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөн тэмдэгт 1 ширхэг, 34,0028 грамм цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өөрчлөн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.БОЛОРТУЯА