| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 181/2018/03365/И |
| Дугаар | 1641 |
| Огноо | 2019-08-05 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 1641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Б -д холбогдох,
Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 49-339 тоот хаягтай 700 м.кв эзэмшлийн газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Түмэнбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Р.Б нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 300 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49-339 тоот хаяг бүхий 18647320560830 нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, уг захирамжийг үндэслэн Иргэний газар эзэмших эрхийн 010412859 дугаартай гэрчилгээ авч, уг газрын кадастрын зургийг Газрын кадастрын мэдээллийн санд бүртгүүлснээр уг газрын хууль ёсны эзэмшигч болсон. Уг газар дээрээ 2004 оноос банзаар хашаа барьж, эмээ н.Надмид, эхнэр Б.Жаргалан нарын хамт гэр барин амьдарч байсан бөгөөд эмээ маань 2008 онд хүндээр өвчилж, эмээгээ асрах, эхнэр төрсөн, нялх хүүхэдтэй учир орон сууцанд шилжиж орсон тул хашаа маань эзгүй байсан.
Ингээд хашаандаа очилгүй 2 жил гаран болоод 2010 онд хашаагаа эргэхээр очиход танихгүй хүмүүс манай хашааг буулгаж, өөр хашаа болгоод дотор нь жижиг хэмжээтэй байшин барьж амьдарч байсан. Миний бие уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээтэй газар гэдгийг хэлэхэд С.Б нь “энэ газрыг би н.Ариунболд гэдэг хүнээс худалдан авсан” гэж тайлбарласан болно.
Н.Ариунболд гэгч нь “би Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ажилладаг уг газрыг зохицуулна” гэсэн учраас бид газраа чөлөөлж өгөхийг хүлээсэн бөгөөд 2015 оноос хойш олдохоо больсон.
Ийм учраас би Дүүргийн 18 дугаар хороон дээр очиж асуухад С.Б амьдардаг гэсэн лавлагаа гарч ирсэн ба уг газраа чөлөөлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандаж, улмаар Газрын албанаас Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасны дагуу С.Б ыг газрыг чөлөөлж өгөхийг шаардсан шаардлагыг хүргүүлсэн боловч тэрээр шаардлагыг биелүүлэхгүй газар чөлөөлж өгөхгүй байгаа болно. Сүхбаатар дүүргийн Газрын албанаас надад ирүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14/1366 дугаар албан бичигт “шүүхэд хандан газраа чөлөөлүүлэх асуудлаа шийдвэрлүүл” гэж зөвлөсөн.
Иймд Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэж заасны дагуу иргэн Р.Б -ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 49-339 тоот хаягтай 700 м.кв газрыг С.Б аас албадан чөлөөлж өгөхийг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргасан, уг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Ш.Ариунболд бичиг баримт нь тодорхойгүй, номер дугааргүй, регистргүй газар ашиглалтын гэрчилгээг хариуцагчид өгсөн байдаг. Энэ гэрчилгээ нь хавтаст хэрэгт байгаа. Тэр нь Ариунболдын ч газар биш, зүгээр нэг гэрчилгээн дээр Ариунболд гэж нэр байдаг. Бичиг баримтын зөрчилтэй, хуурамч бичиг баримт үйлдсэн байдал нь харагддаг. Газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэх гэрчилгээн дээр заавал тухайн хүний регистрийн дугаар, оршин сууж байгаа хаяг болон ямар нэгж талбарын, ямар газар болох талаар мэдээлэл нь байдаг. Ариунболдын хувьд тухайн үед 18 дугаар хорооны ИТХ-ын дарга байхдаа энэ асуудалд өөрөө оролцоод, одоо бол ирэхгүй, утас нь холбогдохгүй байгаа учраас энэ хүнийг орхиод нотлох баримт хангалттай бүрдсэн учраас шүүх хуулийн дагуу албадан чөлөөлүүлэх нь зүйтэй болов уу гэж миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд байр сууриа илэрхийлж байна. Гэрч Төмөрбаатар манайхыг буухад хоосон хашаанууд байсан гэж хэлсэн. Тухайн үед Төмөрбаатар газраа кадастрт оруулах гээд очиход Болдбаярын газар нь өөрөө нэгж талбарын дугаар маргаантай байна гэж хэлдэг. Гэрч Төмөрбаатар нь Болдбаярын газар нь угийн маргаантай байсан гэдгийг баталж өгдөг. Тухайн үед уг газар нь эзэнтэй шүү гэж шаардлага хүргүүлж байсан боловч шаардлагыг биелүүлээгүй өнөөдрийг хүртэл амьдраад явж байна. Дээрэмдсэн асуудал байхгүй. Яагаад гэвэл хуулийн дагуу бүртгэл явагдсан. Газрын тухай хуулийн 27, 3.1.7, 3.1.10, 28.1.1 зэрэг заалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг яаж олгох, гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг тодорхойлсон байгаа. Хуульд заасны дагуу ямар нэгэн давхцал байхгүй газрыг авсан байдаг. Ингээд Газрын тухай хуульд заасны дагуу хөөцөлдөж, эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга тэмдэгтэй албан бичгүүдээр газрыг авсан байдаг. Тухайн газар дээр хэн амьдарч байгаагаас илүү хэний нэр дээр бүртгэлтэй байна гэдэг нь чухал юм. Хавтаст хэрэгт уг газартай холбоотой архиваас авсан албан бичгүүд, кадастрын зураг, хорооны засаг даргын тодорхойлолт, захирамж зэрэг материалыг хавсаргасан байгаа. Бат-Эрдэнэ уг газрыг Болдбаяр, Ариунболд зэрэг хэн нэгэн хүнд шилжүүлсэн үйл баримт байхгүй. Тухайн үед 48-339 гэж гарсныг сүүлд нь тодруулга хийхэд 49-339 гэсэн тодруулга ирсэн байгаа. Тиймээс нэхэмжлэлээ дэмжиж хариуцагч Болдбаярыг бусдын хууль ёсны эзэмшлийн газар дээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр амьдарч байхад нь удаа дараа шаардлага тавьж байсан. Бид тухайн үед шаардлага тавьж байсныг гэрч Төмөрбаатар гэрчилдэг. Мөн энэ асуудалтай холбоотойгоор тогны төлбөрийн асуудал байдаг. Энэ нь талийгаачийн нэр дээр 256 тоот гэсэн газрын, регистрийн дугаарынх нь дагуу төлж байсан. Энэ хаягаар бүх төлбөр тооцоог төлж байсан нь албан ёсны баримтуудаар нотлогдож байгаа. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхны тайлбараа өгсөн байдаг. Энэ тайлбартаа миний эгч нас барахаасаа өмнө энэ газар маргаантай гэж дахин дахин хэлж байсан гэж бичсэн байдаг гэв.
Хариуцагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа /хх-18-19 дэх талд/: Иргэн Р.Б ор үндэсгүй худал зүйл бичиж, миний газрыг дээрэмдэж байгааг эсэргүүцэж байна.
1. Уг газрыг манай талийгч аав Сэнгээ нь 2006 онд манай хүргэний дүү болох н.Ариунболдоос 1 300 000 /нэг сая гурван зуу мянга/ төгрөгөөр худалдаж авсан болно. Уг газрын хашааг /2 тал/ манай хүргэн Ш.Болд майхан барьж хонон өнжин барьсныг би мэднэ. Иргэн Р.Б газраа андуурсан. Тухайн үед манай энд айлууд цөөхөн байсан. Аав, манайх хоёрыг нүүж ирэхэд уг газар эрүүл, айл бууж байсан ямар ч ором байгаагүй, бид жалганаас шороо авчирч аавын гэрийг барьсан юм. Уг хоёр айл одоо ч хэвээрээ байгаа.
2. Манайхыг нүүж ирэхэд хоёр талдаа айлтай, уг айлууд манайхыг гэрчилнэ. Хажуудаа байнга хүнтэй байх айлтай боллоо гэж байсан юм. Уг хоёр айл одоо ч хэвээрээ байгаа.
3. Дээр дурдсан Р.Б -ийн газраа андуурсан гэдэг нь /Бат-Эрдэнэ газраа хашааны том хаалгатай байсан гээд байгаа/ манайхаас баруун тийш хоёр айлын цаана манайхыг нүүж ирэхэд цэнхэр билүү ногоон өнгийн том хаалгатай хоосон хашаа байсан. Уг хашаа 2 жил эзэнгүй, тэр хавийн амьжиргааны түвшин доогуур айлууд банзыг нь авч түлсээр 2 жилийн дараа том хаалганы 2 шонгоос өөр зүйл үлдээгүй. Уг газрыг би Р.Б -ийн газар болов уу гэж бодож байна.
4. Хүргэний дүү н.Ариунболд нь манай гэрчилгээг гаргаж өгнө гэж байсаар байтал аав маань бурхан болж /2012 онд/ би кадастрт газраа оруулахаар очтол манай хоёр айлын гэртэй /хашаандаа 20 тн контейнертэй байсан/ нь хамт шууд кадастрт нууцаар оруулаад, нэр дээрээ авчихсан байсан. Би Г.Б утсыг олж ярьтал, н.Ариунболд надад газар өгөх ёстой хүн, өгөхгүй болохоор би энэ газрыг авсан гэж хэлээд дахин холбогдоогүй.
Бүхэл бүтэн хоёр айл амьдарч байхад, ингэж кадастрт оруулж дээрэмдэж болох уу? Одоо болохоор би амьдарч байсан гээд худлаа яриад яваад байгаад нь би их гайхаж байна. Би бие муу, эхнэр, сургуулийн насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Иргэн Р.Б эс болж орох оронгүй, гудамжинд гарах дээрээ тулаад байна. Ингээд шүүх, иргэн С.Б миний тайлбарыг сонсож, зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь бид нар Ариунболдтой уулзсан гэж ярьж байгаа нь хариуцагч уг газрыг Ш.Ариунболдоос авсан болох тайлбарыг энэ хүмүүс давхар баталгаажуулж өгч байна гэж би ойлгож байна. Ш.Ариунболдтой уулзаад энэ ямар учиртай юм бэ? гэхээр би газрын албанд ажилладаг. Энэ газрыг зохицуулж өгнө гэж хэлсэн байдаг. Тэгээд давхар баталж өгч байгаа юм. Харин нэхэмжлэгч нь Ш.Ариунболдтой уулзсан, Ш.Ариунболд нь газрыг зохицуулж өгнө гэсэн тайлбар яриад байгаа боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Ш.Ариунболд 500 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг олгосон гэрчилгээн дээр хаяг байхгүй гэж ярьж байна. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороог шинэчлэн байгуулахад хаягжилт шинээр явагдсан гэдгийг Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо анх үүсгэн байгуулагдаж байхад Засаг даргаар нь ажиллаж байсан Ядамсүрэн гэрчээр мэдүүлэг өгөхдөө маш тодорхой ярьсан. Нэхэмжлэгчийн тухайд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд 48-339 тоот хаягт газар эзэмших захирамж гарсан байгаа болохоос биш 49-339-д газар эзэмших эрхтэй гэсэн захирамж гараагүй. Энэ нь юуг хэлээд байна гэхээр сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьсан Монгол Улсад аливаа газрыг эзэмших, өмчлөх эрх нь эрх бүхий байгууллагуудын олгосон гэрчилгээ, зөвшөөрлөөр баталгаажна гэж хэлээд байгаатай зөрчилдөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хүн газар эзэмших, өмчлөх эрх нь эрх бүхий субьектын олгосон захирамж, гэрчилгээний дагуу үүсэх боловч нэхэмжлэгчид өнөөдөр 48-339 тоотод газар эзэмших эрх олгогдоогүй. Харин Сүхбаатар дүүргийн 49-339 гэсэн баримт гаргасан. Үүнийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталгаажуулах гэж хүсэлт гаргасан хэдий боловч энэ тогтоол нь байхгүй. Ганцхан нэхэмжлэлд хавсаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэл бүхий нотлох баримт байна гэж үзэж байна. Энэ нотлох баримт нь ямар үндэслэл бүхий нотлох баримт вэ? гэхээр нэхэмжлэгч 48-339 тоот хаягт хамаарах нэгж талбар газрыг чөлөөлөх шаардлага байхгүй гэдгийг нотолж байгаа юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хэн, хаана амьдрах, амьдрахгүйгээс үл хамаараад хуулиар олгосон эзэмших эрхээр эзэмшил баталгаажна” гэж байгаа боловч энэ эрх нь баталгаажаагүй, энэ газар нь яг энэ хаягт бүртгэлтэй газрыг Засаг даргын захирамжаар өгөөгүй гэж хэлсний дээр нэмээд хэрвээ нэхэмжлэгч нь 49-339 биш, 48-339 газар эзэмших захирамж гарсан байсан бол өөрсдийнх нь яриад байгаа хуулийн дагуу энэ эрхээ аль хэзээний алдсан байгаа. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль болон Иргэний хуульд заасан үндэслэлээр энэ эрх нь дуусгавар болсон байна гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Тиймээс шаардах эрхээ алдсан байна. Эсрэгээрээ хариуцагч энэ эрхээ баталгаажуулсан хуулийн заалт нь Монгол Улсын Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар үүссэн байдаг. Тогны төлбөрийн тухайд 48-256 гэж төлөөд байсан боловч яригдаад байгаа 48-339 гэж хаяг нь юм. Эднийх 256-аар төлөөд байна шүү дээ. Энд болохоор 48-339 хамааралгүй болохыг илтгэж байна гэж байгаа боловч яг 48-339 гэсэн нэгж талбарын дугаартай газар дээр хариуцагч амьдарч байх хугацаандаа энэ хаягаар төлсөн. Энэ бол орон сууцны конторын хаягаар нь бүртгээгүйг илтгэж байгаа юм. Тийм учраас энэ нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэл болж чадахгүй. Хариуцагч нь Ш.Ариунболдоос энэ газрыг авсан 48-339, сүүлд нь 49-256 болсон 48-339 тоот газрыг эзэмшиж болно гэсэн нь Ядамсүрэн болон Төмөрбаатар гэх хоёр гэрчийн мэдүүлгээр батлагдаж байгаа. Мөн тус хорооны үйл ажиллагаанд байнга оролцдог байсан Сэнгээ гэрчийн мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлэгтээ хариуцагч Болдбаярын эцэг болохыг мэдүүлсэн мэдүүлэг, Болдбаяр нь тус хаягт байхдаа ямар нэгэн өр төлбөргүй, хүүхэд нь тус хаягаар он удаан жил сургуульд суралцаж байгаа гэдэг мэдүүлгээр давхар нотлогдож байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн амьдрах газраа өөрөө сонгож амьдрах, хөрөнгөтэй байх энэ үндсэн эрхээ эдлэхэд нь Төр захиргааны байгууллага туслах үндсэн чиг үүрэгтэй. Ийм байтал энийг өнөөдөр кадастр дээр, ямар нэгэн байдлаар кадастр дээр 49-339 тоотыг 48-339 тоот хаягт газар эзэмших эрхтэй хүний нэр дээр гаргаж өгчихөөд байгаа Төрийн байгууллагын зүгээс биелүүлэхгүй байгаа нь Болдбаярыг буруутгах үндэслэл болохгүй. Болдбаяр энэ байдлыг нуугаад байгаа. Бид нар 49-339 хаягт ирээд 13 жил амьдарч байхад 48-339 тоотод газар эзэмших гэрчилгээтэй захирамжтай хүний нэрийг зоочихоод надад энэ эрхийг эдлүүлэхгүй байна гээд байгаа нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа үндэслэл биш. Харин энэ хүн энэ газрыг эзэмших эрхээ баталгаажуулахын төлөө Төр захиргааны байгууллагад хандсан болохыг давхар баталж байгаа юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа энэ байдлыг засаж залруулах нь хариуцагчийн бүрэн эрх гэж бодож байгаа. Иргэн Болдбаярын оршин сууж байгаа хаягаас огт өөр хаягт газар эзэмших эрх нь аль 2007 онд буюу өнөөдрөөс 12 жилийн өмнө олгогдсоноос хойш тус хаягт нэхэмжлэгч огт амьдарч байгаагүй, өөр газарт амьдран суудаг болох нь тус хорооны Бат-Эрдэнэ нь тус хорооны Бэлх 49-339 тоотод амьдарч байгаагүй болно гэсэн Засаг даргын 2019.02.22-ны өдрийн 272 тоот тодорхойлолтоор нотлогддог. Мөн түрүүн хэлсэн Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь 49-339 тоотод газар эзэмших эрх өгөөгүй, 48-339 тоотод газар эзэмших эрх өгсөн. Тэгвэл Газрын тухай хуульд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дарааллан ашиглаагүй үндэслэлээр түүний газар эзэмших эрх нь 2009 онд дуусгавар болж, газар эзэмших эрхээ алдсан байна. Хуульд заасны дагуу өмчлөх давуу эрх нь хариуцагчид үүссэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоно. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.
Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Бат-Эрдэнэ нь хариуцагч С.Б т холбогдуулан, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 49-339 тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Шүүх доорхи үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч талаас гаргасан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаартай захирамж, түүний нэгдүгээр хавсралтын 1086 дугаарт Лхагвасүрэнгийн Бат-Эрдэнэд, 18-р хороо, Бэлх 48-339 тоот хашаа, 700 мкв, 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон /хх-8-9 дэх талд/ байхад түүнд 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Газар эзэмшүүлэх эрхийн 010412859 дугаартай гэрчилгээг олгохдоо, ...газар эзэмшигчийн байнгын хаягийг “СБД 18-р хороо Бэлх 49-339” гэж, эзэмшил газрын нэр, байршилыг “18-р хороо Бэлх 48-339” /хх-ийн 5, 23, 41, 45, 101, 105 дэх талд/ гэж, мөн ...эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийг 2007.09.17-ны өдөр үйлдэхдээ: нэгж талбарын дугаар 18647320560830, хаяг Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхи-49 гудамж, 339 тоот хаалга /хх-ийн 6, 24, 39, 46, 97, 106 дахь талд/ гэж, түүний иргэний үнэмлэхний хаягт “Улаанбаатар, Сүхбаатар 18-р хороо, Бэлхи 49-339 тоот 2007.09.12” /хх-ийн 5-н ард, 22, 38, 44, 98, 104 дэх талд/ гэж тус тус бичигдсэн баримтууд авагджээ.
Хариуцагч талаас гаргасан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2019.02.22-ны 272 дугаартай албан бичиг, иргэн Б.Сэнгээгийн өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, УБЦТС ХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, иргэн Б.Сэнгээг нас барсан талаархи бүртгэлийн лавлагаа, Г.Болд, С.Уламбар нарын гэрлэлтийн гэрчилгээний болон иргэний үнэмлэхний хуулбар, Иргэний газар ашиглах 0104000662 дугаартай Шаандарын Ариунболдод Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 210 дугаар шийдвэрээр Бэлхийн аманд байршилтай зуслангийн газрыг 5 жилийн хугацаатай ашиглуулахаар 2000 оны 1 сарын 08-ны өдөр олгогдсон гэрчилгээ /хх-ийн 65 дахь талд/, Сүхбаатар дүүргийн 71 дүгээр бүрэн дунд сургуулийн тодорхойлолт, маргааны зүйл болсон газрыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2000 оны 09 сарын 12-ны өдрийн 210 дугаартай захирамжийн хуулбар зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагдсан байна./хх-ийн 58-77, 111 дэх талд/
Хэрэгт авагдсан дээр дурдсан баримтаас дүгнэхэд, нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаартай захирамж, түүний нэгдүгээр хавсралтаар, 18-р хороо, Бэлх 48-339 тоотын 700 мкв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон байна.
Гэтэл нэхэмжлэгч Р.Б д Газар эзэмшүүлэх эрхийн 010412859 дугаартай гэрчилгээг 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгохдоо, ...газар эзэмшигчийн байнгын хаягийг “СБД 18-р хороо Бэлх 49-339” гэж, эзэмшил газрын нэр, байршлыг “18-р хороо Бэлх 48-339” гэж, мөн ...эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зургийг 2007.09.17-ны өдөр үйлдэхдээ: нэгж талбарын дугаар 18647320560830, хаяг Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлхи-49 гудамж гэж, түүний иргэний үнэмлэхний хаягт “Улаанбаатар, Сүхбаатар 18-р хороо, Бэлхи 49-339 тоот 2007.09.12” гэж тус тус бичигдсэн болон шүүхэд гэрчээр асуугдсан Ч.Ядамсүрэн “...Сэнгээ нь 49-339 тоотод амьдарч байсан. НИТХ-ын Тогтоолоор СБД-ийн 16 дугаар хорооноос шинээр 18 дугаар хороог таслаж байгуулсан. Тэр хорооны анхны даргаар би очиж байсан. Тэгэхэд Сэнгээ гэдэг хүн 49 дугаар гудамжны 339 тоотод амьдарч байсан. Дараа нь 256 тоот болж солигдсон. Би тэр талаар маш сайн мэдэж байна. Хаягийг нь солих 1 сарын компанит ажил болж байсан. Би 2013 оны 2 сард ажлаа өгсөн, Сэнгээ нь 2009 он хүртэл баталгаатай амьдарч байсан түүнээс хойшхийг би санахгүй байна. 1650 өрхийн 5617 хүний өрхийн дэвтрийг надад тухайн үед 16-р хорооны Засаг даргаар ажиллаж байсан Нарантуяа хүлээлгэн өгч байсан. Хүн нь өрхийнхөө дэвтрээр бүртгэлээрээ шилжсэн. Тэр хүмүүсийн 16-р хороо гэснийг 18-р хороо болгож шинэчилж байсан, Тийм учраас хашаа, дугаарт маш их хувиралт гардаг...” гэсэн, мөн гэрч А.Төмөрбаатарын “...Манайхыг 2004 онд нүүж очиход урд, хойд талд айл байгаагүй. Ард талын хашаа нь үүд, хаалгагүй, урьд тал нь үүд хаалгатай, хоосон хашаа байсан. 2006 онд ард талын хашаанд Сэнгээ гэж хөгшнийх нүүж ирсэн. Сүүлд нэрийг нь мэдсэн, айл ч буугаагүй, хашаагүй байхад буугаад хашаа хатгаж битүүлсэн. 2007 онд 18-р хороо салсан байх, би сайн санахгүй байна. Манайх 0.7 га-гаас илүү гарсан учраас кадастрын зургаа шинэчилж, зураг гаргах гэсэн чинь метр хиртэй нь Болдбаярын газар руу орсон учраас Болдбаярыг дагуулж ир гээд цуг Сүхбаатар дүүргийн Газрын албанд очиход тухайн газар нь Болдбаярын нэр дээр биш байсан. Одоо газрын маргаантай гээд манай газрын кадастрын зураг гүйцэд гараагүй, шийдэгдээгүй байгаа. Манайх батлагдаагүй болохоор 254 а, б гэсэн хаягтай 2 хуваагдсан бичиг баримттай байгаа. Сэнгээ газрыг худалдаж авлаа л гэж хэлсэн. Уг газрын өмчлөгч, эзэмшигчийг албан ёсоор хэн гэдгийг нь мэдэхгүй. Тэр хашаанд 2006 онд Сэнгээ гэдэг хөгшнийх нүүж ирсэн, энэ арай шударга биш юм уу, байгаагүй байж бусдын амьдарч байгаа газрыг авах гэж байгаа нь шударга бус санагдаж байна” гэсэн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Р.Б -ийн нэхэмжлэлийн шаардлага бүрэн нотлогдохгүй байх бөгөөд энэхүү үйл баримт нь маргаантай байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах”-аар заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь 2007 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаартай захирамж, нэгдүгээр хавсралтын 1086 дугаарт Лхагвасүрэнгийн Бат-Эрдэнэд, 18-р хороо, Бэлх 48-339 тоотын 700 мкв талбайтай газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгосон байхад мөн хуулийн 23.3.7-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн... байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”-оор заасны дагуу Сүхбаатар дүүргийн Газрын алба нь Р.Б тэй гэрээ хийсэн эсэх нь тодорхойгүй баримт байхгүй, харин 2004 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Газар эзэмшүүлэх эрхийн 010412859 дугаартай гэрчилгээг олгохдоо, ...газар эзэмшигчийн байнгын хаягийг “СБД 18-р хороо Бэлх 49-339” гэж, эзэмшил газрын нэр, байршилыг “18-р хороо Бэлх 48-339” гэж Засаг даргын захирамжаар олгосон газрын байршлыг зөрүүтэй бичигдсэн зөрчилтэй гэрчилгээг нэхэмжлэгчид олгосон үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 49 дүгээр гудамжны 339 тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг эзэмших эрхтэй болох нь бичгийн баримтаар нотлогдохгүй байх бөгөөд харин ...48 дугаар гудамжны 339 тоотыг эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 10 сарын 22-ны өдрийн 300 дугаартай захирамжаар олгосон гэж үзэхээр байна. Хэрэв нэхэмжлэгч 48-339 тоотыг эзэмших эрхтэй гэж үзэж байгаа бол энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлт, гомдлоо тавьж шийдвэрлүүлээгүй байж, тус шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлийг гаргахаас өмнө Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандсан байх боловч тус Газрын алба нь 2018 оны 10 сарын 24-ний өдөр 14/1366 дугаартай албан бичгээр Р.Б д “Танд тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн 49-339 тоот газрыг дүүргийн Засаг даргын 2007 оны 300 дугаар захирамжаар эзэмшүүлсэн боловч тус газар дээр зөвшөөрөлгүйгээр иргэн Сэнгээгийн Болдбаяр нь хашаа, байшин барин амьдарч байна. Тус иргэнд бусдын эзэмшил газрыг чөлөөлөх тухай 180529/002 дугаар шаардахыг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүргүүлсэн. Иймд таны эзэмшил газар дээр бусдын үл хөдлөх хөрөнгө байгаа тул эзэмшил газраа чөлөөлүүлэх асуудлаар шүүх, хуулийн байгууллагад хандана уу” гэсэн хариуг өгснөөс дүгнэхэд маргаан бүхий газрын эзэмшигч хэмээн Р.Бат-Эрдэнийг тооцсон нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 300 дугаар захирамжаар Л.Бат-Эрдэнэд олгогдсон “...Бэлх 48-339” гэсэнтэй нийцээгүй зөрүүтэй байгааг тухайн Газрын алба анхаараагүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг баримтлан шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй учир шүүх түүний нэхэмжлэлийг хангах боломжгүй гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Бэлхийн 49-339 тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг хариуцагч С.Б аас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Р.Б -ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн 2018 оны 12 сарын 05-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор өөрөө шүүхэд ирж гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.