| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2023/0083/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/87 |
| Огноо | 2023-05-04 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
хохирогч хохирогч Э.С,
шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгчөөр өмгөөлөгч М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ариунтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Дд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2023 оны 04 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, О.Д
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч О.Д нь 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэн булаг” дэлгүүрийн гаднах урд талын авто машины зогсоол дээрээс хохирогч А.Оын эзэмшлийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан, 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын дэвсгэрт байрлах “Дэнж” худалдаа, үйлчилгээний төвийн гадаах авто машины зогсоол дээрээс хохирогч Э.Сын эзэмшлийн .... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан түүний улмаас машины эд ангийг гэмтээж 2,131,750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би тэр өдөр архи уучихсан явж байсан. Машин асаалттай байхаар нь унаж явсан. Одоо тухайн үйл явдлыг сайн санахгүй байна. Өөрийн бурууг хүлээж байна. Хохирлыг төлнө гэсэн мэдүүлэг,
Хохирогч Э.Сын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: машины эвдрэлд 2,131,750 төгрөг, үнэлгээний 148,000 төгрөг, машинаа эрж хайсан шатахууны зардал Сайншанд сумаас Айраг сум, Айраг сумаас Сайншанд сум руу Приус-30 маркийн машинд 52,416 төгрөгийн бензин, үдээс хойш шороон замаар Сайншанд сумаас Айраг сум руу 2 машины бензин 104,832 төгрөг, Сайншанд сумаас Шивээ рүү 1 машин явсан 84,672 төгрөгийн шатахуун, 294336 төгрөгийн бензин хийсэн. Нийт 2,574,086 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хохирогч А.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өглөөний 08 цаг 35 минутын орчимд Дорноговь аймгийн 1 дүгээр багт байх 35 дугаар байрны гаднаас 2 дугаар багт байх "Дэнж" дэлгүүр лүү ганцаараа өөрийн эзэмшлийн "Форестер" маркийн саарал өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж дэлгүүрийн гадна очиж тавьсан...Дэнж дэлгүүр рүү ганцаараа ороод удалгүй дэлгүүрээс 08 цаг 40 минутын орчимд гарахдаа дэлгүүрийн хаалгаар урагш машинаа харахад машин харагдахгүй байсан....Миний машиныг хар өнгийн малгайтай хүн унасан байсан нь машины цонхоор харагдаж байсан." гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал),
Хохирогч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний бие Дорноговь аймгийн Сайншанд сумын ... тоотод нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 18-ний өглөө 09 цаг өнгөрөөгөөд өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон Дэнжийн дэлгүүрийн гадна зогсоол дээр ирж зогсоод өөрөө дэлгүүр дотор 09 цаг 08 минутад орж худалдан авалт хийгээд 09 цаг 11 минутад эргээд гараад иртэл миний машин байхгүй болчихсон байсан тэгээд буцаж дэлгүүр ороод хяналтын камер шүүх гэтэл дэлгүүрийн худалдагч надад хандан таны машиныг С унаж явсан байх манай дэлгүүрийн гаднаас 4 удаа машин хулгайлж байна гэж хэлсэн тэгэхэд тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байсан залуу надад хандан таны машин саарал өнгийн машин байсан уу сая гадаа С гэх залуу дотор талд нь сууж байгаа харагдсан гэж хэлсэн тэгээд би шууд цагдаагийн байгууллагад хандсан. Тэгээд би өөрөө нөхөртэйгөө хамт гадуур машинаа хайгаад явж байтал 2023 оны 02 дугаар сарын 18-ний 10 цагийн үед цагдаагаас над руу залгаад та цагдаа дээр хүрээд ир гэж хэлсэн. Намайг цагдаа дээр иртэл таны машиныг авч явсан залуу 30-31 дүгээр зөрлөгийн ойролцоо Сайншанд явах чиглэлд зам дээр машинд суух гээд явж байсан байна. Тэр хавьд таны машин байж магадгүй байна гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаа нартай хамт тус тусдаа машинтай 30-31 зөрлөг дээр очтол манай машин байгаагүй тэгээд бид нар шууд Айраг сум руу явсан. Айраг сумын постын камерын цагдаа шүүгээд танай машин энэ постоор гараагүй байна гэж хэлсэн. Тэгээд бид буцаад Сайншанд суманд ирээд дахин машинаа хайж байтал цагдаа надаас танай машин шандын призрээр 09 цаг 28 минутад гарсан байна гэж эхэлсэн. Тэгээд би гурван найзыгаа гуйгаад 3 машинтай шороон замаар Сайншандаас Айраг хүртэл явсан тухайн үед цаг орой 22 цаг хүртэл машинаа хайгаад явж байгаад Айраг сумын цагдаагийн пост дээр очиж камер шүүтэл манай машин урсгал сөрөөд гараад явсан байсан. Дарга .... гэх хүн танай машин Шивээ овоо гэх газраас олдсон байна та тэнд очоод машинаа аваарай гэж хэлсэн тэгээд би Шивээ овоо гэх газарт очиж машинаа авах гэтэл миний жолооч талын дугуй эвдэрсэн урд купер хагарсан байсан. Тэгээд би машиныхаа аваарын дугуй хийгээд арай гэж Сайншанд суманд орж ирсэн..." гэсэн мэдүүлэг( хавтаст хэргийн 49-51 дугаар тал),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( хавтаст хэргийн 3-5 дугаар тал),
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл ( хавтаст хэргийн 34-37 дугаар тал),
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 96 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрдэн булаг” дэлгүүрийн гаднах урд талын авто машины зогсоол дээрээс А.Оын эзэмшлийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан, мөн 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын дэвсгэрт байрлах “Дэнж” худалдаа, үйлчилгээний төвийн гадаах авто машины зогсоол дээрээс Э.Сын эзэмшлийн .... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан түүний улмаас машины эд ангийг гэмтээж 2,131,750 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч А.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ” ... "Форестер" маркийн саарал өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж дэлгүүрийн гадна очиж тавьсан...Дэнж дэлгүүр рүү ганцаараа ороод удалгүй дэлгүүрээс 08 цаг 40 минутын орчимд гарахдаа дэлгүүрийн хаалгаар урагш машинаа харахад машин харагдахгүй байсан....” гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 18-ний өглөө 09 цаг өнгөрөөгөөд өөрийн эзэмшлийн .... улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон Дэнжийн дэлгүүрийн гадна зогсоол дээр ирж зогсоод өөрөө дэлгүүр дотор 09 цаг 08 минутад орж худалдан авалт хийгээд 09 цаг 11 минутад эргээд гараад иртэл миний машин байхгүй байсан..." гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд авто тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх Сэтгэц эмгэг судлалын 148 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч О.Д болон түүний өмгөөлөгчөөс хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Э.Саас “ Машинаа эрж хайсан шатахууны зардалд 294336 төгрөг нэхэмжилнэ. Үүнд Сайншандаас Айраг сум, Айраг сумаас Сайншандад ирсэн зардал /приус 30 машинд/ 52416 төгрөгийн буюу 20,8 литр бензиний үнэ, шороон замаар Сайншандаас Айраг сум руу явсан ирсэн 2 машины бензиний зардал 104832 төгрөг, Сайншандаас Говьсүмбэр аймгийн Шивээ овоо руу явсан 1 машины бензиний зардал 84672 төгрөг нэмж нэхэмжилнэ” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх шинжлэн судлаад шүүгдэгч О.Дэс хохирогч Э.Сын машины эвдрэлийн 2,131,750 төгрөг, шинжээч томилж үнэлгээ гаргуулсны төлбөр 148,000 төгрөг, унаж явсан машинд байсан шатахууны төлбөр 84,672 төгрөг, Сайншандаас Айраг сум руу машинаа хайж машинаар явсан шатахууны зардал 52,416 төгрөг /20,8лx2520/ нийт 2,416,838 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Сд, хохирогч А.От шинжээч томилж үнэлгээ гаргуулсан 120000 төгрөгийг тус тус гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Э.С нь хамт явж машин хайсан 2 машины шатахууны зардал 157248 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “3 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч О.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, уг зүйл хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж , ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүний 59 хоног цагдан хоригдсоныг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дийг 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дийн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагааг зохион байгуулахыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дийн цагдан хоригдсон 59 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дэс 2,416,838 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Сд, 120,000 төгрөгийг гаргуулан хохирогч А.От тус тус олгож, хохирогч Э.С нь 157248 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, камерын бичлэг бүхий СД-ийг хэргийн хамт хадгалсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч О.Дд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН