Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/340

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Анхбаяр,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305006660330 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2004 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ресторанд зөөгч ажилтай, ам бүл 2, хуурай эгчийн хамт амьдардаг гэх, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ***-р баг, Булган *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо, барилгын ***-р байрны *** давхарт *** тоотод түр оршин суух, /РД:***/, урьд

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, хянан хүмүүжүүлэх хугацаанд зан үйл засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 358 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалт, 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлсөн, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч хяналт тогтоохоор шийдвэрлэснийг өршөөлд хамруулж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дууссан, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэн *** нь Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ресторанд үйлчлүүлж байгаад “айфоне 12 про макс” загварын гар утсаа мартаж гарсныг бусдын өмчлөлд байгаа гар утас гэдгийг мэдсээр байж завшин 2.100.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр *** ресторанд үйлчлүүлж байгаад гарахдаа ширээн дээр нь “Iphone12pro макс” гар утсаа мартаад гарсан. Тэгээд би гэртээ хариад шууд унтаад өгсөн. Маргааш өглөө нь гар утсаа орхиод явснаа мэдээд *** ресторан руу залгаж асуухад камер шүүх боломжгүй байна, маргааш шүүж өгье гэж хэлсэн. Тэгээд маргааш нь очиж шүүлгэтэл бид нарын ширээнд үйлчилж байсан зөөгч залуу ширээн дээр байсан миний гар утас дээр алчуур тавьж байгаад алчууртаа боож аваад ажлаасаа гараад явсан байсан. Би гар утсаа л алдсан өөр учирсан хохирол байхгүй. Би “iphone12 pro max” загварын гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан учир надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал),

2. Иргэний нэхэмжлэгч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “****” төвийн 2 давхарт байрлах *** дугаартай өөрийн эзэмшлийн гар утасны лангуун дээрээ сууж байхад зүс таних эрэгтэй дүү ирсэн (зүс таних эрэгтэй дүү нь надаас 2-3 удаа гар утас худалдан авч байсан). Дүү нь Япон улс руу яваад ирлээ. Онгоцны буудал дээрээс ийм гар утас олж авсан, эзэн нь ерөөсөө холбогдсонгүй гээд “Iphone12 pro max” бараан цэнхэр өнгийн 3 камертай, гар утсанд кейс байхгүй, элдэв сэв зураас байхгүй гар утсыг надад үзүүлсэн. За яг хаанаас олсон бэ гээд зүс таних залуугаасаа асуухад Японы нисэх онгоцны буудал дээрээс олсон гээд дахин хэлсэн. Дүүд нь мөнгө хэрэгтэй байна, энэ гар утсыг борлуулчихмаар байна гээд хэлсэн. Та энэ гар утсыг авчхаач дүүдээ туслаач гээд дахин дахин гуйгаад байсан. Урьд зүс таньдаг надаас хэд хэдэн удаа гар утас худалдан авч байсан учраас зүс таних дүүгийн *** хас банкны данс руу 450,000 төгрөг шилжүүлж өгсөн. Тухайн залуугаас гар утас худалдан авсан 450.000 төгрөг шилжүүлж өгсөн мөнгөө нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

3. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хас банкны *** гэсэн данс руу 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 12:00 цагт *** дугаарын Хаан банкны данснаас 450,000 төгрөгийн орлого орж ирсэн байсан. Миний дансанд ямар ч мөнгө байхгүй байсан. ***нь өөрөө Хаан банкны данстай миний гар утасны Хаан банкны апплекэйшн нь ажилладаггүй. 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өглөө намайг унтаж байхад ***нь миний гар утсыг гуйсан. Миний гар утсыг авч яваад Хас банкыг нь ашигласан байсан. Хагас сайн өдөр манай эмээ нас барсан учраас буяны ажилд нь мөнгө орж ирсэн гэж бодсон. Би өөрийнхөө утас руу залгаад ***өөс асуусан. ***нь энэ миний мөнгөө гэж надад хэлсэн. ...***нь өөрөө 450,000 төгрөгөө ашигласан. ...2023 оны 1 дүгээр сарын 25-ны өглөө үрээр Баянгол дүүргийн 2 дугаар хороо барилгын 7/1 дүгээр байрны 71 тоот гэртээ орж ирэхэд ***ногоон туяатай саарал өнгийн ар талдаа гурван камертай iphone12 маркийн гар утас ямар ч л байсан iphone гар утас цэнэглээд байж байсан. Чи гар утас авсан юм уу гэж асуухад үгүй ээ би олсон гэж хэлсэн. Чи хаанаас гар утас олсон юм бэ гэсэн чинь би ажил дээрээсээ олсон гэж хэлсэн. 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр намайг унтаж байхад миний гар утсыг аваад явлаа гээд нөгөө iphone маркийн гар утасны хамт аваад явсан. Тэр шөнө гэртээ ирээгүй. ...Ирэхдээ нөгөө том iphone гар утас нь байхгүй болсон байсан. Нөгөө гар утсаа яасан бэ гээд асуухад зарсан гэж хэлсэн. Хамаагүй болж байгаа юм уу гэж асуухад олсон юм чинь зүгээрээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал),

4. Иргэний нэхэмжлэгч ***аас iphone12 pro max гар утсыг хураан авч хохирогч ***ид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 42-44, 45 дахь тал),

5. Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-723 дугаартай “Iphone12 promax 256 GB багтаамжтай гар утас 2,100,000 төгрөг” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 50-52 дахь тал),

6. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр тус ресторанд зөөгчөөр ажиллаж байсан. Тэгээд 5 дугаартай ширээн дээр хэсэг хүмүүс сууж үйлчлүүлж байгаад гараад явсан. Би ширээгээ цэвэрлэх гээд ширээн дээр очтол амны том цагаан алчуурын доор нэг гар утас байсан. Би тухайн гар утсыг аваад ариун цэврийн өрөөнд ороод харахад “iphone12 pro max” загварын гар утас байсан. Дараа нь би тухайн ширээн дээр байсан хүмүүсийг буцаж орж ирэх болов уу гэж бодоод лифтны хэсэг рүү харсан гэтэл буцаж орж ирээгүй. Тэгээд би ажил тарах цаг дөхүүлээд тухайн гар утсыг аваад гэр лүүгээ харьсан. Маргааш нь теди ороод өмнө нь авч байсан зүс таних ахад тухайн гар утсыг үзүүлэн авах уу гээд асуутал тэр ах ямар учиртай гар утас болохыг надаас асуусан, би хариуд нь “Японы метроны буудал дээрээс олсон, би Япон яваад саяхан ирсэн юм аа авах уу” гэж асуутал 450.000 төгрөгөөр авна гэсэн. Би 450.000 төгрөгөөр зарсан. Тэр ахаас 450.000 төгрөгийг эгч ***ийн хас банкны *** дугаарын данс руу шилжүүлж авсан. Би тухайн гар утсыг зарж борлуулах зорилгоор авч явсан. Уг гар утсыг амны том цагаан алчуурын доор хийгээд нууж байгаад авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. ...Иргэний нэхэмжлэгч ***т 450.000 төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 67 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 69 дэх тал), үл хөдлөх хөрөнгөгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 70 дахь тал), эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах хуудасны хуулбар (хавтаст хэргийн 71 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 78-79, 81-83 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***өөс гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 26-29 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** нь 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хохирогч ***ийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ресторанд үйлчлүүлж байгаад мартаж явсан “айфоне 12 про макс” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр завшиж, улмаар бусдад 450.000 төгрөгөөр зарж борлуулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Тодруулбал, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч ***ийн “...камер шүүлгэтэл бид нарын ширээнд үйлчилж байсан зөөгч залуу ширээн дээр байсан миний гар утас дээр алчуур тавьж байгаад алчууртаа боож аваад ажлаасаа гараад явсан байсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч ***ын “...Японы нисэх онгоцны буудал дээрээс олсон, дүүд нь мөнгө хэрэгтэй байна, энэ гар утсыг борлуулчихмаар байна. Та энэ гар утсыг авчхаач дүүдээ туслаач гээд дахин дахин гуйгаад байсан. Урьд зүс таньдаг надаас хэд хэдэн удаа гар утас худалдан авч байсан учраас зүс таних дүүгийн *** Хас банкны данс руу 450,000 төгрөг шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг, гэрч *** “...2023 оны 1 дүгээр сарын 25-ны өглөө үүрээр Баянгол дүүргийн 2 дугаар хороо барилгын 7/1 дүгээр байрны 71 тоот гэртээ орж ирэхэд ***ногоон туяатай саарал өнгийн ар талдаа гурван камертай iphone12 маркийн гар утас ямар ч л байсан iphone гар утас цэнэглээд байж байсан. Чи гар утас авсан юм уу гэж асуухад үгүй ээ би ажил дээрээсээ олсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн “...Iphone12 promax 256 GB багтаамжтай гар утас 2,100,000 төгрөг...” гэх дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогджээ.

 

Шүүгдэгч *** нь олсон эд зүйл буюу Iphone12 promax маркийн гар утсыг захиран зарцуулах эрхгүй, бусдын гээгдүүлсэн эд зүйл, хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ аваагүй, харин амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах зорилгоор ашигласан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна. 

Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 2,100,000 төгрөгийн хохирол учирсан нь үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс доош төгрөг” гэж зааснаар бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна.

Иймд, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байх тул шүүгдэгч ***ийг “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж оролцсон болохыг дурдах нь зүйтэй.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамаарна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол хор уршгийг нөхөн төлсөн байдал зэргийг тус бүр харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ид 2.100.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч ***т 450.000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хавтас хэргийн 11-12 дахь талд хохирогч нь “...Гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан учир надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч ***т 450.000 төгрөгийг шүүхийн шатанд нөхөн төлсөн нь тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***өөс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ***т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА