Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/352

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Хулан хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа,

Хохирогч ***,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ***д холбогдох эрүүгийн 2305010670759 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, нарны зам гудамж, *** байр, *** тоотод оршин суудаг, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь согтуугаар 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хороо 2 дугаар хороолол, Нарны зам гудамжны *** дүгээр байрны *** тоотод орших өөрийн гэртээ “аав ээждээ хов зөөлөө” гэх шалтгаанаар өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч ***ын нүүрэн тусаа газарт гараараа удаа дараа цохиж дух, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 3 дугаар сарын 08-ны өглөө Баянгол дүүргийн ***-р хороо *** дугаар байрны *** тоотод гэртээ байж байхад манай нөхөр болох *** нь өглөө 6 цагийн үед босоод гэрээсээ гараад 20 минут орчмын дараа эргээд гэртээ орж ирэхдээ 0,75 литрийн хэмжээтэй нэг шил архи аваад орж ирсэн. Тухайн авч орж ирсэн архиа ганцаараа ууж байгаад надад хандаж баярын мэнд хүргэе гээд хэлсэн. Тэгээд *** нь чиний наад гэдсэнд чинь байгаа хүүхэд чинь миний хүүхэд биш гээд уурлаж байсан болохоор нь би ***д хандаж би наад баярын мэндийг чинь хүлээж авахгүй ээ гээд хэлэхэд *** нь уурлаад намайг чи муу гичий минь пизда минь гээд хараагаад эхэлсэн. Тэгээд уурлаж байгаад надад *** нь би өвчтэй аавыгаа аваад явлаа гээд уурлаад байсан. Удалгүй *** би явлаа гэж хэлээд аавынхаа хувцсыг янзалж байхдаа намайг пизда гичий гээд хараагаад орилоод байсан болохоор нь өөрийнхөө төрсөн ээж болох *** руу залгаад танай гэрт чинь хүн байна уу танайд яваад оръё гээд хэлэхэд манай ээж болох *** нь надад том ах болох *** нь хөдөөгөөс ирсэн байгаа эгч болох ***гийнд гэрт нь байгаа очоод золгочхоод хүрээд ир гээд хэлэхэд нь би *** болох ээждээ *** муудалцаад байна, би танай гэрт яваад оръё гэж хэлээд утсаа тасалсан. Би гарах гэж байтал *** нь над дээр ирээд чи ээж аавдаа хов зөөгөөд байна уу гэж хэлээд миний нүүрэн тус газарт цохиод миний үснээс давхар чирээд оруулж байгаад миний үснээс үстэж байгаад миний нүүрэн тус газарт цохиод зодоод байсан. Би гарыг нь тавиулж байгаад гэрээсээ гараад зугтаах гэтэл миний араас гарч ирээд үснээс чирч байгаад гэрт оруулж байгаад миний толгой хэсэг рүү дахиад цохиж зодоод байсан. *** нь намайг зодохоо болиод хувцсаа өмсөөд гэрээс гараад яваад өгсөн. Тэр үед манай ээж *** манай аав *** манай эгч *** нар манай гэрт орж ирсэн. Манай аав ээж эгч нар манай гэрт байж байхад *** нь гаднаас орж ирээд байж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Манай хоёр хүүхэд байсан. Тэгээд ***ийн өвчтэй аав нь тусдаа өрөөнд хэвтэж байсан. Миний дух хавдаад 2 нүд хөхөрсөн байсан. 2014 онд *** нь намайг хамт ажилладаг хүмүүстэй хардаад намайг зодож байсан. Тухайн үед ***эс салж байсан. Эргээд 2018 оны 11 сарын үед ***тэй эргээд хамт амьдарч эхэлсэн. 2015 онд Би ***тэй гэрлэлтийн баталгаагаа цуцлуулсан. Хамт амьдраад 4 жил орчим болж байна. ...Тухайн үед *** нь миний толгой хэсэгт цохиод байсан. Миний гэдэс рүү цохисон зүйл бол байхгүй. 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 25 дугаар эмийн сангийн урд талын автобусны буудлын хажууд байдаг “***” гэх нэртэй эмнэлгийн байгууллагад очиж үзүүлэхэд намайг өсөлтгүй жирэмслэлт байна гэж хэлээд миний ургийг авхуулсан. Би одоо ***эс тусдаа амьдарч байгаа болохоор гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Прокурорын хэлсэн шиг зүйл болсон. Мэдүүлсэн мэдүүлэг үнэн байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

2. Насанд хүрээгүй хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 3 дугаар сарын 08-ны өглөө Баянгол дүүргийн ***-р хороо ***-р байрны *** тоотод гэртээ унтаж байхад манай аав болох *** нь өглөө 06 цагийн үед босоод гэрээс гараад явсан. Удалгүй гэрт орж ирэхдээ нэг шил архи аваад ороод ирсэн. Авч орж ирсэн архиа манай гэрийн нөгөө өрөөнд ууж байгаад манай ээж болох ***той маргалдаад эхэлсэн. Манай аав болох *** нь би энэ гэрээс чинь явлаа гээд уурлаад манай өвөө болох ***ыг цэвэрлээд байсан. Тэр үед манай ээж болох *** нь эмээ *** өвөө *** руу залгаад би ***тэй дахиад маргалдаад байна, *** нь дахиад архи ууцан байдалтай байна гээд байсан. Манай ээжийн эмээ, өвөө нь нэг зүйл хэлээд утсаа таслах шиг болсон. Тэгэхэд манай аав болох *** нь ээж дээр хүрч ирээд чи өнөөдөр баярын өдрөөр эцэг эхийнхээ санааг зовоогоод байна гэж хэлээд манай ээжийн толгой хэсэг рүү нь цохиод байсан. Манай аав ээжийг зодож байхад нь би голоор нь ороод аавыг болиулах гэтэл манай аав намайг ээжтэй хамт нэг удаа цохисон. Тэгээд манай аав *** нь ээжийг зодохоо болиод гадуур хувцсаа аваад гараад яваад өгсөн байх хооронд манай ээжийн эгч ***, эмээ ***, өвөө Дахлаа нар нь гэрт ороод ирсэн. Гэрт эмээ, өвөө,, эгчийн хамт орж ирээд зогсож байхад гаднаас манай аав болох *** нь ороод ирсэн. Удалгүй араас нь цагдаа нар орж ирээд манай аавыг аваад явсан. Манай ээж айгаад гэрээс гараад орцонд байж байхад манай аав *** нь араас нь гараад үстэж байгаад эргүүлээд гэрт оруулж ирсэн. Манай аав ээжтэй маргалдаад ээж, эмээ, өвөө хоёрт хэлсэн болохоор нь аав уурлаад ээжийг зодсон. Аав ээжийг дандаа гараараа цохиод байсан. Миний харж байснаар бол толгой хэсэг рүү нь цохиод байсан хэвлий хэсэгт нь цохисон зүйлийг бол би мэдэхгүй байна. Манай аав ээжийг зодоод байхаар нь би болиулах гээд голоор нь ороход манай аав миний толгой хэсэгт нэг удаа цохисон бусдаар бол миний биед халдсан зүйл бол байхгүй. 2020 оноос эхлээд манай аав согтуу байхдаа ээжтэй хэрэлдэхээрээ уурлаад зодоод байдаг тэр үед бол дандаа 1-2 удаа цохиод больчихдог байсан. Манай аав сүүлийн 3 жилд 7 хоногтоо 4-5 удаа уучихдаг. Уухаараа ээжтэй маргалдах гээд байдаг. Манай аав дүү бид хоёрт бол гар хүрдэггүй, зөвхөн ээжтэй маргалдаад байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

3. Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3481 дугаартай “...***ын биед дух, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2023.03.08-ны өдөр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36-37 дахь тал),

4. Аюулын зэргийн үнэлгээ (хавтаст хэргийн 58 дахь тал),

5. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** өөрийн төрсөн эцэг эх болох *** болон *** нар луу залгаад намайг өглөө эрт архи ууцан байна гэж ховлоод байсан. Тэгэхээр нь би ***т уурлаад чи яах гэж ямар нэгэн асуудал гарахаар ээж аавдаа ховлоод санааг нь зовоогоод байдаг юм гээд уурлаад эхнэр болох ***ын нүүрэн тус газарт нь нэг удаа баруун гараа атгаж байгаад цохисон. ...манай охин болох *** хажууд хараад зогсож байсан. Харин манай төрсөн аав болох *** нь өрөөндөө хэвтэж байсан. Би ***ын дух хэсэгт нь цохисон. 2015 онд салаад гэрлэлтийн баталгаагаа салгуулсан. Тэгээд эргээд 2019 оноос хойш эргээд хамт амьдарч байгаа. Би ***ын зүүн гараас нь атгаж байгаад чи яах гээд аав ээждээ ховлоод байдаг юм гэж хэлээд буйдан руу зүүн гараас нь чирч авч ирж байгаад суулгасан. Тэгэхэд зүүн гараас нь чанга атгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-30 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 52 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хавтаст хэргийн 53-54 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 61 дэх тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 62 дахь тал), гэрлэлт дуусгавар болсныг бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 63 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан ба энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заажээ. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг хэрхэн ойлгох талаар нарийвчлан зохицуулсан.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...энэ хуулийн үйлчлэлд хамаарна” гэж, мөн зүйлийн 3.2-д “...энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан ...этгээд нэгэн адил хамаарна” гэж тус тус хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч ***, хохирогч *** нар 2010 оноос хамт амьдарч, гэрлэлтээ батлуулсан, гэрлэлтээ 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхээр цуцлуулж, 2018 оноос энэ хэрэг гарсан 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарсан, дундаасаа хоёр хүүхэдтэй буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь тогтоогдож байна.

Мөн хэрэг гарсан өдөр шүүгдэгч *** нь өөрийн эхнэр, хохирогч ***ыг “эцэг эхдээ хов зөөлөө” гэх шалтгаанаар дух хэсэг рүү нь гараараа цохиж, үстэж, зүүн гараас нь хүчтэй чирч зодсон үйл баримт хохирогч ***ын “....би *** болох ээждээ *** муудалцаад байна, би танай гэрт яваад оръё гэж хэлээд утсаа тасалсан. Би гарах гэж байтал *** нь над дээр ирээд чи ээж аавдаа хов зөөгөөд байна уу гэж хэлээд миний нүүрэн тус газарт цохиод миний үснээс давхар чирээд оруулж байгаад миний үснээс үстэж байгаад миний нүүрэн тус газарт цохиод зодоод байсан. Би гарыг нь тавиулж байгаад гэрээсээ гараад зугтаах гэтэл миний араас гарч ирээд үснээс чирч байгаад гэрт оруулж байгаад миний толгой хэсэг рүү дахиад цохиж зодоод байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч ***гийн “...манай ээж болох *** нь эмээ *** өвөө *** руу залгаад би ***тэй дахиад маргалдаад байна, *** нь дахиад архи ууцан байдалтай байна гээд байсан. ...манай аав болох *** нь ээж дээр хүрч ирээд чи өнөөдөр баярын өдрөөр эцэг эхийнхээ санааг зовоогоод байна гэж хэлээд манай ээжийн толгой хэсэг рүү нь цохиод байсан. ...Аав ээжийг дандаа гараараа цохиод байсан. Миний харж байснаар бол толгой хэсэг рүү нь цохиод байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн харилцан агуулгын зөрүүгүй мэдүүлгүүд болон Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3481 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч ***ийн дээрх гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч ***ын эрүүл мэндэд “...дух, баруун, зүүн дээд, доод зовхи, баруун бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт” бүхий гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарах нь шинжээч эмчийн 3481 дугаартай дүгнэлтээр давхар нотлогджээ.

Иймд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд “гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. ...бие биеэ халамжлах, хүндэтгэх, ...хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй…” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ***ийг гэрлэлтээ цуцлуулсан боловч 12 жил 2 хүүхдийн эцэг, эх, эхнэр, нөхрийн харилцаатай хамтран амьдарч байгаа /эхнэр/-ийнхээ бие махбодод халдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулж буй хууль бус үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь хохирогч ***ыг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ***ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж оролцсон болохыг дурдах нь зүйтэй. 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 78 дахь тал) 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 82 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.     

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэй болохыг тайлбарлаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 3481 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон ба тэрээр хавтаст хэрэгт хохирол, хор уршигтай холбогдуулан баримт гаргаж өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч ***эс гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

             ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** нь “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА