Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/84

 

 

 

2023           03             13                                  2023/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг,

Улсын яллагч Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гантулга,  

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Бгийн Д-од холбогдох эрүүгийн 2225000000421 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Увс аймаг Зүүнговь суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймаг Баян-Өндөр сум 00 баг 0-0 тоотод оршин суух бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 00 баг 0-0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Бгийн Д- /РД:ОД78110618/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь Г.П, Б.М- нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум 00 баг 0-0 тоот хашаанаас иргэн Б.М-ын ухаа халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхэр, хар халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхэр буюу олон тооны малыг хулгайлж 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Б.М- нь ухаа халзан, хар халзан зүсмийн 2 тооны шүдлэн үхэрээ Орхон аймаг Баян-Өндөр сум 00 баг 0-0 тоот хашаанд хашаад Ц.Б-ыг орой очоод аваарай гэж хэлсэн. Ц.Б- нь Б.Б, Б.Э нарын хамт 2 үхэрийг авахаар очиход байхгүй байсан, хайгаад явж байхад 2 үхэрийг нь 2 хүн нэг нэгээр нь хөтлөөд, хажууд нь Приус маркийн машин дагаад явж байсан, Ц.Б-, Б.Б, Б.Э нарыг очиход үхэр хөтөлж явсан 2 хүн нь үхэрээ орхиод машинд суугаад зугтахад Ц.Б- нь цагдаагийн байгууллагад утсаар мэдэгдэж, араас нь хөөж машиныг нь зогсооход шүүгдэгч Б.Д нь Г.П, Б.М- нарын хамт байсан үйл баримт тогтоогдож байна.

Уг үйл баримт нь шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “...Г.П, Б.М- хоёр пиво ууя гээд манайд ирсэн. Тэгээд бид гурав хас тэмдэгтэй уулын тэнд пиво уусан. Хулгай хийгээгүй. Надтай цуг явж байсан Б.М-, Г.П хоёр сул чөлөөтэй гадуур явж байна. Би монгол гутал, цоохор дээлтэй явж байсан...” гэх мэдүүлэг,

 

Хавтаст хэрэгт авагдсан: Хохирогч Б.М- мөрдөн шалгах ажиллагаанд: ...Найз Б-ын хамтаар Булган аймаг Бугат сум Дархад хөтөл гэх газар үнээний ферм ажиллуулдаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үхэрнүүдээ Орхон аймаг Баян-Өндөр сум 00 багийн 0-0 тоот эзэнгүй өвс ихтэй хашаанд оруулаад хаалгыг төмөр утсаар бэхлээд үлдээгээд бэлтгэлдээ явсан. Тэгээд би найз Б-ад үхэр хашсан хашаагаа зааж өгөөд, үхрээ орой очиж гаргаж аваарай гэж хэлсэн. Манай найз Б- 00 багийн 0-0 тоот хашаанд очоод үхрээ авах гэтэл хашааны хаалга онгорхой үхэрнүүд байхгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд манай найз Б- үхэрнүүдээ гэр хорооллоор хайгаад олоогүй... Шанд багийн баруун талын хастай уулын баруун тал буюу морь барианы талын  хэсэгт явж байтал уулан дээр бараан өнгийн зүйл харагдахаар нь яваад очтол манай хоёр шүдлэнг ногтолж уясан байдалтай хоёр залуу машины гэрэлд харагдаад манай найзыг хараад шууд зугтаад цаад талд нь байсан саарал өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд суугаад зугтахаар нь араас нь хөөж байгаад замдаа цагдаа болон надад мэдэгдэж улмаар уг тээврийн хэрэгслийг шахаж зогсоон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...Сүүлд тухайн ойр орчмын айлуудаас асууж сураглахад 00 багийн 0-0 тоотын хажуу айлын хүн нь манай үхэрнүүдийг хашаанаас нь гаргаж явуулсан талаар надад хэлсэн. Тэгэхээр манай үхэрнүүдийг бэлчээр дээр явж байхад нь хулгайлахыг оролдсон байж таарч байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62х/,

 

- Гэрч Ц.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: ...Үхрээ хайж байхдаа аав ээж рүүгээ утсаар яриад үхрээ асуухад ирээгүй байна гэсэн. Тэгээд үхэр олдохгүй болохоор нь гэр рүүгээ явж байдаг юм байх даа гээд аавынхаа гэр рүү явсан. Гэр хорооллоос гараад морь бариа руу явж байхад гэр хорооллын цаад талд байдаг хас тэмдэгтэй уулын цаад талд явж байхад  манай найз Э- энэ урд талын энгэр дээр хоёр гурван хар юм байна, энд байшин байсан юм уу гэж хэлсэн. Тэгэхэд 18 цаг 50 минут болж байсан. Харуй бүрий болоод холын юм харагдахгүй байсан. Тэгэхээр нь бид нар замаас гараад замын урд талын толгой руу өгсөж гараад доошоо уруудаад явж байсан чинь хоёр эрэгтэй хүн нэг үхэр хөтлөөд... уяагаар уячихсан явж байсан. Цаад талд нь Тоёота Приус 11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэр хоёр хүний хөтөлж явсан үхрийг хартал манай хоёр шүдлэн үхэр байсан... хоёр залуу хөтөлж явсан үхрээ хаяад цаашаа гүйгээд нөгөө зогсож байсан машинд суугаад хөдлөөд явсан. Бид нарыг очих үед гэр хорооллын зүгт зугтаасан... Бид нар урдуур нь ороод зогсоосон... Замаас гараад замын урд талын толгой руу өгсөөд уруудах үед машины гэрэлд нэг нь цоохор дээлтэй дээгүүрээ саарал өнгийн ноосон цамцтай хоёр эрэгтэй хүн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 1-р хх-ийн 69-71х/,

 

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд: ...2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 18 цаг 20 минутад үхэр байгаа газарт очиход хашаа хоосон байсан. Тэгэхээр нь тэр хавиар хэсэг хайж байгаад гэр рүүгээ явсан юм болов уу гэж бодоод Булган аймаг Бугат сумын Дархад хөтөл гэх газар руу явж байтал уулын энгэрт нэг машин нэг юм хөдлөөд байсан. Тэгээд яваад очтол 2 үхэр, 2 хүн байсан. Хоёр хүн нь үхрээ хаяад машиндаа суугаад зугтаасан. Манай найз манай үхэр мөн байна араас нь хөөгөөрэй гэж хэлэхээр нь араас нь нилээн хол 12 км газар хөөгөөд барьж авсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 74-75х/,

 

- Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд: ...Хас тэмдэгтэй уулын цаад талд явж байхад замын урд талын энгэр дээр 2-3 юм хөдлөөд байх шиг харагдсан. Тэгээд Б-аас энд байшин байдаг юм уу гэхэд үгүй гэсэн... Тэгэхээр нь бид нар замаас гараад замын урд талын толгой руу өгсөж гараад доошоо уруудаад явсан чинь машины гэрэлд хоёр эрэгтэй хүн, хоёр үхэр холбоод нэг нэг талаас нь хөтлөөд чирээд байгаа юм уу, чирэгдээд байгаа юм уу мэдэхгүй ямар ч байсан уяагаар уячихсан хөтлөөд явж байсан. Тэр хоёр залуугийн цаад талд нь Тоёота приус-11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэр хоёр хүний хөтөлж явсан үхрийг хараад манай найз Б- манай хоёр шүдлэн үхэр байна хурдан яваарай гэсэн. Тэр үед нөгөө хоёр залуу хөтөлж явсан үхрээ хаяад цаашаа гүйгээд зогсож байсан машинд суусан чинь нөгөө машин нь хөдлөөд гэр хорооллын зүгт зугтаасан... Араас нь хөөгөөд явсан чинь тэд нар хурдаа хасаад зөөлөн явсан. Тэгэхээр нь бид нар урдуур нь ороод зогсоосон. Тэр машин дотор 3 залуу байсан. Тэр машинд шуудай, даавуу зэрэг эд зүйлс байсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 78-80х/,

 

Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд: ...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө босчихоод байж байтал барагцаагаар 13 цагийн үед шиг санагдаж байна 00 багийн 0-0 тоотод 10 гаран тооны үхэр оруулчихсан байсан. Тэгэхээр нь би хүү Мөнхболдыг туугаад гарга гэж хэлсэн. Жижиг хаалгыг нь төмөр утсаар бэхэлчихсэн байхаар нь онгойлгож 41-10 тоотод байсан үхэрнүүдийг хашаанаас нь гаргасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83х/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-13х/,

 

- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 14-30х/,

 

- Уяанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 30-34х/,

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р 35-39х/,

 

- Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хх-ийн 44-47, 48-51, 52-54х/,

 

            - Далай ван аудит ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/02-03 дугаартай дүгнэлт /хх-ийн 90-94х/,

 

- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай ...шинжилгээнд  ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн зураг №31, 32-т байх гутлын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Гэрэл зургийн үзүүлэлт зураг №17, 19, 21, 23-т байх гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй байна.

2. Шинжилгээнд тэнцсэн Зураг №31 зам дээр байх гутлын мөрийг харуулав гэсэн тайлбартай гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн Б.М- гэсэн шошигтой гутлын баруун хөлийн гутлын улны хээтэй хээний хэлбэр хэмжээ, өсгийн хэсэгт байх шруфны байрлал зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна.

3. Шинжилгээнд тэнцсэн зураг № 32 зам дээр байх гутлын мөрийг харуулав гэсэн тайлбартай гутлын мөр нь харьцуулах загварт ирүүлсэн Б.Д гэсэн шошготой гутлын улны хээтэй хээний хэлбэр, хэмжээ, өсгий, өлмий болон нум хэсгийн элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 101-114х/,

 

- Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаартай ...Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгслийн мөр шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжлэгдэж буй тээврийн хэрэгслийн мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн 00-00 ХХХ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн дугуйны мөртэй, хээний ерөнхий шинж тэмдгээрээ тохирохгүй байна...гэсэн дүгнэлт /хх-ийн 120-128х/,

 

- Б.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135х/,

 

- Б.Дод мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт /хх-ийн 133х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Дыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Б.Д нь Г.П, Б.М- нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 41-10 тоот хашаанаас иргэн Б.М-ын ухаа халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхэр, хар халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхэр буюу олон тооны малыг хулгайлж, 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргасан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруугийн хувьд маргахгүй...” гэж,

Шүүгдэгч “...Энэ хэргийг хийсэн гэхэд гомдолтой байна...” гэж маргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан хохирогч Б.М-ын ...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр үхэрнүүдээ Орхон аймаг Баян-Өндөр сум 00 багийн 0-0 тоот эзэнгүй өвс ихтэй хашаанд оруулаад хаалгыг төмөр утсаар бэхлээд үлдээгээд бэлтгэлдээ явсан. Тэгээд би найз Б-ад үхэр хашсан хашаагаа зааж өгөөд, үхрээ орой очиж гаргаж аваарай гэж хэлсэн. Манай найз Б- 00 багийн 0-0 тоот хашаанд очоод үхрээ авах гэтэл хашааны хаалга онгорхой үхэрнүүд байхгүй байна гэж надад хэлсэн. Тэгээд манай найз Б- үхэрнүүдээ гэр хорооллоор хайгаад олоогүй... Шанд багийн баруун талын хастай уулын баруун тал буюу морь барианы талын  хэсэгт явж байтал уулан дээр бараан өнгийн зүйл харагдахаар нь яваад очтол манай хоёр шүдлэнг ногтолж уясан байдалтай хоёр залуу машины гэрэлд харагдаад манай найзыг хараад шууд зугтаад цаад талд нь байсан саарал өнгийн Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлд суугаад зугтахаар нь араас нь хөөж байгаад замдаа цагдаа болон надад мэдэгдэж улмаар уг тээврийн хэрэгслийг шахаж зогсоон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...Сүүлд тухайн ойр орчмын айлуудаас асууж сураглахад 00 багийн 0-0 тоотын хажуу айлын хүн нь манай үхэрнүүдийг хашаанаас нь гаргаж явуулсан талаар надад хэлсэн. Тэгэхээр манай үхэрнүүдийг бэлчээр дээр явж байхад нь хулгайлахыг оролдсон байж таарч байна... гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Б-ын ...Гэр хорооллоос гараад морь бариа руу явж байхад гэр хорооллын цаад талд байдаг хас тэмдэгтэй уулын цаад талд явж байхад  манай найз Э- энэ урд талын энгэр дээр хоёр гурван хар юм байна, энд байшин байсан юм уу гэж хэлсэн... Тэгэхээр нь бид нар замаас гараад замын урд талын толгой руу өгсөж гараад доошоо уруудаад явж байсан чинь хоёр эрэгтэй хүн нэг үхэр хөтлөөд... уяагаар уячихсан явж байсан. Цаад талд нь Тоёота Приус 11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэр хоёр хүний хөтөлж явсан үхрийг хартал манай хоёр шүдлэн үхэр байсан... хоёр залуу хөтөлж явсан үхрээ хаяад цаашаа гүйгээд нөгөө зогсож байсан машинд суугаад хөдлөөд явсан. Би нарыг очих үед гэр хорооллын зүгт зугтаасан... Бид нар урдуур нь ороод зогсоосон. ... гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Б-ийн ...яваад очтол 2 үхэр, 2 хүн байсан. Хоёр хүн нь үхрээ хаяад машиндаа суугаад зугтаасан. Манай найз манай үхэр мөн байна араас нь хөөгөөрэй гэж хэлэхээр нь араас нь нилээн хол 12 км газар хөөгөөд барьж авсан... гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Эын ...Хас тэмдэгтэй уулын цаад талд явж байхад замын урд талын энгэр дээр 2-3 юм хөдлөөд байх шиг харагдсан. Тэгээд Б-аас энд байшин байдаг юм уу гэхэд үгүй гэсэн... Тэгэхээр нь бид нар замаас гараад замын урд талын толгой руу өгсөж гараад доошоо уруудаад явсан чинь машины гэрэлд хоёр эрэгтэй хүн, хоёр үхэр холбоод нэг нэг талаас нь хөтлөөд чирээд байгаа юм уу, чирэгдээд байгаа юм уу мэдэхгүй ямар ч байсан уяагаар уячихсан хөтлөөд явж байсан. Тэр хоёр залуугийн цаад талд нь Тоёота приус-11 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэр хоёр хүний хөтөлж явсан үхрийг хараад манай найз Б- манай хоёр шүдлэн үхэр байна хурдан яваарай гэсэн. Тэр үед нөгөө хоёр залуу хөтөлж явсан үхрээ хаяад цаашаа гүйгээд зогсож байсан машинд суусан чинь нөгөө машин нь хөдлөөд гэр хорооллын зүгт зугтаасан... Араас нь хөөгөөд явсан чинь тэд нар хурдаа хасаад зөөлөн явсан. Тэгэхээр нь бид нар урдуур нь ороод зогсоосон. Тэр машин дотор 3 залуу байсан... гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Эын ...2021 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө босчихоод байж байтал барагцаагаар 13 цагийн үед шиг санагдаж байна 00 багийн 0-0 тоото 10 гаран тооны үхэр оруулчихсан байсан. Тэгэхээр нь би хүү Мөнхболдыг туугаад гарга гэж хэлсэн. Жижиг хаалгыг нь төмөр утсаар бэхэлчихсэн байхаар нь онгойлгож 41-10 тоотод байсан үхэрнүүдийг хашаанаас нь гаргасан... гэсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, уяанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Далай ван аудит ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 02/02-03 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 32 дугаартай дүгнэлт зэргээр шүүгдэгч Б.Д нь Г.П, Б.М- нартай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Дын Г.П, Б.М- нартай бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 41-10 тоот хашаанаас иргэн Б.М-ын ухаа халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхэр, хар халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхэр буюу олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “бүлэглэж олон тооны мал хулгайлах” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь хохирогч Б.М-ад 1 тооны шүдлэн үхэр, хар халзан зүсмийн 1 тооны шүдлэн үхрийг биет байдлаар буцаан өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.Дод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэсэн,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...гэм буруугаа хүлээж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Улсын яллагч яллахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан бөгөөд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.2-т гэмт хэргийн шинж болгон заасан тул журамлах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч Б.Дыг гэм буруугаа хүлээж байгаа гэх боловч шүүгдэгч шүүх хуралдаанд “...энэ хэргийг хийсэн гэхэд гомдолтой байна...” гэснийг гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Мөн шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боловч урьд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд тус шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийны 160 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 6,472,000 төгрөгийн торгох ялыг өршөөлд хамруулсан тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэг удаа өршөөн хэлтрүүлэхээр заасан тул дахин өршөөлд хамруулах боломжгүй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Дод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Дод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 172 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Дын эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хохирогч Б.М- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 30,000 төгрөг төлсөн байх бөгөөд уг төгрөгийг Б.Д, Г.П, Б.М- нараас гаргуулах үндэслэлтэй тул шүүгдэгч Б.Дод ногдох 10,000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогчид олгохоор  шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Бгийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан бүлэглэж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Бгийн Д-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дод оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын цагдан хоригдсон 172 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Доос 10,000 төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум 00 баг 0-0 тоотод оршин суух Я овогт Б-ийн М-д олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.НАРМАНДАХ