| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2023/0402/3 |
| Дугаар | 221/МА2025/0349 |
| Огноо | 2025-05-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0349
Ж.Агийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Ж.А
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.А
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Э.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралтын 79 дэх хэсгийг манай газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжийн С.Цт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасан.
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дүгээр шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Ж.А
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бэ
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: О.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Цогтбаяр
Хэргийн индекс: 128/2023/0402/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дүгээр шийдвэрээр:
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 12 дугаар зүйлийн 12.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Агээс, нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралтын 79 дэх хэсгийг манай газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжийн С.Цт холбогдох хэгсийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Нэхэмжлэгч Ж.А шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. “...шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч болон өмгөөлөгч бидний шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотолсон баримт нь хуульд хууль ёсны дагуу юу? Хэрэгт цугларсан баримтаар хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, бидний гаргасан тайлбар нотлох баримтыг хуурамчаар, зохих ёсны дагуу бүрдүүлээгүй байгаа гэх үндэслэл бүхий тайлбарыг хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэр хууль ёсны гараагүй гэж үзэж байна.
Энэ хэрэг хянан хэлэлцэгдэх явцад нэхэмжлэгч миний зүгээс олон удаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрчлөх, нэмэгдүүлсэн боловч удаа дараа бүрдүүлбэр ханаагүй гэх үндэслэлээр буцаагдаж байсан нь нэхэмжлэлийн шаардлагаа зохих хуульд заасан үндэслэлээр гаргахад сөргөөр нөлөөлсөн. Учир нь хариуцагчийн зүгээс шүүх хуралд гаргасан тайлбарт дурдсан “...нэхэмжлэлийн шаардлага хууль бус байсныг тогтоолгох” гэсэн шаардлага гаргасан байсан боловч орхигдсон. Мөн өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулсан ашигласан байх нөхцөл байдалтай байгаа авлигын хэрэг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан. Үүний дагуу анхан шатны шүүхэд хэргийг түдгэлзүүлэх талаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж үзсэн. Энэ хуулийн заалтыг тайлбарлахдаа “энэ тохиолдолд маргаан бүхий нийслэлийн Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах бөгөөд захиргааны байгууллага тус захирамжийг гаргахдаа эсхүл гаргасны дараа бусадтай ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх нь уг захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй байна”, “Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэх эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө иргэн Ж.Агийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж үзсэн.
2.2.Бидний зүгээс захиргааны акттай холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газарт өгөх болсон шалтгаан бол хэрэг хянан шийдвэрлэх явцад цугларсан нотлох баримтууд хуурамч байх үндэслэл хэрэгт авагдсан. Хэрэв эдгээр баримт хуурамч, эсхүл энэхүү баримтыг гаргуулахдаа хууран мэхлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдвол Захиргааны ерөнхий хуулийн “Хууль бус захиргааны акт хүчингүй болгох” 48.2 хэсгийн 48.2.4-т заасан заалт хэрэгжих байсан гэж үзэж байгаа ба энэ тал дээр анхан шатны шүүх процессын алдаа гаргаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг ноцтой зөрчсөн ба хэрэв шүүх өөрөө энэ асуудлыг шалгаж шийдвэрлэх бол хуулийн 56 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “...хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, ...шинжээч томилох...” зэрэг үндэслэл журмын дагуу ажиллагаа явуулаагүй захиргааны актын хууль зүйн үндэслэл түүнд өгөх тайлбараар хязгаарлагдахгүй байсан юм.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3, 101.4, хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-т заасан “...эс үйлдэхгүй хууль зөрчсөн эсэхийг шалГа” гэсэн заалтыг хангасангүй.
2.3.Шүүх үндэслэх хэсгийн 4 /дээр дурдсан/ нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралтын 79 дэх хэсгийг манай газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд авч үзэхдээ “өмчлөх эрхээ шилжүүлэх” талаас нь хууль хэрэглээг тайлбарласан ба шилжүүлэхдээ бүрдүүлсэн баримт хууль ёсны дагуу юу? үгүй юу гэдэг дээр огт анхаарсангүй. Эрх шилжүүлэх асуудалд миний зүгээс саад хийгээгүй ба харин эсрэгээрээ эрхээ шилжүүлэхдээ миний эрхийг зөрчсөн асуудлыг авч хэлэлцэхгүй орхигдуулж байгаа нь шийдвэр үндэслэлтэй гаргаагүй бөгөөд нотлох баримтыг харьцуулан дүгнээгүйгээс давхцал байхгүй гэсэн буруу дүгнэлтэд хүрсэн байна. Энд Э.Бгийн газрын хэмжээ, кадастрын зураг өөрчлөгдсөн, түүний барилга газар манай газар руу орж ирсэн байгаа нь эрхээ бодитоор шилжүүлээгүй, энэ үйл явц дунд ноцтой зөрчил байгааг шүүх авч үзэх ёстой байсан гэж үзэж байна.
Мөн 5 хэсгийг дүгнэхдээ дээрх агуулгаар дүгнэсэн ба “...иймд хариуцагчийн эрх хэмжээнийхээ хүрээнд хүчингүй болгосон захиргааны актыг шүүх дахин хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Ийнхүү эрх зүйн үйлчлэлгүй захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй боловч 289 дүгээр захирамжийг гаргахдаа хууль зөрчсөн эсэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнийг дээрх хуульд заасны дагуу шалгаагүй нь шийдвэр үндэслэлтэй гараагүй гэж үзэж байна.
2.4.Гуравдагч этгээд хариуцагч нарын зүгээс нотлох баримтуудыг хууль бусаар бүрдүүлсэн, шалгаж үзээгүй байгаа талаар шүүх хурал дээр нэг бүрчлэн тайлбарласан ба шүүх шаардлагатай гэж үзэж нотлох баримтыг бүрдүүлэх тал дээр “Г” ХХК-ийг татан оролцуулж, анх үйлдсэн кадастрын зураг, хэмжилт зөв хийсэн эсэхийг шалгасан бол дээрх захиргааны акт хууль бус гэдгийг тогтоох байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Ж.Агээс “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 321 дүгээр захирамжийн 3 дугаар хавсралтын 79 дэх хэсгээр гуравдагч этгээд Э.Бд газар өмчлүүлсэн захирамжийн өөрийн газартай давхацсан хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжийн С.Цт холбогдох
хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан.
2.Хэрэгт авагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3/1747 дугаар албан бичигт хавсарГ ирүүлсэн 2005-2007, 2010-2015, 2017-2019, 2021, 2022 оны агаар сансрын зургаар маргаан бүхий буюу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын өмчлөлийн газрууд нь давхцалгүй болох нь тогтоогдож байна.
3.Нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийн тухайд, анх нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 155 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Т-ын 17 дугаар гудамжны ***а тоотод 357.65 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Ө.Жамаад өмчлүүлсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 56 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр түүний эхнэр Н.Гт өвлүүлснийг бүртгэж, 000387*** дугаартай гэрчилгээг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр олгож, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн **** дугаар “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээн”-ний дагуу Н.Гөөс Ж.А, Ж.Р нарт шилжүүлж, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 000619*** дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.
4.Харин гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийн тухайд, нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Т-ын 17 дугаар гудамжны ***б тоотод 358.13 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар С.Цт өмчлүүлж, Э.Б, Э.Эб, Э.Гб нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн.
5.Үүний дараа 2008 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Газар өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай гэрээний дагуу Э.Эб, Э.Гб, С.Ц нар хамтран өмчлөгчөөс хасагдаж, нийслэлийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай” 321 дугаар захирамжийн гуравдугаар хавсралтын 79 дэх хэсгээр Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах 358.13 м.кв газрыг Э.Бд өмчлүүлж, дөрөвдүгээр хавсралтын 87 дахь хэсгээр С.Цт газар өмчлүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 289 дүгээр захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
6.Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрх нь 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр буюу гуравдагч этгээдийн газар өмчлөх эрх үүссэн 2004 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс сүүлд үүссэн. Мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмчлөлийн газрууд нь давхцалгүй болох тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “...манай газрыг давхардуулан олгож, орц гарцгүй болгосон, гэр орон, хашааны газартаа чөлөөтэй орж гарах, нэвтрэх боломжгүй болгож, өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг зөрчиж, өмч хөрөнгөө өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжгүй болгож, ...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
7.Иймээс хариуцагчийг гуравдагч этгээдэд түрүүлж газар өмчлөх эрх олгохдоо сүүлд газар өмчлөх эрх авсан нэхэмжлэгчийн газартай давхцуулан газар олгож, орц гарцгүй болгосон шийдвэр гаргасан гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн гуравдагч этгээдэд газар өмчлөх эрх олгосон шийдвэрийг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гарГа”, 27 дугаар зүйлийн 27.1.1-т бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах”, 38 дугаар зүйлийн 38.1-т “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
8.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0061 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Агийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ