Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 51

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

иргэдийн төлөөлөгч С.Бямбадорж,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Б.Ууганбаатар, түүний өмгөөлөгч Н.Ганбат,

шүүгдэгч Г.Төмөрчөдөр, түүний өмгөөлөгч Ц.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Бат-Эрдэнийн Ууганбаатар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дуганч овогт Ганбаатарын Төмөрчөдөр нарт холбогдох эрүүгийн 201525012732 дугаартай, 105/2016/0024/Э индекстэй хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, 4-р баг, Харзат, 24 байр 1 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Бага нарангийн 2-6-99 тоотод түр оршин суудаг,

            Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял дээр Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2  жил хорих ялын зарим болох 1 жилийн ялыг нэмж нэгтгэн, нийт 1 жил 4 сар хорих ялаар шийтгүүлсэн,

            Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1772 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 4 сар 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,

            Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ял оногдуулж, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 24 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ял оногдуулж, 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 654A тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сар хорих ял оногдуулж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 238 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 10 сар 12 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Олхонууд овогт Бат-Эрдэний Ууганбаатар, РД:ДЮ88042237,

            2. Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний нөөцийн менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Жаргалан сум, 3-р баг, Завхан голд оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4 хэсэг, Сургуулийн 1618б тоотод түр оршин суух,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 4 сар хорих ялаар шийтгүүлж, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 24 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Дуганч овогт Ганбаатарын Төмөрчөдөр, РД:ДЖ82012519,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Ууганбаатар нь Т.Гантулгатай бүлэглэн, ялтай байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины дэнжийн 3-167 тоотод оршин суух Г.Нэргүйн байшинд нэвтрэн орж 790.000 төгрөгийн эд зүйл хулгайлахыг завдсан,

давтан үйлдлээр Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж 486.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

мөн өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайвны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж 35.041.000 төгрөгийн эд зүйл хулгайлж бусдад нийт 35.527.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч Г.Төмөрчөдөр нь Б.Ууганбаатар, Г.Гантулга нартай бүлэглэн, машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж 486.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

мөн өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайвны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж 35.041.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

давтан үйлдлээр 2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн Боржигоны 7-3 тоотод оршин суух С.Долгоржавын байшингийн цонхоор нэвтрэн орж 1.153.000 төгрөгийн эд зүйл хулгайлж бусдад нийт 36.680.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ууганбаатар нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Төмөрчөдөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Г.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн: “...хашааны жижиг хаалга хагас онгорхой байхаар нь нөхөр тэр мөрнүүдийг дагаад байшингийн хойшоо гарсан. Би байшингийнхаа хаалгыг онгойлгох гээд байж байсан чинь манай байшингийн цонхоор 2 залуу гарч хашаа давж зугтаасан. Манай нөхөр, дүү нар хулгайчуудын араас гүйгээд 2 залууг барьж авсан. Мөнгөн аяга, хөөрөг хоёрыг тэр 2 залуугийн биенээс гаргаж авсан. Манай гэрээс хулгайлж авч гарах гээд цүнхэнд савхин куртик шинэ богино эмэгтэй, цасны өмд шинэ, Тембэрланд маркийн эрэгтэй, эмэгтэй хүний өвлийн шинэ гутал зэргийг хийж бэлдсэн байсан ба үүдний тамборт орхисон байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 5-7 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Гэрэлчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...хашааны хаалга онгорхой байхаар нь гэртээ орж үзэхэд шкафанд байсан булган малгай, цагаан үнэгэн малгай, Оросоос авчирсан дарс, 33 граммын цэвэр спирт, хүүхдийн цэнхэр өнгийн цүнх зэрэг эд зүйл байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 88-89 дүгээр хуудас/,

Хохирогч Ч.Алтантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гэртээ иртэл манай хашааны том хаалга онгойчихсон нохой байхгүй байсан. Гэртээ ортол хөлөөр баахан юм хөглөрсөн, үүдний өлгүүр дээр байсан хувцаснууд газар орчихсон, гал тогооны ширээн дээр 2 ширхэг хөөрөгний даалин, хэтэвч зэргийг онгойлгоод тавьчихсан байсан. Том өрөөний цонх нь онгорхой манай бүх тавилгыг онгойлгож юм хумыг гаргаад хаячихсан байсан. Сийлбэртэй шүрэн толгойтой алтан нуухтай чүнчиг норов хөөрөг, хаш цагаан өнгийн гаанс, алтан бөгж 2 ширхэг, алтан ээмэг 2 хос, монетон бөгж, тамхины хавтага 2 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг, хурган дээл, шар өнгийн хүүхдийн дээл, улбар шар үүтэн хуаран эмэгтэй дээл, аппле маркийн нөөтбүк, эрэгтэй Монгол гутал, хүүхдийн үдээстэй өвлийн гутал зэрэг эд зүйл хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг. /1 хх 159-161 дүгээр хуудас/,

Хохирогч С.Долгоржавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг Төв аймгийн Баянцагаан сумын Улаан худаг гэдэг газар гэртээ байхад манай хүү Энхбат утсаар залгаад Дундговь аймаг Сайнцагаан сум 6 дугаар баг Боржигоны 7-3 тоотод байх байшинд хулгай орсон байна гэж хэлсэн. Байшингаас хар өнгийн үйтэн хуар 7 метр, шар ногоон үйтэн хуар 5 метр, цагаан саарал өнгийн даавуу 3 метр, алтан шармал аяга 1 ширхэг, үсний хар шигтгээтэй түүнийгээ тойрсон цагаан өнгийн сувдтай даруулга 2 ширхэг, Грейгус архи 1 ширхэг, Хар сувд архи 1 ширхэг, Алтан Чингис архи 2 ширхэг, адууны мах ойролцоогоор 25 кг, боодол 100 төгрөг нийт 10.000 төгрөг тус тус алдагдсан...” гэх мэдүүлэг. /3 хх 60-62 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Батаа гэгчтэй холбоо барьж 84-12 УНВ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн автомашиныг 8 сая төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд 1 сая төгрөг дутсан болохоор Экспресс капитал ХХК-нд барьцаанд тавьж мөнгө зээлж авсан байсан. Дээрхи хүмүүс надад машинаа гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж огт хэлээгүй зарсан. Одоо би уг машинаа тэд нараас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /2 хх 29-32 дугаар хуудас/,

Гэрч Х.Отгоншаравын мөрдөн байцаалтанд өгсөн: “...хашааны хаалга тал онгойчихсон, цас орчихсон байсан болохоор хүний мөр гараад цонх руу явсан байхаар нь дагаж очоод цонхон дээрээ зогссон. Эхнэр хаалган дээрээ очоод “хөөе энд хулгайч байна” гэж орилхоор нь гүйгээд очтол хашааны хойшоо хоёр залуу даваад зугтаасан. Тэгэхээр нь араас нь дүү нартайгаа нийлж хөөгөөд бариад авсан. Гэртээ авчраад коридорт зогсоож байсан чинь намхандуу залуу нь амбаарын булан руу нэг юм шидчихээр нь очоод харсан чинь манай хөөргийг махны поошигны хажуу руу шидчихсэн. Цасны өмд, эхнэрийн савхин куртик, миний нэг энгийн куртик, 2 ширхэг Темберландын гутал зэргийг манай том хар өнгөтэй цүнхэнд хийгээд авч гарах гээд чадалгүй үүдний таамбарт аваачаад орхичихсон байсан...” гэх мэдүүлэг. /1 хх 8-9 дүгээр хуудас/,

Гэрч Г.Билгүүний мөрдөн байцаалтанд өгсөн: “...Отгоншар ах цасан дээр гутлын мөр гарсан байна гээд байшингаа тойрсон чинь байшингийн таамбарын цонхоор хоёр залуу гараад зугтаасан. Тэгээд бид хэд араас нь хөөж очоод бариад авсан ба гэрийнхээ үүдний таамбарт оруулаад байлгаж байгаад цагдаа дуудаж өгсөн. Хоёр залуу цонхоор нь цувраад гараад зугтааж байхыг нь харсан. Тэр хоёр залуу баригдчихаад “манай найзыг явуулчих сая шоронгоос гарч ирсэн юмаа, намайг ганцаараа байсан гээд хэлчих” гэж гуйгаад байсан юм...” гэх мэдүүлэг. /1 хх 10 дугаар хуудас/,

Гэрч М.Бархасын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Өндөр, нам хоёр залуу цонхоор нь цуварч гараад хойшоо хашааг нь даваад зугтаахаар нь бид нар араас нь хөөхөд хоёр тийшээ салаад зугтаасан. Билгүүн эхлээд намханыг хойд хашаа давах гэж байгаад халтираад унахаар нь бариад авсан, нөгөөхийг нь ах бариад авсан...” гэх мэдүүлэг. /1 хх 11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Ганбаатарын Төмөрчөдөр гэдэг хүн өөрийн цахим үнэмлэхээрээ бага гарын мана хөөрөг, алтан нуухтай шүрэн толгойтой, ясан халбагатай хөөргийг барьцаалж 350.000 төгрөг зээлж авсан юм. Нэг гаанс барьчихсан явсан тэрийг нь аваагүй юм. Мөнгөө авч хөөргийг нь өглөө одоо тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг. /1 хх 165 дугаар хуудас/,

Гэрч Ч.Батаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Төмөрчөдөр манай эхнэр Цэсэрмаагийн төрсөн эгчийнх нь хүүхэд юм. 2016 оны 04 дүгээр сарын эхээр Батболд гэдэг хүнд 8 сая төгрөгөөр автомашинаа зарчихсан. Автомашинаар Төмөрчөдөр хулгайн гэмт хэрэг үйлдсэн байсныг мэдээгүй. Айлын гаднаас би өөрөө машинаа олж авч байсан. Хааяа надаас миний машиныг гуйж унаж явдаг байсан...” гэх мэдүүлэг. /2 хх 33 дугаар хуудас/,

Гэрч Ц.Энхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Аавын хашаанд очиж нохойд хоол өгөх гэтэл байшингийн хаалга нээгдэхгүй байхаар нь тойроод зүүн талын цонхон дээр очтол нээлттэй байхаар цонхоор шагайгаад хартал байшин доторх авдар дотор байсан юмнууд тараагаад хаясан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг. /3 хх 63-64 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹103 дүгнэлтэд: “УАА-н 1-10 тоотоос илрүүлж гэрэл зургаар бэхжүүлсэн №7 гутлын мөр болон Энхтайван 12-27 тоотоос илрүүлж гэрэл зургаар бэхжүүлсэн №5, 6 дугаартай гутлын мөрүүд ерөнхий онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэжээ /1 хх 97-98 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн ¹18 дүгнэлтэд “Хэргийн газраас бэхжүүлсэн гэх гутлын мөр нь сэжигтэн Б.Ууганбаатараас хураан авч ирүүлсэн гэх гутлын /пүүз/ ултай тохирч байна. Ерөнхий болон хувийн онцлогийн тохирч буй шинж тэмдэгүүдийг гэрэл зурагт харуулав” гэжээ /1 хх 102-107 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн ¹3766 дүгнэлтэд “...шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр санд MN000310025071, 80912 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Ганбаатарын Төмөрчөдөрийн зүүн гарын долоовор хуруугаар үүсгэгдсэн байна” гэжээ /3 хх 79 дүгээр хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 145, 196, 221, 223, 3 хх 57-59 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ /1 хх 13, 92, 167, 220, 3 хх 68, 183 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /2 хх 28 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /2 хх 44-46 дугаар хуудас/,

Эд зүйл таньж олуулсан тухай тэмдэглэл /3 хх 5 дугаар хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 201625014229 дугаар тогтоолоор Т.Гантулгад холбогдох хэргийг тусгаарлажээ /3 хх 201-202 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 50, 242 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 53, 2 хх 51 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Ууганбаатар нь Т.Гантулгатай бүлэглэн, ялтай байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зоорины дэнжийн 3-167 тоотод оршин суух Г.Нэргүйн байшинд нэвтрэн орж 790.000 төгрөгийн эд зүйл хулгайлахыг завдсан,

давтан үйлдлээр Т.Гантулга, Г.Төмөрчөдөр нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж 486.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

мөн өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайвны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж 10.050.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

Г.Төмөрчөдөр нь давтан үйлдлээр Т.Гантулга, Б.Ууганбаатар нартай бүлэглэн машин механизм хэрэглэж 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын 5 дугаар баг, Усны аж ахуйн 1-10 тоотод оршин суух Ц.Гэрэлчимэгийн байшингийн цонхоор нэвтрэн орж 486.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

мөн өдөр Төв аймгийн Зуун мод сумын 6 дугаар баг, Энхтайвны 12-27 тоотод оршин суух Ч.Алтантуяагийн байшингийн цонхоор нэвтрэн орж 10.050.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,

2016 оны 04 дүгээр сарын сүүлээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн Боржигоны 7-3 тоотод оршин суух С.Долгоржавын байшингийн цонхоор нэвтрэн орж 1.153.000 төгрөгийн эд зүйл хулгайлж бусдад нийт 11.689.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан нь гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Шүүгдэгч Б.Ууганбаатар, Г.Төмөрчөдөр нарын хэргээ хүлээн мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн баримтуудаар батлагдаж байгаа болно. Харин шүүгдэгч нарын хохирогч Ч.Алтантуяагийнхаас хулгайлсан эд зүйлийг хөрөнгийн үнэлгээний Дамно компаний 10.050.000 төгрөгөөр үнэлсэн байхад Хөрөнгө Эстимэйт ХХК тухайн 8 төрлийн эд зүйлийн үнэлгээг 32.650.000 төгрөгөөр үнэлжээ. Хэргийн 3 хавтас 3 дугаар хуудсанд прокурорын тогтоолоор мөрдөн байцаагч Ц.Мөнхжаргалын 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шинжээч томилсон тогтоолыг хүчингүй болгосон хэдий ч шүүхээс тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийн үнэлгээний Дамно компаний үнэлгээг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирогч Ч.Алтантуяа нь хулгайд алдсан эд зүйлээ биетээр нь буцаан авсан байгаа мөн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй хоёр компаний хоёр өөр үнэлгээг шүүгдэгч нарт ашигтай байдлаар буюу хөрөнгийн үнэлгээний Дамно компанийн үнэлгээгээр хохирлын хэмжээг тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Олхонууд овогт Бат-Эрдэнийн Ууганбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар, Дуганч овогт Ганбаатарын Төмөрчөдөрийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг өөрчлөх нь үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Ууганбаатар, Г.Төмөрчөдөр нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд,

шүүгдэгч Б.Ууганбаатар нь ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож Г.Төмөрчөдөрт ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Ууганбаатар нь урьд 6 удаагийн хорих ял эдэлж байсан, Г.Төмөрчөдөр нь урьд 3 удаагийн хорих ял эдэлж байсан болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хагас түрийтэй, хар үдээстэй пүүзэн гутал 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Ууганбаатарт буцаан олгож,

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор 84-12 УНВ улсын дугаартай Тоёота Рав-4 маркийн автомашиныг битүүмжилснийг хүчингүй болгож,

            гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 5.500.000 төгрөгийг Б.Ууганбаатар, Г.Төмөрчөдөр нараас хувь тэнцүүлэн гаргуулж,

Б.Ууганбаатарын цагдан хоригдсон 261 хоногийг, Г.Төмөрчөдөрийн цагдан хоригдсон 168 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тус тус шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ууганбаатар, Г.Төмөрчөдөр нартай бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн яллагдагч Т.Гантулга нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн байх тул түүнд холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд тусгаарласан байгааг дурдах нь зүйтэй байна.

Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөр байхгүй байна.