Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 644

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Мын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00269 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.М,

Хариуцагч “УБТЗ”-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь 1990 оноос хойш УБТЗ-ын Сүхбаатар депод засварчнаар тасралтгүй 27 жил ажиллаж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнчээр сахин биелүүлсээр ирсэн. 1995 онд вагонд дайруулан зүүн хөл нарийн шилбээр тайруулсан, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр протезон дотор буглаа үүсч, эдгэж өгөхгүй байсан ба зүүн хөлд халдварлагдсан шархтай тул мэс заслын эмчид үзүүлэн, 2017 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар 27-ны өдрийг хүртэл эмнэлгийн магадлагаа авч боолт хийлгэсэн. Ингээд эмнэлгийн акттай байсан хугацаа дуусч, ажилдаа иртэл эмнэлгийн хуудас бусад баримтыг хуурамч гэж хураан авч, ажилд гаргалгүйгээр 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 897 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Сахилгын шийтгэл ногдуулахдаа 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажлын батлагдсан графикийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд тушаалыг хүлээн аваад 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Эмнэлгийн актаар 7 хоногийн хугацаатай лист олгох талаар цохолтыг тусгасан. Эмчийн магадлагаагаар ажилтан чөлөөтэй байгаа тохиолдолд ажил албан тушаалыг ажил олгогч хэвээр хадгалах үүрэгтэй. Гэтэл эмчийн магадлагаа, эмнэлгийн лист байсаар байтал тэрийг хуурамч гэж хурааж аваад ажил тасалсан гэж ажлаас халсан нь үндэслэлгүй юм. Эмнэлгийн лист олгох заавар дээр эмнэлгийн лист олгохтой холбогдон гарсан гомдлыг ерөнхий эмч, чанарын менежер хяналт тавьж шийдвэрлэх байтал эмнэлгийн дарга нь энэ эмнэлгийн листийг хүчингүй болголоо гэдэг хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл, эрх бүхий этгээд шийдвэрлээгүй гэж үзэж байна. Д.М 2017 оны 10, 11, 12, 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нийтдээ ажлын 56 өдөр ажилгүй байсан. Д.Мын хавтаст хэрэгт ирүүлсэн баримтаас үзэхэд сүүлийн гурван сарын үндсэн цалин болон нэмэгдэл цалин нийт 4 094 314 төгрөг нийт 59 өдөр ажилласан байдаг. Нэг өдрийн дундаж цалин 69 395 төгрөг бөгөөд 56 өдрөөр тооцвол 3 886 120 төгрөгийг ажилгүй байсан хугацааныхаа цалинд гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.М нь 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр УБТЗ-ын Сүхбаатар депод илчит тэрэгний засварчнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд батлагдсан графикт ажил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслахдаа хэл сураггүй, эмчдээ болон удирдлагууддаа мэдэгдээгүй. Хэрэв өвчтэй бол ажилд гарахаас 3 цагийн өмнө байгууллагадаа мэдэгдэх ёстой байдаг. Гэтэл мэдэгдээгүй алга болсон. Т.Одонзаяатай 2017 оны 10 дугаар сарын 24, 26-ны өдрүүдэд гудамжинд согтуу тааралдсан, өвчтэй гэсэн атлаа хүлээн авагч, ахлах хүлээн авагч нарт магадлагаа авах журмын дагуу мэдэгдээгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан.

 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Сүхбаатар депогийн даргын шуурхай хурал хуралдаж, түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Д.М ажил олгогчдоо эмнэлгийн хуудсыг хуурамчаар бүрдүүлж өгсөн болохыг Б.Дэмбэрэлийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №359 албан тоотоор нотолсон. Иймд Д.Мын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн харьяа Сүхбаатар депогийн илчит тэрэгний засварчны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗээс 3 909 635 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Д.Мын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-с улсын тэмдэгтийн хураамжид 77 504 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.М нь эмнэлгийн хуудсыг хуурамчаар бүрдүүлж өгсөн болохыг Б.Дэмбэрэлийн нэрэмжит Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Эрдэнэчимэг  2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 359 тоот тогтоолоор нотолсон. Мөн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 тоот албан бичгээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн албан бичигт Д.Мын эмнэлгийн актыг хүчингүй болгосон үндэслэлээ бичиж ирүүлсэн.

2017 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд батлагдсан графикт ажил хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслахдаа хэл сураггүй, эмчдээ болон удирдлагууддаа мэдэгдээгүй бөгөөд Хөдөлмөрийн дотоод журмын 8.7.е-д зааснаар “дараалсан 3 өдөр буюу жилд нийлбэр дүнгээрээ 4 өдөр түүнээс дээш өдрийн ажил тасалсан” гэсэн заалтыг зөрчсөн. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т “... гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна” гэж заасан байдаг. Иймээс УБТЗ ХНН-ийн Дархан татах хэсгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 897 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан.

Д.М нь хуурамч бичиг баримт бүрдүүлж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан байхад анхан шатны шүүх хууль бус хуурамч зүйлийг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтыг шударга ёсны зарчмаар дүгнээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Мын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Д.М нь Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч марган, “хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэжээ.

            Улаанбаатар төмөр замын Дархан татах хэсгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 897 дугаар тушаалаар илчит тэрэгний засварчин ажилтай Н.Мандалбаярыг 10 дугаар сарын 22-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэл батлагдсан графикт ажлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

            Нэхэмжлэгчээс ажилд гарч чадаагүй шалтгаанаа ажил олгогчид хэлж, эмнэлгийн хуудас үзүүлсэн боловч хуурамч гэж шууд урж хаяад, ажлаас халсанд гомдолтой байна гэж тайлбарлан 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 897 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэснийг зөвшөөрөхгүй үндэслэлээ өвчний учир ажилдаа яваагүй, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэлх хугацаанд өвчтэй байсан нь эмчийн олгосон эмнэлгийн магадлагаа, амбулториор эмчлүүлэгчдийн картын бичилтээр нотлогдоно гэж холбогдох баримтыг шүүхэд гаргасан байна. /хх-5-7/

            Сүхбаатар депогийн даргаас Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хаягласан Б.Мандалбаярын өвчний учир эмнэлэгт үзүүлсэн эсэх, эмнэлгийн хуудас олгогдсон эсэхийг тодруулах агуулга бүхий 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр огноолсон албан бичиг хэрэгт баримтаар авагдсан ч, уг бичгийн хариу тушаал гарахаас өмнө ирсэн баримт байхгүй учраас эмнэлгийн хуудсыг хуурамч тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулсан гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй.

            Шийдвэр гаргахад ач холбогдол бүхий үйл баримт буюу ажил тасалсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тогтоолгүйгээр зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл тушаал гаргах үед бүрдээгүй байсан гэж үзнэ.

            Хариуцагч талаас үндэслэл болгон тайлбарлаж буй нэгдсэн эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны болон 2018 оны 01 дүгээр сарын 18-ны албан бичиг нь сахилгын шийтгэл ногдуулснаас хойш байх тул тушаалын үндэслэл болсон гэж үзэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх нь шийдвэр гаргах үед тогтоогдоогүй байжээ. 

Иймд сахилгын зөрчил гаргасан эсэх нь эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй байхад ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт нийцэхгүй бөгөөд хариуцагчийн 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 897 дугаар тушаал хууль зөрчсөн, ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилтны хөдөлмөрлөх эрх нь хязгаарлагдсаныг шүүх сэргээх үндэслэлтэй, Б.Мандалбаярын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШШ2018/00269 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 77 504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                              Г.ДАВААДОРЖ

 

                                                                                       А.ОТГОНЦЭЦЭГ