| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2019/00309/И |
| Дугаар | 00372 |
| Огноо | 2019-07-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 00372
| 2019 оны 07 сарын 19 өдөр | Дугаар 153/ШШ2019/00372 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, бэлхийн 32-1 гудамж 10 тоотод оршин суух, .... дугаарын регистртэй, Тайчууд овогт Ц-ийн Сын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 153/2019/00309/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.С нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1965 онд төрсөн. 1972 онд сургуульд орж суралцаад 1980 онд Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн сургуулийн 8 дугаар ангийг төгсч эцэг эхийн хамт малчнаар ажилласан ба эцэг Монгол улсын төрийн шагналт, хөдөлмөрийн баатар С.Цогтгэрэл бага хүүгээ удам залгасан малчин болгохоор намайг 1980 оны 06 дугаар сараас 1987 оны 07 дугаар сар хүртэл өөрийнхөө туслах малчнаар ажиллуулсан юм. Ийнхүү эцэг эхийнхээ хамт малчнаар тасралтгүй 7 жил ажиллаж байгаад цаашдаа миний хүү жолооч бол гэж аймгийн төв рүү шилжүүлсэн юм. Тухай үед эцэг маань хөдөлмөрийн дэвтэр нээлгэж цалин хөлс олгоогүйгээс шалтгаалан миний ажилласан хугацааны малчны хөдөлмөр тасрахад хүрээд байна. Эцэг маань тухайн үед илгээлтийн эзэн залуу малчдад өөрийнхөө нэрэмжит сангаас цалинжуулдаг байсныг миний бие мэднэ. Ингээд 1987 онд жолооч болж Ховд аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт жолоочоор орж 1991 он хүртэл ажилласан. Иймд 1980 оны 6 дугаар сараас 1990 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхбат нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хүсэлт гаргагч нь 1980 оны 06 дугаар сараас 1987 оны 07 дугаар сар хүртэл туслах малчнаар, 1987 оноос 1990 оныг хүртэл жолоочоор тус тус ажиллаж байсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна. Иймд шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч Д.С нь 1981 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэл, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар , 1987 оны 07 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Д.С нь 1981 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэл, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар , 1987 оны 07 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 510 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын даргын 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 139, 1988 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 27, 1989 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13 тоот тушаалуудын хуулбар,
Ховд аймгийн Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийг удирдах газрын 1989 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэрчилгээ, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дурсгалын бичиг, 1991 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн баярын бичиг,
Хүсэлт гаргагч Ц.Сын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 126/002257 дугаартай Төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 126/002256 дугаартай Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 120 дугаартай лавлагаа,
Гэрч Г.Чимэддоржийн ...Би 1982 онд Ховд аймгийн нэгдлийн зөвлөлд даргын жолоочоор ажилд орж 1987 оны 08 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан. Би 32-79 ХОА дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэл жолооддог байсан. Намайг 1987 оны 08 дугаар сард Ховд аймгийн нэгдлийн зөвлөлийн даргын жолоочийн ажлаас чөлөөлөгдөхөд Ц.С нь миний ажлыг хүлээж авсан бөгөөд 1990 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг,
Гэрч Д.Батнасангийн ...Би 1982 оноос 1985 оныг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ерөнхий инженер, 1985 оноос 1990 оныг хүртэл Ховд аймгийн Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийг удирдах газарт мэргэжилтэнээр тус тус ажиллаж байсан. Тухайн үед Ховд аймгийн Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийг удирдах газар болон Ховд аймгийн нэгдлийн зөвлөл нь нэг удирдлагатай байсан бөгөөд даргаар нь Б.Зарихан гэж хүн ажиллаж байсан. Тухайн үед буюу 1987 оноос 1990 оны 06 дугаар сарыг хүртэл Цогтгэрэлийн С нь аймгийн нэгдлийн зөвлөлийн дотоод ажлын УАЗ 469 маркийн бор өнгийн машин барьдаг байсан. Тухайн үед аймгийн нэгдлийн зөвлөл дотоод ажлын ганцхан ширхэг УАЗ 469 машинтай байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Д.Бямбажавын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайчууд овогт Цогтгэрэлийн Сыг 1981 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1987 оны 07 дугаар сарыг хүртэл Ховд аймгийн Дарви сумын Сутайн хөгжил нэгдэл, Ховд аймгийн Буянт сумын Соёл нэгдэлд малчнаар , 1987 оны 07 дугаар сараас 1990 оны 10 дугаар сарыг дуустал Ховд аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газарт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ