Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

 

 

 

 

 

                                         2023/ШЦТ/108

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Б.Нямжав

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М.Алтанчимэг

Шүүгдэгч: Б.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Бын Цад холбогдох 2312000000051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Ө аймгийн Х сумын Н багийн .. гэх газарт оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ял дээр Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 хоногийн хорих ялаас заримыг нь буюу 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 1 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Бовогт Бын Ц /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн нутаг дэвсгэрт байрлах Нурамт гэх газраас хохирогч О.Бын 1 тооны морийг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2312000000051 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Бын мэдүүлсэн: ...Манайх Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багт байрлах Нурамт гэх газарт мал маллаж амьдардаг малчин айл байгаа юм. Би одоо Нурамт гэх газарт өөрийн өвөлжөөний газартаа нутаглаж байна. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө манайх тухайн газарт байрлах өвөлжөөний газартаа зусч байхад манай гэрийн гадаа ойрхон аргамжаатай байсан хөхөлтэй хээр зүсмийн, шинээр дарсан засмал дэлтэй, зүүн талын гуян дээрээ үүлэн /үүлний дүрстэй хээ/ тамгатай нэг тооны морио хулгайд алдсан юм. Намайг өглөө босоод аргамжаан дээрээсээ морио авах гэтэл миний морь байхгүй, аргамжаан дээрээс нь ногтны цулбуурыг нь тайлаад аваад явчихсан байсан. Үүнээс хойш би өөрийн хулгайд алдсан хээр морио ойр хавийн газар нутгаар эрж хайсан боловч олдоогүй юм. Гэтэл 2023 он гараад би өөрийн төрсөн ах Хадбаатарын хүүхэд Бгэх залуутай сумын төвд уулзахад надад таны морийг Хотонт сумын гаралтай Ц гэдэг хүн өнгөрсөн зун хулгай хийж аваад хүнд зарсан байсан шүү ахаа гэж хэлсэн юм. Үүний дараа би Хотонт суманд хөдөө гэртээ сууж байхад Ц өөрөө манай гэрт орж ирээд би танай хээр морийг аргамжаан дээрээс чинь хулгайлаад авчихсан юм, намайг уучлаарай, би таны хохирол мөнгийг барагдуулна гэж хэлээд явсан. Үүнээс хойш манай морины хохирол мөнгө ч байхгүй, хээр морь ч байхгүй болсон учраас Цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн үедээ буюу хэрэг гарсан, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би Ц гэх хүнийг манай морийг авсан гэдгийг мэдээгүй юм. Харин 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үеэр өөрийн төрсөн ах Хадбаатарын хүүхэд Балттай уулзахад Бнадад таны морийг Ц авсан юм байна лээ шүү гэж хэлсэн юм. Мөн Бнадад ингэж хэлсний дараа Ц өөрөө манай гэрт ирээд надаас уучлалт гуйгаад танай морийг би хулгайлсан нь үнэн, одоо таны хохирол мөнгийг нь барагдуулна, та Цагдаагийн байгууллагад битгий хандаарай гэж гуйсан. Ц манай Хотонт сумын гаралтай хүн байгаа юм. Би таньдаг болоод нилээд олон жил болж байна. Манай гэрт дахиж ирээгүй. Харин ирсэн өдрөөс хойш би Цтай хоёр, гурван удаа утсаар ярихад одоохондоо надад төлбөр мөнгө өгөх боломж алга байна, та түр хүлээж байгаарай, удахгүй өгнө гэж хэлдэг бөгөөд ингээд сар гаруй миний төлбөр мөнгийг өгнө гээд хүлээлгээд өгөхгүй байна. Би энэ талаар Цаас асуухад би хүнд зарчихсан юмаа гэж надад хэлсэн. Миний морийг хүнд зарсан нь үнэн байх. Хэрэв амьдаар нь байлгаж байсан бол надад миний морийг авчраад өгөх байсан. Өөрөө манай гэрт ирж уулзахдаа уучлалт гуйгаад морь чинь одоо байхгүй, хүнд зарчихсан гэж хэлж байсан. Би 2022 оны 5 дугаар сард тухайн хээр морийг Хотонт сумын гаралтай Батаа гэх хүнээс 1.500.000 төгрөгөөр малд унах гэж худалдаж авсан юм. Тиймээс би 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Хүнээс аваад дөнгөж нэг сар орчим л унаж байсан, нас нийлсэн залуухан морь байсан. Ц одоо Хотонт сумын Баянгол гэх газарт мал маллаж, нутаглаж байгаа. Би өөрийн нэг тооны адуугаа төлүүлэх хүсэлттэй байна. Энэ талаар надад хэлсэн манай ахын хүүхэд Бмэдэж байгаа. Манай эхнэр Г мэдэж байгаа. Өөр хүн мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 05-07 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Гийн мэдүүлсэн: ...Манайх хаваржаандаа буугаагүй, өвөлжөөндөө байхад 2022 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө гэрийн урд руу аргамжаатай байсан унааны хээр зүсмийн, нас нийлсэн морио хулгайд алдсан юм. Манай морийг аргамжаанаас тайлаад мяндсан чөдөртэй нь аваад явсан байсан. Тухайн үед нөхөр О.Б Хөөвөр баг руу эгчийндээ хонь хяргах гээд явсан байсан. Манайх морио хайгаад 2-3 өдөр Улаан чулуу багийн Хужирын голын модонд хайгаад олоогүй. Манай хулгайд алдсан хээр зүсмийн морь зөв талын гуян дээр үүлэн тамгатай бөгөөд манайх Улаан чулуу багийн иргэн Батаа гэдэг хүнээс малд унах гэж 2022 оны 05 дугаар сард 1.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Манай аргамжаатай морийг хажуу айлын Б, Н гэдэг хоёр залуу хулгай хийж аваад Ц гэдэг залууд өгсөн байсан. Манайх яаж мэдсэн бэ гэвэл манай хадам дүү Б 2022 оны 11 дүгээр сард Б, Н хоёрыг та хоёр О.Б ахын морийг хулгай хийж авсан байна гэж айлгахад тиймээ ахаа, Ц ах утсаар залгаад О.Бын аргамжаатай морийг аваад ир гээд байхаар нь бид хоёр аваачиж өгсөн гэж Б, Н хоёр хадам дүү Бт ярьсан байсан. Ц манай хээр зүсмийн морийг 2, 3 хоног гаднаа аргамжаад унасан болохыг нутгийн иргэд ярьж байсан. Хадам дүү Б мэдэж байгаа. Би гомдолтой байна. Хулгайд алдсан мориныхоо хохирлыг авах хүсэлттэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Бийн мэдүүлсэн: ...Манай аавын төрсөн дүү О.Б нь 2022 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө бор хээр зүсмийн морио алдсан юм. Би 2022 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн орой Цтай архи уугаад сууж байхдаа Ц нь Булган аймгийн Баяннуур сум руу адуу зарсан гэж ярьж байсан. Би Цад хандаж чи манай ахын бор хээр морийг 2022 оны 06 дугаар сард хулгай хийсэн байна лээ гэж хэлэхэд Ц нь би О.Б ахын бор хээр зүсмийн морийг аргамжаан дээрээс нь хулгай хийгээд Булган аймгийн Баяннуур суманд хүнд аваачаад өгсөн, намайг уучлаарай, морь нь одоо амьд байгаа, О.Б ах болон цагдаа нарт битгий хэлээрэй, би 5 хоногийн дотор Б ахын бор хээр зүсмийн морийг адуунд нь тавина гэж хэлсэн. Надад Б.Ц нь ямар шалтгаанаар хулгай хийсэн талаараа яриагүй. Б.Ц Булган аймгийн Баяннуур суманд хүнд аваачиж өгсөн гэж хэлсэн. Надад тодорхой нэр хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аын мэдүүлсэн: ...Өнгөрсөн 2022 оны 06 дугаар сарын эхээр, нэг өдрийн гэгээ тасарч байх үед манай гэрт Б ах ирж хоносон юм. Тухайн үед манай гэр Хотонт сумын Хөөвөр багийн Ханхар гэх газарт зуслан дээрээ байсан. Харин Б ахын гэр тус сумын Улаан чулуу багийн Нурамтын ам гэх газарт өвөлжөөний байран дээрээ байсан. Манай гэр тэдний гэрээс 27, 28 км орчим зайтай. Ингээд тэр шөнөө Б ах манайд хоноод өглөө гэртээ харихад шөнө аргамжаатай байсан хөхөлтэй хээр зүсмийн морь нь алга болчихсон байна гэж хэлсэн. Аргамжаагаа үзэхэд хүн тайлаад аваад явсан байна, тасарсан, тайлагдсан юм алга гэж ярьж байсан. Үүнээс хойш 2022 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ он гарах дөхсөн байхад манай гэрт Б ах нутгийн залуу Цтай хамт ирээд надад хэлэхдээ энэ Ц Б ахын морийг авчихсан юм байна гэж хэлсэн. Гэтэл цаанаас нь Ц намайг машинд суучих хө, ярих юм байна гэхээр нь би машинд нь ороод суусан бөгөөд намайг машинд суухад Ц би 2022 оны 06 дугаар сард Б ахын морийг аргамжаан дээрээ байхад нь авчихсан юм, одоо тэр морь нь Булган аймгийн ийшээ ойрхон айлд байгаа, би удахгүй авчраад өгье гэхээр нь би хариуд нь чи хөгшин улсуудын морийг хулгай хийж яах гэсэн юм бэ дээ, наад хүмүүс чинь унах морь байхгүй, хэцүү байгаа, тэр морь нь айлд байгаа юм бол чи хурдан авчраад өгчих гэхэд Ц би авчраад өгнө, Б ахтай бас очиж уулзъя, намайг уучлаарай гэж гуйгаад байсан юм. Надад хэлэхдээ Булган аймгийн Гурван булаг сумын нутагт нэг айлд байгаа гэж хэлсэн. Гэхдээ Ц тэр айлынхаа нэрийг нь хэлээгүй. Надад ингэж хэлэхээр нь би Цыг тэгээд морь нь байгаа юм бол чи авчраад өгчих, энэ хүмүүс унах морьгүй байна гэтэл Ц нь Б ахын морь тэр айлын морьдтой нь хамт яваад олдохгүй байна, би олохоор нь авчраад өгье гэж хэлсэн. Үгүй, тийм зүйлсийн талаар надад хэлээгүй. Б ахын аргамжаатай байсан морийг нь би авсан гэж хэлж байсан. Үгүй, одоог хүртэл өгөөгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Цын мэдүүлсэн: ...Би Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Прокурорын тогтоол миний үйлдэлд тохирч байна. Би тухайн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 06 дугаар сарын дундуур яг хэдэнд гэдгийг нь би санахгүй байна, хүнээс худалдаж авсан шүдлэн насны үрээ морио хоёр хоног уяж хоноод сургаж унаад нэг орой өөрийнхөө гэрийн арын уулаар даваад явсан бөгөөд тухайн миний унаж явсан морь зүгээр шогшоод байхаар нь би Хужирын гол гэх газарт байдаг хамаатны ах дүү нарынд очих гээд явж байтал замд Нурамт гэх газарт миний унаж явсан морь эцэж явахаа больсон. Ингээд би бууж мориныхоо хазаарыг авч морио хэсэг хугацаанд өвс идүүлсэн бөгөөд ингээд байж байтал миний араар өрөөл чөдөртэй, мяндсан ногттой морь явж байсан. Би тэр морийг барьж аваад үрээгээ хөтлөөд тэр морийг эмээллээд унаад явсан бөгөөд гэрийнхээ арын давааг давж нөгөө морийг суллаж ногттой нь тавиад өөрийнхөө үрээг эмээллэж хөтлөөд гэртээ харьсан. Хээр зүсмийн хөхөлтэй хээр морь байсан. Им тамгыг нь тэр үед би хараагүй. Би тухайн үед тэр морийг тавиад явуулсан. Тэрнээс хойш хаашаа явсныг нь би мэдэхгүй. Унаж явсан шүдлэн үрээ эцээд явахгүй болсон тул харих гэж барьж авч унаж явсан юм. Би тухайн үед тэр морийг буцаад адуундаа оччих байх гэж бодоод шууд тавиад явуулсан юм. Би морийг барьж авсан газраа чөдрийг нь тайлаад хаясан бөгөөд ногтны цулбуурыг хүзүүнд нь эвхээд тавьсан. Тухайн моринд байсан чөдөр болон ногт нь мяндсан материалаар хийгдсэн байсан. Би 2023 он дөнгөж гараад байж байхад О.Б гэх хүнтэй очиж уулзаж би таны морийг хулгайлж унаад явсан, төлж өгнө гэдгээ хэлсэн. Ингээд би морийг нь төлж өгч чадаагүй байгаа. Б манайд согтуу ирээд миний ахын хээр зүсмийн морийг чи хулгайлж худалдсан гэж агсан тавьсан. Тэгээд бодоод байсан чинь он, сар болон морины зүс яг таарч байсан. Ингээд би О.Б ахын морь гэж мэдээд очиж уулзсан юм. Би нутгийн залуу болох Б гэх хүнд ярьсан. Би тэр хүнд Хужирын гол орох гэж явж байтал морь эцээд тэнд байсан өрөөл чөдөртэй хээр зүсмийн морийг унаж ирээд тавьж явуулсан бөгөөд хэний морь байсан юм бол адуундаа очсон болов уу, үгүй болов уу гэж ярьж байсан. Өөр хүнд яриагүй. Би хүний морийг хулгайлж алга болгосон учир хохирлыг төлж барагдуулах болно. Би хохирлоо төлөөд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 42-45 хуу/ 

 

2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64 хуу/

Шүүх хуралдаанд шинээр өгсөн хохирол төлсөн баримт 1 хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн нутаг дэвсгэрт байрлах Нурамт гэх газраас хохирогч О.Бын 1 тооны морь хулгайд алдагдаж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн нутаг дэвсгэрт байрлах Нурамт гэх газраас хохирогч О.Бын 1 тооны морь буюу малыг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

хохирогч О.Бын мэдүүлсэн “2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө манайх тухайн газарт байрлах өвөлжөөний газартаа зусч байхад манай гэрийн гадаа ойрхон аргамжаатай байсан хөхөлтэй хээр зүсмийн, шинээр дарсан засмал дэлтэй, зүүн талын гуян дээрээ үүлэн /үүлний дүрстэй хээ/ тамгатай нэг тооны морио хулгайд алдсан юм. Намайг өглөө босоод аргамжаан дээрээсээ морио авах гэтэл миний морь байхгүй, аргамжаан дээрээс нь ногтны цулбуурыг нь тайлаад аваад явчихсан байсан. Үүнээс хойш би өөрийн хулгайд алдсан хээр морио ойр хавийн газар нутгаар эрж хайсан боловч олдоогүй юм. Гэтэл 2023 он гараад би өөрийн төрсөн ах Хадбаатарын хүүхэд Бгэх залуутай сумын төвд уулзахад надад таны морийг Хотонт сумын гаралтай Ц гэдэг хүн өнгөрсөн зун хулгай хийж аваад хүнд зарсан байсан шүү ахаа гэж хэлсэн юм. Үүний дараа би Хотонт суманд хөдөө гэртээ сууж байхад Ц өөрөө манай гэрт орж ирээд би танай хээр морийг аргамжаан дээрээс чинь хулгайлаад авчихсан юм, намайг уучлаарай, би таны хохирол мөнгийг барагдуулна гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 05-07/,

 

гэрч С.Гийн мэдүүлсэн “Манайх хаваржаандаа буугаагүй, өвөлжөөндөө байхад 2022 оны 06 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө гэрийн урд руу аргамжаатай байсан унааны хээр зүсмийн, нас нийлсэн морио хулгайд алдсан юм. Манай морийг аргамжаанаас тайлаад мяндсан чөдөртэй нь аваад явсан байсан. Манай аргамжаатай морийг хажуу айлын Б, Н гэдэг хоёр залуу хулгай хийж аваад Ц гэдэг залууд өгсөн байсан. Манайх яаж мэдсэн бэ гэвэл манай хадам дүү Б 2022 оны 11 дүгээр сард Б, Н хоёрыг та хоёр О.Б ахын морийг хулгай хийж авсан байна гэж айлгахад тиймээ ахаа, Ц ах утсаар залгаад О.Бын аргамжаатай морийг аваад ир гээд байхаар нь бид хоёр аваачиж өгсөн гэж Б, Н хоёр хадам дүү Бт ярьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,  

 

гэрч Х.Бийн мэдүүлсэн “Манай аавын төрсөн дүү О.Б 2022 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө бор хээр зүсмийн морио алдсан юм. Би 2022 оны 02 дугаар сарын 30-ны өдрийн орой Цтай архи уугаад сууж байхдаа Ц нь Булган аймгийн Баяннуур сум руу адуу зарсан гэж ярьж байсан. Би Цад хандаж чи манай ахын бор хээр морийг 2022 оны 06 дугаар сард хулгай хийсэн байна лээ гэж хэлэхэд Ц нь би О.Б ахын бор хээр зүсмийн морийг аргамжаан дээрээс нь хулгай хийгээд Булган аймгийн Баяннуур суманд хүнд аваачаад өгсөн, намайг уучлаарай, морь нь одоо амьд байгаа, О.Б ах болон цагдаа нарт битгий хэлээрэй, би 5 хоногийн дотор Б ахын бор хээр зүсмийн морийг адуунд нь тавина гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

гэрч Б.Аын мэдүүлсэн “тэр шөнөө Б ах манайд хоноод өглөө гэртээ харихад шөнө аргамжаатай байсан хөхөлтэй хээр зүсмийн морь нь алга болчихсон байна гэж хэлсэн. Аргамжаагаа үзэхэд хүн тайлаад аваад явсан байна, тасарсан, тайлагдсан юм алга гэж ярьж байсан. Үүнээс хойш 2022 оны 12 дугаар сарын сүүлээр шинэ он гарах дөхсөн байхад манай гэрт Б ах нутгийн залуу Цтай хамт ирээд надад хэлэхдээ энэ Ц Б ахын морийг авчихсан юм байна гэж хэлсэн. Гэтэл цаанаас нь Ц намайг машинд суучих хө, ярих юм байна гэхээр нь би машинд нь ороод суусан бөгөөд намайг машинд суухад Ц би 2022 оны 06 дугаар сард Б ахын морийг аргамжаан дээрээ байхад нь авчихсан юм, одоо тэр морь нь Булган аймгийн ийшээ ойрхон айлд байгаа, би удахгүй авчраад өгье гэхээр нь би хариуд нь чи хөгшин улсуудын морийг хулгай хийж яах гэсэн юм бэ дээ, наад хүмүүс чинь унах морь байхгүй, хэцүү байгаа, тэр морь нь айлд байгаа юм бол чи хурдан авчраад өгчих гэхэд Ц би авчраад өгнө, Б ахтай бас очиж уулзъя, намайг уучлаарай гэж гуйгаад байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

мөрдөн байцаалтын шатанд Б.Цын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би Прокурорын яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Прокурорын тогтоол миний үйлдэлд тохирч байна. Би тухайн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...би бууж мориныхоо хазаарыг авч морио хэсэг хугацаанд өвс идүүлсэн бөгөөд ингээд байж байтал миний араар өрөөл чөдөртэй, мяндсан ногттой морь явж байсан. Би тэр морийг барьж аваад үрээгээ хөтлөөд тэр морийг эмээллээд унаад явсан бөгөөд гэрийнхээ арын давааг давж нөгөө морийг суллаж ногттой нь тавиад өөрийнхөө үрээг эмээллэж хөтлөөд гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-45/,   

 

2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ц нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Бовогт Бын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ц болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Мал хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 11-ний өдөрт шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Улаан чулуу багийн нутаг дэвсгэрт байрлах Нурамт гэх газраас хохирогч О.Бын 1 тооны морь буюу малыг хулгайлсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Цад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч О.Бт 1.500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Шүүгдэгч Б.Ц нь хохирогч О.Бт учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн баримтаар тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

  Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон        

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт Бын Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Цад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ