Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

 

 

                                       2023/ШЦТ/109

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Ж.У     

Шүүгдэгч: Р.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Рийн Нт холбогдох эрүүгийн 2312....................... тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, ээж, 2 дүүгийн хамт Архангай аймгийн ....... сумын .... дүгээр баг, .............. тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Рийн Н /РД:А/   

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.   

  

ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Р.Н нь 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 38-17 тоотод оршин суух П.Сын гэрээс хөөрөг, даалин, 2 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг мөнгөн зүүлт зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Р.Н нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 38-17 тоотод  2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хохирогч  П.Сын гэрээс нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хөөрөг, даалин, 2 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг мөнгөн зүүлт зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч  П.Сын“...2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу шинийн хоёрны өдөр том өрөөнд байдаг орон доогуур цаасан хайрцагт байсан хөөрөг, даалин, даалин дотор байсан 2 ширхэг бөгж, 1 ширхэг мөнгөн зүүлтэй байгаа эсэхийг шалгаж үзэхэд байж байсан юм. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр орон доогуур байсан цаасан хайрцагтай юм хайж байтал хөөрөг даалинтайгаа дайлан дотор байсан 2 ширхэг бөгж, 1 ширхэг мөнгөн зүүлт алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Манай ээж Наранбулаг хороололд мал малладаг юм би ихэнхдээ ээж дээрээ байдаг юм. Манай байшингийн хаалга, үүд хэвийн байсан. Би хааяа найз охин болох Р.Нтэй гэртээ байдаг юм. Хөөрөгөө 500.000 төгрөг, даалингаа 300.000 төгрөг, 2 ширхэг мөнгөн бөгжөө нийлээд 70.000 төгрөг, мөнгөн зүүлтийг 100.000 төгрөгөөр үнэлж байна. Би найз охин гэх Нтэй оны өмнөхөн танилцсан юм. Тэгээд хааяа манайд ирж хонодог манайхаар өөр хүн орж гардаггүй болохоор Нийг сэжиглэж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дугаар тал/, хохирогч П.Сын”...Би Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Баялаг-1 ломбарднаас хулгайд алдагдсан хөөргөө авсан. Н нь манай гэрээс миний зөвшөөрөлгүйгээр авч ломбарданд тавьсан байсан. Тэгээд төлбөр тооцоог нь Н төлсөн байсан тул би ломбарднаас хөөргөө авсан. Би одоо Нтэй холбоогүй байгаа. 2 ширхэг бөгж, 1 ширхэг мөнгөн зүүлтээ олж аваагүй байгаа, Н авсан байх, өөр манайхаас авсан хүн байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар тал/,  гэрч Р.Оын ”... Р.Н гэх нэртэй хүн манай ломбарданд 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр дунд гарын 1 ширхэг хөөрөг миний эзэмшлийн хөөрөг байгаа юм гэж хэлээд 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөнд барьцаанд тавьсан. Өөр эд зүйл барьцаанд тавиагүй. Манай бусад салбарт өөр эд зүйл барьцаанд тавьсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлтэд“...үнэлгээний дүн 970.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Шүүгдэгч Р.Н нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.  

 

Иймд шүүгдэгч Р.Нийг  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч П.Ст 970.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Р.Н нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч Р.Нт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Рийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Нт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилсан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Н нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Р.Нт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Р.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР